2022 оны 10 сарын 21-нд болох "Галсансүхийн Нисванис" тоглолтыг угтан завгүй гүйж яваа яруу найрагч Д.Галсансүх ахтайгаа бид цаг товлон хэсэгхэн ярилцаж, түүний бодол сэтгэгдэл мэдрэмжийн тухай хөөрөлдсөнийг хүлээн авна уу.
-Та ямар хүүхэд байсан тухайгаа хуучлаач?
-Хүүхэд нас уу... Хүүхэд шиг л хүүхэд байсан даа. Эмээ дээрээ өссөн. Ээж маань хүнтэй суугаад явчихсан. Эмээ, ээжийнхээ төрсөн дүү, түүний эхнэр хүүхдүүдтэй нь хамт өссөн. Социализмын үеийн, дутуу юмгүй, илүү юмгүй, тийм л хүүхэд байсан.
-Та том болоод ямар хүн болно доо гэж боддог байсан бэ?
- Арван настайгаасаа хойш шүлэг бичиж эхэлсэн. Тэгээд л шүлэг бичдэг нэг ийм л нөхөр явах байх гэсэн, яг л тэр хувь заяагаараа явж байна даа. Түүнээс биш бусад хүүхдүүд шиг сансрын нисгэгч, эмч, цагдаа, дарга, инжинер болно гэж бодож байгаагүй ээ. Арван настайгаасаа хойш ингээд дөчин жил гаруй шүлэг бичиж байна.
-Тэр үед ихэвчлэн юуны тухай шүлэг бичих вэ?
-Арван настай, дөнгөж гуравдугаар ангийн хүүхэд янз бүрийн зүйлс бичдэг байсан биз. Социализмын үед “Пионерийн үнэн” сонин, “Утга зохиол” сонин их хүчтэй байсан. Монгол хүн сансарт ниссэн тухай яруу найргийн уралдаан зарлагдахад гуравдугаар байр эзэлж байсан. “Монгол-Зөвлөлтийн найрамдал сансарт” гэх мэт утгатай зүйлс бичдэг байсан. Тэгээд цаашаа ном уншсан, хөгжөөд л явсан. Тэр үед бичсэн шүлгүүд маань Ломбын Нямаа багшид маань байдаг юм шиг билээ. Надад өөрт байхгүй.
-Танд ямар ном хүчтэй нөлөөлж, шинэ нээлт болж байсан бэ?
-Тэр үед багаасаа орос хэл сурдаг байсан. Сурагч байх үед миний яруу найргийн багш Ломбын Нямаа маань сургуулийн эрхлэгч байсан. Нямаа багш дээр очиж орос яруу найргийн ном авч уншдаг байлаа. Багш маань Францын яруу найрагч Франсуа Вийоны орос хэл дээр гарсан номыг өгнө, би толь бичиг хараад уншина. Хэнтий аймгийн Өндөрхаан хотын найман жилийн сургуульд би сурсан. Тэр үед орос багш нар хэл зааж байсан. Би толь бичиг ашиглаж үзээд ойлгож эхэлдэг болоод, сүүлдээ яруу найргийг орос хэлээр мэдэрдэг болсон. Зөвхөн хэл үзээд хангалттай биш. Хэл мэддэг хүн бүр яруу найргийг ойлгоно гэсэн үг биш шүү дээ. Оросын яруу найрагч Сергей Есениний шүлгүүдийг бас уншдаг байсан. Есениний шүлгүүд бас бусдыгаа бодвол харьцангуй энгийн шүү дээ.
-Эмээгийн хүү болж өсөхдөө мэдэрдэг байсан сайхан зүйлсээсээ хуваалцаач?
-Үлгэр домог их ярьдаг байсан. Эмээгийнхээ ярьсан тэр үлгэрүүдийг л сонсож өссөн дөө. Эмээ бүх юмнаас хамгаалдаг. Өмөг түшиг минь. Үндсэндээ би ээж гэж хүн байдгийг мэднэ, аав гэж хүн байдгийг мэдэхгүй. Эмээ, ах гэсэн улсуудыг л сайн мэднэ дээ.
-Өөрөө аав болох мөчид танд ямар санагдаж байсан бэ?
