UBLife Logo
Амьдралд ойрхон зөвлөгөө

Таны жинг нэмдэг таван шалтгаан

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Таны жинг нэмдэг таван шалтгаан

Шинэ жилийн баяр ойртож, бүсгүйчүүд турж, гоолиг болохоор бэлтгэлдээ хэдийнэ оржээ. Байн байн жингээ үзэж, грамм болгоныг бүртгэх нь холгүй байдаг цаг ирлээ. Гэвч хэчнээн зөв хооллож, спортоор хичээллэсэн ч жин хасахгүй, таргалаад байна уу? Өглөө босоод жин дээр зогсоод гайхан, зог тусаж байна уу? Яагаад? Ямар ч завгүй, өвдөг сөхөртөл ажиллаад, шар айраг ч уулгүй бүтэн сар тэссэн биш бил үү?

Идсэн хоол хүнс, хийсэн спортын дасгалаас үл шалтгаалан, хүний жинг нэмдэг хэд хэдэн учир шалтгаан байдаг. Ингээд таныг гоолиг болоход тулгарч байгаа таван “дайсныг” танилцуулья.

1, Нойрны дутагдал

Байнга нойр дутуу байх нь хүнийг ядраахаас гадна жинг нь нэмж орхидог гэж байгаа. Эрдэмтэд нойр, хүний тарга тэвээр хоёрын нарийн уялдаа холбоог тайлж мэдээгүй байгаа ч тодорхой ганц зүйл нь унтахгүй байна гэдэг юм идэх цаг урт байна гэсэн үг. Унтлагын нарийн хуваарьгүй байх нь хүний биед лептин хэмээх хоолны дуршил дардаг бодисын оронд өлсгөлөн мэдрэмж төрүүлэгч грелинийг бий болгодог. Тиймээс ажил дээрээ удаан суудаг хүн амттай, тостой зүйл идэхийг хүсдэг байна. 

Яах вэ? Цагийн хуваариа чанд сахиж, тогтмол цагт унтаж, сэрдэг болоорой. Унтахын өмнө ор дэвсгэрээ цэвэрлэж, унтахаасаа хоёр цагийн өмнөөс хоолоо орхиж, цахилгаан хэрэглэлүүдээ унтраа. Үдээс хойш кофе уугаад хэрэггүй.

2, Байнгын стресс

Та өөрөө анзаарахгүй байж болох ч ажил дээрх элдэв маргаан, илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах, хувийн амьдралд учирсан асуудлууд хүний жинд шууд нөлөөлдөг. Учир нь хүний бие болзошгүй аюулд урьдчилан бэлтгэхээр зохицуулагдсан байдаг. Стрессийн гормон болох кортизол тархинд “асуудал тулгарлаа, амьд гарахыг хичээ” гэсэн дохио илгээнгүүт хүний бие хамгаалалтад орж, хар өдөрт зориулан, өөх тосоо нөөцөлж эхэлдэг байна. 2018 онд АНУ-ын эмч нар кортизолыг хүний илүүдэл жинтэй шууд холбоотой болохыг тогтоосон юм. Үргэлж ачаалал дунд байдаг хүмүүс цагийн хуваарь сахих гэж байдаггүй, замбараагүй идэж, унтдаг нь жин нэмэх шалтгаан юм. 

Яах вэ? Нойрны дэглэм барьж, бэлтгэлээ таслалгүй, өөртөө амттай, ашигтай хоол хийж сур. Хамгийн чухал нь сэтгэлээ удирдаж, стресс тайлах арга, бясалгал хийх хэрэгтэй. Энэ аргуудыг хэрэглэсэн хүн жингээ маш хурдан хаядаг нь сэтгэл судлаачдын шинжилгээгээр нотлогдсон байна.  

3. Ходоод, гэдэсний асуудал

Хоол шингэхгүй байх, өтгөн хаталт зэрэг ходоодны эмгэг жин нэмэх бас нэгэн шалтгаан болдог. Ходоодны ашигтай бактер болон муу бактерийн тэнцвэр алдагдаад та таргалж байгаа хэрэг. Хиймэл амтлагч муу бактер үүсгэдэг юм шүү. 

Яах вэ?  Өдөр тутмын хоолондоо ашигтай бактер агуулсан хоол хүнс, ялангуяа исгэсэн хоол хүнс хэрэглээрэй. Эмчтэй зөвлөж, хоолны дэглэмээ өөрчил.

4. Витамины дутагдал

Магни, төмөр, D витамины дутагдал нь хүний дархлааны системийг сулруулж, бодисын солилцоог удаашруулан, хүний биеийг эрч хүчгүй болгодог. Ядарч байгаа мэт санагдах тул та спортоор хичээллэхээ больж, кофе, шоколад гэх мэт амттан хэрэглэмээр санагдаад ирнэ. Ингээд таргалах нь ойлгомжтой. 

Яах вэ? Самар, хөц будаа, бууцай, хушга зэрэг төмөр, магнитай хүнс хэрэглээрэй. Өвөл болж, нарны илч багассан тул D витаминыг эмийн сангаас авч уу. Гэхдээ эмчийн зөвлөгөөг аваарай, учир нь хэт их D витамин хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсгэдэг гэмтэй.  

5. Амьдралын хэв маяг

Амьдралын хэв маяг бага зэрэг өөрчлөгдөхөд л жин нэмэгдэж, хасагддаг гэдгийг хүмүүс анзаардаггүй. Жишээ нь, та орой болгон зугаалдаг цэцэрлэгт хүрээлэнтэй дүүргээ орхиж, шинэ байранд ороод, буйдан дээрээ хэвтэх, эсвэл өдрийн хоолны дараа кока-кола уудаг зуршилтай болоход л хэдэн долоо хоногийн дотор харвинтай болно. Согтууруулах болон гаазтай ундаа жин нэмэх шууд шалтгаан.

Яах вэ? Хоолны зөв дэглэмдээ буцан орж, юу идэж, ууж байгаагаа өдрийн тэмдэглэлдээ нарийн бичээрэй. Ийм хяналтын ачаар та Шинэ жил гэхэд туранхай, гоолиг болсон байх учиртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.