Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Ako's review | Цаг хугацааг үүрсэн хүн


(Д.Ган-Очирын “Сэтгэлийн чанар” номын тухай)

Цаг хугацаа дан гагц бидэнд ойлгогддог тэр л гурван агшин бус их олон салаа замаар урсаж, өөрийгөө бүтээж байх шиг санагдах нь бий. Түүнийг хувь уран бүтээлч ямар сэтгэлээр хэрхэн анирдаж улмаар “Сэтгэлийн чанар”-т танин мэдэхийг таах аргагүй. Ерөөс уншигчид аливаа уран бүтээлчдээс ихийг шаардаж, өөрсдийн мэдрэмжийг тулгадаг байж болох. Харин урлаг тийм ёс зүйгээр биеждэггүй болохыг цөөн хүмүүс мэднэ. Тэр л цөөнхийн сэтгэлээр нэгэн номын хуудсуудыг эргүүлсэн тухайд энд хүүрнэх болно. 

Энэ бол яруу найрагч Д.Ган-Очирын “Сэтгэлийн чанар” хэмээх шүлгийн түүвэр. Чухам л цаг хугацааны олон талт чанарыг анзаарсан, дурсамж дотроосоо аль зөөлөн эгшиг, хормыг сэтгэлийнхээ гүн рүү зөөж чадаад яруу найргийн хэлээр хуудас цаас рүү юүлсэн нь тус номоос уншигдана. 

“Хэрлэнгийн хөндий
Бодлын минь хөндий
Цан, манан дунд нь
Цаг хугацааг үүрч алхах сайхан”

Уран бүтээлчийн хувьд өссөн ахуй нь тун чухал шиг сэтгэгдэх нь бий. “Яруу найрагчийг тань гэвэл төрсөн нутгийг нь зорь” хэмээсэн Уолт Уитмэний үг ч байдаг. Гэхдээ тэр л нутаг, өөрийн ахуйг “бодлын хөндий” хэмээсэн нь анхаарал татна. Ерөөс өөрийнхөөрөө цэгцтэй бодож сурах ахуй ээрэм хөндий, тал нутаг, их мөрнүүдийн цэлийсэн уудам хөндийд л бий ч юм шиг мэдрэгдэнэ. Тийм ахуйд ганцаардлыг таньж, бодож сурсан шиг санагддаг. Тэгээд л бүүдгэр ахуйн манан буусан сөрчил дунд бодмоглон алхахдаа цаг хугацаа хэдийн зогссоныг мэдэрч, тэр их цан, манан дотроос сугаран гарч амьдралын үймээнт хөдөлгөөн дунд хөл тавихаар хөлөө зөөх тоолон мөнөөх зогссон цаг хугацааг амилуулахаар нуруун дээрээ үүрч явах шиг... Ийм л нэг мэдрэмж тээгдэж хоцроно. 

“Цаг хугацааг таяг мэт тулж
Цагаан гэгээнээр гарч одсон
Урд шөнийн зүүдэнд ирсэн айлчин
Урд төрөл минь юм гэнэ ээ...
Он жилүүд нарны урилгаар урсаж
Одож буй юмс, ирж буй юмс
Цаг хугацааны шүүдэрт бясалгаж
Над руу бурхны нүд шиг ширтэнэ”.

Яруу найрагт уран бүтээлч, хувь хүн бүр өөр өөрийнхөөрөө ханддаг. Тиймдээ ч мэдрэх, таашаах бүр нь харилцан адилгүй жамтай. Сайн яруу найргийн үзэл санаа нь гадна болоод тухайн үгсийн гүнээс гүнд нуугдах нь бий. Харин Д.Ган-Очирын дээрх шүлэг ерөөс эрэлхийлэл биш агаад аливааг өөрийн бодол санаанд тунгаан, сэтгэлийн чанарын үүднээс нэгжлэн ажиглаж сурсан уран бүтээлчийн хандлагыг тээсэн санагдана. Зүүдэнд нь ирсэн айлчин “цагаан гэгээнээр гарч одсон” гэчихлээр өгүүлэгч үүрээр сэрж буйг илтгэнэ. 

