Энэ сарын 12-18-нд Румынд Европын аварга шалгаруулах чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох ОХУ-ын шигшээ багийн зарим бөхчүүдэд Румын Улс виза олгосонгүй. Виза аваагүй тамирчдын дунд олимпын аварга Абдулрашид Садулаев, Заур Угуев нар байгаа юм.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Биднийг бөхийн ертөнцөөс тусгаарлах бодлого явж байна. Новшийн улс төр. Бид эрэгтэй, эмэгтэй чөлөөт, сонгомол барилдааны 30 бөхөөс гадна сэлгээний тамирчиддаа ч Румыний виза хүссэн. Гэтэл тэд манай ихэнх шилдгүүдэд виза өгсөнгүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо гэж өөдгүй амьтад байна. Тэд юу ч хийсэнгүй. За яахав, бид виза авсан сэлгээний, хоёр, гурав дахь бөхчүүдээ оролцуулна. Ямар ч гэсэн бүтэн багаар оролцоно. Оросуудыг хөөх гэсэн тэдний хүслийг талаар болгоно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Одоогийн байдлаар чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багаас Абасгажи Магомедов (61 кг), Гажимурад Рашидов (65 кг), Магомед Курбанов (92 кг) болон сэлгээний Арслан Багаев, Алихан Жабраилов нар л Румыний виза аваад байгаа гэнэ.