Энэ жилийн гуравдугаар сард Японы нийслэл Токио хотын Икэбүкүро дүүрэгт нэгэн том зэвсэгт дээрмийн хэрэг гарсан билээ. Тус дүүрэгт амьдардаг бизнес эрхлэгч хятад эрэгтэй, эмэгтэй хоёр хэргийн хохирогч болсон бөгөөд найман хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттай гэмт бүлэглэл тэдэнд халдсан юм. Орон сууцны компанийн ажилтнуудын дүр эсгэж, байрт нэвтэрсэн хэрэгтнүүд 1 сая иэн, зөөврийн компьютер зэргийг дээрэмдээд зугтжээ.
Японы Цагдаагийн газраас бүлэглэлийн толгойлогчийг энэ сар баривчилснаар найман хэрэгтний нэр бүгд тодорхой болсон. Харин хэргийг гардан үйлдсэн таван хүний гурав нь Монголын иргэд байжээ. Монголчуудын нэг нь гэмт хэрэг үйлдэж байх үедээ хятад хохирогч эрэгтэйд хутгалуулж, газар дээрээ амиа алдсан бол үлдсэн хоёр нь гуравдагч орноор дамжин, Монголд зугтан очоод байгаа гэнэ. Тэднийг олон улсад эрэн сурвалжилж эхлээд байна.
Японы хэвлэлд бичсэнээр тэд 2019 онд Японд ирсэн, 2023 оны 3-5 сард оршин суух визнийх нь хугацаа дууссан байжээ. Бүгд хорь орчим насны залуучууд ажээ. Японы Цагдаагийн газраас тэднийг бие даан хэрэг үйлдээгүй, хэн нэгний удирдлаганд ажилласан гэж үзэж байсан бөгөөд мөрдлөгөөр толгойлогчдын нэг нь “Хятад луу” бүлэглэлийн гишүүн байсан байж магадгүй байна. Энэ бүлэг нь дэлхийн дайны өмнө Манжуурт очсон япончуудын үр удам бөгөөд дайны дараа Японд эргэн ирж чадаагүй үлдсэн хүмүүс юм. Монгол залуучууд энэ бүлэглэлийн эрхэнд орсон байх магадлал өндөр байгаа юм.