Таяг тулсан гийчнийг урд насны өтөл дүрээр сэтгэмжлэн бодож болох ч тулсан таяг нь цаг хугацаа гэдгийг мөн санууштай. Тэгвэл ерөөс зүүдэнд ирсэн айлчин цаг хугацааг нэхэн ухраах, хийсвэрлэлийн орон зайгаар чөлөөтэй хөдөлгөөнд нэвтрэн байхын тулд ийнхүү цаг хугацааг тулах цэг болгон ашигласан байна. Гэтэл шүлэг мөнөөх хийсвэрлэлээ зад татан бодит ахуйд зүүдээ тунгаан суугаа баясалгагч болж бүрнээ хувирсан нь төгсгөлийн бадгуудаас нэвт мэдрэгдэнэ. 

Чухам даа “он жилүүд нарны урилгаар урсах...”, тиймдээ ч “одож, ирж буй юмс” нь “цаг хугацааны шүүдэрт бясалгах нь” яруу найрагч өөрөө буюу. Тэгээд л төгсгөлд нь мөнөөх цаг хугацааны чанараар урсан одож, урсан ирэх бүхэн “Над руу бурхны нүд шиг ширтэнэ” хэмээжээ. 

Ерөөс тэрхүү цаг хугацааг бүрэлдэн үүсгэсэн бяцхан шүүдэрт бясалгагч нь нарны урилгаар ирж, одох олон юмсын алин болохыг өөр өөрсдийнхөөрөө тунгаах боломжтой. Буйд аглагт бодож, ганцаардаж сурсан хүн ийм л олон салаа утгын замд хөтлөх шүлэг бичжээ. Тиймдээ ч байгалийн мөнхийн сүр хүч, цаг хугацааны гүн дэхь олон амийн аль нь тэрхүү оюун бодлын үүр болсон бяцхан шүүдэрт өөрийгөө эрхшээн суугааг үл мэднэ. Юу ч байж болох оршихуйн ямархан нэгэн амь тэнд цогцлоостой. 

“Эргэлдэн гэрэлтэгч цасан ширхэг
Энх тэнгэрээс сэтгэл рүү бударна.
Будрах тэр бяцхан ширхгийг нэн ажваас
Бурхны илгээсэн гэрэл гэмээр ээ”.

Яруу найргийн амин сүнс байгальтайгаа ойр хүмүүний сэтгэлийн чанараас үүдэхдээ ийм энгийн урлал болдог. Эх байгалийн жир бусын юмсыг усан уянгаар улиглан дуулж, тайзан дээр уншихад таацуулсан олон шүлгүүдтэй таарч байлаа. Заримдаа ийм л энгийн, боргихон шүлгүүдэд л хувь уран бүтээлчийн байгальтай ойр байх, араншинг таньж мэдрэх агшны хөнгөн зураглалуудад бусдын болоод өөрийнхөө далавчийг урлан шигтгэсэн мэт бодогдох нь бий. Цасны нэгээхэн ширхэг бурхны илгээсэн гэрэл мөнийг сэрэх мэдрэхүйг эхний мөрийн сэтгэлийн гүн дэх будраатай урвуулан нэвчүүлвэл тэндээс мөнөөх л цаг хугацаа, түүнийг эрхшээгчийн билгийн мэлмий л үзэгдэх буюу. 

...Цаг мөрний цагаан эрэгт
Чамайг хүлээсэн юм шиг
Цас, бороон дундуур
Чиний зүг санааширсан юм шиг...”

Харин энд байгалийг, сэрж мэдэрсэн ахуйг өөрийн дотоод дуу хоолой болгон төлөөлүүлсэн зүйрлэлүүд ажиглагдана. Басхүү мөнөөх л цаг хугацаа орхимжоо тайлж, эл шүлгийн түүвэрт хоосон орон зай таталгүй үргэлжлэн урссаар л байх амуй. “Цаг мөрний цагаан эрэг” гэхлээр юу билээ. Нэг тийм шидийн гэмээр, домгийн логик өгүүлэмжээр баяжсан зохиолуудад үзэгддэг газар орон төсөөлөлд бууна. Гэтэл түүн дотор нэгэн хүн зогсоод хайртынхаа зүг санааширсан уртаас урт санаа алдалтыг дотроо юүлж байна. Тэгэхдээ цаг мөрний цагаан эргийн зүгээс дан гагц “цас, бороон дундуур” шүү. Мөнөөх эрэг цаг мөрнийх байлаа гэхэд байгалийн араншин, цас, бороо л түүнийг нь уг өнгөнд хувилгаж найрагчийн дотоодод шинэ ертөнцийг бий болгож байх шиг. Магад тэнд нь цаг хугацаа өөрөө мөнхийн хөдөлгөөнгүйд оршиж, хайртынхаа чиг рүү харахгүйгээр зөн совингоороо мэдэрсэн зүгт санааширч суугаа гэх нь уг шүлгийн гол үзэл санааг тээнэ

