Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

"I Volunteer, Do You?" сайн дурын арга хэмжээнээс онцлох 10 "гоё" зүйл


Европын холбоо, Австралийн Сайн Дурын Хөтөлбөр, Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилттэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд зохион байгуулсан "I Volunteer, Do You?" арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүд дэх хамгийн онцлох, эерэг арга хэмжээ байлаа. Тэрхүү арга хэмжээнээс онцлох гол зүйлсийг та бүхэндээ сонирхуулж байна.


1. Тус арга хэмжээнд нийт 400 гаруй залуус бүртгүүлэн оролцсон. Залуус сайн дурын ажлыг ямар ихээр сонирхож байгааг бид үүнээс харж болохоор байна.

HUB Innovation Center-т 10 сарын 8-нд болсон энэхүү арга хэмжээний гол зорилго нь залууст сайн дурын ажлын ач холбогдлыг ойлгуулах, сайн дурын ажил хийснээр нийгэмд болон хувь хүнд ямар өөрчлөлтүүд авчирдгийг ойлгуулах бөгөөд нэгэн зорилго дор нэгдсэн залуусыг хооронд нь танилцуулах, өөр сайн дурын ажилд нэмж бүртгүүлэх гэх мэт маш олон боломжууд авчирсан юм.

ЗурагТайлбар





2. I Volunteer, Do You? бол 2015 оноос хойш Монголд зохион байгуулагдаж буй сайн дурын цөөхөн үйл ажиллагааны нэг юм. Оюутан залуус маань сайн дурын ажил хийхийг сонирхож байгаа ч хаанаас мэдээлэл авахаа мэддэггүй нөхцөл байдал их тул энэхүү арга хэмжээ тэдэнд туслах, мэдээлэл авах суваг болж байна. 

iVolunteer.mn сайт энэхүү үйл ажиллагааны үеэр танилцуулагдсан бөгөөд Сайн дурынхан болон ТББ-уудыг холбох гүүр болох аж.

3. 18 төрийн бус байгууллага энэхүү арга хэмжээнд оролцож залуу сайн дурын ажилтнуудыг бүртгэн авах, мэдээлэл зөвлөгөө өгөх сонирхолтой булангуудыг байгуулсан байв.

ECPAT Mongolia

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаалах ажил хийдэг тус байгууллага энэхүү арга хэмжээн дээр захидал бичих цаас бал авчирч, хүмүүсийн сэтгэлийн үгийг "Дулаан сэтгэл" аяны хүүхдүүдэд дамжуулах ажлыг хийж байлаа.

"Залуус эрүүл мэнд" ТББ

“Залуус эрүүл мэндийн төв” ТББ нь 2003 онд үүсгэн байгуулагдаж, бэлгийн цөөнх болон эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн төлөө ажилладаг Монгол улсын анхны байгууллага аж. Бэлгийн цөөнхийг ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготой тус байгууллага энэ арга хэмжээнд ХДХВ, тэмбүү, Хепатит В/С, шээсний сувгийн үрэвсэлт өвчний халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур авчирч залууст мэдээлэл хүргэж байснаас гадна танилцуулах материал, түүхүүдээ хуваалцсан товхимолуудыг авчирсан байлаа. 

ЗурагТайлбар




Хөөрхөн зүрх ТББ

“Хөөрхөн Зүрх” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. "Өөрийгөө дүгнэх хуудас" буюу эцэг эхчүүдийн бөглөх хуудсыг авчирснаас гадна танилцуулах материал, цамц, аяга гэх мэт олон зүйлийг авчирсан байлаа.

ЗурагТайлбар




Түгээмэл Хөгжил ТББ

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрахад дэмжих, хүн бүрт хүртээмжтэй орчныг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах чиглэлээр ажилладаг тус байгууллага "Хувийн туслах ажилтан" үйлчилгээг тэнд очсон залууст танилцуулсан ба ажил, хичээлийнхээ чөлөөт цагаараа, завтай үедээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслангаа цагийн ажил хийж орлоготой болох, сайн дурын ажил хийх боломжийг танилцуулж байлаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс

Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн соёлыг түгээх замаар хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрах, хөгжих нийгмийг цогцлоон бүтээхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс энэхүү үйл ажиллагаанд оролцсон юм. Өдөрлөгийн үеэр ХЭҮК-оос хүний эрхийн чиглэлээр сайн дурын ажил хийх хүсэлтэй оюутан, залуусыг бүртгэх ажлыг зохион байгуулсан юм.

