Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Teen Хуралдай | Байгальд ээлтэй залуусын чуулганаас онцлох АРВАН сурагчийн урам зоригийн түүх


Монгол Экологи Төвөөс Европын Холбоо болон Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд "Teen Хуралдай” байгальд ээлтэй залуусын чуулганыг нийслэл болон 21 аймгийн төлөөлөл 90 хүүхдийг хамруулан өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан юм. 

Тус хөтөлбөр нь 15-22 насны залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой билээ. Бид "Teen Хуралдай"-д оролцогч байгальд ээлтэй хүүхдүүдийн урам зоригийн түүхээс хуваалцаж байна.


Г.Пүрэвдарь | Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 

V сургуулийн 12-р ангийн сурагч

Би сайн дурын ажил зохион байгуулах, эсвэл оролцохдоо үргэлж таатай байдаг. Саяхан сургуулийн орчин дахь дахин боловсруулалтын менежментийн төсөл бичтэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санхүүжүүлэх санал ирдэг юм. Тиймээс одоо төслөө хэрэгжүүлэх л үлдлээ. Манай Дорноговь аймагт хог хаягдал дахин боловсруулах нэг үйлдвэр байдаг ч хүмүүс дахивраа тогтмол өгч дадаагүйгээс үйлдвэр зогсчихсон. Тиймээс миний төсөл уг үйлдвэрийг дэмжих зорилгоор санаачилсан ажил юм л даа.

“Teen Хуралдай”-д оролцох үеэрээ Хангайн нурууны экологийн онцлогийг танин мэдэж, мөн хүүхдүүдэд говийн тухай ярихад тэд гайхан сонссон. Экологийн бүтцээс хамаараад газар бүхэнд байгаль орчинд тулгамдсан асуудал янз бүр байгаа ч “Шийдье” гэсэн нэг хүсэл зорилготой хүүхдүүд бас газар бүхэнд байгаа нь урам өгч байна.

Би ахлах ангийнхныг ЭЕШ-д бэлтгэхэд нь туслах зорилгоор сургуульдаа багшилж, хүүхдүүдэд давтлага өгдөг. Энэ нь миний ирээдүйд эзэмшихийг хүсдэг мэргэжилтэй холбоотой л доо. Манай үеийнхэн ирээдүйн мэргэжлээрээ дадлага хийж үзэхийг их хүсдэг. Жишээлбэл, би эдийн засагч мэргэжлийг шохоорхож байвал банканд дадлага хийхийг хүсэж таарна. Бидэнд ийм боломжийг нээж өгвөл мэргэжлээ илүү итгэлтэй сонгох санагддаг.

Харин би цаашдаа боловсрол судлалаар суралцана гэж бодож байгаа. Сурагч солилцоогоор АНУ-ын Нью Мексико мужид жилийн хугацаанд суралцахдаа Монгол, Америкийн боловсролын ялгаатай байдалд багш нарын ур чадвар биш харин боловсролын систем нөлөөлж буйг ойлгосон. Америк хүүхдүүд олон талт мэдлэгтэй, улс төрд ихээхэн анхаардаг юм билээ. Харин монгол хүүхдүүд хичээлээсээ цааш хардаггүй. Сайншандын хүүхдүүдээс “Танай орон нутагт юу хэрэгтэй байна вэ” гэж асуухад яг таг хариулах сурагчтай цөөн таарах болов уу. Тэгэхээр хүүхдүүдэд шинжлэх ухаанаас гадна өргөн мэдлэгийг олгох хичээлийн хөтөлбөрт бодлогоор анхаарах шаардлагатай санагдсан.

Би ирэх жил улс төрийн сонгууль өгөх насанд хүрнэ. Миний бодлоор нэр дэвшигчдийг улс төрийн ямар чиг баримжаатай намыг төлөөлж байгаа, ямар үзэл бодол, байр суурьтай хүн бэ гэдгийг нь сайтар судалж байж сонгох ёстой. Өөрсдөө ямар ч хичээл зүтгэл гаргахгүй, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ч уншихгүй хэрнээ “Сонгох хүн алга” хэмээн цагаан хуудас өгч шүүмжилдэг нь манай үеийнхний нэг сул тал байх.

