Өвөл болоход ичдэг баавгайд атаархаж байгаагүй монгол хүн ховор биз ээ? Хар хүйтэнд даарахгүй, халтиргаа түгжрээнд зовохгүй гээд бод доо. 11 дүгээр сард унтаад л сэрэхэд хавар болчихсон, нар ээгээд, голын ус сонсогдоно . За тэгээд унтаж байхдаа хэдэн арван кг турчихсан байх юм. Ингээд баавгай хэрхэн ичдэг талаар таны сонирхсон асуултад хариулъя.
Баавгай хэр удаан унтдаг вэ?
Тухайн газар нутгийн цаг агаараас хамаарна. Оросын дунд хэсэгт тэд 11 дүгээр сарын сүүлээр ичиж,гуравдугаар сарын сүүлээр сэрдэг. Гэхдээ өвөл хэт оройтох, эсвэл эрт дулаарах нь цагийн хуваарийг нь алдагдуулдаг. Хойд зүгийн баавгай 11 дүгээр сарын дундуур ичээндээ орж, 6-7 сар ичдэг байна.
Ичээ нь тухтай юу?
Баавгай болгоны ичээ дулаахан, тухлаг биш. Нутгийн онцлогоос гадна баавгайны туршлага, зан аашнаас их зүйл хамаарна. Хэн ч ичээ яаж барихыг зааж өгөхгүй учир зөнгөөрөө л ичээгээ бэлтгэнэ. ОХУ-д баавгай ичихээсээ 14 хоногийн өмнө ичээгээ бэлтгэж эхэлнэ. Нүх олж ухаад, хуурай навч мөчир цуглуулна. Зарим баавгай гацуур модны доор ухдаг бол нэг хэсэг нь голын дэргэд, жалганд гэх зэргээр өөр өөр. Гэхдээ ганц ижил зүйл нь ичээний ам цасанд дарагдах ёстой. Хашир баавгайнууд ичээгээ дулаалж, өчүүхэн нүхийг нь ч бөглөдөг. Зарим нь нэг ичээгээ засаж янзалсаар олон жил ашигладаг байна. Тундрт баавгай гурван метр урт, жинхэнэ үүр ухна. Аль наймдугаар сараас эхлэн ухдаг гэж байгаа. Залуу болон залхуу баавгайнууд жижигхэн нүх бэлтгээд санаа амардаг ч үнэндээ тийм ичээнд гаднахаас хэдхэн хэм л дулаан байдаг. Харин жинхэнэ ичээнд +10 хэм байх үе ч бий. Өвлийн хүйтнийг даван гарах гол бэлтгэл нь ичээ гэхээсээ илүү өөх, тарга юм.
Хэр бөх бат унтдаг юм бол?
Нэг их бөх унтдаггүй. Хэрэв сэрээж орхивол тэр дороо л босоод ирнэ. Дулаарч эхлэхэд баавгайн нойр тайван бус болно. Зарим баавгай сэрж, гадаа гараад босох цаг ирсэн эсэхийг шалгаад буцаад унтдаг.

Эр, эм баавгайн ичээ ялгаатай юу?
Ичээндээ бамбарууш гаргадаг болохоор эм баавгай ичээгээ тун сайн бэлтгэдэг. Дөнгөж төрсөн бамбарууш унтахаасаа илүү ичээн дотор ээжийгээ сэрээн энд тэнд нь гараад байдаг. Ихэнх цагийг ээжийнхээ суганы дор өнгөрөөх тул тэд даарах аюулгүй. Харин бамбаруушийн өсөлт тун гайхалтай. 500 грамм жинтэй төрөөд ичээнээс гарахдаа 10 дахин том болсон байдаг. Ээжийнхээ сүүг хөхдөг ч ээж нь юу ч идэхгүй байхад яаж ийм том болж чаддагийг эрдэмтэд ч ойлгохгүй байгаа.
Ичээний 00 өрөө?
Ичээн дотроо хүндрээд унтаад байх уу гэж олон хүн асуудаг. Тэгвэл хариулт баавгай ичээндээ бие засдаггүй. Өөрөөр хэлбэл энэ үед тэд ялгадас гаргахгүй. Унтахаасаа өмнө тэд ходоодоо шилмүүс үндсээр дүүргэнэ. Үүнээс үүдсэн ялгадас шулуун гэдсийг бөглөж орхидог. Хавар ичээнээсээ гараад баавгай хэд сэгсрээд бөглөөгөө гаргана.
Сарвуугаа хөхдөг гэж үнэн үү?
Баавгайн сарвуун дээрх арьс өвөл унтаж байхад нь хууран унадаг. Тэд арьсаа сэрэхгүйгээр хазаж, мэрж унагаадаг юм. Тийм болохоор савраа хөхдөг гэдэг нь худал яриа.