UBLife Logo
Ном

"Хүйтэн харц, хиртэй гараар хөндөмгүй хайран”

У.Чинзориг
У.Чинзориг
"Хүйтэн харц, хиртэй гараар хөндөмгүй хайран”

Есдүгээр сарын 20. Эл өдөр Монголын өдөр тутмын томоохон хэвлэл "Өнөөдөр" сонины анхны дугаар хэвлэгджээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны Үүсгэн байгуулсан тус сониноос уран бүтээлийн гараагаа эхэлж, сэтгүүл зүйн хөрөг хэмээх хүндтэй төрлөөр томоохон бүтээлүүдийг туурвисан сэтгүүлч Батдоржийн Энхцэцэгийн анхны ном мөн энэ өдөр нээлтээ хийв. 

"Холдох тусмаа гэрэлтэнэ", "Амраг минь, дуугаа дуулаач..." гэхчлэн гарчгаас нь хүртэл хөндүүр чимчигнэх, сэтгэлд дулаахан "ХӨРӨГ"-үүд ном болон хэвлэгджээ. Хүний хувь заяа гэдэг тааварлашгүй. Түүнийг нээж, илчилж бичнэ гэдэг бэрхтэй ажил. Гэхдээ тэрхүү тааварлашгүй, холын зүйл рүү үргэлж тэмүүлэгч цөөн сэтгүүлчийн нэг бол Б.Энхцэцэг билээ. Тэрбээр номынхоо нээлтэд "Би өөрийнхөө уншмаар байгаа юмыг бичсэн юм байна даа гэж боддог" гэсэн юм. Хөрөг уншина гэдэг, түүгээр хөндүүрлэж, түүгээр тэжээгдэж, түүгээр шатна гэдэг амьд буйгаа мэдрэх хамгийн урамтай үйлдэл гэдэгт итгэнэм. 

С.Батбаатар: Сэтгүүл зүйн бусдыг бишрүүлэх, бусдыг өөртөө татах увдисыг тээж яваа цөөн хүний нэг бол Б.Энхцэцэг

 Би сэтгүүл зүйд мэдрэмж, мэдлэг, ур чадвар заавал байх ёстой гэж үздэг хүний нэг. Хүн болгон сэтгүүлч болж чаддаггүй. Учир нь гэвэл, үгээр урлах ухааныг эзэмшсэн хүн сэтгүүлч болдог.

"Хөрөг" номыг нээж, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Батбаатар үг хэлсэн юм. Тэрбээр "Б.Энхцэцэгийг сэтгүүл зүйн хаалгаар орж ирэхэд би өмнө нь байж таарсан. Ц.Балдорж гэдэг хүний дэг сургуульд бид олон жил хамт ажиллалаа. Б.Энхцэцэг эхлээд улс төрийн сэдвээр бичдэг байсан. Гэхдээ би түүнийг хүний сэтгэлийн чинад руу өнгийсөн, зөөлөн, дулаан сэдэв рүү орвол зүгээр юм гэж боддог, өөрт нь ч бас энэ тухай хэлж байсан. Дараа нь бид хамтдаа "Unlimited Media" группт нэг баг болж ажилласан. Сэтгүүл зүй бидний залуугийнхаас өөр болж байна. Магадгүй цаг үеийн араншин биз. Би сэтгүүл зүйд мэдрэмж, мэдлэг, ур чадвар заавал байх ёстой гэж үздэг хүний нэг. Хүн болгон сэтгүүлч болж чаддаггүй. Учир нь гэвэл, үгээр урлах ухааныг эзэмшсэн хүн сэтгүүлч болдог. Ийм чадвартан нэн хомс болж байгаа энэ цөвүүн цагт сэтгүүл зүйн үнэ цэнийг хадгалж яваа, сэтгүүл зүйн бусдыг бишрүүлэх, бусдыг өөртөө татах увдисыг өөртөө тээж яваа цөөхөн хүний нэг Батдоржийн Энхцэцэг мөн гэж би хэний ч өмнө гарцаагүй хэлнэ. Б.Энхцэцэгээс олон ном гарах ёстой. Цаашдаа илүү олон хүний сэтгэлийг нээгээрэй, илүү олон хүнийг сэтгүүл зүйд, үгийн урлалд дурлуулаарай гэж хүсье" гэв.

