Экс Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын төрийн тэргүүд дундаас хэрэгт татагдсан анхны хүн боллоо. Түүнийг өчигдөр орон нутгийн цагаар 13:24 цагт саатуулсан бөгөөд Дональд Трамп өмгөөлөгчдийн хамт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхийн байранд ирж түүнд үүсгэсэн 34 гэмт хэрэгтэй танилцжээ. Трамп шүүхээс тулгасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсний дараа 15:30 цагийн орчимд суллагджээ.
Америкийн нийгмийг талцуулж, шуугиан дэгдээгээд буй Ерөнхийлөгч асан Дональд Трампын хэрэгтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Трампад үүсгэсэн яллах дүгнэлт ямар учиртай вэ?
Яллах дүгнэлт (indictment) гэдэг нь тухайн хүнийг Их Тангарагтны шүүхээс албан ёсоор хүнд гэмт хэрэгт буруутгаж буйг илэрхийлсэн мэдээлэл юм. Их Тангарагтны шүүх нь санамсаргүй байдлаар сонгогдсон 16-23 хүнээс бүрддэг бөгөөд прокурорын гаргаж тавьсан баримт, нотолгоотой танилцсаны эцэст тухайн эдгээд буруутай эсэх, шүүх хурлаар оруулах шаардлагатай эсэхийг шийддэг байна.
Нью-Йорк мужийн Үндсэн хуульд зааснаар прокурорууд ийм төрлийн хэргийг үргэлжүүлэн шалгахын тулд заавал хэрэгт буруутгагдсан иргэнийг Их Тангарагтны шүүхээр яллуулах шаардлагатай байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ нь Тангарагтны шүүхгүйгээр прокурор дангаараа яллах дүгнэлт үйлддэг зөрчлийн хэргээс ялгаатай, хүнд гэмт хэрэг юм байна.
Ийнхүү Дональд Трампыг Их Тангарагтны шүүхээс яллагдагчаар татсан тул Манхэттэн дүүргийн прокурор Алвин Брэгг дараагийн шүүх хурлыг товлох боломжтой болжээ.
Трампын эсрэг үүсгэсэн 34 гэмт хэрэг юу байв?
Шүүхээс Дональд Трампад нийт 34 эрүүгийн хэрэг үүсгэж, тус бүрд нь ял төлөвлөөд байна. Хэрэв тэр энэ бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол шүүхээс 100 орчим жилийн хорих ял сонсохоор байгаа аж.
Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Даниэлс гэх эмэгтэйд мөнгө төлсөнөөс энэ бүх хэрэг эхэлжээ. Сторми Даниэлс 2006 оноос хойш Трамптай дотно харилцаатай байсан хэмээн мэдүүлсэн бөгөөд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ түүхээ Америкийн The National Enquirer шар хэвлэлд худалдахаар завдсан аж. Трамптай олон жил нөхөрлөж буй тус хэвлэлийн эзэн Дэвид Пекер Даниэлсийн түүхийг худалдаж авахын оронд Трампын өмгөөлөгч Майкл Коэнтэй түүнийг холбож, Коэн жүжигчин эмэгтэйд 130.000 доллар төлсөн нь тогтоогдоод буй. Сүүлд энэ мөнгийг Трамп Цагаан ордноос гаргуулж авсан байна.
Трампын өмгөөлөгч Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр түүний нэр хүндийг сэвтээж, санал хураалтад сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллүүдийг хаахын тулд Даниэлсийг оролцуулаад хоёр ч эмэгтэй иймэрхүү байдлаар мөнгө төлсөн нь тогтоогдоод буй. Үүгээр зогсохгүй төлсөн мөнгөө сонгуулийн зардал мэтээр харагдуулах бичиг баримтуудыг үүсгэжээ.
Прокурор Алвин Брэгг үүнийг мужийн бизнесийн бүртгэлийн хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл хэмээн буруутгажээ. Трампад үүсгэсэн 34 эрүүгийн хэргийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцах боломжтой.
Цаашид юу болох вэ?
Яллах дүгнэлтийг сонсгох үеэр Трамп өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн тул суллагдаж, Флорида дахь эдлэн газар руугаа буцжээ. Уг хэргийг хянаж буй шүүгч Хуан Мерчан дараагийн албан ёсны шүүх хуралдааны товыг тогтоох бөгөөд ирэх арванхоёрдугаар сард болж магадгүй байгаа юм.
Экс ерөнхийлөгчийг хэрэгт татсан үйл явдал ихээхэн шуугиан дэгдээж байгаа ч тэрбээр шүүхээс ял сонсох магадлал бага гэж VOX мэдээлжээ. Прокурор Алвин Брэгг Трампын эсрэг үүсгэсэн хэргийг хэт тодорхой бус хуулийн заалтад үндэслэсэн тул Трамп буруутай байлаа ч хуулийн дагуу шийтгэгдэх нь тодорхойгүй юм гэжээ.
Эх сурвалж: VOX, The New York Times