
Нобелийн Энх тайвны шагналын эзнээр ОХУ, Филиппиний сэтгүүлчид тодорлоо
Нобелийн Энх тайвны шагналыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө зоригтойгоор тэмцсэн Филиппиний сэтгүүлч Мария Ресса, ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов нарт олголоо. Нобелийн хороо тэднийг "үзэл санааныхаа төлөө тэмцэж буй бүх сэтгүүлчдийн төлөөлөл" хэмээн тодорхойлжээ.
Мария Ресса нь Rappler сайтыг үүсгэн байгуулагч бөгөөд эрх мэдлээ урвуулан ашиглагч, хүчирхийлэл үйлдэгчид хийгээд авторитаризмын эсрэг дуу хоолойгоо өргөдөг сэтгүүлчдийн нэг юм. Харин Дмитрий Муратов нь "Новажа Газета" хэмээх бие даасан, хараат бус сониныг үүсгэн байгуулж, 24 жилийн турш ерөнхий редактороор ажилласан сэтгүүлч билээ. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж буй Орост хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан олон жил тууштай ажилласныг нь үнэлэн түүнд ийнхүү Нобелийн Энх тайвны шагналыг олгожээ.
"Чөлөөт, хараат бус, баримтад суурилсан сэтгүүл зүй нь эрх мэдлээ урвуулан ашиглах, худал мэдээлэл түгээх, дайны суртал ухуулгаас олон нийтийг хамгаалах үүрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө үгүй бол өнөөгийн улс үндэстнүүдийн дунд найрсаг харилцаа, энх тайвныг тогтооход туйлын бэрх байх болно" гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ.
Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналд нийт 329 хувь хүн, байгууллага нэр дэвшсэнээс ийнхүү хоёр улсын сэтгүүлчид шагналыг хуваан олголоо.
Эх сурвалж: BBC