Reddit дээр нэгэн хүн хүмүүсээс хортой эцэг эхчүүдийн гаргадаг үйлдэл болон хэлдэг үгс юу болохыг асуусан бөгөөд доор ирсэн хариултууд дундаас хамгийн олон хүнд хүрсэн сэтгэгдлүүдийг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Эх сурвалж: Reddit - u/gemjoltik34
1. Хүүхдэдээ юу ч зааж өгөөгүй хэрнээ бүх зүйлийг нь шүүмжилж, "Би хэлсэн биз дээ!", эсвэл "Би чамд ингэж хэлээд байна!" гэж хэлдэг байсан.
2. Үргэлж өөрсдийнх нь зөв гэж боддог. Учир нь тэд өөрсдийгөө том хүн учраас илүү эрхтэй, ухаантай гэж боддог. Дээрээс нь хүүхдээ юу ч хэлэхийг зөвшөөрдөггүй.
"Ээж маань биднийг ямар ч зүйл дээр юм хэлүүлдэггүй, бүр өөрийн гэсэн бодолтой байхыг ч зөвшөөрдөггүй байсан. Үргэлж л 'Би бол том хүн, чи хүүхэд. Олон юм битгий ярь' гэдэг байсан."
3. Хүүхдүүдээ ялгаж харьцдаг. Хүүхдүүд дундаасаа дуртай бас илүү хайртай, анхаардаг хүүхэдтэй.
4. Төрж байгаа мэдрэмж, бодлыг чинь үргэлж үгүйсгэж, үл тоодог.
Энэ үнэхээр хэцүү байсан. Намайг уйлах болгонд ээж "Матрын нулимс унагаахаа больж үз. Бухимдаад байх зүйл алга" гэж хэлдэг байсан.
5. Алдаа гаргах ямар ч эрхгүй мэт бүх юман дээр хашхичиж, зандарч байдаг.
"Миний хайртай хүн эцэг эхийнхээ сэтгэлд хэзээ ч хүрэхгүй гэж боддогоос гадна, байнга хашхирч, загнадаг байснаас нь болоод сэтгэцийн асуудалтай болсон байсан. Гэрээ хангалттай цэвэрлээгүй байна гэж үзвэл цэвэрлэсэн бүх зүйлийг нь нурааж хаяад дахиад цэвэрлүүлдэг байсан. Түүнд зүгээр л юуг орхисон байгааг заагаад өгч болох байсан шүү дээ."
6. Уучлал гуйдаггүй, өөрсдөө биелүүлдэггүй, мөрддөггүй байж үүрэг оноож, шаарддаг.
"Надаас уучлал гуйх ямар нэг зүйл гарахад аав минь эхлээд миний хэлж буйг анхааралтай сонсож, хэрэв санал нийлэхгүй байвал яагаад гэдгийг надад тайлбарлаж, миний зөв байвал уучлал гуйдаг байсан. Харин ээж эсрэгээрээ хашхирч, орилж, 'Чи өөдөөс юу яриад байгаа юм. Би чамаас уучлал гуйна гэж юу байсан юм. Би ээждээ хэзээ ингэж хандахгүй байсан' гэдэг байсан. Ялгааг нь харж байгаа биз?"
7. Хүүхдийн хувьд таагүй өдөр өнгөрсөн гэдгийг ойлгодоггүй. Асуудлуудыг нь жижигхэн, чухал биш гэж тооцдог.
"Сургууль дээр хүнд өдөр өнгөрсний дараа манай эцэг эх надад 'Чиний ядрах гэж юу байсан юм. Бараг юу ч хийгээгүй байж. Өдөржин л зүгээр суугаа биз дээ" гэж хэлдэг байсан."
8. "Би хэзээ ч тэгж хэлээгүй, би тэгж байгаагүй, чи зохиож байна" гэж хүүхдээ буруутгах.
9. Сэтгэлээ нээж ямар нэг зүйл ярихыг хүссэн ч тэгээгүй нь дээр байдаг.
Би 14 настайгаасаа хойш лав ээж аавдаа хувийн юугаа ч ярьж, хуваалцахаа больсон. Учир нь А) тэд угаасаа тоохгүй, Б) тэд хэзээ нэгэн цагт түүнийг миний эсрэг ашиглахдаа ярьж, байнга сөхөж, намайг шархлуулна.
