
Жейдон Санчо уучлал гуйхаас татгалзаж, багийнхнаасаа тусдаа бэлтгэл хийхээр боллоо
"Манчестер Юнайтед" клубийн жигүүрийн тоглогч Жэйдон Санчо сахилга баттай холбоотой асуудлаа шийдэх хүртэл үндсэн багаасаа тусдаа бэлтгэл хийнэ.
Дасгалжуулагч Тен Хаг 9-р сарын эхээр "Арсенал"-тай тоглохдоо түүнийг багийнхаа үндсэн бүрэлдэхүүнээс хассан бөгөөд "түүний бэлтгэлийн гүйцэтгэл хангалттай байгаагүй" гэж мэдэгджээ.
Харин 23 настай Санчо дасгалжуулагчийнхаа эл мэдэгдлийг эрс няцаасан билээ.
Гэсэн ч Юнайтед мэдэгдэл гаргаж Санчог үндсэн багаас тусдаа бэлтгэл хийлгэх болсноо зарлажээ.
The Athletic-т дурдсанаар, Юнайтед Санчог олон нийтийн сүлжээгээр "удаан хугацааны турш буруутан мэт гүтгэгдсэн" гэж бичсэнийхээ төлөө уучлал гуйхыг шаарджээ. Гэхдээ Санчо уучлалт гуйхаас татгалзсан аж.
Тэрээр уг нийтлэлээ мягмар гарагт устгасан боловч 60 сая гаруй хүн хэдийн амжаад үзжээ.
Юнайтедын довтолгооны тоглогч Антони хүчирхийллийн хэргээр багаасаа түр хугацаагаар хасагдсанаас долоо хоногийн дараа уг үйл явдал өрнөж байна.
Санчо 2021 онд "Боруссиа Дортмунд" клубээс 73 сая фунтээр Манчестер хотын багт ирсэн билээ. Тэрээр Премьер лигт 58 тоглолтод оролцохдоо есөн гоол оруулж, зургаан гоолын дамжуулалт өгөөд буй юм.
Харин энэ улиралд гурван удаа сэлгээгээр талбайд гарч тоглосон бөгөөд Юнайтед Премьер лигийн эхний дөрвөн тоглолтод хоёр хожиж, хоёр хожигдоод байна.
Тэд бямба гарагт Брайтонтой тоглох юм. Уг тоглолтод Санчо, Антони нарыг орлон Алехандро Гарначо, Факундо Пеллистри нар Маркус Рэшфордод туслахаар гараанд гарах бололтой.
Тен Хаг өмнө нь Криштиано Роналдутай асуудал үүсгэж, улмаар тэрээр Саудын Араб рүү шилжиж байв.
Роналду тэр үед "Манчестер Юнайтед" надаас урвасан. Намайг үл хүндэтгэдэг учраас би дасгалжуулагч Эрик тен Хаг хүндэлдэггүй. Хэрэв тэр намайг хүндлэхгүй бол би түүнийг хэзээ ч хүндлэхгүй. Энэ клубт маш олон өөрчлөлт хийх шаардлага үгүйлэгдэж байна. "Манчестер Юнайтер" дээд түвшинд тоглох ёстой. Сэр Алекс Фергюсон багийг орхисноос хойш ахиц дэвшил ТЭГ болсон. Би "Манчестер Юнайтед" руу буцаж ирэхээр шийдэхдээ зөвхөн зүрх сэтгэлээ дагасан юм" хэмээн ярьж байв.