Говь түүхийн асар олон дурсгалыг хэвлийдээ агуулж байдаг. Говь гагц хуурай элсэн цөл биш, гүний цэнгэг усаар баялаг. Ер нь эрс тэс уур амьсгалтай ч гэлээ энэ нутагтаа л тайван сайхныг мэдэрдэг дээ. 

Гэхдээ говьд сүүлийн жилүүдэд ган гачиг элбэгшиж, хур тунадас бага унаж байна. Сайншандад энэ жил цас ороогүй л байна. Би Сайншанд хотод ногоон байгууламж бий болоосой гэж хүсдэг. Зам дагуулан мод тарьдаг ч услаагүйгээс болоод хатаж гандаад нүцгэрчихдэг юм. 


Д.Хатанзаяа | Говь-Алтай аймгийн лаборатори Нэгдүгээр сургуулийн

11-р ангийн сурагч

Улаанбаатарт ирэх хүртлээ мэргэжлээ сонгож чадаагүй, эргэлзсээр л явсан. Би зөвхөн мэргэжлийн тухайд ч биш байгаль гэдэг зүйлийг хараахан таньж мэдээгүй байснаа ойлгосон. Байгаль орчин зовлон бэрхшээлд учирсан, түүнийг шийдвэрлэхэд хүмүүс бидний оролцоо үгүйлэгддэг юм байна. Тиймээс би ирээдүйн мэргэжлээ байгаль экологитой холбоотой байхаар сонгохоор шийдсэн. Энэ миний хамгийн том ололт байлаа. Өмнө нь би хөшиг нь хаалттай нэг өрөөнд суудаг байж. Тэгтэл “Teen Хуралдай”-гийн зочин илтгэгчдийг сонсоод миний өрөөний хөшиг нээгдсэн. Би энэ хөшгөө дахиж хаахыг хүсэхгүй байна.

Манай ээж, аав хоёр хоёул эрүүл мэндийн салбарт ажилладаг. Би аравдугаар ангид орохдоо “Эмч болно” гээд төлөвлөчихсөн байсан болохоор хими, биологийн хичээл сонгосон. Энэ зун шүдний аппарат хийлгэхээр эмнэлэгт очтол эмч нь жирэмсэн, ядарсан байдалтай, гэтэл үүдэнд нь олон үйлчлүүлэгч дугаарлаж байгаа харагдсан. Тэгэхэд “Би ингэж ажиллаж чадах уу” гэж өөрөөсөө асуухад эргэлзэж эхэлсэн л дээ. 

Бид оройн хоолоо идэхдээ гэр бүлээрээ ширээ тойрон суугаад бие биенийхээ талаар, эсвэл зүгээр л ямар нэг зүйлийн тухай ярилцдаг. Аав, ээж хоёр миний, мөн дүүгийн крашийг мэднэ. Заримдаа би ариун цэврийн өрөөний ч юм уу, эсвэл коридорынхоо толинд ирээдүйгээ төсөөлөн өөртэйгөө ярилцдаг. Би мэдлэг боловсролтой, түүнийгээ хуваалцдаг сайн хүн болохыг хүсдэг. Сонирхолтой амьдарч, түүхээ бүтээж, өөрийн намтар зохиолыг ирээдүйд бичнэ гэж боддог.

Говь-Алтай аймагт маань сүүлийн жилүүдэд цөлжилт болон агаарын бохирдол ихсэж байгаа. Утаанаас болж хамар маань битүү болсон. Орой хичээлээ тараад гэр рүүгээ явахад гудамжны шонгийн гэрэлд утаа заримдаа сааралтаж, заримдаа харлаж үзэгддэг. Мөн агаарын бохирдлоос үүдээд манай ангийн хэд хэдэн хүүхэд ханиад тусаж, өвдөөд байна. Уг нь ногоон өнгө хүнийг тайвшруулах нөлөөтэй байдаг. Гэтэл эргэн тойрон маань дандаа хар, саарал өнгөөр харагдаж байгаа нь сэтгэл зүйн байдалд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Би өглөө сэрэхдээ саарал утаа биш, ногоон өнгө харахыг хүсэж байна.