10. Хүүхдээ хичээлдээ муу байх, бэлгийн харилцаанд орж, эрсдэлтэй алхам хийх, ямар нэг зүйлийг хийж чадахгүй байх зэрэгт шууд л бууж өгч, туслахыг огт хүсэхгүй хаяж орхих. Тэд зүгээр л буугаад өгдөг, хаячихдаг.
11. Хүүхдээ том болсныг хүлээн зөвшөөрөхгүй байх. Том болчихсон хойно нь ч живхнээс гаргахгүй, хүсээгүй байхад нь байнга санаа зовмоор үйлдлүүдийг хүмүүсийн өмнө хийж, бас ярих. Ахлах сургуульд явдаг хүүхдээ хүртэл найзуудтай нь гаргахаас эсэргүүцэж, минут тутамд залгах...
12. Хүүхдээ үргэлж гэмшүүлэх гэж оролдох. "Чи намайг үхээд өгөхөөр ойлгоно оо. Миний хийсэн юу ч чамд хангалтгүй юм байна л даа" гэх мэт. Түүний буруу байсан ч тэр эцэст нь намайг уучлал гуйлгаж байж салдаг байсан.
13. Хүүхдийнхээ хийсэн сонголт бүрийг үгүйсгэж, өө хайх.
14. Хүүхдээ үргэлж бусадтай харьцуулах. Ямагт хамгийн мундаг, авьяаслаг хүүхдүүдтэй, найзуудынх нь хүүхдүүдтэй харьцуулагддаг байсан. Би өөрийгөө бусдаад дутуу, муу гэж бодож, маш ихээр гэмшиж шаналдаг байсан.
15. Хүүхдээ цохиж, зодох болгондоо ямар нэг байдлаар үүнийгээ зөвтгөх. Яг үнэндээ энэ бол хүчирхийлэл. "Би ингэж өссөн, муудаж дордсон юм алга" гэдэг. Үнэндээ... хэр муудаж, дордсон байгааг би сайн харж байна.
16. Өөрийн итгэл үнэмшил, хүслийг ямагт тулгах. Охин хүүхэд байлаа гээд байнга даашинз, өсгийтэй гутал өмсөж, "эмэгтэйлэг" байх албагүй. Эсвэл хүүхэд чинь заавал эмч болох албагүй гэдгийг ойлгодоггүй.
"Манай эцэг эх маш шашинлаг хүмүүс байсан ч тэд үг, үйлдлээрээ хүчирхийлэгчид байсан. Тэгсэн хэрнээ намайг мөн л шашны замаар явахыг тулгаж байсан. Тэд заавал өөр шиг чинь байх албагүйг ойлго."
17. Хувийн зүйлд нь дураараа халдах. Зөвхөн өөрийн чинь төлөө гэж хэлж, утас, тэмдэглэлийн дэвтэр, хувийн захидал зэргийг зөвшөөрөлгүй, ноцтой шалтгаангүйгээр үзэх нь үнэхээр бүдүүлэг.
18. Эрх чөлөө олгохгүй байж бие дааж сурахыг шаарддаг. Ганц ч шийдвэр, сонголт хийх эрхгүй, гарч орох ч эрхгүй байхад бие дааж, хүмүүстэй сайхан харилцаатай, амжилттай байхыг шаарддаг.
19. Эцэст нь, хатуу эцэг эх байж болно. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд өөр өөрийн аргаар өсгөдөг ч тэр нь хүүхдээ өвтгөж, гомдоож, итгэлийг нь үгүй хийж байвал энэ буруу. Эцэг эх байна гэдэг хэцүү ч хүүхдэдээ бүх ачааг үүрүүлж, өөрөө өөрчлөгдөх, засах, ойлгох ямар ч үйлдэл хийхгүй нь таныг хортой эцэг эх болгох болно. Харилцан ойлголцож, засаж залруулж, үлгэр дуурайл авч, нэгнээ сонсож, бас хамгийн гол нь өөрийгөө үргэлж зөвтгөхгүй байх хамгийн чухал.