UBLife Logo
Ном

С.Баатарцогт | "Хомоол түүгчид" өгүүллэг

У.Чинзориг
У.Чинзориг
С.Баатарцогт | "Хомоол түүгчид" өгүүллэг

Уран зохиолд шимтэгч уншигчдадаа зохиолч, СУИС-ийн Утга зохиолын багш Сайнбилэгийн Баатарцогтын шинэ бүтээл "Хомоол түүгчид" өгүүллэгийг хуваалцаж байна. Тэрбээр “Салхины үүсэл” /2016/ жүжгийн түүвэр, “Цохилж эхлэв” (хамтын бүтээл) өгүүллэгийн түүвэр, “Цасан хуй” /2022/ тууж, "Нохойн жиг" /2023/ тууж хэвлүүлсэн бөгөөд Тагтаа утга зохиолын шагналын хүүрнэл зохиолын төрөлд “Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу” өгүүллэгээрээ шилдэг оролцогчоор шалгарч байсан билээ.


Сайнбилэгийн Баатарцогт

ХОМООЛ ТҮҮГЧИД

Төрсөн нутгаа зориход уул гүвээ, саад тотгор их, балчигтай замаар дүүрэн. Олон жилийн дараа нутаг буцах тохиол минь заавал хэн нэгнийг үдэх гунигт мэдээг сонссон даруйд таарав. Энэ бүхнийг тохиохоос өмнө хот газар төвхнүүлж буй амьдралаасаа түр ч атугай хөндийрөөд төрсөн нутгаа зорьж болох байсан шүү дээ. Аян замын турш үе үе мөчлөг дурсамжуудаар тархи минь дүүрч, заримдаа юу ч үгүй мэт шавхагдсаар шалчийж байлаа. Уулзаж амжаагүй учиг бүхний цаана энэхэн хувь тавиланг зүхнэ. Бүхнийг эхнээс нь эргэцүүлэхэд өөрийгөө зүхэх ёстойгоо л сайн ухаарна. Ийн бодох ахуйд хүүхэд насны хамгийн нандин мөчүүд санаанд тодорлоо. 

***

Ядуу тарчиг амьдралын эх ундарга минь ямагт урагшаа тэмүүлэх атаа хорсол, цуцашгүй эрч хүчийг өдөөдөг байжээ.  

Хөвүүн байхдаа хаврын даржин өдрүүдэд хоосон ходоодныхоо хийг сонсож, нугас нь нумарчихсан хашааны хаалгыг салхи хөдөлгөхийг ажиглаж зогсдог сон. Сэтгэл санаа ч ганх. Гиюүрэл дээд цэгтээ хүрэхэд амандаа дуу аялж үзнэ. Дуу бүрийн дахилтыг нь дуулчхаад өөр нэг дууны тод санагдах мөрөөс хэмнэлээ алдахгүйн тулд шууд эхэлнэ. Хөөрөн жингүйдэх үедээ нүдээ аниад дүлгэнэсэн тэнгэрийн цасан цацалга шиг дороо аажуухнаар эргэлдэнэ. Тархины минь хийрхэл хоосон орон зайд сэлгүүцэж байхад өөрийн эрхгүй хоёр хөл чилээд дорхноо ядарч буйг минь илтгэнэ. Биеийн хүч, тархины хүч хоёр өөр цэгт огтлолцдог гэдгийг тэрхэн үедээ там тум ойлгоно. Хашааны хаалганы хангинах дуун салхины савалтаас өөрөөр чанга сонсогдсоны дараа авга ах манайд орж ирлээ. Элбэг дээлээ илүү тавихуун харагдуулахаар хөөргөн бүслэхдээ урд, хойд хормойгоо төө илүү зөрүүлжээ. Жаахан тонгойх аваас урд хормойныхоо үзүүрээс тээглэх вий. Тэгширч суугаад ч бэлэг эрхтнээ харж чадахгүй урагшаа түрэх уужим гэдэс, гуяны зузаан мах, хоёр суганы цаанаас унжих жингийн илүүдэл зэрэг нь газар хэр хүчтэй унахыг бэлхнээ харуулна. Газар унахаасаа илүү босоо алхахдаа тэнцвэртэй байдлыг чухалчилдаг түүнийг хөнгөн бэртэл тойрохгүй. Хүрэнтэх нүүр, орсгой дорсгой шар шүдээ нуулгүй тачигнатал хөхрөх дүр төрх нь мэдлэг боловсролгүй гүндүүгүй эрчүүдийг илтгэх боловч дотор хүн нь амьдралын төлөө тууштай тэмцэгч юм. Мэдлэг дулимагхан гэж өөрийгөө нэрийдэх ч газар тариалан, ургац хураалтын ажилдаа сумынхаа хэн хүнээс арвин туршлагатай. Шорооноос ургаж, шороонд булагдана гэх байгалийн жам ёсны цэцэн үгийг авга ах минь эдлэх хувьтай цорын ганц хүн. Түүний ээж тариалангийн талбай руу амаржих өдрөө аяганы амсар зуулгах санаатай тунтарч яваад хөх тэнгэрийн уудамд, хөвөх зэрэглээний тэрхэн чөлөөнд хүн төрөлд тооцогдох авга ахын анхны дуу хаджээ. Тухайдаа тариачин өвгөдийн хуучин заншлаар түүнийгээ аав, ээж нь жинхэнэ ажилчин хүн болно гэж бэлгэшээжээ. Би авга ахыгаа харах тоолонд болгоомж, аюулгүй байдлын санамжууд цээжинд бүлэгнэх нөжир цэр хоолойгоо давах гэж зүтгэх шиг намайг зовуурьтайгаар ёворно. Би өөрөө тийм хянуур хүүхэд биш ч түүний бүдүүн бааргаасаа болж гэмтсэн тохиолдлыг нь бишгүй дээ харсан. Амь насаа эцэслэх хүртэл энэ зангаа гээхгүйг нь сайн мэдэх ч цаг хугацаанаасаа өмнө үхлийнхээ урдаас гүйчих вий дээ гэж дотроо халаглана. Авга руугаа уурлаж, заналцаж, учирлаж нэг хэлнэ. Миний хэлэхийг сонсоод мар мар инээж л байна. Инээх нь цурам намжаагүй үглэлийн минь эцэслэл. Намайг хараад “Эгдүүтэй, элдэвтэй дүү минь” гэж байнга хэлдэг угтвар үгээ хэлээд: 