Амьдрал одоогоор нэгэн хэвийн санагдаж байгаа ч хамгийн гэрэл гэгээтэй нандин зүйл нь би буюу ирээдүйд ихийг хийж бүтээх зорилготой хүүхэд залуус бид юм.


Х.Туяа | Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Ирээдүй” сургуулийн

11-р ангийн сурагч

Би Мишель Обамаг биширдэг. Түүний хүчтэй байдал нь надад урам зориг өгдөг юм.“Becoming” номыг нь уншихад Мишель Обама маш их хүсэл зорилготой охин байсан тухай түүх сонирхол татсан. Тэр охины зан ааш, амьдралдаа гаргаж байгаа алхам, шийдвэрүүд нь “Би ч ингэх л байсан даа” гэсэн  бодлыг төрүүлсэн. 

Би цаашид программ хангамжийн инженерээр суралцахаар төлөвлөж байгаа. Монгол Улсаа технологийн хамгийн дэвшилт орон болгохыг мөрөөддөг болохоор энэ мэргэжлийг сонгосон. Харин “Teen Хуралдай” байгаль орчны хөтөлбөрт оролцож байгаа маань өөрийнхөө харах хүрээг тэлэх зорилготой юм.

Хөвсгөл аймгийн ахлах ангийн сурагчид зундаа Хатгал тосгонд очиж амралтын газарт зөөгч хийх зэргээр цагийн ажил хийдэг. Би ч амралтаараа цагийн ажил хийж байсан. Гэхдээ ахлах ангид ороод ЭЕШ болон IELTS-дээ бэлдээд их л завгүй байгаа. Мөрөн хотод амьдрахад маш амар амгалан. Би хэтэрхий олон хүнтэй газар удаан байж чаддаггүй, хамаг энерги маань сорогдчихдог болохоор Мөрөн шиг тайван газар байх дуртай.

Манай аймаг аялал жуулчлалын бүс хэрнээ энтертайнмент үзвэр, үйлчилгээ ховор. Түүхийн дурсгалт газруудаа нийтэд сайн таниулаагүй учраас хүмүүс Хөвсгөлд ирээд нууран дээр оччихоод л буцчихдаг. Жишээлэхэд, Монголын хамгийн олон хүн амтай аймаг атлаа ганц ч кино театр байдаггүй. Залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа маш хомс. Гитар, төгөлдөр хуур, морин хуур гээд цөөн хэдэн хөгжмийн зэмсгийн сургалт л явагддаг. Манай аймагт эдийн засаг хумигдмал байгаагаас мэргэжлийн багш нар дутмагтай холбоотой гэж боддог юм. Гадаадад суралцаж, амьдарч байсан ихэнх хүн Монголдоо хэсэгхэн зуур ирчихээд буцаад явах хүсэлтэй байдаг гэсэн судалгаа уншиж байлаа. Яг үүнтэй ижилхэн орон нутагтаа өөрийн сурснаа хэрэгжүүлэх сэтгэлгээтэй хүн цөөн, харин тухтай орчинд амьдрахыг хүсдэг нь илүү олон байдаг.

Миний анзаарснаар, 2-3 гадаад хэл сурсан хүүхдүүд ихэвчлэн Улаанбаатар хотынх байна. Сумдын хүүхдүүдэд “Би ч англи хэл сурч чадахгүй дээ” гэсэн бодол түгээмэл анзаарагддаг. Яагаад гэхээр эргэн тойронд нь англи хэлний хэрэглээ байдаггүй. Харин манай Хөвсгөл аймагт зундаа англи хэлтэй хүний эрэлт ихэсдэг болохоор бидэнд боломж бас байна гэсэн үг.