ЗурагТайлбар









Ногоон Сэнтий ТББ

Эмзэг бүлгийн өрх, хүүхдүүдийг өвлийг дулаан давахад нь туслах зорилгоор бусдын хэрэглэхээ больсон хувцас болон ном, сурах бичгийг сайн дурын хүрээнд цуглуулж, тараах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээн дээр хэрхэн хувцас ялган ангилах тухай мэдээллийг хүргэж байлаа.

Монголын улаан загалмай нийгэмлэг

Энэхүү арга хэмжээнд тэд анхан шатны тусламж үзүүлэх дадлыг бодитоор турших боломжтойгоор байрлуулсан нь маш олон хүнд тус нэмэр болж, шинийг сурч мэдэхэд нь тусалжээ.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 249,770 гишүүд, дэмжигчдийн нэг болсноор хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хамрагдаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрүүл мэнд, анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай болох аж.

ЗурагТайлбар



Монголын Эмнести Интернэшнл

Судалгаа хийж, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг ноцтой зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг бий болгох, мөн тэдний эрх зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө шударга ёсыг шаардах хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Эмнести байгууллага энэхүү арга хэмжээнд танилцуулах хуудсууд тарааж, сайн. дурын ажилтан бүртгэж авахаас стикер тарааж, гадна хуучин номын худалдаа явуулж, түүнийгээ хандивлах үйл ажиллагааг зохиож байлаа.

ЗурагТайлбар



Сайн дурынхны хөгжлийн төв

Сайн дурынхны хөгжлийн төв нь анх 2009 онд байгуулагдсан. Байгууллага нь нийгмийн салбар бүрд сайн дурын ажилтнуудыг бэлтгэж, хөгжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой.

Ulaanbaatar 2023 East Asian Youth Games

2023 онд зохион байгуулагдах "Азийн хүүхдийн наадам" олон улсын наадамд 20 мянга гаруй гадаадын тамирчид оролцохоор хүрэлцэн ирэх гэнэ. Тэрхүү олон улсын хэмжээний арга хэмжээнд 2 мянга гаруй сайн дурын ажилтныг бүртгэж байгаа аж.

ЗурагТайлбар




Энэ мэт нийт 18 байгууллага энэхүү өдөр өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, сайн дурын ажилтнуудыг бүртгэн авсан юм.

4. Байгаль орчиндоо ээлтэй байх үүднээс тус арга хэмжээ нэг удаагийн савтай ус болон хог хаягдал ихээр гардаг нэг удаагийн аяга зэргийг ашиглахаас татгалзан, бүртгүүлсэн хүн бүрийг өөрийн аяга, усны саваа авчрахыг уриалсан байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй зөв санаачлагуудын нэг бөгөөд бусад арга хэмжээнүүд ч эндээс авах юм их харагдаж байлаа.

5. Нийт хоёр хэсгээс бүрдэх хэлэлцүүлэг залууст маш сайхан чиглүүлэг, урам зориг болж, асуухыг хүссэн зүйлдээ хариулт авах боломжийг олгосон юм.

"Монгол улс дахь сайн дурын үйл ажиллагааны хөгжил, асуудал, шийдэл" хэлэлцүүлэг

Чиглүүлэгч: З.Энхбаяр (МЗЭ-ийн Сайн дурын ажилтан, оролцоо хариуцсан зохицуулагч)

Зочин илтгэгчид: О.Сэлэнгэ (гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга), Ж.Цэвэлмаа (Монголын сайн дурынхны төвийн захирал), О.Цэрэндаваа (Австралийн Сайн Дурын Хөтөлбөрийн Үйл ажиллагаа, Сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн), Ц.Мандхайхатан (Бодлогод залуусын хяналт ТББ-ын зөвлөх)

"Компанийн сайн дурын үйл ажиллагаа" хэлэлцүүлэг

Чиглүүлэгч: Т.Энхжаргал (МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга)

Зочин илтгэгчид: З.Уянга (NITO компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал), Ч.Балжинням (Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал), Б.Ихтамир (Экпат Монгол ТББ-ын ажлын албаны зохицуулагч)

6. Ая дууны цаг, нэг нэгэнтэйгээ танилцах, тоглох боломжуудыг ч олгосон нь залуусыг сэргээх, идэвхтэй байхад чухал нөлөө үзүүлсэн юм.

