Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл виртуал редакц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна


Жендэрийн эрх тэгш байдал сэдвээр даацтай бүтээл гаргаж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдийг дэмжих зорилгоор “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс виртуал редакц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Тус нэгдэл өнгөрсөн хоёр жилд хэвлэл мэдээллийн агуулга дахь тэнцвэрт бус байдлыг халах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлчдэд сургалт, семинар, менторшип хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Ийнхүү сэтгүүлчид жендэрийн сэдвээр бүтээл хийх сонирхол нэмэгдэж, ур чадвар нь бэхэжсэн боловч тогтмол контент нийлүүлэх суваг, боломж хангалтгүй байжээ. Мөн менторшип хөтөлбөрт хамрагдсан зарим сэтгүүлчид менторуудтайгаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл гишүүдийнхээ санаачилгыг урамшуулан дэмжихийн тулд виртуал редакцын журмаар ажиллаж эхлээд байна. 

Виртуал редакцын зүгээс сар бүр тодорхой сэдвийн хүрээнд сэтгүүлчдээс нийт 15 бүтээлийн санал хүлээн авах бөгөөд олон улсын туршлагатай редактор сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэн бүтээлээ чанаржуулан чамбайруулахад туслаж буйгаараа онцлог аж. Түүнчлэн ирүүлсэн бүтээл бүрийг урамшуулж, сар бүрийн төгсгөлд нэг шилдэг бүтээлийг шалгаруулан нэг сая төгрөгөөр шагнаж байгаа нь сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болж байгаа гэлээ. 

"Тухайн сард зарласан сэдвийн хүрээнд бүтээл туурвих сонирхолтой ямар ч сэтгүүлч виртуал редакцын үйл ажиллагаанд оролцох, хамтарч ажиллах бүрэн боломжтой. Энэ сарын тухайд улс төрийн нам сэдвээр бүтээл хүлээж авахаар болоод байна. Тиймээс улс төр, жендэрийн эрх тэгш байдлын талаар сонирхдог бүх сэтгүүлчдэд нээлттэй гэдгийг дуулгая. Сэтгүүлчдийн бүтээлд өндөр ур чадвартай редактор зөвлөж, редакторлаж байгаа нь энэ хөтөлбөрийн нэг давуу тал. Түүнчлэн сэтгүүлчдэд нэн шаардлагатай нөөц хэрэглэгдэхүүн, гарын авлага, судалгаа, эх сурвалжийн жагсаалтыг хуваалцаж тэдний ажилд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна" гэж “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин ярилаа.

Гуравдугаар сард "Улс төрийн шинэчлэл: Оролцоо ба төлөөлөл" сэдвийг зарласан бөгөөд "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн гишүүн, "Зууны мэдээ" сонины сэтгүүлч С.Уянгын Молиго үмхүүлдэг 30 хувийн квотын түүх давтагдах вий... нийтлэл шалгарчээ. Харин дөрөвдүгээр сард сэтгүүлчид “Намуудын амлалт ба Эрх зүйншинэчлэл” сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлэх боломжтой юм байна. 

Д.Мөнхчимэг: Виртуал редакцтай ажиллаж байгаа сэтгүүлчид олон янзын дуу хоолой, байр суурийг гаргаж, бүтээлээ илүү тэнцвэртэй болгоход анхаарч байна

Хөтөлбөрийн талаар “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын редактор Д.Мөнхчимэгээс тодрууллаа. 

- Виртуал редакц хэрэгжээд гурав дахь сардаа орж байна. Хамтран ажиллаж буй сэтгүүлчдийн бүтээлийн чанар, өнцөг, хийцийн хувьд ямар ахиц дэвшил ажиглагдаж байна?

-Жендэрийн эрх тэгш байдлын талаарх сэтгүүл зүйн бүтээл Монголд маш ховор гардаг байсан. Тухайлбал, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс улс төрийн мэдээллийн агуулгад хийсэн мониторингийн судалгаанаас үзэхэд нийт контентын ердөө 1.8 хувь нь л жендэрийн тэгш, тэгш бус байдлын талаар дурдсан байв. Тэдгээрээс яг ул суурьтай, даацтай бүтээл мөн ховор. 

Тиймээс бид жендэрийн сэдвээр чанартай бүтээл хийх сэтгүүлчдийг дэмжих зорилгоор “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакц ажиллуулж эхлүүлээд байна. Нэгдлийн зүгээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш олон сургалт, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Тэдгээр хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчид маань бүтээл хиймээр байна, менторуудтайгаа үргэлжлүүлэн ажилламаар байна гэсэн хүсэлт гаргасны дагуу энэ үйл ажиллагааг эхлүүлээд байгаа юм. 