Австрали хүүхдүүд гадаа их тоглодог. Монгол хүүхдүүдээс ялгаатай нь тэд ямар нэг аюултай нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах талаар өргөн мэдлэгтэй. Цагдаа, эмнэлэг гээд бүгдийнх нь дугаарыг цээжээр мэднэ. Аюул, эрсдэл тулгарахад хаана, хэнд хандах, юу хийх, хэрхэн хамгаалах тухайд монгол хүүхдүүдийг бага ангиас нь сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээсэй гэж хүсдэг.


Н.Өрнөх | Дундговь аймгийн “Цэгц билиг” сургуулийн

11-р ангийн сурагч

Би ченж хийдэг хамаатныхаа ахад зуны амралтаараа тусалдаг. Адаглаад хувцасныхаа мөнгийг өөрөө олчих юмсан гэж боддог юм. Гэвч яалт ч үгүй гэр бүлээсээ мөнгө нэмж авдаг л даа. Ажил хийснээрээ ахмад хүний үгийг сонсож сурсан төдийгүй дэг журам, зарчимч байдлын талаар ойлгох болсон. Би бас боломж олдвол нийгэмд тустай сайн дурын ажилд хамрагдах дуртай. Би өндөр уулнаас шүхэртэй газардахыг мөрөөддөг. Ер нь л өөртөө идэвхтэй амьдралыг бий болгохыг хичээдэг. Ингэснээр шинэ ур чадвар, мэдлэг, хуримтлал үүснэ шүү дээ.

Манай үеийн хүүхдүүд хүрээлэн буй орчны асуудалд төдийлөн анхаардаггүй. Анхааръя гэлээ ч мэдлэг нь дутмаг. “Бид юу хийж чадах вэ” гэж биш, “Томчууд яагаад энийг шийдэж өгөхгүй байгаа юм бэ” гэх талаас нь асуудлыг хардаг. Уг нь хоорондоо нэгдээд сайн дурын ажил хийх боломж үргэлж нээлттэй шүү дээ. Даанч хүүхдүүд үүнийг өөрсдөөс нь үл шалтгаалах томчуудын хэрэг, их холын зүйл гэж боддог. Би аймагтаа буцаж очоод “Teen Хуралдай”-гаас сурч мэдсэнээ үеийнхээ хүүхдүүдэд хуваалцана. Дашрамд, “Teen хуралдай”-г зохион байгуулагч Монгол экологи төв, санхүүжүүлэгч Европын холбоо, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныханд баярлалаа. 


Н.Оюундарь | Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн

11-р ангийн сурагч

Би мөөг судлах дуртай. Хооллох байдлаараа амьтантай төстэй, бусдаар ургамлын шинжийг агуулдаг болохоор судлахад таашаалтай санагддаг юм. Хүн өөрийгөө юунд сонирхолтой вэ гэдгээ нээчихвэл ямар ажил хиймээр байгаагаа мэдэх боломжтой. Би ирээдүйд микропалеонтологич мэргэжлээр сурахаар төлөвлөж байгаа. Энэ мэргэжлийг сонгосноороо судалгаанд илүү төвлөрч ажиллах боломжтой болох юм.

Өмнө нь байгаль орчны асуудлыг хязгаарлагдмал хардаг байж. Зөвхөн төрөөс арга хэмжээ авах ёстой мэтээр ташаа боддог байснаа сая л ойлголоо. Гэтэл бидний хийж буй жижиг үйлдэл ч том өөрчлөлтийн эхлэл болдог юм байна. Хамгийн түрүүнд бид юу хийж чадах вэ гэдгээ л мэдэх нь чухал ажээ.

Миний хувьд, үргэлж л олон улсын сайн жишгийг судалж, Монголдоо оруулаад ирчих юмсан гэсэн санаа зовнилтой байдаг. Харин сул тал маань бодит байдлаас арай л алс зүйлсийг төсөөлдөг дөө.


Б.Ууганзаяа | Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС-ийн

11-р ангийн сурагч

Би дуулах, бүжиглэх дуртай. Гэвч хамгийн ихээр ач холбогдол өгч, цаг хугацаагаа зарцуулж байгаа зүйл маань байгаль, экологийн асуудал. Өнгөрсөн жил цагаан зээрийг хамгаалах зорилготой “Янзаган хүрээг хайрлаарай” аяны чуулга уулзалтад оролцохдоо  хүмүүс байгаль орчноо яаж хайрладаг, ямар үзэл бодолтой байдгийг сонсоод урам зориг авсан.