-Хахир хаврын зудад хэн хүнгүй мөргүүлж байна. Малчид малаараа газар мялааж, тариаланчид газраа хөх тэнгэртээ өргөл барих нь... Энэ хавар ахдаа ганц туслаач. Том хүү маань туст орох хаа ч байлаа. Бас эхнэр амаржих дөхөөд энэ жилдээ гар хөлийн үзүүрт тусалж чадахгүй нь ээ. Ходоодыг чинь хоолоор дүүрэн явуулъя даа. Ахад нь өөр өгч чадах юм байх биш гэхэд хоол гэсэн үгэнд миний хүч чадал нэмэгдэх шиг болоод дууны өнгөө өндөрсгөв.  

-Би яаж туслах билээ. 

-Хоёулаа адууны хомоол түүнэ. Өмнөхөөсөө илүү чангаар дуугаа өндөрсгөж, духныхаа үрчлээг атиралдуулаад “Хомоол түүх ээ!” гэхэд:  

-Хомоолоор ногоо тарих нойтон хөрсөө бордоно. Ногоо тарихын өмнөх бэлтгэл ажил. Тунадас ихтэй ийм хүйтэн хавар нар наашлахыг хүлээгээд суувал ургац хураалтаар тэнүүлч салхиар л хэл, амаа долоолгож мэднэ.   

-Хаанаас түүх үү? 

-Хурдан морь уядаг, адуу тэжээдэг айлын хашаагаар хэрэн хэснэ. Адууны ахиухан шивх өөр хаанаас ч олдохгүй гэв. 

Бидэн хоёр эхний хэд хоногтоо хүрз, тармуурынхаа ишийг хүүдий шуудайгаараа ороочхоод хоосон гуяа ганзагалаад авга ахын урьдаар хэлсний дагуу хэрэн хэсүүчлэв. Ганц хоёр хурдан морь, өеөдсөн сарвай, хээлтсэн гүүгээ ногоон өвс, хивгээр тэжээдэг айлуудын шивээ үзэх юмгүй цэвэрхэн байлаа. Ходоод татуу ойр хавын хонь мал хошуу уралдан дайрсаар идчихдэг тухай ард зон бидний урдаас хариу дэвсэнэ. Би авга ахаас гайхан асуухад:

-Адуу ч амин тэнгэртэй амьтан. Нэмэлт тэжээлд орсон адууны ялгадас нь хүртэл амттай, тэжээлтэй. Одоохондоо өнжүүл өвсөөр өл залгуулах мал сүрэгт олдохгүй эрдэнэ л дээ гэнэ. Дахиад ч хэд хоног хоосон шахуу холхив. 

-Газраа харлуулахгүйн тулд дүү минь нарийн арга бодох хэрэгтэй. Ингээд бодохоор хүн ходоодоо цатгах гэж л хөдөлмөрлөдөг юм шиг байгаа юм гэж удаах өдрөө зохист сургаалаа айлдаад сумаасаа ганц тодорч, товойсон улсын тод манлай уяачийг зорилоо. 

