UBLife Logo
Ном

Валентинаар унших ХАЙРЫН шүлгүүд

Валентинаар унших ХАЙРЫН шүлгүүд

"Яруу найраг гэдэг тайван амгалан байх үедээ л бусдад нөлөөлөхүйц сонгодог соёлыг бий болгож чаддаг тайвшрал, аз жаргалын хэмжүүр" гэж зохиолч Г.Бадамсамбуу хэлжээ. Гэгээн хайрын өдрийг яруу өнгөрүүлэхэд тань дараах шүлгүүд хань болно гэдэгт итгэлтэй байна. Хайртай хүнтэйгээ хамтдаа уншихыг зөвлөж байна.


Б.Эрдэнэсолонго "Чи"

Чиний дэргэд л би ер бусын амгалан байдаг

Чиний дэргэд л би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг.

Чамаас өөр хэн ч намайг

Тийм ихээр зовоож байгаагүй

Чамаас өөр хэнийг ч би

Тийм удаанаар хүлээж байгаагүй

Өөр хэн ч намайг

Чам шиг өвтгөж байгаагүй

Өөр хэнийг ч би

Чам шиг харамлаж байгаагүй

Өөр хэнд ч

Чам шиг дурлаж байгаагүй.

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг

Чи минь.

Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг

Чи л ганцаараа бусад шиг байдаг.

Хамгаас ичгүүргүй

Хамгаас зовиуртай

Хамгаас бүдүүлэг, гэвч

Хамгаас эрхэмсэг чи минь.

Би чамайг тэвчиж чаддаггүй

Би чамайг л тэвчиж чаддаг

Би чамаас залхдаг

Би чамаас залхдаггүй.

Сайхнаас сайхан, муугаас муу болон хувирдаг чи.

Чиний дэргэд л би 

Ер бусын амгалан байдаг

Чиний дэргэд л би 

Ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг.

Хэн ч намайг чам шиг галзууруулаагүй

Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагүй

Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй

Хэн ч над руу чам шиг эргэж ирээгүй.

Өөр хэний ч биш чиний дэргэд би

Өөрөөрөө байж чаддаг.

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг

Чи минь.


 Б.Батрэгзэдмаа "Ядуухан шаргалхан минь"

Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа. 

Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.

Ядуу боловч аз жаргалтай амьдралынхаа тэр үед бид дурлалцаж 

Баян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ. 

Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш. 

...

Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээд 

Ойлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан.

...

Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон.

Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон.

Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон.

Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон. 

Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон. 

Чи биш. Чиний тухай огт биш. 

...

Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?! 

Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа. 

Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.

Хичнээн сайхан ядуу байв даа?! 

Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа тэврэлдэн хэвтдэг байлаа. 

Ганц орон дээр гурвуулаа болсон. Дараа нь дөрвүүлээ. 

Хүүхдүүд орон дээр зэрэгцээд бид хоёр шалан дээр, 

үргэлж хоёул тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа. 

Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?! 

...

Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баян!

... 

Хүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас 

биднийг хүмүүсээс тусгаарлажээ.

Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгөө мөнгө л ярих

...

Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ. 

Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй. 

Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь, ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ. 

...

Ямар аймаар баян болсон юм бэ би! 

Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?! 

...

Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь! 

Хоорондуур минь эд баялаг орж ирээд хоёр биесийг минь салгажээ 

Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь, 

Хорлогджээ чи минь, баян цонхигор минь! 

...

Хонгорхон гэнэхэн минь! 

Хоорондуур маань орсон эдийн энэ увдист чи минь илүү 

Хорлогдоод дуусчээ. 

Хонгорхон гэнэхэн минь! Чи минь!


Б.Одгэрэл

Эргэлзсэн, буцсан замд ээж минь найз минь болж эвлэрч явааг нь хараад

Энэ яваа насандаа түүнийг эргэлт буцалтгүй хайрлах сэтгэл төрнө

Энэ амьдралынхаа

Эрээн барааныг бодоод

Эхнэрээ дахин дахин хайрлана

Улайм цайм явдлуудын

Уучилшгүйг бодоод

Улам, улам хайрлана

Эргэлзсэн, буцсан замд

Ээж минь найз минь болж

Эвлэрч явааг нь хараад

Энэ яваа насандаа түүнийг

Эргэлт буцалтгүй хайрлах сэтгэл төрнө

Үзэж яваа бүхэн минь

Үүнээс өөр байж болох

Үйлийн үрийг санаад

Үргэлж түүнд талархана.


Би чамд хайртай болсноос хойш

Эгчид чинь хайртай болсон

Ээжид чинь хайртай болсон

Хүүд чинь хайртай болсон

Охинд чинь хайртай болсон

Би чамд дурласнаас хойш...