Би дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтнууд шиг өөрийнхөө чадах зүйлийг бусдад тултал нь хүргэдэг хүн болохыг хүсдэг. Хэдий хүнд хэцүү ажил байсан ч өөрөө л сонирхолтой бол ямар ч ажлыг хийх боломжтой гэдгийг тэдний үйл хэргээс ойлгосон. Тиймээс өдгөө сумынхаа “Байгальд ээлтэй хүүхдүүд” эко клубээр дамжуулан сургуулийнхаа хүүхдүүдийг манлайлан байгаль орчны нөлөөллийн ажлуудыг хийж байна.

Манай эко клубийг удирддаг багш наадмын өдрүүдэд хүмүүсийн хаясан хогийг түүж, саванд хийх зуураа “Сайхан наадаарай” гэж хэлж байлаа. Тэгээд “Хүүхдүүд байгалиа хамгаалж байхад бид яагаад чадахгүй гэж” гэх бодол томчуудад төрүүлье хэмээх санаа гаргасан. Бид ч дуртайяа дэмжсэн. 

Сая Улаанбаатар руу ирж явах замдаа автобусанд хамт суусан эмээд “Би байгаль орчны чуулганд явж байна” гэхэд “Миний охин, уул уурхайгаа л сайн ярьдаг юм шүү” гэсэн. Ер нь манай сумынхан уул уурхайд л санаа зовнидог.

“Teen Хуралдай”-д оролцсоноороо өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусадтайгаа баг болж хамтарч ажиллах, мөн бусдын үзэл бодлыг сонсох чадварт суралцаж байна. Тиймээс бидний үзэл бодлыг хүндэтгэн сонсож байгаа Монгол экологи төвийнхөнд баярлалаа.


Э.Азжаргал | Дорнод аймгийн “Хан-Уул” цогцолбор сургуулийн

12-р ангийн сурагч

Би чөлөөт цагаараа англи хэлээр ном унших, подкаст сонсох, найзуудтайгаа ярилцах, бадминтон тоглох дуртай. Бадминтоноор хоёр жил хичээллэж байгаад ЭЕШ-даа төвлөрч бэлдэхийн тулд бэлтгэлээ түр зогсоогоод байна. Гэхдээ ер нь спортоор хичээллэхэд илүүдэхгүй гэж боддог.

Дунд ангиасаа эхлэн хими, биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судалсан ч энэ бол ээжийн хүсэл байсан юм. Харин би гадаад хэл, нийгмийн хичээлээ түлхүү сонирхдог, бас нийгмийн ажилд идэвхтэй оролцох дуртай л даа. Аксесс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад англи хэл сурах хүсэл эрмэлзэл маань  нэмэгдсэн. Тиймээс цаашдаа олон улсын харилцааны мэргэжлээр суралцахаар төлөвлөж байна.

Харин одоо ЭЕШ санаа их зовниож байна. Сар болгон өгдөг сорилдоо муу оноо авчихвал сэтгэлээр их унадаг. Гэсэн ч хөгжим сонсох, эсвэл ганцаархнаа чимээгүй байгаа үед сэтгэл зүй маань тайван болчихдог юм. Түүнчлэн хэн нэгнээс урмын үг сонсох, эсвэл хийсэн зүйл маань сэтгэлд хүрсэн үед өөртөө итгэлтэй болдог.

“Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” маань зохион байгуулалт сайтай, эерэг нөлөө үзүүлсэн хөтөлбөр байлаа. Үеийнхээ хүүхдүүдтэй хоёр хоногт танилцаж хүрээллээ нэмэгдүүлсэн. Мөн байгаль орчин, хувь хүний хөгжлийн талаар их мэдээлэлтэй боллоо. Хамгийн чухал нь өөрийнхөө болон хүн бүрийн хувь онцлогийг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь чухал юм билээ.


