Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Эрдэнэбүрэнгээс Эг тийш хөдөллөө


Энд ирэхээс өмнө төлөвлөөд байсан өглөө эрт ууланд алхах цагаа цуцлан Монголын Ерөнхий сайдтай ганцаарчилсан уулзалтад шөнө болтол саатжээ.

Монгол Улсад 2022 оны зун айлчлах төлөвлөгөө дөнгөж гарч байх үед Ван И Улаанбаатарт буусныхаа маргааш ажил эхлэхээс урьтан ууланд алхах цаг хөтөлбөртөө оруулсан байв. “Сэтгэл зүйн хувьд ачаалалтай байгаа харагдсан” гэж түүнийг Бээжингээс буухад угтсан албаны хүмүүсийн нэг өгүүллээ. 68 настай гэхэд шалмаг хөдөлгөөнтэй, дуран авай харах бүртээ гар даллан мэндчилэх БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И өчигдөр үдэш “Чингис хаан” буудалд газардахыг хэвлэлийнхэн дамжуулав. 

Тэндээс хөдөлж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхсанаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайдын Монгол Улсад хийх айлчлал эхэлсэн юм. Энэ уулзалтын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болсон нь эдийн засгийн хүрээнд онцлох мэдээ болов. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон нь ажиглагчдын анхаарлын төвд байна. Мөн Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч ажиллахаа илэрхийллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн олон сайд нараас Ван И-тэй нэг бус удаа уулзсан нь өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар болж байна.

Уулзалтын дараа хүндэт зочиндоо зоог барьж, зоогийн дараа Л.Оюун-Эрдэнэ, Ван И нарын уулзалт 3 цаг 30 минут хэртэй сунаж үргэлжилсэн байна. Эрхэм зочин энд ирэхээс өмнө төлөвлөөд байсан өглөө эрт ууланд алхах цагаа цуцлан Монголын Ерөнхий сайдтай ганцаарчилсан уулзалтад шөнө болтол саатжээ. Л.Оюун-Эрдэнэ энэ оны эхээр Гадаад харилцааны сайд Ван И-тэй Бээжингийн өвлийн олимпын үеэр уулзахдаа БНХАУ-ын дэмжлэгийг горилж буй эрчим хүчний төслүүдийн бэлтгэл ажлыг шуурхайлахаар төлөвлөснөө хэрэгжүүлснийг Ван И онцолж, цаашид хамтран ажиллах, харилцан дэмжих замаар хоёр талд ашигтай байх салбарууд, тодорхой төслүүдийн талаар ч илэн далангүй ярилцсан байна. Чингэхдээ хоёр улс бие биедээ ойлгомжтой, итгэлтэй, тус дэмтэй хандахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлжээ.

Ван И 2001 онд 48 настайдаа БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдохдоо Хятадын түүхэнд энэ албанд тохоогдсон хамгийн залуу дипломатч болж байв. Тэрбээр 2013 онд одоо хашиж буй Гадаад харилцааны сайдаар томилогдон 9 дэх жилдээ ажиллахдаа Монгол Улсын олон Ерөнхий сайд, олон Гадаад хэргийн сайдтай тус бүр нэг удаа уулзсанаа Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ дурдаж, хоёр улсын хамтын ажиллагаанд тогтвортой байдал нэн чухлыг онцолжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн олон сайд нараас Ван И-тэй нэг бус удаа уулзсан нь өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг нар болж байна. 

Сэргээгдэх эрчим хүч-усан цахилгаан станцын буухиа өнөөдөр Эг тийш хөдөллөө.  

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдсэн сайн мэдээ сонссон даруй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа. Монгол Улсад эрчим хүчний сэргэлтийг авчрах сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийн нэг нь 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС бөгөөд бэлтгэл ажил манай талаас бүрэн хангагдсан, санхүүжилтийг БНХАУ-ын талаас шийдсэнээр энэ төсөл хөдөлсөн бол хоёр дахь нь 315 МВт-ын Эгийн голын усан цахилгаан станц. 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил нь саатаад буй. Өнгөрсөн хугацаанд Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА-тай хамтарч судалгаа хийхэд энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Францын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй. Эдгээр судалгааны дүнг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ. 

“Монгол Улсад айлчлан ирж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештай маргааш уулзах үеэрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд нааштай шийдвэр гаргуулах талаар ярилцана. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахад тус улсын Засгийн газрын зүгээс Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар энэ төслийг урагшлуулахад бүх талаар ажиллаж байна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эг дээр хэллээ.   

Энэ өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Төрийн ордонд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ явуулснаар эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхсанаар түүний Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөсөн бөгөөд түүний араас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүлээн авахад Төрийн ордон бэлэн болоод байна. Өчигдөр Эрдэнэбүрэн шийдэгдэж, сэргээгдэх эрчим хүч-усан цахилгаан станцын буухиа өнөөдөр Эг тийш хөдөллөө.  

Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
2
2022.09.16
Авторын булан: Владивосток-Лондон-Токио
3
2022.09.09
Авторын булан: Владивостокоос тэнцвэрээ олсон төслүүд ба Нью-Йорк Таймсын онцлох мэдээ
санал болгох
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
3
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
1