"Coco" анимэйшны Мама Кокогийн дүрийн санаа сэдэв нь болсон гэх Мариа Салуд Рамирез Кабаллеро таалал төгссөн тухай гунигтай мэдээ өнөөдөр цацагдлаа. Тэрээр 109 настай байжээ.

Мексикийн аялал жуулчлалын газрын нарийн бичиг Роберто Монрой энэхүү мэдээллийг Твиттертээ анхлан хүргэжээ.
"Мама Коко буюу хатагтай Мариа Салуд Рамирез Кабаллеро таалал төгссөн харамсалтай мэдээг дуулгаж байгаадаа би хязгааргүй гуниглаж байна. Түүнээс дэлхий дахинаа хайрлагдсан гайхалтай дүрийг сэдэвлэн бүтээсэн бөгөөд тэр бол үнэхээр хичээнгүй, урам зоригийн илэрхийлэл болсон хүн байсан юм. Та бүхэн түүний төлөө, гэр бүлийнх нь төлөө залбираарай."

Кабаллеро нь Санта Фе де ла Лагуна дахь өөрийн төрсөн гэртээ амьсгал хураажээ. 1913 оны 9 сарын 16-нд тэрээр энэ хотдоо төрж, тэндээ бүх насаа өнгөрүүлжээ.

2017 онд гарсан Дисней Пиксарын энэхүү бүтээлд дүрийг Кабаллеро дээр сэдэвлэсэн хэмээн гараагүй ч The New York Times-ийн нийтлэл дээр кино зураг авалтын багийнхан бодит хүмүүсээс дүрүүдийг сэдэвлэсэн хэмээн гарсан байна. El Universal дээр мөн 2011-2013 онд кино багийнхан Мексикт зочлох үедээ Кабаллерогийн зургийг тухайн үед авсан хэмээжээ.

Харин найруулагч өөрийн Твиттертээ "Мама Кокогийн дүрийг бип аялж байх үед таарсан бодит хүнээс сэдэвлээгүй. Харин бидний төсөөллөөс урган гарсан" хэмээн жиргэж байжээ.
"Coco" кино 2017 онд нээлтээ хийж, Оскарын шагнал хүртсэн юм. Мама Кокогийн дүрд 88 настай Мексикийн жүжигчин Офелиа Мургуиа дуу оруулжээ.