Ном, киноны хэлэлцүүлгээс эхлээд хүрж танилцдаг “Touch party”, хоол хийж сурах өдөрлөг гээд фэйсбүүк дээр элдэв янзын эвент байхыг алийг тэр гэхэв. Гэвч урьд өмнө үзэж, харж байгаагүй нэгэн “шинэ төрлийн” арга хэмжээ болох тухай мэдээллийг хараад сонирхож үзэхгүй байхын арга байсангүй.

“Хариг гариг сонирхогчдын чуулга уулзалт” нэртэй энэхүү арга хэмжээ ирэх сарын 9-нд Улаанбаатар зочид буудлын “Хархорин” хурлын танхимд болох гэж байгаа аж. Хамгийн хачирхалтай нь одоогийн байдлаар энэ эвентийг 3 мянга гаруй хүн сонирхож, мянга гаруй хүн оролцох сонголтыг дарсан байна. Монголын харь гариг сонирхогчид ийм олон байна уу, эсвэл тэд зүгээр л урьд өмнө дуулдаж байгаагүй энэ хачирхалтай арга хэмжээг хараад “сэтгэл нь хөдөлсөндөө” очно гэж дарсан уу, мэдэхгүй.

Ямартаа ч энэ арга хэмжээг Монголын Раелын хөдөлгөөнөөс зохион байгуулж байгаа юм байна. Монголын Раелын хөдөлгөөн нь 10 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд харь гаригийн тухай судлан, сонирхдог Олон улсын Раелын хөдөлгөөний салбар аж. Тус хөдөлгөөнийхөн жил бүр тодорхой хүрээний хүмүүс дунд энэ чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ жилээс олон нийтэд нээлттэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа бидэнд хэлсэн юм.
Харь гаригтай холбоотой зураг, номуудаас бүрдсэн үзэсгэлэн болоод Японы харь гариг сонирхон судлагч Кожи Мияашитагийн семинар, лекцээр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтад “харь гаригийнхан” хүртэл ирэх юм билүү, хэн мэдлээ.