Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Алисагийн тэмдэглэл: Яаж ч шархалж, гуниглалаа гэсэн энэ зүрх зогсчихдоггүй нь яамай


Нэрийг нь нууцалсан нэгэн захиаг та бүхэндээ хуваалцах гэж байна. Хэзээ, хэнд бичигдсэн нь, энэ захиа тэр хүнд хэзээ нэгэн цагт хүрэх эсэх нь ч мэдэгдэхгүй боловч дурсамж болон үлдэж буй цаг хугацааны нэгээхэн завсарт хадгалан үлдээе.  

Хамгийн ихээр санагдуулдаг нэг зүйл бол Coldplay - Sparks гэх дуу. Яаж яваад энэ дуу чиний дурсамжийг тээх болсныг мэдэхгүй. Чи надад сонсгоогүй, надад дуулж өгөөгүй, чамтай таарахад энэ дуу явж байгаагүй ч зүрхэнд үлдчихсэн. Магадгүй хэзээ сүүлд нь чамайг дурсан явахад энэ дуу чихэвчээр явж таарсан байх. Намайг энэ дууг сонсон уйлж байхад чи толгойд хамгийн түрүүнд орж ирсэн байх.

Болдог бол хэн нэгнийг өөрчилж чадах тийм охин байх юм сан гэж хүсдэг. Даанч би хэнийг ч өөрчилж чадаагүй. Чамайг ч өөрчилж чадахгүй байх гэж мэдэрдэг. Чамд өөрчлөгдөх ч хэрэг байхгүй байх. Гэлээ ч би чамайг өөр байсан ч болоосой гэж хүсдэг. Зөвхөн намайг хардаг байгаасай, надад анхаардаг, намайг санаж, уулзахыг хүсээсэй гэж хүсдэг ч тийм зүйл боломжгүй байх. Анхнаасаа би чамд худал хэлснээс энэ бүхэн болсон байх. Би чамаас хайр хүсэж байгаагаа өөрөө ч мэдэж байсан боловч хэлэхээс санаа зовсондоо худал хэлчихсэн. Харин чи миний хэлсэн юунд ч итгэж мэдэх тийм хүн. Учир нь би дэргэд чинь худал хэлэхдээ тааруухан. Тиймээс миний хэлж буй бүхэн чамд үнэн санагддаг болсон байх. 

Заримдаа бидний амьдрал буруу үедээ огтлолцсоныг би мэдэрдэг. Чамайг хүрээлэх тэр олон охид эмэгтэйчүүд, миний хувьд үл мэдэгдэх тэр амьдралын хэв маяг чинь бүгд надад харь хол. Бусад охидын постон дээр зүрх дарахад чинь би дотроо өмөрч орхидог ч түүнийгээ хэзээ ч харуулахааргүй бардам. Чамайг өөр хэн нэгэнтэй байгаа, хэн нэгэнд сэтгэлтэй гэдгийг мэдэх ч би яахаа мэддэггүй. Яах ч билээ? Учир нь би чиний хувьд үргэлж хоёрт, гуравт, сүүлд бичигдэнэ. Учир нь би өөрийгөө хайрладаггүй. Өөрийгөө хайрладаггүй хүнээр чи яах ч билээ. 

Чи миний учирч байсан хүмүүсээс хамгийн өөр нь байсан. 

Заримдаа би чиний хүрэлтийг мэдэрдэг. Хамгийн тоглоомтой зүйл шиг санагддаг. Заримдаа зүүдэнд минь ирнэ. Заримдаа хүсэхгүй байдлаар, заримдаа миний төсөөлж болохгүй байдлаар. Би чамайг үнсэхэд ямар байх бол гэж гайхдаг. Чи зөөлөн үнсдэг болов уу эсвэл намайг шатааж мэдэхээр хүчтэй юу? Чиний уруулд хүрэхдээ би үхэж, өмнөх амьдралаа ардаа бүрэн гээх болов уу эсвэл бидний энэ харилцаа буруу гэдгийг улам бүр мэдрэх болов уу? Чи түрэмгий. Гараас минь хоёр ч удаа жишим ч үгүй шүүрч авсан. Шатааж орхим халуун биеийг чинь миний хүйтэн гар мэдэрсэн даруйдаа хөдлөхөө байчихсан. Гар минь миний хувьд асар хол хөндий санагдаж, би өөр хүний гарыг өөртөө зүйгээд яваа мэт л болсон. Хуруу минь хөшиж, зүрх минь нуурын ус шиг тогтож чимээгүй болсон. Чи хэрцгий хардаг. Тэр харц чинь намайг ичээнэ, олзонд орсон мэт мэдрүүлнэ. Би бол чиний гав гинжинд үүрд шархтайгаа амьдрах амьтан. Намайг араатан шиг мэдрүүлдэгт чинь би айдаг. Удалгүй би солиорч эргэн тойрны бүх хүнээ хазаж, хядаж орхих мэт санагддаг. Чи надад аюултайгаар нөлөөлдөг болохоор би чамаас айдаг. Дэргэд чинь би 20 жил бий болгож, урлаж, биеийн нэг хэсэг болгосон багаа хуу татаж хаячих гээд байдаг. Чамтай анх уулзахад хүзүүн дээр чинь тодоос тодоор хэн нэгэн эмэгтэй мөрөө үлдээсэн байсан. Тэр мөр харин намайг өөрийн мөрийг үлдээх ёстой мэт хүчилж байсан. Миний үнсэлт чиний бие дээр илүү тэд улаанаар тогтоно. Тэндээ хэдэн арван цаг, өдөр байна. Халуу төөнөж, миний үнэр, миний хазалт, миний шүлс, миний гэсэн бүхэн тэнд чинь, улаан мөрөнд үүрд амьдарна.


