"Сэр сэр салхи" нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл хэдий ч тэрээр аль хэдийнэ Венецийн хоёр арслангийн эзэн болоод байгаа билээ. Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нээлтийн бүтээлээр сонгогдон анх монгол үзэгчдэд хүрсэн тус бүтээлийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл анх удаа кинонд гол дүр бүтээгээд Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй гол дүр шагналыг авч чадсан байна.
2. Киноны гол дүр “ЗЭ”-гийн нэр Зоригт овогтой Эрдэнэ гэсэн овог нэрний товчлол юм.
3. Найруулагч П.Лхагвадуламын анхны богино хэмжээний киноны гол дүрийн эмэгтэйн дүрд тоглосон найруулагч, жүжигчин М.Аззаяа "Сэр сэр салхи" кинонд жижиг “cameo” дүр бүтээсэн.
4. Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүндтэй "Screen Daily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр П.Лхагвадуламыг нэрлэжээ.
5. Киноны зураг авалтыг 2022 оны 9-12 сард Улаанбаатар хотноо хийсэн бөгөөд зураг авалтад Монгол, Франц, Португалийн нийт 80 гаруй уран бүтээлчид ажиллан, 200 гаруй гол ба туслах дүрүүд, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутнууд оролцон тоглосон.
6. Киноны туршид яг гурван удаа хангай дэлхийд цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ нь найруулагч П.Лхагвадулам эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө өргөж буй ерөөл юм.
7. Киноны "casting" буюу дүр сонголтын явц хоёр жилийн хугацаанд үргэлжилж, жүжигчин А.Номин-Эрдэнэ Маралаагийн дүрд тоглохын тулд хоёр жилийн турш бэлдсэн.
8. ЗЭ-гийн аавын дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Ганзориг нь өөрөө бөө гэдгийг та мэдэх үү? Кино зураг авалт эхлэхийн өмнө кино баг Ц.Ганзоригийн онгод тэнгэрт бүтээлээ даатгаж, зам мөрөө засуулж байсан байна.
9. Кинон дээр гарах бүх бөөтэй хэсгийг жүжигчин Б.Тэргэл өөрөө тоглож бүтээсэн. Тэрээр өмнө нь бөө дээр очиж үзээгүй байсан ба бөөгийн ёс заншилтай холбоотой дүрийн судалгаагаа интернэтээр хийжээ.
10. ЗЭ, ЗЭ-гийн эгч хоёрт мэргэжлийн аман хуурын багшаар хуур татахыг заалгасан. Кинон дээрх аман хууртай хэсгүүд мөн тэдний бодит тоглолт юм.
11. Зураг авалт болсон 2022 он цас багатай өвөл болж байсан тул зарим гэр хорооллын гадаах сцен дээр компьютер графикаар цас нэмжээ.
12. Маралаагийн дүрийг бүтээсэн жүжигчин А.Номин-Эрдэнэ бол жүжигчин С.Ариунбямбын охин билээ.