-Хэтэрхий их хайр дэмий юм байна гэж ойлгосон. Миний ойлголтоор үхсэн хүн бол юу ч мэдрэхгүй. Унтаж байгаатай л адилхан. Ард нь үлдэж буй амьд хүмүүс л их зовдог юм байна гэж ойлгосон. Санаж гансарна, маш их дассан учир сэтгэлийн зовлон их. Хүмүүсийг харах нь ээ, хүүхэдтэйгээ хэтэрхий нялуураад, нялхруулах юм бол хүүхдүүд нь ямар ч амьдрах чадваргүй, хэтэрхий хайранд умбаж, хамаг юм нь бэлэн өсөхөөр хайртай хүнээ алдахдаа илүү их зовж шаналдаг юм уу гэж бодсон. Архи тамхинд орох ч юм уу, хэтэрхий нялцгай явж ирсний үр дүн бол тийм л гардаг юм билээ. Сэтгэлийн хатгүй, бие дааж амьдрах чадваргүй болчихдог юм байна гэж бодсон. Мэдээж үр хүүхдээ хайрлан энхрийлэлгүй л яах вэ. Гэхдээ тунг нь тааруулж, ухаантай л байхгүй бол амьдрах чадваргүй хүмүүс ардаа үлдээдэг юм байна л гэж харсан.
-Үхлийг хамгийн ойроос мэдэрч байсан үе тань хэзээ байсан бэ?
-Ухаан орсон цагаасаа эхлээд л хүн үхдэг, мөнх амьдардаггүй юм байна зэргээр энэ болгоныг мэдрээд маш их үхэл зовлон үзсэн. Энэ болгоныг харж туулж явахдаа үхэл амьдралд зайлшгүй тохиолддог юм гэж ойлгоод, өөрийгөө тайвшруулж тайтгаруулаад, сэтгэлээ хатамжлаад явдаг. Б.Лхагвасүрэн гуай “Эдгэрэшгүй өвчин тусаад удаан хугацаагаар өвдөх зэрэг нь хүнийг их зовоодог, хүн 24 цаг үхлийн тухай бодоод байж чадахгүй, харин амьдралын наад захын асуудлууд хүнийг их зовоодог” гэж хэлж байсан нь санаанд орж байна.
-Та ихэнхдээ юуны тухай зүүдэлдэг бол?
-Зүүд ихэнхдээ хүний сэтгэл санаатай холбоотой байдаг байх. Мундаг сайхан хүмүүс лаг юм зүүдэлдэг гэх мэтээр хүмүүс ярьдаг даа? Би бол үүнийг худлаа, харин эрүүл мэнд, сэтгэл санаатай холбоотой гэж боддог. Архичин хүн байлаа гэхэд, “Тархин дээр тахиа донгодоод, арьс махны завсар амьтан гүйгээд...” гээд ярьдаг даа. Тэр чинь унтаж чадахгүй, донтолтод автсан байгаа учраас хар дарж байгаа. Зүүд хэдий зөн совинтой ч эрүүл мэндээс маш их шалтгаалдаг л гэж боддог.
-Таны бага, хүүхэд насны зан аашаас одоо ч илэрч гарч ирдэг зүйл байдаг уу?
-Сэтгэл хөдлөл ихтэй. Түргэн ууртай, түрийндээ хутгатай гэдэг шиг, эвгүй. Энэ чинь бас их зовлонтой. Одоо ингээд санаж байхад энэ байдлаасаа болж янз бүрийн үг хамаагүй хэлчихдэг. Тавтиргүй гэх юм уу санамсар болгоомжгүй ч гэх юм уу. Үүнээсээ болоод дараа нь их харамсдаг. Тэрнээс биш муу санаатай байсан бол үгээ хянаад л, өмхий санаагаа дотроо хадгална гэдэг шиг л явах байсан байх. Гэхдээ яруу найраг, уран зохиол гэдэг зүйл намайг хулгай хий, худал ярь, залилан мэхэлж, тонон дээрэмд гэдэг зүйлд сургаагүй. Яруу найрагч Р.Чойном гуай хэлсэн байдаг даа.
Мөнгөний шунал болоод хулгай дээрмээс
Мөхөс биеийг минь тойруулж явлаа, яруу найраг гээд. Тийм хоёр мөр байдаг юм. Бас номын мөр цагаан гэдэгт би итгэдэг. Хүнд их юм ерөөсөө хэрэггүй. Өлсөөд үхчихгүй, орох оронтой байхад л болно. Энэ хоёр л хамгийн чухал, бусад нь тэгээд болно гэж боддог.
-Өдрийн хамгийн сайхан үе таны хувьд хэзээ тохиодог вэ?