Уруул минь осгоруутаж, сүүлдээ долоосоор хагалж орхилоо. Нүүр хуурайшчихаад татвалзах ч уруулынх шиг илт хөндүүр алга. Бидэн хоёрыг очиход малгайныхаа урт улаан залааг унжуулсан хижээл насны хүн урдаас угтлаа. Хэлж, ярих нь хэлээ зажилчихсан мэт удаан бөгөөд тэр л үгсээ тархиныхаа угаас биш гэдэснийхээ хийгээр хүчлэн дуугарах шиг хэгжүүн, хөндий хүйтэн. Бараа төрхөөрөө гайхуулах гэсэн мэт урт дээлийнх нь цаанаас баацгар хөл нь даруй мэдэгдэнэ. Бид хоёрын хувцсыг байнгын адуу шинждэг нүдээрээ эргэлдүүлж харснаа:

-Ахдаа хариу шангаа өгчих гэж хэлэв. Авга ах паржигнуулан:

-Юу сан билээ. 

-Хэдэн зоосоор гар мялаачих. 

-Тэр бололгүй дээ. Бид хоёр өглөө бүр даахынхаа хэрээр хомоол түүе. Та харин бусад хүнд хүртээлгүй, хонь малд идүүлэлгүй шиг хамгаалж байгаарай гээд надаас зориуд холдонгуутаа өврөөсөө хэдэн мянгатын дэвсгэр тоолж өглөө. Улсын аварга адуучин, алдарт уяач холдон одохдоо над руу зориуд жуумалзаад:

-За, хомоол түүгчид минь. Хомоолоо түү, түү гэж хэлээд эзэмшил газрынхаа энгээр гараараа зангалаа. Авга ах тэр л үгсийг сонссонгүй бололтой. Тэрээр зөвхөн надад зориулж зөөлхөн хэлсэн юм уу? Уур минь хормын дотор дүрэлзэх ахуйд хүд хүд инээгээд холдон одлоо. Амьсгаагаа дээр дээр оволзуулан, шүдээ зуучихсан харж зогсохдоо:

-Хөлгүй баян хүн бид хоёрын хэдэн төгрөгөөр юугаа хийх вэ дээ гэхэд:

-Хүн алдарших, шуналдах хэцүү. Өөрийгөө мөнгө үйлдвэрлэгч шиг болгочихдог юм, хөөрхий гэж эвийлээд авга ах толгой өндийлгүй хомоол түүх ажилдаа орлоо. Би ч ханцуй шамлаж зогсохдоо:

-Хамаг мөнгөө үрэн таран хийж хомоол түүх хэрэг байна уу даа гэж унтууцахад:

-Өнөөдөр үрэгдэвч, намар хураагдана. Ногоочин хүн хамгийн муудаа жил дамнаж сэтгэх хэрэгтэй. Миний дүү харин шатарчин шиг сэтгэж амьдар... Шатрын өрөг дээр долоон нүүдлийн цаанахыг харах шаардлагатай болдог... Бүр ухаан чинь дутвал уулыг бүргэд шиг хэжиж, талыг тас шиг нэгжиж идэш тэжээлээ залгуулдаг өлсгөлөн араатан шиг амьдар... Ах нь яах вэ, хар шорооныхоо хөрс дээр л таваргах жамтай гээд хүд хүд инээгээд урагш уухайлан дайрав. 

Хашаа дүүрэн багшруулах тэжээлийн адуунууд хоосон саваа долоох нь долоож, тэжээлдээ жигдрээгүй хэдэн үрээ бид хоёроос үргэж, холдоно. Их үд хүртэл хомоол түүлээ. Үдээс хойш тариалангийн талбайд хүйтэн шаварлаг хөрсийг адууны хомоолоор бордоно. Сумын төв гудмаар хоёр, хоёр шуудай мөрлөчхөөд урагшилна. Сүүлдээ сумын хүмүүс бүр андахаа болив. Хаа ч таарсан хүүхдүүд “Хомоол түүгчид” гэж хочилно. Нидэр дээрээ хүүхдүүд хочилж байгаа болохоос биш түүний цаана хэн нэгэн зааж өгсөн нь ойлгомжтой байлаа. Хор шар минь буцалж, хэлэх тусам хэнэг ч үгүй шуудайгаа үүрээд бүр ихээр дуу чимээтэй алхана. Авга ах над руу хялам хийгээд:

-Муу дүүгээ л чирчихлээ. 

-Та ичихгүй байна уу гэж би хариу дэвсэхэд:

-Талбайгаа л бордож байвал болоо. Ховрын юм одоо хаанаас ч олдохгүй. 