“Цасан дундуур зүсэн орох
Цаг хугацаа дундуур шунган явах
Цантай цонхны цаана, чиний хүлээх
Цал буурал тал дээгүүр тууж бичих...”

Үргэлжлүүлбэл тус түүвэрт багтсан нэгэн урт шүлэг нь ингэж эхэлдэг. Аливаа уран бүтээл өөрийн цогц санаа, цул нэгдмэл байдлыг хадгалж, дотоод уур амьсгалаа огт эвдээгүй байх нь тухайн номын үнэ цэн болдог. Дээрх эш татсан шүлгүүд цаг хугацаа гэх мөнхийн сэдвүүдийг агшин бүрийн өөр мэдрэмжээр буулгаснаас бус хоорондоо тэс ондоо шинж чанар, цаг хугацааны өнгийг агуулж байна. Эдгээр шүлгүүд тийм л эрс тэрс цаг хугацааны амьсгал, сэдвийн ондоошилтой атал мэдрэмжийн хувьд тун ойр байгаа нь бүтээлийг туурвих хугацаанд бүтээлчийн дотроос мэрж асан үзэл бодлын зөрчлийг илтгэн харуулна. 

Цаг мөрний эрэгт хайрт хүнийхээ зүг санааширч байсан нь дараагийн шүлэгт “Цантай цонхны цаана, чиний хүлээх” гэснээр шүлэгт өгүүлэгдэх өөр нэгэн дүрийг бүтээжээ. Гэхдээ утга нь ижил бууна. Учир нь өгүүлэгч “цаг хугацаа дундуур” зүгээр ч нэг алхах бус “шунган явах” нь мөнөөх цонхны цаана хүлээж буй хэн нэгэн рүү л яаран яваа гэсэн санааг илэрхийлсэн нь тодорхой. Тийнхүү явах ахуйд эхний мөрт буй цасан ширхгүүд найрагчийн сэтгэлийн чанарыг тээн бударч байх шиг сэтгэгдээд яруу найргийн мөрүүд “цал буурал тал дээгүүр тууж бичих” ажээ. 

Эхэлсэн цэг байхад дуусах цэг бий. Энэ бол Д.Ган-Очирын түүврээс миний олж харсан цаг хугацаа, тэдгээрийн дүрслэлтэй холбоотой шүлгүүдийн цөөн хэд нь мөн. Гэвч эдгээр цөөн, богино мөрүүдэд туурвилчийн үзэл санаа, мэдрэмжийн ямархан өнгө цохилж буйг, цаашид ч улам тэлэн цохилсоор байхыг уншигчид өөр, өөрийнхөөрөө тайлж, мэдрэх биз ээ. 

Би түүнийг цаг хугацааг үүрсэн хүн гэж тодорхойллоо. Сэтгэлийнхээ уужим талд бодмоглон суухдаа цаг хугацааг үүрч, буцаан эвлүүлж, нэгэнтээ тавьж явуулууд араас нь очиж дундуур нь цуулан гарах эр зориг, эрхгүй амсаж үзмээр санагдах санаа алдалт, гунигийн мөрүүд энд бий. Цаг хугацааг үүрч алхсан нэгэн хүн цайдам их талын дайдад цас, бороон дундуур туучиж алхах нь эрхгүй оюун бодолд дүрсжин биежсэнээ дүрээ орхиод замхрах авай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2023.12.11
Б.Алтанхуяг | "Зуун уншигч ба ариун ном" өгүүллэг
2
2023.08.17
Ako's review | Дурсамж зуусан цахлай
3
2023.06.02
Ako's review | Шинэ эриний Эдип
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.