Дэлхийн хамгийн алдартай ресторануудын нэг “Noma” ирэх жил хаагдах нь. Копенхаген дахь уг ресторан хоёр арваны тэртээ нээгдсэнээсээ хойш тавантаа дэлхийн шилдгээр нэрлэгдэж байв. Голдуу скандинав маягийн хоолоор үйлчилдэг “Noma”-аа хүнсний лаборатори (Noma 3.0) болгон хөгжүүлэхээр шийдсэнээ тус рестораныг эзэмшигч Рене Редзепи ярьжээ. “Хүнсний шинэ технологи, шинэ амт гарган авахын төлөө ажиллах туршилтын гал тогооны маань хичээл зүтгэлийн үр шимийг олон хүн хүртэх болно” хэмээн энэ тухайгаа бичсэн байна. Гэхдээ хааяадаа нээлттэй үйлчилнэ гэнэ.
Хоол бүрийн амт, онцлогт тохирсон жимс, ургамлын шүүс, шавж санал болгохоос өгсүүлээд газар газрын шилдэг тогоочдыг цуглуулсан төрөл бүрийн төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэн, хоолны соёлыг шинэлэг байдлаар хөгжүүлэхийн төлөө уйгагүй ажилладгаараа Р.Редзепи танигдсан юм.