Олон улсын сэтгүүлчид нэг бүтээл хийхийн тулд маш олон хүнтэй уулзаж, судалгаа хийдэг. Тэр цаг хугацааг ч редакцаас нь гаргаж өгдөг, бүтээлийн урамшуулал нь ч манайхтай харьцуулахад хэдэн арав дахин өндөр. Мөн бүтээл дээр сэтгүүлч төдийгүй редактор, фактчекер гээд багаараа ажилладаг учраас чанартай бүтээл гарахаас ч аргагүй байдаг. Харин манай сэтгүүлчид асар их ачаалалтай, цаг нартай уралдаж ажилладаг шүү дээ. Гадны сэтгүүлч нэг бүтээл хийхдээ хэдэн долоо хоног биш юмаа гэхэд хэдэн өдөр зарцуулж байхад манай сэтгүүлчид нэг өдөрт хэд хэдэн мэдээ, контент гаргана. Тиймээс энэ их ачаалалтай орчинд нь тохируулж, жендэрийн сэдвээр даацтай бүтээл хийхэд нь туслах үүднээс бид эх сурвалжийн дата сан, судалгаа зэргийг нь ойртуулсан мэдээллийн багц бэлтгэж өгч байгаа. Мөн би редакторын хувьд сэтгүүлчидтэйгээ бүтээлийн санаа гаргахаас нь эхлээд өнцгөө илүү тодорхой болгох, ашиглаж болох судалгаа, ярилцаж болох эх сурвалжуудыг санал болгох зэргээр ажиллаж байна. Ингээд ажиллахаар сэтгүүлчдийн бүтээл яах аргагүй чанаржиж байна. Виртуал редакцын шугамаар гарч байгаа бүтээлүүдэд, сэтгүүлчдийнхээ ажиллаж байгаа арга барилд үнэхээр сэтгэл дүүрэн байгаа. 

- Сэтгүүлчдийн бүтээлийг үнэлэхээс гадна сар бүр нэг шилдэг бүтээлийг шалгаруулж буй. Та бүхэнд бүтээлийг шалгаруулахдаа ямар шалгуурыг тавьж байна вэ? Тухайлбал, өнгөрсөн сард шилдгээр шалгарсан бүтээл юугаараа онцлог байв?  

- Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа өнцөг, судалгаа, эх сурвалжийн түвшин, бүтэц, хэл найруулга болон өгүүлэмж гэсэн сэтгүүл зүйн бүтээлийн ерөнхий шалгуурын дагуу үнэлж байна. Энэ бүх шалгуураар харахад виртуал редакцын хүрээнд гарч байгаа бүтээлүүд яах аргагүй чанартай байгаа нь харагдсан. Тухайлбал, өмнө нь дурдсан мониторингийн үеэр сэтгүүл зүйн бүтээлүүд ихэвчлэн ганц эх сурвалжтай байсан. Тэгвэл виртуал редакцтай ажиллаж байгаа сэтгүүлчид гурван түвшний эх сурвалж, олон янзын дуу хоолой, байр суурийг гаргаж, бүтээлээ илүү тэнцвэртэй, бүрэн бүтэн болгоход их анхаарч байгаа. Tentsuu.mn сайт руу ороод, тэндээс манай нэгдлийн сэтгүүлчдийн бүтээлийг уншихад л харагдана даа. Мөн сэтгүүлчид ур чадвараа сорьсон, асуудал хөндсөн өгүүлэл, хөрөг зэрэг төрлөөр бичих сонирхол их байна. 

Бид эхний сарын сэдвээ “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал” гэж зарлахад маш олон хөрөг хийх санал ирсэн. Өмнө нь хэзээ ч хэвлэл мэдээллээр гарч байгаагүй олон мундаг эмэгтэйн талаар хөрөг уншихад таатай байсан гэдгийг хэлмээр байна. Ингэж гол дүр, эх сурвалжаа эрж, хөдөлмөр гаргаж бүтээл хийх нь сэтгүүлчдэд ч урамтай, сайхан байх шиг санагдсан. Тухайн сарын шилдэг бүтээлийн эзнээр сэтгүүлч У.Түвшинбаяр “Дэлхийн эрдэмтдийн доктор багш” бүтээлээрээ шалгарсан. МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ багшийн талаар үнэхээр гайхалтай хөрөг болсныг уншаарай гэж зөвлөмөөр байна. Тэр хүний хүрсэн амжилт, бий болгосон өөрчлөлтийг харуулах үүднээс олон улсад амжилттай ажиллаж буй оюутнууд, тэнхимийн туслах зэрэг олон эх сурвалжтай ярилцлага хийсэн байсан. Өнцгөө маш тодорхой гаргаж, баримт, эшлэл, дүрслэл бүрээр өнцгөө илүү хурцлахын сацуу бүтэц, хэл найруулгын хувьд уншууртай байсныг онцлон хэлмээр байна. 


Дашрамд дурдахад, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулсан болно.

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
2024.06.19
"Z" үеийнхний тухай таны мэдэх ёстой 11 сонирхолтой баримт
2
2024.05.28
Б.Пүрэвсүрэн: Үүсмэл Диснейлэндийг ч магадгүй Монголын нөхцөлд хийж болох юм
3
2024.05.24
Оюутнуудыг олимпиадаар дамжуулан дэмжих, ажилд урих жишиг Монголд бий болж байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.