UBLife Logo
Кино

“Сэр Сэр Салхи” кино Венецийн кино наадамд сонгогдон, нээлтээ хийлээ

“Сэр Сэр Салхи” кино Венецийн кино наадамд сонгогдон, нээлтээ хийлээ

“Сэр Сэр Салхи” уран сайхны кино 80 дахь удаагийн Венецийн Олон Улсын Кино Наадмын "Оризонти" хэсэгт сонгогдон оролцож дэлхийн нээлтээ хийлээ.

Венецийн кино наадмын захирал Алберто Барбера Монгол, Франц, Португал, Голланд, Германы хамтын бүтээл “Сэр Сэр Салхи” (City of Wind) уран сайхны киноны уран бүтээлчдийг 1500 хүний суудалтай Дарсен их танхимын хойморт 2023 оны 8-р сарын 31-ны өдөр угтан авч, хүндэтгэл үзүүлcнээр уг бүтээлийн дэлхийн нээлтийн албан ёсны үйл ажиллагаа эхэлжээ.

Тус наадмын хөтөлбөр олон улсын уралдаант, залуу уран бүтээлчдийг дэмждэг Оризонти болон Венецийн сонгодог зэрэг нийт 6 хэсгээс бүрддэг бөгөөд энэ жилийн Оризонти хэсэгт Монгол, Турк, Мексик, Итали, Испани, Белги, Тунис, Непал, Шриланк, Швед, Голланд, АНУ, Швейцарь, Румын, Бразил, Гүрж, Португали, Япон зэрэг 20 гаруй олон улсын хамтарсан 18 бүтээл сонгогдон оролцож, энэ наадмын дээд шагнал болох “Алтан Арслан”-гийн төлөө өрсөлдөж байна.

“Сэр Сэр Салхи” бүтээлийг наадмын үеэр нийт 5 удаа толилуулж, нийт 8000 гаруй үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Нээлтэнд найруулагч П.Лхагвадулам, гол дүрийн залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ, ерөнхий зураач Н.Болор-Эрдэнэ, хувцасны стилист Г.Хорол-Энх, Монгол талын Ерөнхий продюсер Гуру Медиа студийн продюсер Ц.Ариунаа, гүйцэтгэх продюсер Х.Оюундарь нар кино багаа төлөөлөн оролцож байна.

Кино нээлтээ хийсэн даруйд олон улсын кино шүүмжлэгчид, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох IndieWire, CineEurope, The Film Experience, Screen International сэтгүүлд шүүмж, нийтлэл гарч эхэлсэн бөгөөд Венецийн кино наадмын үзэгчид Монгол уран бүтээлчдэд үзвэрийн дараа болон Венец хотын гудамжинд олонтоо баяр хүргэсэн аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.