UBLife Logo
Байгаль

Хоёр бамбаруушт зориулсан "Баавгай болгоно доо" сайн үйлсийн аян өрнөж байна

О.Анхзаяа
О.Анхзаяа
Хоёр бамбаруушт зориулсан "Баавгай болгоно доо" сайн үйлсийн аян өрнөж байна

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх өмнө нь гурван бамбаруушийг тэжээн, бие тэнхээнд хүргэн, байгальд нь эргүүлэн тавьсныг “Баавгайн хөндий” баримтат кинонд буулгасан байдаг. Энэ жил Ж.Төмөрсүх дахин хоёр бамбаруушийг өсгөж байгаа аж. 

2023 оны 4-р сард Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг хамардаг Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид малчин айлын өвөлжөөнөөс төрөөд удаагүй хоёр бамбаруушийг олж тэжээн онд оруулаад, 2024 оны 4-р сард эх байгальд нь дасгахаар Улаан Тайгын хамт олонд хүлээлгэн өгсөн билээ.

Үүнээс хойш хоёр бамбаруушийг өсгөх зардлыг Ж.Төмөрсүх хувиасаа гаргаж иржээ. Харин цаашид тэжээн, хамгаалалтад авахад шаардагдах сансарын хүзүүвч, хяналтын камер зэрэгт хандив цуглуулах үүднээс сайн үйлсийн аян зарлагдаад байна.

Хоёр бамбаруушийг 2024 оны 6-р сарын сүүл хүртэл 2 сарын туршид өсгөн, тэнхрүүлж, байгальд нь эргүүлэн тавих хүртэлх зардлыг олох зорилгоор сайн үйлийн аянг Вайлд Монголиа Партнерс (WildMongolia) компаниас зохион байгуулж байгаа юм байна.

Энэхүү аяны хүрээнд саяхан хандив босгох арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд хамгийн хөөрхөн нь тус бамбаруушуудад нэр өгсөн байна. Мөн аянд зориулж зурсан уран зургийн худалдаа, урлагийн үзүүлбэр зэрэг толилуулагджээ.

Нэг баавгайг Пепе (Pepe) хэмээн нэрлэсэн бол нөгөө баавгайг Боря (Borya) хэмээн нэрлэжээ. Мөн уран бүтээлч Ж.Шижирбаатарын зургийг Э.Цогбаяр өөрийн болгожээ.

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх нь 36 жилийн туршид Хөвсгөл нуур, Дархадын цэнхэр хотгорын байгаль, ан амьтныг хамгаалах үйлсэд бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа билээ.

Түүний хүн ба байгалийн нарийн бөгөөд эмзэг тэнцвэрийг хадгалах ээдрээтэй ажлыг нь олон улсаас 20 гаруй шагнал авсан “Баавгайн хөндий” баримтат кинод найруулагч Хамид Сардар буулган үзүүлсэн нь 2023 онд Монголын үзэгчдэд хүрсэн билээ.

Хэрэв та бүхэн сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсвэл энэхүү постер дээрээс мэдээлэл аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.