Тэглээ ч бид болохгүй гэж бодохоор би уйлчихмаар санагддаг. Уйлах биш заримдаа инээмээр санагддаг. Инээгээд л, инээгээд л, нулимс урсаж, нүд минь шилэн болон хувирч гөлрөх хүртлээ инээмээр болдог. Чиний үг яагаад ч юм надад чухал болчихсон. Өдөр бүр би талх идэхгүй, ус уухгүй амьдарч чадах ч тэр үггүйгээр амьдарч чадахгүй мэт санагддаг болчихсон. Чи намайг ухаантай гэхэд би өөрийгөө Эйнштейн шиг төсөөлдөг. Чи намайг өөртөө чинь адилхан гэхэд би өөрийгөө эрх чөлөөтэйгөөр төсөөлдөг. Бусад охид шиг чиний зугаа болоод л өнгөрөх вий гэх айдас байдаг ч заримдаа ганц удаа түүнийг мэдрэхийн төлөө би завхай нэгэн болж хувирч чадах мэт санагддаг. Би үргэлж л бусдад ямар нэг зүйл зохиож ярьж өгдөг. Тэднийг баярлуулах, жаргалтай байлгахын төлөө би маш олон зүйлийг, бүр өөрийн мэдрэмжээ хүртэл зохиох хэрэгтэй болдог. Гэхдээ би чиний дэргэд юу ч зохиож чадахаа байдаг. Бүх зүйлээ гаргаж хэлээд л, урсгаад л, бүр нэг ч удаа толгойд минь ямар нэг зүйлийг худлаа хэлэх хүсэл төрдөггүй. Би чиний дэргэд хүүхдүүдийн өлхөн биччих зохион бичлэгийг ч бичиж чадахгүй. Чи өөрийгөө Бурхан гэдэг. Муу бяцхан нарциссист. Гэхдээ өөртөө ийм хайртай хүнийг хэзээ ч харж байгаагүй над шиг өөртөө хайргүй хүнийг чи татаж чадсан юм. Миний найзууд чамайг үзэн яддаг. Болохгүй хүн, буруу хүн гэж үргэлж хэлнэ.

Урьд нь би чам шиг хүнтэй хэзээ ч таарч байгаагүй. Амьдралд минь найз нөхөд, тойрон хүрээллийн хүмүүс л орж ирнэ үү гэхээс харь холын тийм хүнийг би амьдралынхаа үүдээр шагайлгадаг ч үгүй байсан юм. Шууд л дохиолол ажиллаж, өөрийгөө барьж хаагаад дуугүй болчихно. Дорхноо хана хэрэм босгоод, өөрийн тухтай хүрээлэл, орчиндоо л таатай оршино. Өнөөх л яруу найраг, амьд хөгжим, тамхины утаа, ном зохиол, хар содон хувцаслалт, гүн бодрол хөвөрсөн хүмүүс рүүгээ уусан шингээд, өнөөх Репабликтаа эсвэл Рийфдээ инээлдэж, уйлалдаж, тамхилж сууна. Гэтэл юу болчхов оо.

Тэр яаж ийм дураараа миний зүрхийг догдлуулж чадна вэ?

Тэр савхи, хадаастай гутал биш том цамц, жинс бас бугуйн цаг зүүнэ. Хөмсгөө сэтлээд хусчихсан. Цав цагаан царайтай, хэнийг ч бай нам цохиод унагаачих мэт хүчтэй харагдах мөртлөө царайлаг байдал нь охидыг өөртөө татдаг. Өдөржин яруу найраг, амьд хөгжмийн бар биш фитнесс дээр өнжинө. Алхаж байгаа нь өөртөө итгэлтэй бас хачин. Амархан дүрэлзэн уурлаж, муухай харж, хэнийг ч байсан хараалын үгээр дуудчхаж чадна. Манай найзуудыг хүртэл үл тоон мөрлөх нь холгүй орж ирээд суухдаа үгээр идэн хөөж явуулж чадах тийм хүн. Дэндүү гэмээр өөрийнхөөрөө, дэндүү хачин, дэндүү өөр хүн. Шөнийн клуб орно, машинаар зугаална, яагаад ч юм тэр зүгээр л баян санагдана. Ямар ажил хийдгийг нь би мэдэхгүй, багаасаа Америкт хэр удаан өссөнийг ч мэдэхгүй, би насыг нь, жинхэнэ нэрийг нь ч мэдэхгүй. Тэр ном уншдаггүй, надтай адил хөгжим сонсдоггүй, сонгодог урлаг сонирхдог гэж хэлэхээргүй. Намайг унтах гэж байхад ч сэрүүн, сэрэхэд минь ч сэрүүн, өдөр ч сэрүүн, орой ч сэрүүн... би түүний хэзээ унтдагийг мэдэхгүй. Гэхдээ тэр тамхи татдаггүй, бас кино урлаг ойлгодог, тал бүрийн мэдлэгтэй. Тэр өөртөө дэндүү итгэлтэй, өөртөө дэндүү хайртай бас түүнийгээ бусдад шууд хэлэхээс санаа зовдоггүй. Миний найзууд бүгд түүнд дургүй. Биеэ тоосон, хортой, fuck-boy, аюултай гэж дүгнэдэг. Тэр тийм юм шиг харагддаг л даа.

