UBLife Logo
Ном

"Бараг л нэвт харагдах цэнхэр" номоос онцлох мэдрэмжээр дүүрэн 12 эшлэл

О.Анхзаяа
О.Анхзаяа
"Бараг л нэвт харагдах цэнхэр" номоос онцлох мэдрэмжээр дүүрэн 12 эшлэл

NIL.publishing энэ жилийн номын баяраар 174-р асар дээр байрлах бөгөөд тэдний эрхлэн гаргасан "Бараг л нэвт харагдах цэнхэр" ном асар дээр хямдралтай үнээр худалдаалагдах болно. Японы зохиолч Рю Мүраками 24 насандаа энэхүү бүтээлээ гаргасан бөгөөд 1976 онд японы утга зохиолын дээд шагнал болох Акутагавагийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. Номоос онцлох эшлэлүүдийг сонирхуулж байна. 


1. Арьсных нь цаанаас тодорч харагдах улаан, цэнхэр судсууд үргэлжид сэтгэлийг минь татдаг билээ.

2. Өрц зурах мэт уушгинд нэвчих тамхины утаа эгээ л амьд биет шиг санагдана.

3. Бороо орж байгаа нь аштай юу даа. Бороо бүхнийг эмчилдэг юм. Тиймээс энэ шарх чинь удахгүй анина аа.

4. Гадаах харанхуй намайг ховсдон татах шиг санагдана. Чийг даасан харанхуй орчин сүүлчийн тэнхээгээ шавхаад сөхрөн унасан бүсгүй хүнийг санагдуулах аж.

5. Ирэхээс чинь өмнө би энд жаал суулаа. Чи хүүхэд байхдаа бороо орохыг харж суух дуртай байгаагүй юу? 

6. Гарч тоглохгүй, гэрээсээ л хараад сууна шүү дээ. Би яг л тийм хүүхэд байсан. Ямар сайхан гээч, Лили.

Би Лилигийн биеийг арчиж өгөөд, нойтон хүрмийг нь өлгүүрт өлгөлөө. “Пянз сонсох уу?” гэж асуусанд тэр толгой сэгсрээд “Өнөөдөр нам гүм байцгаая” гэв.

Рю, чи их сонин хүн шүү, заримдаа чамайг бодохоор сэтгэл өвддөг гээч. Чи нүдээ аньсан үедээ ч нэг юм олж харах гэж хичээгээд байдаг шиг санагддаг. Юу гэж тайлбарламаар юм дээ. Сайхан бүхний талаар бодож эргэцүүлэх гээд байлгүй зүгээр л мэдэрч болдоггүй юм уу? Байнга л нэг юм эрж хайж явах юм. Тэмдэглэл хөтлөөд л. Судалгаа хийж буй шинжээч шиг. Жаахан хүүхэд ч юм шиг. Чи ч угаасаа л жаахан хүүхэд л дээ. Багачууд юм бүхний учрыг тайлах гэж оролддог доо. Чи яг тийм. Хүүхдүүд танихгүй хүний нүд рүү нь хараад уйлах уу, инээх үү гэдгээ шийддэг. Томчууд бид тэдэн шиг тааралдсан хүн болгоныхоо нүд рүү ширтээд явбал дорхноо галзуурах биз. Хажуугаар зөрсөн хүмүүсийн нүд рүү харах гээд үзээрэй. Ямар жигтэй мэдрэмж төрнө гээч. Юм бүхнийг хүүхдийн нүдээр харах хэрэггүй ээ, Рю.

7. Үлэмж том толь байна гээд төсөөл дөө. Яг тийм л кино болох байх. Үзсэн хүн бүр өөрийгөө олж хардаг тийм кино байдаг бол үзэх сэн.

8. Аадар бороон дуслууд арьсыг нэвт сүлбэх нь өвчиж тавьсан малын махыг хөлдөөгчинд өлгөхөөр жадлах шиг санагдана.

9. Орь ганцаар үлдсэний дараа өрөө илүү харанхуй болчих шиг санагдаж билээ… Гэхдээ гэрэл бүдгэрсэн юм биш, би өөрөө л гэрлээс холдсон биз ээ.

10. Юу вэ гэхээр хүний бие, сэтгэл хором тутамд зовуурь мэдэрдэг. Хааяадаа түүнийгээ мартчихдаг л болохоос. Мартчихаараа өвчин зовууриасаа салчихлаа гэж өөрийгөө хуурдаг.

11. Өвсөн дээр хэвтэх зуураа би ойлгохын аргагүй зүйлсэд л сэтгэл татагддагаа анзаарлаа. Үүр шөнийн заагт эмнэлгийн гадаах цэцэрлэгт хүрээлэнд хэвтэж байхад ч энэ л дүрэм үйлчлэв. Аварга том хар шувуу ниссээр л. Бөндгөр жижигхэн хорхой, гашуун өвс бид гурав мөнөөх шувууны ходоодонд хамтдаа хоригджээ.

12. Ирмэг дээрээ цусны толботой шилний хэлтэрхий үүр цайх үеэр бараг л нэвт харагдаж байлаа.

Зах хязгааргүй, бараг л нэвт харагдах цэнхэр. Өндийн босоод гэрийнхээ зүг алхах зуур яг л ийм шилний хэлтэрхий болоод хувирчихмаар санагдлаа. Тэгээд өө сэвгүй энэ цагаан зураасыг өөр дээрээ тусгах сан. Ямар сэтгэл булаам болохыг нь хүмүүст харуулах сан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.