Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Алисагийн тэмдэглэл: Дотор орших "хүүхэд" минь хэзээ ч битгий алга болооч


Алиса нь та бүхэнтэйгээ шинэ бичвэрээр уулзаагүй уджээ. Та бүхэнтэйгээ дахин мэдлэхийн сацуу өөрийгөө олох тухайд асуудал учирсан хүн бүхэнд Алисагийн тэмдэглэл бага ч болтугай туслахаар энд байна! ^^ Мөн яг одоо бид дотор орших хүүхдээ хэрхэн алдахгүй байх тухай бодол сэтгэгдлээ хуваалцах гэж байна. 

All these beautiful illustrations are from Chiaki Okada's mind.

Хүүхэд байхад бидний ертөнц ямар байсныг төсөөл дөө. Ярьдаг амьтад, үлгэрийн мэт харш, нисээд хүрч болох хаант улс, амь орж гүйлдэх тоглоомууд, шивнэлдэх ой мод, дуулалдах гол ус... Энгийн зүйл гэж нэгээхэн ч байгаагүй. Бүх зүйл дотроо ид шидтэй бас ариун. Бидний айдаг эсрэг дүрүүд, хорон санаатнууд хүртэл эцэстээ эвлэрч, гар барих, уучлах, найзууд болох тийм л нээлттэй зүрх.

Тэгтэл тэр бүхэн бага багаар алга болох шиг санагдаж эхлэхэд би айсан. Тоглоомууд хөдлөхгүй, амьтад ярихгүй, ус зүгээр л урсаж, орд харш биш энгийн л тоосгон байшин нүдэнд харагдах болсон. 20 нас хүрээд аажимдаа шинэ жил үлгэрийн мэт санагдахаа больж, Алиса шиг төрөөгүй өдрөө тэмдэглэхээ больж, Питер Пэн эргэн ирж намайг дагуулаад ниснэ гэж найдахаа больсон. 

Удалгүй 25 хүрсэн. Хүүхэдтэй боллоо, амьдрал урьд урьдынхаас ч эгэл болов. Хүүхэлдэйн кино үзэхээ ч болив. Нүдээ аниад төсөөлөхөө, зүүдэнд заримдаа орж ирдэг байсан үзэсгэлэнтэй зүйлс харагдахаа ч бүр байлаа. Тэгтэл яасан гээч? Би өдөр ирэх тусам өсөн томорч буй хүүгээ хараад гэнэт санаж эхлэв. Нэгэн үе ийм л ариун, гэгээн, гэнэн байснаа. Бүх хүн сайхан, бүх зүйл аз жаргалтай, бүх хүнд эрхэлж болно, энэ хорвоод бүх зүйл боломжтой гэж...

Тэгээд би өөрийн доторх хүүхдээ чагнаж үзлээ, хаалгыг нь тогшиж үзлээ. Байгаа болов уу, хариулах болов уу гэж айсан өдрүүд үргэлжилсээр, гэнэт нэг өдөр цухуйж байна шүү. Би зөндөө баярлаж, бараг уйлсан. Тэгээд яг одоо доор бичих гэж буй зүйлсийг бага багаар хэрэгжүүлэх болж, өөрийн дотор орших хүүхдээ хамгаалж, хадгалан үлдэхээр өдөр бүр хичээх болсон билээ. Та бүхэн ч бас туршаад үзээрэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

1. Тоглож байгаарай

Заримдаа багадаа эвлүүлдэг байсан эвлүүлдэг тоглоом, дээс, чирта тоглож байгаарай. Найзуудаа уриалж, олноороо тоглодог баавгайн чих, гагнасан гинжийг тастах, сүүл буцаалдах, усаар байлдах зэрэг тоглоом тоглоорой. Энэ та бүхнийг эргээд хүүхэд насанд чинь аваачих болно. Болохгүй бол шууд парк яв. Энэ бол хамгийн эхний алхам.

