Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Азийн наадмын 10,000м-ийн гүйлтийн зайд хурд сорилоо. Тэрбээр үүнээс өмнөх сүүлийн хоёр Азийн наадамд дараалан марафон гүйлтээр “Шилдэг тав”-д шалгараад байв. Тодруулбал Инчёний Азийн наадамд дөрөвдүгээр байрт, Жакартад тавдугаар байрт орсон билээ.
Харин "Ханжоу 2022" Азийн наадмын 10,000м-ийн зайг 30 минут 57.71 секундэд туулснаар 10-р байрт шалгарчээ.
Тус төрөлд Бахрейны тамирчин Бирхану Балью түрүүлсэн юм. Тэрээр таван жилийн өмнө Жакартад 5,000м-ийн зайд Азийн наадмын аварга болсон тамирчин.
Б.Сэр-Од өнөө жил хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцсоноор 42 км 195м зайн марафон уралдаанаар 11 удаа дараалан дэлхийд өрсөлдсөн түүхэн амжилтад хүрсэн. Өмнө нь арван удаа ДАШТ-д марафон гүйлтээр оролцсоноор түүний амжилт Гиннесийн номд тэмдэглэгдээд байсан юм.
Харин “Ханжоу-2022” Азийн наадмын албан ёсны цахим хуудаснаа нийтлэгдсэн ярилцлагадаа "2024 оны Парисын Олимпод “зодоглоод” их спортоо орхиж дасгалжуулагчийн албанд шилжих зорилготой байгаа" гэжээ.
Ирэх жил тэрбээр зургаа дахь олимпын наадамдаа оролцоно. Ингэснээр марафон гүйлтийн төрлөөр хамгийн олон удаа олимпод оролцсон гүйгч болж дэлхийн спортын түүхэнд нэгэн шинэ амжилтад хүрэх учиртай.
Тэрбээр мөн 10-р сарын 4-нд Азийн наадмын 5,000м-ийн уралдаанд гүйнэ.