Бүх зүйл маш хачин. Явуулсан зурвасаа арилгахад минь маш ихээр бухимдаж, сонсохоор тэмүүлэн зүтгэх, шаардах, хэлэхгүй бол чамайг алчихна шүү гэдэг нь... Яагаад түүний тухай бодох болсноо би ойлгодоггүй. Өмнө нь хэзээ ч бичиж байгаагүй дүр болохоор л тэр байх. Өмнө нь таарч байгаагүй хүн учраас надад сонин санагдсан байх. Үл тоож, тоглож байгаа нь ч надад хамаатай болчихсон мэт энэ мэдрэмжийг би үзэн ядаж, хамгийн ихээр өөрийгөө үзэн ядаж байна. Цаг хугацаа нь буруу таарсан, буруу газар, буруу нөхцөл байдлаар учирсан тийм хүмүүс бидний амьдралд мартагдамгүй ул мөр үлдээж орхидог нь хэцүү юм. Энэ хэсэгхэн харилцааны араас би яажшуухан мартагнаж, цааш явахаа мэдэхгүй юм. Илүү ноцтой нөхцөл байдалд хүрэхээс өмнө нүүр буруулах ёстойгоо ойлгож байгаа ч намайг хэн нэгэн анхаарч буй мэт ийм мэдрэмж ямар хачин бэ. Бас би ямар өрөвдөлтэй вэ л гэж бодож сууна.

"Надаас чи юу хүсэж байна? Хайр уу, хүсэл тачаал уу?" гэж чи асууж байсан. Би алийг нь ч хүсэхгүй байна. Аль нь ч байх ёстой гэж бодохгүй байна. Гэхдээ чамайг амьдралаас минь яваасай ч гэж хүсэхгүй байна.

Эргэн тойронд шуугилдах согтуу хөлчүү хүмүүс, чанга хөгжим дунд ч бие минь анир чимээгүй болчхоод сууж байгаадаа харамсаж байна. Төгс англи хэлтэй, төгс өөртөө итгэлтэй, өөрийгөө төгс гэж мэдрүүлэх дуртай ч намайг хамгийн төгс бус хүн гэж мэдрүүлж орхих юм. Бас надад хуурмаг итгэл төрүүлэх юм. Харилцаж буй охин болгоныг чинь төсөөлөхөөр би энэ жижигхэн зүрхээ хага чулуудчихмаар санагдах юм. Бүх зүйл яаж дуусахыг би харж байна. Чи хэн нэгнийг хайрлана, харин би хэнийг ч хайрлахгүй. Ингээд л дуусаа. Зүрх минь энэ өвдөлтөөсөө болоод зогсдогсон бол яана аа. Даанч хэзээ ч үүнийг олж уншихгүйг чинь мэдэх болохоор, бас хэзээ ч тоохгүйг чинь мэдэх болохоор эмтэрсэн зүрхээ эвлүүлж наагаад цааш алхахаас өөр яах билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
3
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

u 2023.09.11 202.126.93.219

анх энэ нийтлэлийг уншаад яг л өөрийнхөө тухай уншиж байгаам шиг санагдаад нүдэнд минь нулимс цийлэгнэж байсан одоо ч яг л тэр хэвээрээр байна. төгсгөлөө ямар байхыг мэдэж байгаа болохоор орхиод явхыг зөндөө хүсдэг ч, одоо ч орхиж чадахгүй чиний тоглоомны нэг хэсэг болчихсон эмтэрсэн зүрхээ гаран дээрээ бариад чамайг хүлээж авах болуу гэсэн итгэл найдвараар чам руу харан зогсож байна.

0 Хариулах


u 2023.05.23 202.126.93.219

алисагийн булангуудыг унших дуртай шүү. надад л ганцхан хэцүү биш байгаан байна, ийм мэдрэмж төрүүл ингэх ёстойн байна гээд дотроо нэгийг тунгаадаг. энэ нийтлэл нь яг л миний дотор байгаа юмыг уудлаад гаргаад ирчихсэн юм шиг санагдлаа.

0 Хариулах