Ghibli студийн дэд ерөнхийлөгч Нишиока Жүничи саяхан өгсөн ярилцлагадаа домогт Хаяо Миязаки хэд хэдэн шинэ санаа дэвшүүлэн, ажиллаж буй гэдгийг дурджээ.
Торонтогийн олон улсын кино наадмын улаан хивсний ёслол дээр Нишиока Жүничитэй ярилцсан сэтгүүлч Эли Гласнер ярилцлагынхаа дараа "X" дээр "Хаяогийн фэнүүдэд дуулгах гайхалтай мэдээ байна. Ghibli студийн дэд захирал Нишиока бидэнд Хаяо Миязакиг хэдийнэ цоо шинэ санаануудтайгаар оффистоо эргэн ирсэн, "The Boy and the Heron" түүний сүүлийн бүтээл биш байх болно хэмээн хэллээ" гэх пост оруулжээ.
"The Boy and the Heron" 7 сарын 14-нд Японд нээлтээ хийсэн бөгөөд 12 сарын 8-нд дэлхийн нээлтээ IMAX театруудаар хийхээр байгаа билээ. Махито гэх хүү үхэл болоод амьдын ертөнцийн дунд орших үл мэдэгдэм ертөнцөөр аялах бөгөөд энэ үедээ үхэл, амьдрал, нөхөрлөл болоод хайр, гайхамшгийн түүхүүдийг танд мэдрүүлэх болно.