-Би ч гэсэн. Бидний ажил бүтэж байвал болох нь тэр гэхэд хөрсөнд хутгалдсан толгойг минь өөртөө наагаад паржигнатал инээв. Авга ахыг инээхэд нь дорсойсон шар шүднүүд нь салхи исгэрүүлж, өөр дуу авиа сонсогдуулна. Өглөө бүр хомоол түүхээр очно. Очих болгонд “За, хомоол түүгчид минь тавтай морил” гэж наалинхайдаж угтана. Нэгэн удаа намайг унтууцахад:

-Юундаа уурлав. Та хоёр чинь хомоол түүх гэж ирсэн нь үнэн биз дээ гэж үгээ сунжралдуулна. 

Түүний үгийг эс тоон авга ах ажилдаа шуурхайлав. Гомдол, зэвүүрхэл, тунирхлаар дамжуулж түүнд ганц хариу үйлдэл үзүүлээгүй тул уур уцаар дүүрэн хүн биднийг орхин одлоо.  Маргааш нь бүх хашаа хотоо мөлчийтөл цэвэрлэчихсэн байлаа. Авга ах дуугүйхэн харж зогссоноо:

-Хоёулаа хогийн жалга явъя. Хомоол түүе. 

-Би чадахгүй. 

-Өнөөдрийн хувьд хомоол түүх нь чухал байна. 

-Бид хоёроос өөр хэн ч талбайгаа арчлахгүй байна шүү дээ. 

-Тэд тэр хэмжээгээрээ л ургацаа авна. 

-Хоёуланд нь хангалттай юм биш үү? 

-Ах нь дүүгээ хол газар явбал чадахаараа хүнсийг чинь залгуулж байна гэж арга ядан ам өглөө. Би ч дурамчхан дагалаа. Хогийн жалганы тэг дунд хэдэн машин хомоолоо, хог хогшилтой холиод хаяжээ. Бид хоёр жинхэнэ хогон дундаас ялгаж, салгаж түүлээ. Хоёр өдөр уйгагүй түүсний хүчинд авга ахын тааллаар бүх газраа бордож дуусав. Тэр оройноо бие минь шөнөжин халуурч, биеэр улаан юм туурлаа. Толгой өндийх ч тэнхэлгүй байхад тэр даруй хот газар бараадаж эмчлүүлэх тухай мэдээ хүргэгдэв. Мээсийтэл инээж байдаг авга минь дуугаа хураачхаад надаас үг өдөх бүрдээ өөрөө уйлчих гээд байгаа нь хоолойных нь өнгөнөөс сонсогдоно. Харц минь бүүдийгээд харалган хүн шиг л хайртай хүмүүсийнхээ дулаан гарыг тэмтэрч байлаа. Авга ах минь эвэршиж, хатуурсан гараараа бариад:

-Ах нь дүүгээ арай л их зовоочихлоо гэж хэлээд удаанаар шүүрс алдав. Шаналал, биеийн зовуурь, сэтгэлийн шархыг минь “Арай л их зовоочихлоо” гэх тэр үгс л харин дулаацуулж байлаа. 

***

Хэд хоногийн дараа хөл хөдөлгөөн ихтэй хотын буйд мухар, давчуухан өрөөнд сэрлээ. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэдэг нь тэр болжээ. Биеэ тэнхэртэл эмнэлгийн мухарт шигдэв. Бидний хувь тавиланг бусад хүн шийдчих нь даанч гаслан. Толгой өндийж, тэнхрэнгүүт ажиллах газар, амьдрах орон байрыг минь хотод байдаг ойр, холын хэдэн хамаатнууд бэлджээ. Эх нутаг, элгэн садантайгаа учрах эрхийг минь миний сайн сайхны төлөө тасалжээ. Хэндээ ч гомдох билээ. Хэдэн сар ажиллачхаад өөрийн гэсэн бэл бэлчинтэй болоод нутгаа зорих ухааны юм бодож байлаа. Өөрийн гэсэн мөнгөтэй, орлоготой хэний ч дор оролгүй, хомоол түүгч гэж хочлуулахгүй, доромжлуулахгүй тэнэгэр л байлаа. Сохор зоосны солиогүй явсан надад мөнгөний үнэр, мөнгөөр бүхнийг үнэлэх үнэлэмж эхэндээ солиоруулам байлаа. Ахиухан мөнгө олохын тулд цаг наргүй ажиллана. Өдөр шөнийг умартан өөрөөсөө хүртэл харамлаж, өрөөл бусдаас илүү гарахын төлөө хөлс хүч, хором бүрээ зориулж байлаа. Хийж үзээгүй ажил ч үгүй боллоо. Хар бор, хатуу хүтүү ажилдаа аажимдаа дасаж орхих нь тэр. Нутаг орондоо өөрийн гэсэн эдлэн газартай, өөрийн гэсэн хөлөглөх унаатай очно гэсэн ам өчиг намайг дотроос минь холгосоор, нутгаа зорих хүслийг минь хойшоо гилсээр... Ядуу тарчиг юу ч үгүй орон зайг мөнгө, шуналдах хүсэл мөрөөдөл минь дүүргэнэ. Үнэндээ дүүргэх хэдий ч үргэлжийн дутуу дулимаг санагдсаар байлаа. Яг үнэндээ надад бүх зүйл байсан. Миний атаа хорслоор өдөөгдсөн шунал намайг дутуу мэт амьдруулсаар ирсэн юм. 