Г.Хашбаатар

Хагалсан түлээгээ өрж суухдаа би

Хамтдаа өрж буй амьдралаа л бодлоо, хайрт минь.

Хагархай лааны сууриа

эвлүүлж суухдаа эхнэр минь

Ханцуйгаа үл ялиг хойш нь шуужээ.

Амьдралдаа хэзээ ч

чанга атгамааргүй турьхан

Анхи цагаан бугуй нь

сарны гэрэлд ч зүсэгдчихмээр.

Хуучны пянзны

зурагдсан аялгуу эвлэн дуулдана.

Хувирч болдог зүйл энэ хорвоод

эмэгтэй хүн ганцхан биш юм.

Худлыг түрдээ залгисан бидний нүд ч

Хуулж орхисон ханын цаасанд

хувилсан мэт.

Модны яр шиг цуурч, нэг л мэдэхнээ

нарийн түлээтэй хамт шатна.

Сэтгэлийн минь тийм зөөлөнд

чи бүлээцэх эрхтэй.

Мартаж орхисон дуу

аль нэг пянзанд нуугдаж

Магадгүй өдөр бүр зурагдахаа хүлээнэ.

Мартаж орхисон сэрэмж бүрийн хойно

алхалт бүхэн түгшилт,

Маргааш гэдэг бидний хувьд

асар том харайлт.

Хагалсан түлээгээ өрж суухдаа би

Хамтдаа өрж буй амьдралаа л бодлоо,

Хайрт минь.


Э.Бүжинлхам

Үйрдэг гунигтайг минь мэдсээр байж

Үйрүүлдэг үгтэй чамайг яах вэ?

Бутардаг зүрхтэйг минь мэдсээр байж

Буталдаг харцтай чамайг яах вэ?

Үйрдэг гунигтайг минь мэдсээр байж

Үйрүүлдэг үгтэй чамайг яах вэ?

Эмтэрдэг нулимсыг минь мэдсээр байж

Эмтэлж л орхидог чамайг яах вэ?

Эдгэдэггүй сэтгэлтэйг минь мэдсээр байж

Эдгээхийг нь л мэддэг чамайг яах вэ? 


Х.Мэргэн

Санамсаргүй чи бид хоёр дайралдана

Санаж явдаг гэж хоёр харц хэлнэ.

Санамсаргүй чи бид хоёр дайралдана

Сайн танилууд л гэж хүмүүс санана

Санамсаргүй чи бид хоёр дайралдана

Санаж явдаг гэж хоёр харц хэлнэ.

Санамсаргүй чи бид хоёр дайралдана

Сартай шөнө даанч болзож явсангүй

Санамсаргүй чи бид хоёр дайралдана

Санаа сэтгэл баярлаад эмзэглээд өнгөрнө.

Санамсаргүй чи бид хоёр дайралдана

Салаа зам маань улиас болон босно

Санамсаргүй чи бид хоёр дайралдана

Санамсаргүй чи бид хоёр дайралдана.


А.Эрдэнэ-Очир "Голын тохой дээр"

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж

Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү

Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж

Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод

Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө

Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж

Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад

Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна

Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж

Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэргэлээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд

Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой

Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа

Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

“Зөвхөн хайр” яруу найргийн эвентэд зохиолч Б.Батрэгзэдмаагийн охин Б.Анар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин, зохиолч Б.Сарантуяа нар зочноор хүрэлцэн ирж, Б.Батрэгзэдмаа найрагчийн бүтээлүүдээс уншсан юм.

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

Үүр цүүрээр түгшүүрийн дохио таван минутын зайтай гурвантаа дуугарав. Дуугарав гэсэн үгийн оронд уртаар гааруулан улив гэж хэлсэн ч болохоор чихэнд сонсголгүй, айдас түгшүүр тэр дорхноо сумын нам гүм шөнийг үргээж, хүн бүрийн дотрыг зарсхийлгэж, амтат зүүднээс нь сэрээлээ.

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

“Монголд учирсан адал явдал” хэмээх цувралын хүрээнд Монгол орноо тохиолдсон адал сонин үйл явдал, тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн нөхцөл байдал, дүр зургийг тодорхой дүрслэн бичсэн Хеннинг Хаслунд, Свен Хедин, Режи Хюк, Херман Констен, Вальтер Боссхард нарын аялагчдын тэмдэглэлийг эх хэлнээ сорчлон орчуулаад буй орчуулагч, дипломатч Базаррагчаагийн Баярсайхантай ярилцлаа.