Өмнөд Солонгосын зохиолч Пэк Сэхи тархины үхжилд орсны дараа зүрх, уушги, элэг болон хоёр бөөрөө хандивлаж, таван хүнд шинэ амьдрал бэлэглэн энэ хорвоог орхисон харамсалтай мэдээ гарлаа.
Солонгосын Эрхтэн Донорын Агентлаг (KODA)-аас 10 дугаар сарын 17-нд мэдээлснээр, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Илсан эмнэлэгт явагдсан байна. Агентлагийн мэдээллээр Пэк Сэхи тархины үхэлд орсны дараа түүний гэр бүлийнхэн эрхтэн хандивлах шийдвэрийг нь хүндэтгэлтэйгээр баталгаажуулжээ.

1989 онд Гёнги мужийн Гоянг хотод төрсөн Пэк Сэхи гурван охинтой эгэл айлын дунд охин болон мэндэлж байв. Бага наснаасаа унших, бичихэд дуртай байсан тэрээр их сургуульд утга зохиолын чиглэлээр суралцаж, дараа нь таван жил хэвлэлийн газарт ажиллажээ.
Тэрээр сэтгэлийн хямрал, ганцаардлын талаар илэн далангүй өгүүлсэн “Би үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” (I Want to Die But I Want to Eat Tteokbokki) номоороо олон хүнд урам зориг өгсөн юм. Энэхүү бүтээл нь сэтгэл гутралтай тулгарсан хүмүүст өөрийгөө ойлгох, тусламж эрэх зоригийг өгсөн, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэлзүйн нээлттэй бүтээл болсон билээ.

Пэк Сэхи бусдад туслах дуртай, халамжтай, дулаан сэтгэлтэй нэгэн байжээ. Түүний дүү Солонгосын Эрхтэн Донорын Агентлагт илгээсэн захидалдаа ийн бичсэн байна:
“Бусдын сэтгэлд үг, хайр хуваалцаж чаддаг эгч минь. Хэнийг ч үзэн яддаггүй, энэрэнгүй сэтгэл чинь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Одоо тэнгэрт та минь тайван нойрс доо. Хайртай шүү.”
Пэк Сэхигийн амьдрал богинохон байсан ч түүний үг, бүтээл, үлдээсэн түүх нь урт цааш урт удаан хугацаанд үргэлжлэх нь гарцаагүй. Тэр зөвхөн ном зохиолоороо бус, өөрийн буй биеэрээ бусдад амьдрал, итгэл найдварыг хуваалцаж, таван хүнд шинэ амьдралын боломж бэлэглээд одлоо.