Ш.Даваадорж: Мэдрэмж бол хүнд заяагдаж болох дээд боломжуудын нэг

Мэдлэг, авьяас, мэдрэмж тэгш заяасан хүн л хөргийг бичиж чадна. Гэхдээ энэ гурван шинж нэг хүнд тэгш заяасан байх нь ховор байдаг. Хөрөг бичихийн тулд хүн судлаач болно гэсэн үг. Б.Энхцэцэгийн хөргүүдийн ихэнх нь өөрөө уулзаж байгаагүй хүн байдаг. Гэтэл тэр хүмүүсийн амьдарч байсан ахуй, цаг хугацаа, тэр хүний мэдрэмж, зүрхний цохилт, судасны лугшилт, сэтгэлийн шаналал, баяр, гунигийг энэ орон зайнаас мэдэрч чадах мэдрэмж, авьяастай байж хөрөг бичнэ.

Нэрт нийтлэлч, сэтгүүлч Ш.Даваадорж "Хөрөг" ном болон түүний зохиолчийн тухайд дараах зүйлийг ярив.

"Номыг хүн янз бүрээр гаргадаг юм билээ. Гэхдээ хүн болгоны уншдаг бүтээл гаргана гэдэг баргийн хүний чаддаггүй ажил. Тийм номыг гаргасан хүн л “Би ном гаргалаа” гэж хэлж болно байх. "Хөрөг" ном мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн сэтгүүлч гэж ийм байдаг юм гэдгийг хүн бүрт ойлгогдохоор бүтээл гэдгээрээ ач холбогдолтой. Мэргэжлийн сэтгүүл зүйн тухай ярианд хамгийн том хариултыг өгч буйгаараа үнэ цэнтэй. Мөн сэтгүүлчээр сурч байгаа оюутнууд, сэтгүүл зүйн багш нар, судлаач нарт үнэтэй гарын авлага болсноороо онцлог. 

Хөрөг бол хэр баргийн сэтгүүлч бичдэг зүйл биш. Мэдлэг, авьяас, мэдрэмж тэгш заяасан хүн л хөргийг бичиж чадна. Гэхдээ энэ гурван шинж нэг хүнд тэгш заяасан байх нь ховор байдаг. Хөрөг бичихийн тулд хүн судлаач болно гэсэн үг. Б.Энхцэцэгийн хөргүүдийн ихэнх нь өөрөө уулзаж байгаагүй хүн байдаг. Гэтэл тэр хүмүүсийн амьдарч байсан ахуй, цаг хугацаа, тэр хүний мэдрэмж, зүрхний цохилт, судасны лугшилт, сэтгэлийн шаналал, баяр, гунигийг энэ орон зайнаас мэдэрч чадах мэдрэмж, авьяастай байж хөрөг бичнэ. Тэр хүний тухай судлаад, олсон баримтаа задлан шинжилж, яаж уянгын, эмгэнэлтэй, аз жаргалтай, сэтгэл хөвсөлзүүлсэн баяр хөөртэй болгож бичих вэ гэдэг авьяас, мэдрэмжийн сүлэлдлэг юм.  