2. Хүүхэлдэйн кино үзэж, жүжигт явах

Ghibli-гийн кинонууд, хуучин үздэг байсан Дисней, Пиксарын хүүхэлдэйн кино марафон хийгээрэй. Буцаад жаахан хүүхэд шиг догдолж үзэх болно. Гэртээ ганцаараа, Асрагч Макфи, Нарниа, Бяцхан Стюарт зэрэг хүүхдийн кинонуудаас ч бүү татгалз. Нэг л мэдэхэд та салж чадахгүй болж, буцаад л догдлон үзэж суух болно.

3. Хүмүүсийг уучилж эхлэх

Бид дотроо гомдол хорсол тээж эхлэхдээ л дотор орших хүүхдээ гэмтээж эхэлдэг мэт санагддаг. Хүүхэд шиг амархан мартаж, уучлах уужим сэтгэлтэй байгаарай. Бас баярласан, хүссэн зүйлээ нуухгүй илэрхийлдэг, бусдад сайн сайхныг хүсдэг байгаарай. Ямар ч хүн төгс биш боловч ямар ч хүнд сайхан тал байгаа гэдгийг марталгүй, хэнийг ч ялгаж харьцдаггүй байх хэрэгтэй.

4. Тэжээвэр амьтантай болох

Хэн нэгэн бяцхан өхөөрдөм амьтанд анхаарал хандуулж, халамжлах нь биднийг илүү жаргалтай болгодог. Та багадаа авахыг хүсдэг байсан ч чадаагүй бол одоо цаг нь юм шүү. Хамтдаа тоглож, зугаалж, хөгжилтэй мөчүүдийг өнгөрөөх нь стресс тайлах гайхалтай арга болно. Би анх мууртай болоод гэртээ яарч харьдаг, хамт хэвтээд кино үздэг, эрхлүүлдэг байхдаа үнэхээр жаахан болчихсон мэт догдолдог байж билээ.

5. Бүх зүйлд нээлттэй хандахыг хичээх

Та ядраад байна гээд олон саналаас татгалздаг уу? Гадуур зугаалах, ямар нэг юм хийх гэхээр зүгээр л гэртээ байсан нь дээр юм шиг. Оронд нь харин аль болох хүмүүстэй ойр байж, хөгжилтэй зүйл хийж, аливаа урилгад хүүхэд шиг л нээлттэй байхыг хичээгээрэй. Хүүхдүүд байнга л идэвхтэй, догдолсон, юу ч байсан тэдэнд гоё хөгжилтэй, адал явдалтай санагддаг шүү дээ.

6. Аав ээж, найзууд, ах эгч, дүүтэйгээ ярилцах

Хуучнаа дурсан хөгжилтэй явдлуудаа ярилцан түүх хуваалцан суух нь үнэхээр гайхалтай нэмэр болно гээч. Бага насны хөгжилтэй мөчүүдээ санаж, бичлэг үзэж, тэр үетэй холбоотой зураг үзэх зэргээр өөрийн дотнын хүмүүстэй ярилцах нь дотроо уудлах, өөрийгөө илүү нээлттэй болгох сайхан арга болно.

7. Жаахан хүүхэдтэй ойр байх

Дүү нартайгаа, танил, гэр бүлийнхээ жаахан хүүхэдтэй хамт байж, тоглож, цагийг хамт өнгөрүүлээрэй. Ажил их байсан ч цаг гаргаарай. Хэчнээн ядарсан ч бүү цухалдаарай. Хүүхдүүдтэй тоглож, буу халж, цагийг өнгөрүүлэхэд та буцаад л жаахан хүүхэд болно гэж мэд.

8. Өөртэйгөө цагийг өнгөрүүл

Ганцаараа байхдаа аль болох өөрийгөө сонсож, өөртэйгөө ярилцаж, сайтар эргэцүүлэн бодоорой. Та өөртөө хангалттай цаг гаргаж, энэ нийгмийн хар бараан мэдээнүүдээс холдож, агаарт гарч, кино үзэж, ном уншиж, зүгээр л хотын гудмаар алхаж, очих дуртай байсан газраараа явж, сургуульдаа зочилж, зайрмаг амттан ид. Та өөртөө илүү цаг гаргах ёстойгоо хэзээ ч мартаж болохгүй шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
1
2
0
0
1