Монголын шигшээ баг Азийн Цомын урьдчилсан шатанд Шри Ланкыг 6:0-ээр хожлоо
20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны "E" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо явагдаж өндөрлөлөө. "Е" хэсэгт Монгол, БНСУ, Малайз, Шри Ланка улсын багууд хоорондоо тоглосон бөгөөд БНСУ-ын баг бүх тоглолтууддаа хожсон үзүүлэлттэйгээр хэсгээ тэргүүлсэн юм.
Хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр явагдаж БНСУ-ын баг Малайзыг 6:2-оор хожсоны дараа Монголын шигшээ баг Шри Ланкыг зургаа ба түүнээс олон гоолын зөрүүлгээр хожих ёстой болсон.
Улмаар тоглолтын үндсэн цагт Монголын шигшээ баг 6:0-ээр хожсоноор Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатыг хэсгийнхээ хоёрдугаар байраар өндөрлүүлэв. Харин дараагийн шатанд өрсөлдөх эсэх нь бусад хэсгийн хоёрдугаар байрт орсон багуудын оноо болон гоолын зөрүүнээс хамаарах юм.