UBLife Logo
Мэдрэмжтэй мэдээлье

Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

У.Чинзориг
У.Чинзориг
Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-той хамтран хэвлэл мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилгоор нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 9-нд Туушин зочид буудалд нээлээ. Тус үзэсгэлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулагдах юм.

Үзэсгэлэнд эмэгтэй улс төрчдийн хөрөг зураг, жендэрийн хэвшмэл ойлголтыг халсан агуулга бүхий нийт 30 орчим гэрэл зургийг дэлгэжээ.


Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл үг хэлэхдээ "Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг зургийн үзэсгэлэн нээгдэж байгаад баяр хүргэе. Эмэгтэй удирдагчийн дүрийг улс төрчид, сонгогчид, хэвлэл мэдээллийнхэн олж харахгүй 30 жилийг өнгөрүүлжээ. Харин өнөөдрөөс эхлэн олж харж байгаа юм байна. Олон нийт өөрсдийнх нь мэдээлэл авдаг вакумжсан орчинд л зураг нь байхгүй бол эмэгтэй улс төрчдийг олж хардаггүй. Тэгэхээр эмэгтэй хүнийг хэн болгож, хэнд харагдуулах уу гэдгийг гэрэл зурагчид шийднэ. Энэ чухал багажийг барьсан гэрэл зурагчид ард түмэнд эмэгтэйчүүдийн дуу хоолойг ямар ч өнгөгүйгээр хамгийн хурдан хүргэнэ гэж итгэдэг. Бидний дүр сайхан, муухай алинаар нь гарснаас үл хамааран улс төрд нэг дүр тоглоод байна гэдгийг л харуулах нь чухал байдаг юм шүү" хэмээсэн юм.

Харин "Мэдрэмжтэй мэдээлье" уралдаант үзэсгэлэнд оролцогч Б.Занданбат "Өдийг хүртэлх хугацаанд эмэгтэй улс төрчдийн зургийг цөөнгүй авсан боловч дан үйл явдлын зургууд байсан. Эмэгтэй улс төрчид зураг даруулах тал дээр өөрсдөө хаалттай ханддаг юм шиг санагдсан. Зургийг тань аваад өгье гэж эмэгтэй УИХ-ын гишүүд рүү хандсан боловч бүгдээс нь татгалзсан хариу авсан л даа. Улмаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн зургийг авахаар тохиролцсон. Суулгаж байгаад зургийг нь дарахад тухайн хүн биеэ барьж сандардаг юм билээ. Тиймээс яриа өрнүүлж байх зуураа дарвал чөлөөтэй байдалтайгаар гардаг" гэж ярилаа. 

Мөн "Мэдрэмжтэй мэдээлье" үзэсгэлэнгийн үзэгч Б.Баярмаа "Миний хувьд, эмэгтэй улс төрчдийн хөрөг зургийн үзэсгэлэнг анх удаа үзэж байна. Хүмүүс гэрэл зургийг хараад тэндээс өргөн мэдлэгийг авах боломжтой байдаг шүү дээ. Улс төрчдийн гэрэл зураг гэхээр нь ажлын байран дээрээ байгаа зургууд байх болов уу гэж төсөөлж ирсэн. Гэтэл энд байрлаж буй зургууд орон зайн хувьд зөвхөн парламентын танхимаар хязгаарлагдахгүй маш олон янз байдал байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.