Э.Пүрэвмаа | Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн

11–р ангийн сурагч

Манай сумынхан шаваг түлдэг, мөн зарим нь шаваг түүж зардаг. Шаваг нь хөрсийг эвдрэлээс хамгаалж, элсний нүүдлийг тогтоодог ч хэт их түүснээс үүдэн цөлжилт үүсэж байгаа.

Томчууд цөлжилтийг багасгах талаар яриад л байдаг болохоос хийж хэрэгжүүлж байгаа ажил байдаггүй. Зэргэлдээх Хөхморьт сумын хашаануудын гадна талаар элс нүүгээд нуруулан овоорчихсон байх ба түүгээр нь давж хашаа руугаа ордог гэж найзууд маань ярьдаг юм. Би очиж үзээгүй л дээ. Томчууд “Удахгүй манай сум ч Хөхморьт шиг болох нь ээ” гэж ярьдаг ч ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Тиймээс цөлжилтийг багасгахад хүүхэд, залуучууд хэрхэн оролцох боломжтойг мэдэх гэж би “Teen Хуралдай”-д ирсэн.

Улаанбаатарын гудамжаар алхахад замын хажуугаар үзэгддэг моддыг сумандаа харахыг хүсдэг. Манай сумын ногоон талбай төвийнхөө дээд хэсэгт байдаг болохоор байнга харах боломжгүй л дээ. Гэрээсээ хар гуталтай гараад хоёр минут алхаж сургууль хүрэхэд гутал маань саарал болчихдог тийм л ертөнцөд би амьдардаг юм.

Сургуулиа төгсөөд программ хангамжийн инженерээр суралцана, мөн байгаль хамгаалах чиглэлээр давхар мэргэжил эзэмшинэ гэж бодож байгаа. Би ямар нэгэн шинэ технологи бүтээхийг мөрөөддөг. 


Д.Доржбаяр | Дорнод аймгийн “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн

12-р ангийн сурагч

Саяхан би эсээ бичих чадвараа олж нээсэн. Ингэснээр олон хөтөлбөрт сонгогдож оролцох боломж надад нээгдсэн юм. Амьдралд хамгийн чухал нь үйлдэл хийх юм билээ. Өмнө нь би “Энэ хөтөлбөрт оролцоно доо” гэж бодож байгаад хугацааг нь өнгөрөөчихдөг байсан юм л даа. Харин одоо аливаа ажлыг цаг тухайд нь хийчихье гэж мэрийдэг болсон.

Би багаасаа өвөөтэйгөө өссөн. Бид хоёр гэрийн ажлаа үргэлж хамтдаа хийдэг. Хоол хийхдээ хүртэл өвөө махаа хэрчээд, би ногоо арилгаж, хоолоо хийнэ. Өвөөдөө их хайртай, үргэлж л үлгэр дуурайл авдаг. Өвөө маань намайг “Надаас хойш яаж амьдрах бол” гэсэн шиг л амьдралын ухаанд сургаж хүмүүжүүлдэг дээ. Өвөө бид хоёрын дунд үзэл бодлын зөрчилдөөн их гардаг юм. Багад миний ойлголт дутмаг байсан болохоор өвөөдөө байнга л ялагддаг байлаа. Гэхдээ хор шартай хүүхэд болохоор уншиж судлах болж улмаар түүхийн хичээлдээ дуртай болсон. Тиймээс цаашдаа улс төр судлаачаар суралцахаар төлөвлөж байгаа. Дүүг төрөхөөс өмнө аав намайг их санадаг байсан байх. Төмс арилгахдаа хүртэл дууддаг байлаа. Гэхдээ дүүг төрснөөс хойш дуудахаа больсон л доо, би ч завгүй болчихсон.

Ангийн багш нэг өдөр “Үүнийг бөглөөрэй” гээд анкет өгсөн нь санаандгүй хэрнээ том боломжийг надад олгосон. Аксесс тэтгэлэгт хөтөлбөрийн анкетыг багшийнхаа шахалтаар бөглөж таараад, шалгалт өгч, ярилцлагад нь ороод тэнцсэн юм. Анхандаа хичээлээ таслах гэж л сургалтад нь явдаг байлаа. Гэвч удалгүй олон найз нөхөдтэй болж, англи хэлээ сайжруулах орчин нөхцөл ч бүрдэж эхэлсэн. Сайн сурахад хүрээлэл бас чухал гэдгийг тэгэхэд ойлгосон л доо.