-Өдөр болгон сайхан. Шөнө болгон сайхан.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Чөлөөт уран бүтээлч гэх юм уу даа, зүгээр л юмаа бичээд, номоо уншаад явж байдаг. Гол нь ном уншаад, өөрийгөө боловсруулаад л. Яруу найрагч Иосиф Бродский хэлсэн байдаг. Яруу найраг, шүлэг зохиол бичдэг хүний хамгийн чухал үүрэг бол сайн бичих. Сайн бичихийн тулд өөрийгөө боловсруулах. Яруу найраг, уран зохиолдоо зүрх сэтгэлээ өгөх. Өмнө нь сонин сэтгүүл хийгээд явж байхад шүлгээ бичих, орчуулга хийх цаг зав байгаагүй. Одоо ч санаа амар болсон доо. Цаашид бичсээр байгаад дуусна аа л гэж бодож байна.
-Манайхаас зохион байгуулдаг яруу найргийн үдэшт та олон удаа уригдаж оролцсон. Бас та бидний урилгад үгүй гэж хэлж байгаагүйд их баярладаг. Залуус цуглараад таны шүлгийг сонсох гээд ирсэн байх мөч ямар санагддаг вэ?
-Битүү цуглаад, яруу найраг сонсоно гээд сууж байх шиг сайхан зүйл байхгүй. Дүүрэн залуус ирсэн байгааг харах үнэхээр сайхан байдаг. Би тэр тухай бас шүлэг бичсэн.
-Кино бүтээл танд нэлээдгүй нөлөө үзүүлж байсан байх?
-Тийм ээ, би ёстой наснаасаа олон кино үзсэн гэдэг шиг, би ёстой хэд дахин олон кино үзсэн. Хүмүүс яаж ийм сайхан зүйлийг бүтээж чаддаг юм. Кино, хөгжим, зураг, уран зохиол... Урлаг байхгүй бол дан бизнес хийж яваад амьдрал ямар ч утга учиргүй. Зарим хүн зөвхөн мөнгө олохын төлөө яваад, дээрэм тонуул, луйвар хийгээд ч хамаагүй мөнгөтэй байх нь чухал байдаг байх. Надад бол урлаггүй амьдрал ямар ч утга учиргүй амьдрал гэж бодогддог.
-Шүлгээ бичих боломжгүй, цаг завгүй үеүд танд зөндөө л байсан байх.
-Амьдрах гээд л сонин сэтгүүл хийх гээд л, шүүх цагдаад дуудагдаад л, хүн амьтанд дарамтлуулж, хэл аманд ороод явах үе байж л байсан. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж ардын үг байдаг. Уран зохиолоо өдөр болгон л боддог байсан. Бичихгүй л байсан болохоос биш, хэзээ нэгэн цагт бичнэ дээ гээд л байнга боддог байсан.
-Бидний амьдарч байгаа энэ цаг үе танд хангалттай санагддаг уу?
-Дажгүй. Бид өөрсдийгөө голох хэрэггүй л гэж боддог. Бидний хувьд, дэлхийн хувьд амьдрал хүнд байгаа ч гэсэн бид ямартай ч Дэлхийн хоёрдугаар дайн болж байсан цаг үеэс илүү гэж боддог.
-Та романтик хүн үү?
-Романтик, романтик.
-Хайрын захиа бичиж байсан уу?
-Хайрын захиа энэ тэр гэсэн юм бичиж байгаагүй ээ. Авч ч байгаагүй.
-Яг одоо цонхоор харагдаж байгаа намар танд ямар мэдрэмж төрүүлж байна?
-Үнэхээр сайхан цаг. Намрын Улаанбаатар хотод би хайртай. Монголын их сургуулийн гудамж, оюутан залуусын шуугилдсан гудамжаар навч хийсээд л, шаргалтаад л... Намрын гудамжуудад их дуртай.
-Юуг харахад танд гуниг мэдрэгддэг вэ?
-Оршуулгын цуваа. Нэг хүн ертөнцөөс явж байна гэхээр...
-Залуу насны хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Юм бүхнийг сонирхож, дурлаж, уншиж, бүх юм сонирхолтой санагддаг байхгүй юу залуу байхад. Чамд ч гэсэн тэгж санагдаж байгаа байх.
-Тийм ээ.
-Бүх л юм сонирхолтой. Энэ л сайхан даа.
-Таны амьдралын хамгийн оргил үедээ хүрсэн үе гэвэл хэзээ вэ?
-Яруу найраг талаас уу эсвэл хувь хүн талаас уу?
-Хувь хүн талаасаа.