Б.Энхцэцэг торгон мэдрэмжтэй. Миний хувьд, мэдрэмж гэдэг авьяасаас илүү зүйл. Мэдрэмж бол хүнд заяагдаж болох дээд боломжуудын нэг. Инээж байсан ч цаанаа аз жаргалтай инээд үү, гунигтай инээд үү, цөхөрсөн инээд үү гэдгээрээ ялгаатай. Хашхираан байлаа ч гэсэн бахардсан хашхираан уу, гунигийн хашхираан уу, аймшгийнх уу, эсвэл аз жаргалынх уу гэдгийг мэдэрнэ гэдэг баргийн хүнд заяадаггүй том өгөгдөл. Б.Энхцэцэгийн зан характерт тийм өгөгдөл бий. Тийм учраас энэ хүний мэдрэмж уран бүтээлд нь гарч ирдэг". 

Г.Золжаргал: Мэргэжилдээ үнэнч сэтгүүлч гуйвалтгүй, шаардлагатай үнэнийг бичдэг

Мэргэжлийн сэтгүүлч бүтээлдээ яаж хандах вэ гэсэн шаардлагыг хангаж байгаа учраас түүний бичсэн хөргүүд өнөөдөр үнэ цэнтэй байна. Өнөөдөр үнэ цэнтэй биш бол хожим үнэ цэнтэй болно.

Харин Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Золжаргал дараах зүйлийг онцлов.

"Би Б.Энхцэцэгийг ямар амьтантай адилхан байж болох вэ? гэж бодсон. Хорин жилийн өмнө жирхтэй төстэй санагддаг байлаа. Тэр үед мэдээ, сурвалжилгад зогсолтгүй гүйдэг байсан. Арваад жилийн дараа самар цөмж байгаа хэрэм шиг санагддаг болсон. Мөчрөөс мөчир рүү сэдэв хайж явах хэрэм шиг. 

Би Б.Энхцэцэгийн бүтээлүүдийг залуу байхаас нь уншдаг, хэлэлцдэг, ярьдаг байсан. Одоо бол түүнийг мэргэжлийн сэтгүүлчдийн тэргүүн эгнээнд яваа гэж итгэдэг. Мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт үр бүтээлтэй, хамгийн идэвхтэй ажиллаж байгаа сайн сэтгүүлч бол Б.Энхцэцэг. Яагаад гэхлээр тэр “Өнөөдөр” сонины их том дэг сургуулиар дайрч өнгөрсөн. 

Мэргэжилдээ үнэнч юм. Алдар нэр, мөнгө, хувийн сонирхол гээд юугаар ч мэргэжлээ солилгүй өдийг хүрчээ. Уран бүтээлийнхээ ид өрнөх үед л ном гаргалаа. Энэ бол тайлангийн эхний шат нь юм.

Б.Энхцэцэгийн хөргүүд судалгаа сайтай. Тухайн хүний туулж өнгөрүүлсэн юм уу, одоо хийж, бүтээж байгаа бүхэн худлаа, зохиомол биш үнэн байдаг. Мэргэжлийн сэтгүүлч бүтээлдээ яаж хандах вэ гэсэн шаардлагыг хангаж байгаа учраас түүний бичсэн хөргүүд өнөөдөр үнэ цэнтэй байна. Өнөөдөр үнэ цэнтэй биш бол хожим үнэ цэнтэй болно. Яагаад гэхээр мэргэжилдээ үнэнч сэтгүүлч гуйвалтгүй, шаардлагатай үнэнийг бичдэг".

Би хүний хувь тавиланд итгэдэг. Хувь тавилангаа үүнээс хойш эрхшээх нэгэн бяцхан цэгт ирэн иртлээ, бүр дээр нь яг таг зогсоод авсан хойноо ч үргэлж тэлчилж байгааг нь мэдэхэд надад таатай байдаг. Аан, амьдрал гэдэг чинь энэ юм байна шүү дээ гэж бодохоор хүйтэн харц, хиртэй гараар хөндөмгүй хайран. Тийм хайран зүйлийн орон зайд хүн өөрийн үнэр, амтыг үл нэвчээх хуудуугүй хөндлөнд оршихоос бусдаар ямар ч эрхгүй болдог юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.