7. Өөрчлөлтийн түүх (Story of Change) буюу сайн дурын ажиллагаатай холбоотой өөрийн түүхийг хуваалцсан залуусын түүх маш олон сайн дурын ажилтнуудад урам зориг хайрласан юм. 

Б.Ганжаргал (Олон улсын сайн дурын ажилтан)

Би 2016 оноос хойш сайн дурын ажилд оролцож эхэлсэн. 2020 оны өсвөрийн өвлийн олимпод оролцсон минь үнэхээр сайхан туршлага болсон. Дахин давтагдашгүй түүхийн гэрч болж байгаа нь надад хамгийн сайхан байдаг. Тэр мөч, үйл явдал дахин давтагдашгүй, түүний гэрч болж, гар бие оролцох нь хамгийн сайхан байдаг. Бас олон хүнтэй танилцаж, соёлоос нь танилцаж, эргээд өөрийн соёлыг таниулах гээд маш олон давуу талтай. Сайн дурын ажил надад үргэлж хамгийн сайхан дурсамжийг бэлэглэдэг.

И.Дөлгөөнтамир (Дорноговь аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн)

Би хоёрдугаар ангид байхаасаа эхлээд хүүхдийн оролцооны байгууллагад явж, сүүлийн дөрвөн жилийг сайн дурын ажил хийхэд өөрийгөө сориод явж байна. Өөрийн цаг хугацааг бусдад туслахад зориулна гэдэг нь маш чухал. Нийгэмдээ хэрэгтэй хүн байя гэж бодож байвал өөрөө ч, хүүхдээ ч сайн дурын ажил хийлгээд үзээрэй. Нийгмийг, улсыг хөгжүүлэх тулгуур багана бол залуусын оролцоо юм. 

8. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Бүрэн Эрхэт Элчин сайд Ян Вытопил

Зургийг: Зак Конде

Сайн дурын ажил бол маш чухал зүйл. Бидний эргэн тойронд байгаа бүхнийг илүү сайн болгон өөрчлөх маш их хүч үүнд бий. Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-наас энэхүү арга хэмжээнд гурван төрлөөр дэмжиж, хамтран ажиллаж байгаа бөгөөд сайн дурын ажил хийж буй хүмүүс өөрсдийн хүсэж буй нийгмийг цогцлоохын төлөө ажилладагт бид талархаж, үргэлж дэмжихийг хүсдэг. 

9. Австралийн Сайн Дурын Хөтөлбөрийн Ажилтан Зак Конде

Би энэхүү эвентэд ирээд үнэхээр баяртай байна. Тэдний бүтээж байгаа аппликэйшн, үйл ажиллагаанууд үнэхээр таалагдаж байна. Сайн дурын ажил хийх хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй хүмүүст зориулж ийм үйл ажиллагаа зохиох нь маш их үр дүнтэй. Том зорилгын төлөө өөрийн цагийг зориулж, бас өөрийгөө улам бүр хөгжүүлж байгаа нь бидэнд маш их үр өгөөжтэй. Миний очиж байсан олон сайн дурын хүлээн авалт дандаа л албан тушаал өндөр, ямар нэгэн дарга нар оролцсон байдаг байсан бол энд залуус нэгнээ дэмжиж, хамтрахаар цуглаж байгааг харах сэтгэл хөдлөм байна. Бас залуустаа хандаж хэлэхэд сайн дурын ажил хийх байгууллагаа анхааралтай судлан сонгож байгаарай хэмээн зөвлөх байна. Бидний цаг, эрч хүчийг зүгээр ашиглах гэсэн газрууд олон байдгийг санаж, баталгаатай газраас мэдээлэл авч, ийм эвентүүдэд оролцож, мэргэжлийн байгууллагуудтай холбогдож байгаарай. Энд ирсэн байгууллагуудын нийгэмдээ хийж буй зүйл надад үнэхээр таалагдаж байна. Цаашид улам их амжилт хүсье.

10. Энэхүү арга хэмжээ маш олон хүний сайн дурын ажилд гар бие оролцох хүсэл зоригийг бадрааж, олон сайн дурын байгууллагуудыг холбох, үйл ажиллагаа танилцуулах боломж болж чадлаа. 

Та бүхнийг ч мөн цаашид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, нэгэн хэсэг нь болж, сайн дурын ажил хийхийг уриалж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлье.  

ЗурагТайлбар







Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
20 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.11.08 202.55.188.126

И.Дөлгөөнтамир биш ээ. Э.Дөлгөөнтамир шүү

0 Хариулах