Хүнд бэрхийг туулж хүсэл мөрөөдөл минь аажимдаа хөсөр хаягдаж гүйцсэн байхад сэтгэл санааг минь эмтлэх зүйл намар бүр наашаа илгээдэг авга ахын шуудай төмс, шуудай байцай, шуудайны дундуур манжин, бас бус зүйлс, “Миний дүүгийн ач гавьяа шүү” гэж намайг өргөмжилж саруй муруй бичиглэсэн үгс болов. Би ах руугаа баярласан сэтгэлээ илэрхийлж хариу захиа дайна. “Хоёулаа нэг сайхан уулзах сан. Хоёулаа дахиад хаврын хахир цагаар хомоол түүх сэн. Хүмүүст адлуулж хомоол түүгчид гэж хочлуулах сан” гэж хуучны цагаа мөрөөдөж бичнэ. Авга ах захидлын минь хариуг уярал дүүрэн уншаад л мар мар гэж маасайтал инээж байгаа даа гэж дотроо төсөөлнө. Хамгийн сүүлд хэдэн шуудай төмс илгээхдээ “Ах нь гурван хүүтэй болсон. Дахиад ч хүү гараасай гэж хүсэж байна. Хүн л нэмэгдэж байвал хүний амьдрал утга учраар дүүрэн уйдах завгүй” гэж бичжээ. 

Гэвч өнгөрсөн бүхэн хэзээ ч эргэж олддоггүй аж. Үлдсэн насандаа түүнийг зүрх сэтгэлдээ төсөөлж амьдрах л үлдлээ. Би зовлонтой, аз жаргалтай ч энэ хором бүрээ хайрлах ёстойг ухаарна. Ийн бодох бүрийд ивлэсэн нулимс зүрхний гүн рүү урсах шиг болно. Цаг хугацааг нэхэн бодохуйд нүүр нүүрээ харалгүй таван жил өнгөрчээ. Даанч даанч... Яагаад ганц удаа очиж уулзаж болсонгүй вэ! Харин одоо дэврүүн зантай, жинхэнэ тэмцэгч авга ахыг минь хөрс шороондоо хучуулах дор нутаг руугаа зорьж явна. Надад байсан бүхэн алсарч, хад чулуу болон хувирлаа.

***

Авга ахын минь оршуулгад оролцохоор хол ойрын зайлшгүй ирж хүндэтгэл үзүүлэх ёстой бүх хүмүүс цуглажээ. Харин тэр хүмүүс дунд бидэнтэй ямар ч холбоо хамааралгүй ч хэдэн жилийн өмнө “Хомоол түүгч” гэж хочилж байсан улсын манлай уяач харц буруулан зогсож байх нь их содон харагдлаа. Надтай харц мөргөлдөх агшинд дахин харцаа бурууллаа. Намайг хүмүүсээс холдож зогсоход хүрч ирээд мэнд мэдэв. 

-Миний гэм буруутайг бүх хүмүүс мэдэж байгаа. Ахыгаа уучлаарай.

-Яг юу болсон юм.

-Хоёулаа хүмүүсээс дахиад жаахан холдоцгооё. Тэр хураасан түлээ дээр очиж сууя гэв. Намайг үг дуугүй алхсаар хүмүүсийн хараанаас хол хураалттай түлээний ард очиж суухад хажууд жаахан зайтай суулаа. 

-Би ан ав, хурдан морь хоёрт үнэнхүү дуртай нэгэн. Дур хүсэл, атаа хорсол гэгч заримдаа хүнийг эрүүлээр сэтгэхийг боомилдог бололтой. Одоо бодоход үнэндээ солиорч гүйцсэн байжээ. Тэр солиотой хүний үгэнд ордог ахаас чинь өөр гүндүүгүй, сайхан сэтгэлтэй, бусдын төлөө гэсэн хүн олдоогүй.

-Та авга ахыг яаж мунхруулсан юм.