Би англи хэл сайн сураад гадаадад суралцана, гэхдээ тэндээ үлдэх биш эх орондоо буцаж ирээд үнэ цэн бүтээнэ. Манай найз Солонгос явах мөрөөдөлтэй гэж ярьдаг юм. Намайг эмзэглүүлдэг зүйл нь тэр хэзээ ч Монголдоо буцаж ирнэ гэж ярьдаггүй. Монгол оршуулгын газар биш шүү дээ.


Д.Наранзул | Завхан аймгийн Баянтэс сумын ЕБС-ийн

12-р ангийн сурагч

Би программ хангамжийн инженерээр суралцахаар бэлдэж байгаа. Энэ тухай нэг хамаатандаа ярьтал “Эмэгтэй хүүхэд инженер болох хэцүү дээ, өөр мэргэжил сонгочихооч дээ” гэсэн. Нэг хэсэгтээ л “За, тийм ч юм уу” гэж бодогдоод лавшруулан судалж үзтэл энэ салбарт жендерийн давамгай байдал ажиглагддаг юм билээ. Тиймээс инженер болсныхоо дараа хийх ажлын маань нэг нь энэхүү жендерийн хэвшмэл ойлголтыг эвдэх юм.

Ойрдоо харин уран зохиолын номд дурлаж байна. Сэтгэлд үлдэх зүйлс их, нэг ном уншиж дуусахад олон хоногийн бодолд автдаг. Үй Хуагийн “Амьдрахуй”-г уншиж дуусахдаа уйлаад, үйл явдлыг нь хэд хоног бодож явсан. Дүү маань намайг ном уншиж байхыг хараад хажууд ном бариад суучихдаг. Мөн уншсан номынхоо тухай надтай заавал ярилцдаг юм. Аль болохоор нүүр хагарах нь чухал шүү дээ. Монгол хүнд байдаг ичимхий занг эвдэх нь өөрт хэрэгтэй гэж боддог.

Мөн би теннис, волейбол тоглох дуртай боловч манай суманд ямар ч дугуйлан хичээллэдэггүй. Биеийн тамирын хичээлдээ дуртай хүүхдүүдэд чөлөөт цагаараа зааланд тоглох боломж ч ховор байдаг. Энэ мэтээр өсөж хөгжих боломж хомс ч суманд амьдрах нь уйтгартай биш. Бүгд л бие биеэ таньдаг болохоор хаана ч тааралдсан хамаатнуудтайгаа уулзаж байгаа аятай дотно ханддаг. Манай суманд өвлийг өвлөөр нь, зуныг яг л зунаар нь мэдрэх боломжтой. Өвөлдөө цас их унана, хүйтэн гэж жигтэйхэн. Гэвч зундаа мөн их халдаг.

Харин манай сумын хамгийн том асуудал нь хог. Бидний “Нарийн зааг” хэмээн нэрийддэг хашаануудын дундуур явахад битүү хог байдаг. Хүмүүс тэр заагаар явах бүрийдээ хог хаядаг ч харин тэр хогийг цэвэрлэх хүн байдаггүй. Сумын бүх хаягдлыг хогийн цэгт аваачаад хаячихдаг. Тэр нь хавар, намартаа салхинд хийсээд төв рүүгээ буцаад ороод ирдэг л дээ.

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
2023.01.25
Далайн аалз эд эрхтнээ ч дахин ургуулах чадвартайг олж мэджээ
2
2023.01.24
Уур амьсгалын өөрчлөлт СЭТГЭЛ ЗҮЙД нөлөөлдгийг батлах 4 баримт
3
2023.01.20
Энэ амралтын өдрүүдэд Хар-Ус нууранд "Мөнгөлөг шагшуурга" цас мөсний баяр болно
санал болгох
1
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
14 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.