UBLife Logo
Сэтгэл судлал

Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх аюултай 8 өрөөсгөл ойлголт

О.Анхзаяа
О.Анхзаяа
Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх аюултай 8 өрөөсгөл ойлголт

TikTok, Instagram болон бусад олон нийтийн сүлжээгээр маш олон хувь хүн, байгууллагууд эрүүл мэндийн тухай зөвлөгөө, мэдээлэл оруулдаг. Тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн сэдэв сүүлийн үед голлох байр суурийг эзэлж байна. Сэтгэцийн эрүүл мэнд гэх хаштагтай бичлэг жишээ нь TikTok дээр 26 орчим тэрбум хандалттай байдаг аж. Тиймээс энэ талаар хүмүүсийн дунд байдаг түгээмэл буруу ойлголтуудыг сонирхуулах гэж байна.


1. Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд түгээмэл биш гэх ойлголт

"Яг үнэндээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудал маш түгээмэл байдаг. Хүүхэд болон өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, сэтгэл түгших гэх мэт асуудлууд ихэсч байна" хэмээн АНУ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн эмч Чаудхари онцолжээ. Маш олон хүнд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байдаг бөгөөд хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарвал үүнд санаа зовж, гадуурхагдах мэт мэдрэмж авч болохгүй. 2019 оныхтой харьцуулахад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч буй талаараа эмч нартай холбогдсон залуу үеийнхний тоо 200 хувиар өссөн гэх тооцоолол мөн гарчээ. 

2. Сэтгэл гутралтайг тань нэг ч хүн мэдээгүй бол энэ нь зүгээр гэх ойлголт

Маш олон хүн өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нууж, хааж чаддаг. Тийм ч учраас хүмүүст сэтгэл гутралтай эсвэл ямар нэгэн асуудалтай байгаа гэдгээ мэдэгдүүлээгүйгээс болж олон хүн түүнийг зүгээр гэж бодож хардаг. Хэрэв хэн нэгэн танд "Чи тэгж харагддаггүй шүү дээ, сэтгэл гутралтай хүн ийм байдаггүй" гэх мэт үг хэлбэл итгэх хэрэггүй. Үүнийг зөвхөн мэргэжилтэн, мэргэжлийн эмч нар л зөв тодорхойлж чадна. 

3. Сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эрүүл мэнд нь халдварладаг гэх ойлголт

Зарим хүмүүс сэтгэцийн өөрчлөлт, өвчнийг хэн нэгнээс авах боломжтой мэтээр ханддаг. Энэ бол ханиад шиг нэгнээсээ халдварладаг өвчин биш юм. Хүнд хэцүү зүйлийг туулж яваа найзтайгаа цагийг цуг өнгөрүүлээд байвал түүнээс сэтгэл гутралыг нь мөн авна гэсэн үг биш. Харин бага зэрэг хүнд мэдрэмж авч болох ч энэ нь давхар сэтгэл гутралтай болно гэсэн үг биш билээ. 

4. Хангалттай хичээвэл хүмүүс сэтгэцийн өвчнөөс амархан салж чадна гэх ойлголт

Маш их дэмжлэг, жинхэнэ эмчилгээ хэрэгтэй байдаг. Шууд л хэн нэгэн өөрөөсөө хүссэн л бол тэр дороо эдгээд зүгээр болно гэж байхгүй. Харин хүмүүс сайн нууж, дүр эсгэж, зүгээр болсон мэт хэсэг хугацаанд явж чадна. Гэхдээ л зөв эмчилгээгээ авахгүй бол байдал улам дордох болно. 

5. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай бол тухайн хүнийг шууд "галзуу" гэж дүгнэж болно гэх ойлголт

Хэн нэгнийг шууд галзуу солиотой хэмээн дүгнэх нь их байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, эмчилгээ хийлгэж байгаа гээд тэр хүнийг шууд тэр үгээр дүгнэх нь буруу юм. "Тархи бол зүрх эсвэл уушги шиг л өвчилж болдог эрхтэн. Бидний тархи өвчилж болно. Гэхдээ бас эдгэрдэг" хэмээн эмч нар хэлдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай нүүр тулж буй хүмүүст хатуу хандаж, гадуурхаж, ичээн зовоож огтхон ч болохгүй билээ. 

6. Эмчилгээнд явж эхэлсэн л бол асуудлууд чинь бүгд алга болно гэх ойлголт

Эмчилгээнд явж эхлэх нь тухайн асуудлаа даван гарч, зохицож, ойлгоход туслах боломжтой. Хоолны эмгэг, хоёр туйлт эмгэг, шизофрени зэрэг зарим эмгэгүүд нь хувь хүний амьдралын туршид тогтмол хяналт эсвэл эмчилгээ шаарддаг. Эмчилгээ хувь хүн тус бүрд өөр бөгөөд зарим хүний нөхцөл байдал бүрэн дүүрэн эмчлэгдэнэ гэж байдаггүй. Гэхдээ хянаж, шинж тэмдэг арилгаж, хэвийн түвшинд барих боломжтой тохиолдлууд бий. 

7. Эмчилгээ хэтэрхий үнэтэй болохоор авах боломжгүй гэх ойлголт

Яг үнэндээ эмчилгээ тийм ч үнэтэй биш бөгөөд улсын эмнэлгүүдэд үзлэг үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас хийх, илүү бага төлбөрөөр авах боломжтой. Бид зөвхөн хувийн сэтгэл зүйчдийн үнэ хөлснөөс болж бүх эмчилгээг үнэтэй гэж ойлгох тал бий. Гэхдээ улсын эмнэлгээс та үнэгүй эсвэл хямдаар эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой байдаг ба үнэгүй үйлчилдэг ТББ-ууд ч их бий шүү. 

8. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хувьд л сэтгэцийн эрүүл мэнд чухал

Энэ бол бүх хүмүүст хамаатай асуудал. Сэтгэцийн эрүүл мэнд гэхэд хүмүүст харь холын мэт санагдах нь их байдаг. Гэхдээ бид өдөр тутамдаа энэхүү асуудалтай тулгардаг бөгөөд өөрөө эсвэл дотнын хэн нэгэнд нь аливаа асуудал тулгарахад яах тухай бүрэн ойлголттой, мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.