-Манай нутгийн чоно багасаж, хээр талаар чоно үзэгдэхгүй болсон. Урд уулын модтой, хяр горзон ихтэй ууланд хааяа чонын мөр тааралдах болсон. Би анхны цас орсноос хойш анд мордсон ч ганц туулайгаар ганзага мялааснаас өөр гийсэнгүй. Миний хор шар буцалж, чоно авлахыг хорхойсож байлаа. Би бусад анчдаас үнэ хөөрөгдүүлж, дамын наймаачнаас арваад чонын хавх, сайн гэсэн хор болгоныг нь худалдаж авлаа. Чонын гүйдэл тааруулан хавх тавьж, хавь орчмоор нь хор цацав. Хавхаа долоо хоногтоо эргэнэ.  Улсын сайн анчид надад чонын хавхаа хүнд муна зүүгээд сул тавихыг зөвлөсөн юм. Би анчдын үгийг тохуурхаж “Тэгж явдал чирэгдэл болохгүй. Хавхтай чоныг хаа хүрсэн гэж араас нь дагах вэ? Бууны сум олонтоо норгосон би юу хийхээ сайн мэднэ” гээд зориуд уулын өндөрлөг газрыг сонгож, нэг модноос хавхаа үхлүүт уяв. 

-Чоно алахтай чинь авга ах ямар хамаатай гэж... 

-Миний энэ балгаас хамаг хэрэг эхэлсэн юм. Улсад хоёр удаа аман хүзүүдсэн “Донж хээр” азарга маань Таван асгатын эхэнд зэрэгцүүлж тавьсан хоёр хавханд урд хоёр хөлөөрөө орчихсон байлаа. Би хавханд орсон чоно хавхнаас гарах гэж урагшаа огло харайгаад зүтгэхдээ нөгөө хөлөө зэрэгцээ тавьсан хавханд оруулна гэж бодсон юм. Гэвч миний хурдан азарга урд хоёр хөлөө хавчуулаад тасрах дөхжээ. Хавханд ороод удаж, гарах гэж их зүтгэсэн бололтой хамаг тамираа барчихсан хөлийнх нь цус цастай холилдож хөлдөөд, сайн харвал шилбэнийх нь ясанд хүртэл төмрийн хурц ир шигдсэн байлаа. Би хавхыг салгаж, уулнаас буулгах гэж оролдсон ч шархандаа хөндүүрлээд урагшаа ганц гишгэсэнгүй. Түүний яриаг сонсох бүрд миний дургүй хүрч байлаа. Би “Тэгээд яасан гэж. Хурдан ярьж үз” гэлээ. 

-Намайг уулнаас буухад гадаа харанхуй нөмөрлөө. Сумын төвийн ачааны машинтай гэсэн бүх айлуудаар орж гарлаа. Би жолооч нарт хэлтэл “Донж хээр азарга хаана байгаа вэ? гэж асуусан. Намайг “Таван асгатын эхэнд” гэхэд:

-Хүн бол алтан амийг нь авармаар л байна. Адгуус юм чинь маргааш өглөөг хүлээх үү дээ. Өдөр ч явахад хэцүү замаар ямар зоригтой аавын хүү тийшээ зүглэх вэ? Маргааш болцгооё гэж ихэнх жолоочид татгалзав. Би сүүлийн итгэл найдвараа тээн, авга ахын чинь гэрийн хаалгыг татлаа.

-Донж хээр азарга улсын наадамд хэдэн жил тогтмол дээгүүр уралдаж, уул ус, нутаг орныхоо нэрийг гаргалаа. Биднийгээ баясгаж, аз жаргал эдлүүлсэн амьтанд одоо л туслах ёстой. Тийм сайхан амьтныг асралгүй хээр үхүүлбэл хүлгийн заяа гомдоно гээд намайг туслаач гэж гуйгаагүй байхад халуун хөнжлөөсөө ухасхийн босоод жавар тачигнасан шөнийн хүйтэн шалан дээгүүр хөл нүцгэн алхсаар гутал, хувцсаа өмслөө. Бид хоёр авга ахын чинь машинаар хунгар цасан дундуур хүчлэн, хад чулуун дээгүүр харайлгаж зүтгэсээр хавх тавьсан газрын ойрхон ирлээ. Цаашаа битүү унанги, хад асга үргэлжлэх тул машин явах ямар ч боломжгүй. Бид хоёр явган алхсаар азарга дээр очив. Авга ах чинь чонын хорыг алган дээрээ тавиад долоож байна. Намайг “Үхэх чинь дутаа юу! Боль” гэхэд миний үгийг ч тоосон шинжгүй амталж үзсэнээ: 

-Алгын чинээ хор долоогоод ч үхэхгүй шүү. Чихрийн амттай хор байна. Танай хүү хааяа хурдан моринууддаа чихэр амсуулж харагддаг. Хөөрхий, Донж хээр амт, үнэрээс нь болоод чихэр гэж андуураад ийшээ зүглэсэн бололтой. Дахиж битгий энэ хорыг хэрэглээрэй гэв. Бид хоёр Донж хээрийг машин руу дөхүүлэх болов. Би учраа олохгүй азаргаа тойроод алхаж байтал:

-Хөөрхий, азарга чинь хөл орно. Ахиж уралдах нь юу л бол. Гэхдээ хэдэн гүүн дээр харайх сайхан цаг ирэх байх аа гээд хүржигнэтэл инээв. Та чинь юугаа хийгээд тойроод бөмбөрөөд байна. Би цээжнээс нь өргөөд урагшилна та хажуугаас нь дэм өгөөрэй гээд азарганы өвчүү доогуур нуруугаа ивээд газраас хөндийрүүлэн өргөв. Түүнийг урагшлахад азарга ард хоёр хөлөө ээлжлэн гишгэнэ. Уулын уруу азарганы хамаг жин түүний нуруунд ачаалж, бүхий л чадлаараа өргөхөөр хөлсөө урсган зүтгэсээр байлаа. Би урдаас нь дэм өгөх төдий болов. Уулнаас бууж байгаад хоёр ч удаа халтирч, цас руу шурган уналаа. Золтой л азарганы дор даруулчихсангүй. Азаргыг өргөхөөр өндийхдөө “Буянтай амьтан шүү” гэж хэлнэ. Бид хоёр алхуулахдаа алхуулж, хамт гулсахдаа гулссаар, зарим газар нь өргөсөөр арайхийж машины тэвш дээр гаргалаа. “За, одоо хоёулаа халтиргаатай замаар уруудна. Уруудах нь мэдээж мацахаасаа хэцүү. Намайг дагаад гүйгээд байгаарай” гэв. Би уул руу уруудах машиныг дагаад гүйлээ. Аль болох араас нь татаж, чангааж гулсах машины эрчийг нь сааруулах гэж оролдоно. Машинаараа хэд хэдэн удаа мод мөргөлөө. Мод мөргөөд зогсохдоо “Муу машиныг минь сүйдлээд байгаа болохоос энэ мод миний амийг авраад байгаа байхгүй юу! хөөрхий” гэнэ. Би эндээ түр хүлээгээд үүр цайлгах тухай сануулсан ч миний үгийг тоглоом тохууны завсар хариулж үл тооно. Бид хоёр гэлдэрсээр уулнаас бууж, би ч жаахан тайвширлаа. Намайг машиндаа суухад дасал болсон замаараа цас бутарган хурдаа нэмэн давхив. Намайг хурдаа хасахыг дахин анхааруулахад “Хурдан очихгүй бол тэвшний хүйтэн төмөрт хайруулаад хурдан азарга минь мажийх нь байна. Хоёулаа хучих дулаан нэмнээ авахгүй гэнэдсэн байна шүү” гэсээр харанхуй шөнөөр хурдлан давхисаар байлаа. Бид хоёр харанхуй шөнө газрын баримжаагаа жаахан алджээ. Машины гэрэлд гэнэт сүрдэм хар юм тулаад авга чинь хурдаа сааруулаад, машины хүрдээ баруун тийшээ огцом эргүүллээ. Машинтайгаа алгуур гулсах мэдрэмж төрлөө.

-Гурвуулаа жалга руу унаж байна гэж хэлээд намайг хаалга руу хуу түлхлээ. Би хүчтэй түлхэгдсэнээс болоод машины эвдэрхий хаалганы түгжээ мултарч, гадагшаа шидэгдлээ. Машины гэрэл ойж буун, ямар нэг юм хүчтэй цохих чимээ гарахад “Донж хээр” тэвшнээс бас шидэгдэв. Би жалгын шуудуу руу чихэгдсэн машин руу яаран очиход авга чинь дөнгөж ухаантай үгүй байлаа. Тэгээд эмнэлэгт хүргэгдэх замдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм гэж хэлээд надаас өршөөл эрэх мэт харуусал дүүрэн харцаар харлаа. 

-Би үнэхээр ичмээр, өрөвдөлтэй амьтан юм. Тээр жилийн явдлыг би хэзээ ч мартдаггүй. Одоо бодоход үнэхээр ичгүүртэй. Үнэндээ ахын чинь доромж, магтаалыг үл тоон урдах ажлаа хийхээр улайрах уйгагүй занд атаархаж байлаа. Надаас илүү гарчих юм шиг санаж, нутагтаа надаас илүү нэр хүндтэй байсанд хорсол дүүрэн байсан. Тийм дээ л жил тойрон цэвэрлээгүй хөглөрүүлсэн хомоолоо харамлаж, хогийн жалгыг бараадуулах вэ дээ гэж халаглав. Түүнийг ийнхүү хэлсээр яриагаа дуусгахад авга ах бид хоёрын хувь тавиланг энэ хүн шийдчихсэн мэт санагдав. Би түшиж суусан түлээнээсээ тулж босоод, уяачийг орхин одлоо. 

