UBLife Logo
Дэлхий

Rappler сайт Монголд шинээр батлагдсан хуулийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд заналхийлж байна гэжээ

Ub.life
Ub.life
Rappler сайт Монголд шинээр батлагдсан хуулийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд заналхийлж байна гэжээ

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн талаар Филиппиний Rappler сайт мэдээлжээ. 

Тус мэдээллийн сайт нь 2012 онд байгуулагдсан бөгөөд эрх мэдлээ урвуулан ашиглагч, хүчирхийлэл үйлдэгчид, хуурамч мэдээлэл таарагчдыг илчилсэн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдээрээ алдартай билээ. Rappler сайтыг үүсгэн байгуулагч Мария Ресса 2021 онд Оросын сэтгүүлч Дмитрий Муратовын хамт Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодорсон юм. 


Rappler сайтын мэдээлэлд

"Монголын парламент нэгдүгээр сарын 20-нд "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" шинэ хуулийг баталлаа. Гэвч хүний эрхийн активистууд уг хуулийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд заналхийсэн, технологийн платформ дээрх контентыг хянах эрх мэдлийг төрд олгосон хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавиагүй тохиолдолд уг хууль 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

...Энэхүү хууль нь сошиал медиа контентыг зохицуулах чиг үүрэг бүхий "Олон нийттэй харилцах нэгж"-д өргөн хүрээний эрх мэдэл олгожээ. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд хязгаарлах шаардлагатай контент, мөн түүнтэй холбоотой аливаа шийдвэр гаргах, зөвлөмж боловсруулах, сошиал платформыг хариуцагч байгууллагуудад шаардлага хүргүүлэх зэрэг эрх мэдэл багтаж байгаа юм.

...Түүнчлэн хууль нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд “зөрчилтэй контентыг хязгаарлах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн буюу бүрмөсөн хаах” эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна.

Хуулийн төслийг олон нийтэд танилцуулснаас хойш гурав ч хоноогүй байхад яаран батлуулсан нь шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. "Энэ бол урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл. Ковидын тухай хуулийг ч ингэж хурдан батлаагүй" гэж Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо ярилаа" гэжээ. 

Эх сурвалж: Rappler

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.