-Хүн хэзээ ч оргил үедээ хүрдэггүй байх гэж би боддог. Зарим хүн бол яах гэж амьдарч байгаагаа ч мэдэхгүй байсаар байгаад л дуусдаг. Зарим нь мэдэж, мэдэрч амьдарсаар байгаад л дуусдаг. Одоо 50 насны өндөрлөгөөс ч гэх юм уу харахад амьдрал бол тэр чигтээ өгсөж уруудсан шугам. Зүрхний бичлэг шиг л.
-Та үнэхээр мартагдашгүй сонирхолтой танихгүй хүнтэй таарч байсан уу?
-Ер нь хараад байхад таньдаг хүмүүс минь улам цөөрөөд л, танихгүй хүмүүс олон болоод л яваад байдаг юм байна. Хүн болгонтой танилцъя ч гэж гүйхгүй номоо уншаад л, юмаа бичээд л... Ер нь Монголчуудыгаа бэлэн цэцэн үгтэй, ерөөлч магтаалч улсууд гэж бодож явдаг. Гэхдээ жинхэнэ яруу найраг бол арай өөр. Сая л гэхэд би хүүхдээ хичээлээс нь авах гээд гараад явж байхад Улаанбаатар их сургуулийн хашаан доторх том гэрийг буулгаж байна. Тэгсэн чинь шууд бэлэн толгой холбоод л хашхиралдаж байгаа юм. “Энд байсан унинаас урт үстэй, тоононоос том толгойтой хүн хаашаа явчхав аа?” гээд л. Ер нь л их цэцэн уран хүмүүс.
-Та одоогийн залууст сэтгэл хангалуун байдаг уу?
-Их сэтгэл хангалуун байгаа. Ямар ч байсан одооны залуус үгээ зоригтой хэлдэг болсон байна. Зарим нэг нь хэтрүүлээд ах захаа хүндлэхгүй байх, настай хүмүүст суудал тавьж өгөхгүй байх гэдэг ч юм уу тийм зүйл анзаарагддаг. Бидний үед бол ахмад хүнд суудал тавьж өгөх ёстой гээд байнгын сургаал, номлол явдаг байсан. Одоо бараг больсон юм байлгүй дээ. Одоо бүгд тэгш эрхтэй гэсэн шиг тор барьсан эмгэн хажууд нь зогсоод, гуравдугаар ангийн нөхөр юу ч болоогүй юм шиг утсаа ширтээд явж байна. Ердийн үзэгдэл болсон юм байна. Харж байхад залуус маань ном, мэдлэгийн хойноос их хөөцөлддөг болсон байна. Түүнд их баяртай байгаа.
-Хүнд байдаг хамгийн сайхан зан чанар юу вэ?
-Бие биенээ хайрлах хайр юм болов уу гэж боддог. Таньдаг ч бай таньдаггүй ч бай, ямар нэгэн байдлаар бие биенээ хайрлаж байгаасай л гэж хүсдэг.
-Та хайраа хэрхэн илэрхийлдэг вэ?
-Хүмүүс янз бүрээр илэрхийлдэг юм билээ. Жишээ нь хуучин ерөнхийлөгч байсан Баттулга гээд хүн байна аа? Тэр хүн болохоор өвчин зовлонтой олон хүний эмнэлэг, эмчилгээний мөнгийг дааж байсан юм билээ. Тэр тухайгаа хэнд ч хэлж байгаагүй. Миний хувьд бас заавал хайртай, эсвэл ингэж тусалсан гэдгээ зарлаад явах биш, чимээгүй илэрхийлэх нь бас хайр гэж боддог.
-Гоо сайхан гэж таны хувьд юу вэ?
-Гоо сайхныг бүх л зүйлээс олж харна. Энэ ертөнц тэр чигтээ гоо сайхан. Хараад байвал ертөнцийн бүх юм төгс зохицсон. Гол урсаж байгаа нь, модноос навч хийсэж, цэцэг дэлгэрч байгаа нь ч, хүүхэд төрж байгаа нь ч тэр төгс. Нөгөө хүн дуулаад байдаг даа, “What a wonderful world” гээд.
-Та хүүхдийнхээ хичээлийг хэр их давтуулдаг вэ?
-Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг дээ? Тэрийг би үнэн байх л гэж боддог. Цаанаасаа ном эрдэм сурах хүүхэд гэж байна, сурахгүй хүүхэд ч гэж байна. Бүгд өөрсдийн хувь заяатай. Түүнд заавал хүчлээд байх хэрэг байхгүй. Нэгэнт хүн болоод төрсөн юм чинь намайг байсан ч байгаагүй ч өөрсдийгөө аваад явчихдаг л хорвоо доо.
-Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ?
-Хүн цаг минут тутамд сэтгэл дотроо уйлж, инээж явдаг байх. Заавал арзайтал инээгээд л, хүн харж байхад учир зүггүй нулимсаа арчиж уйлаад л байдаггүй ч гэсэн сэтгэл дотроо бол байнга уйлж инээж явдаг байх. Бүх хүн.
-Дэлхий ертөнц, манай ирээдүй юунд чиглэн явж байна вэ?
-Манай ертөнц жамаараа л явж байна. Ирээдүйг би мөхөл гэж ойлгодог. Ертөнц бол мөхөл рүүгээ явж байгаа. Хүн ч гэсэн төрөөд үхэл рүүгээ явж байдаг.
-Одоо тулж ирээд байгаа “Галсансүхийн Нисванис” арга хэмжээнд хэр их догдолж байна?
-Баасан гарагийн эвентийн тухай сая Нисванис хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, олон сайхан бүтээл найруулсан, “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн гишүүн Б.Бадрал нартайгаа уулзаж ярилцсан. Б.Бадрал маань энэхүү арга хэмжээг хөтлөн явуулах юм. Тайзан дээр гарч ирээд “Одоо дуучин тэрийг урьж байна” гээд хашхираад байдаг тийм юм болохгүй гэж бодож байна. Нисванис хамтлаг бүтэн “unplugged” тоглолтоо хийнэ. Би “Галсансүхийн Нисванис” гээд хос пянзанд орсон шүлгүүдээ уншина. “Хүрээ хөвгүүд”-ийн Г.Ням-Очир маань шүлгүүдээ уншина. Батзаяа, Алтанхуяг, Начин гээд олон дүү нар маань шүлгээ уншина. Солонго дүү минь бас дуулна. Тэгээд шүлэг, тоглолт холилдсон ийм нэгэн хачин, урьд өмнө нь болж байгаагүй нэг зүйл болох гээд л байна. (инээв) Гаргасан пянз, номууд минь гарын үсэгтэйгээр хямдралтай худалдаалагдана. Хос пянз авсан хүнд тав дахь удаагаа хэвлэгдэж буй “Бурханд хэлэх зөвлөгөө” номоо бэлэглэнэ. Давхар давхар олон гоё зүйл болно оо. Энэ тоглолтыг “Voo” ивээн тэтгэж байгаа. Манай Нисванис хамтлагийн “Нисдэг таваг” цомгийг тэр чигт нь байшингийн дээвэр дээр авсан бичлэг гараад байдаг даа? Б.Бадрал маань тэр бичлэгийг хийсэн байхгүй юу. Үүн шиг л их тод томруун бичлэг үлдэнэ гэсэн. Үүнийг манай “Voo” ивээн тэтгэж байгаад баяртай байгаа.
-Унших шүлгүүдээ та яаж сонгож байна? Хуучин номуудаасаа оруулах уу?
-Шинэ гаргасан пянзанд орсон шүлгүүдээсээ уншина аа. Би ер нь шүлгүүдээ буцаж уншдаггүй. Ном гаргаад л тэгээл орхичихдог. Эргүүлж ерөөсөө уншдаггүй. Хүмүүс бол гаргасан юмаа эргэж уншаад, нарциссист гэх юм уу, өөртөө дурлаад, миний энэ агуу шүү гээд солиороод явдаг. Надад ерөөсөө тийм юм байхгүй.
-Тэгэхээр та эготой хүн биш байх нь?
-Ерөөсөө тийм юм байхгүй. Тухайн үедээ бичигдээд л өнгөрсөн. Ер нь би яруу найргийг тухайн үеийн онгодтой л холбоотой гэж боддог. Түүнээс биш ингэж бичнэ ээ, ийм юм бичнэ ээ гээд төлөвлөөд явдаг зүйл биш ээ.
-Таны хувьд онгод яаж ирдэг юм бэ?
-Онгод монгод нь бол өөрсдөө л тэгээд болдог байх. Ирээд л, буцаад л... Сансрын хөлөг дэлхий дээр буулаа, буцлаа гэдэг шиг л.
-Хүнд рок хөгжим чангаар нүргэлж байх үе сайхан байдаг даа? Танд тэр мөчид юу мэдрэгддэг вэ?
-Сайхан байдаг. Рок хөгжмийг чанга л сонсох хэрэгтэй.