Авга ахын оршуулга цас шамаргалсан өдөр жам ёсоороо болж өнгөрлөө. Өнчирч хоцорсон гурван хүүгийнх нь харц гашуудал илэрхийлэхээр ирэх хүмүүс дундаас аавыгаа цуцалтгүй хайсаар байлаа. Надад ч гэсэн мар мар хийтэл инээгээд гэнэт ороод ирэх юм шиг санагдана. Би авга ахыгаа гурван дэрсхэн хүүтэй болсон гэдгийг нь үнэндээ мэдэхээс цаашгүй байсан юм. Авгын эхнэрт буцах болсноо дуулгахад:

-Бид яах вэ, ах дүү нарынхаа дунд болно. Удахгүй хэдэн хүүхдүүд том болоод туст орно, тэр сайхан цаг удахгүй ээ. Наашаа санаа зовоод хэрэггүй дүү минь, олны дунд биеэ бодож яваарай гээд хэдэн үг захихдаа их л тэсвэр тэвчээр заан хэлж байгаа нь надад мэдрэгдэж байлаа. 

***

Намрын улирал улирч, дан хүрэмтэй жиндсэн зэвэргэн өдөр “дайвар ирлээ” гэж том тэрэгний жолооч болсон нутгийн танил маань утасдлаа. Би гайхаш тасран очиход намар бүр надад илгээдэг байсан шуудай төмс, шуудай байцай, шуудайны дундуур манжин байх нь тэр. Жолооч найз маань энгэрийнхээ халаасаа уудалж, дөрвөлжилж эвхсэн захиа сарвайлаа. Захианд “Авга ах чинь өнгөрөхөөсөө өмнө жил бүр идшийг нь бэлдэж явуулдаг хэдэн айл, ургацынхаа дээжийг амсуулдаг ганц хайртай дүү байдаг. Тэдэндээ тус хүргэж чадахгүй боллоо гэж харуусан уйлаад, надад аминчлан захисан юм. Би явуулахгүй байж чадсангүй...” гэжээ. Миний зүрх сэтгэлийг дахиад л эмтэлж гүйцлээ. Авгын эхнэрээс битүүхэн сураглахад уяачийг хэдэн шуудай ногоо өндөр үнээр худалдаж авсан гэж хэллээ. Удаах намар дахиад л илгээмж ирлээ. Би “Дахиж явуулаад хэрэггүй, зав зайтай бол ар гэрт нь тусалж бай!” гэлээ. Хол газар суугаа би ажил төрөлдөө татагдаад хий санаа зовохоос хэтэрсэнгүй. Дараа зун нь нутаг руугаа очиж, авгын ар гэрийнхэнд туслах төдий боллоо. Зун тариалангийн ажилд хийгээд байх юм бараг байхгүй. Хэдэн ялзарсан шонгийн мод сольж, хугарсан байрны модыг том хүүтэй нь хамт сэлбэлээ. Авгын том хүү нэгэнтээ туст оржээ. Бид хоёр тариалангийн талбайн хажууд түр саатав.

-Та дуулсан уу? 

-Юу?

-Донж хээр азаргын үр төлөөс бид гуравт нэг нэг даага бэлэглэсэн. Манай нутгийн зарим уяачид зарчих, үнэ хайрлалгүй өгье гэж байна лээ. Би бэлгэшээгээд зараагүй. Өнгөрөх зуны наадмаар нэг даагыг нь шилж уяад, бага дүү маань уралдсан.  Сумандаа бол торохгүй түрүүлсэн. Энэ талаар юу ч дуулаагүй байсан би гайхаж балмагдсан ч хүүд мэдэгдэхгүйг хичээж байлаа. 

-Миний дүү уяач болох нь уу? 

-Үгүй ээ, миний уях гэж юу байх вэ, хурдан хүлгийн буян юм даа. Ээж намайг газар тариалангийнхаа ажилдаа сайн анхаар гэсэн.

-Тийм шүү, сайн тариачин болоход ур ухаан их шаардана. 

-Тийм дээ, та уяач ахыг хэр сайн хүн гэж боддог вэ? 

-Ахад нь хүний сайн мууг шүүгээд байх эрх байхгүй шүү дээ. Миний дүү арай тэр ахдаа муу ханддаг юм биш биз дээ гээд болгоомжилсон янзтай асуухад:

-Үгүй ээ, би тэр ахтай зөндөө удаа ярилцсан. Бидэнд туслах гэж хичээсээр байгаа хичээл зүтгэл, хайр энэрэл нь байхад л хангалттай гэж бодох болсон. Харин таныг юу гэж боддогийг мэдэх гээд... Сэтгэлдээ хадгалсан юм байвал аваад хаячихгүй юу даа. Надад тэр нь илүү дээр юм шиг санагддаг гээд төрөл бүрийн ногоо жирийтэл суулгасан тариалангийнхаа талбай дундуур цаашлан алхлаа. Гадаа оройн сэрүү унаж, нар хүүшлэн сул шороо салхи буруулан бургисаар байлаа.

2019.04.01-2021.03.22.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.