Кенийн тамирчин, марафон гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшигч Келвин Киптум машины ослоор энэ ертөнцийг орхин одлоо. Тэр 24-хөн настай байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 14-нд Роттердамд шинэ рекорд тогтоохоор бэлтгэж байсан юм.
Өчигдөр буюу 11-ний өдрийн үдэш Кенийн Элдорет, Каптагат хотын хоорондох зам дээр осол болсон бөгөөд Киптумын жолоодож байсан машин удирдлага алдаж, замаас гаран, мод мөргөжээ. Тамирчин болон түүний дасгалжуулагч Жерве Хакизимана хоёр газар дээрээ нас барж, машинд байсан эмэгтэй хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.
Келвин Киптум 2023 оны аравдугаар сард Чикаго марафонд 2 цаг 35 секундийн амжилтаар түрүүлж, рекорд тогтоосон. Ирэх дөрөвдүгээр сард хоёр цагаас бага хугацаанд гүйнэ гэж ярьж байсан юм. Киптум марафонд гэнэт гарч ирсэн од байлаа. 2022 онд Валенсид анхныхаа марафоныг тэр 2:01.53 гүйж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. Өнгөрсөн жил Лондонд 2:01.25 үзүүлж, түрүүлсэн.
Тэрээр марафоныг 2 цаг 2 минутаас богино хугацаанд туулсан гурав дахь тамирчин. Гэхдээ хоёр цагаас хурдан гүйж болно гэдгийг батлах гэж байсан юм.
“Роттердам. Дөрөвдүгээр сарын 14. Би тэнд улам хурдан гүйх гэж очно. Зам нь сайхан, үзэгчдийн дуу хоолой хичээн зүтгэх хүч болж өгнө. Би энэ баялаг түүхтэй уралдааны нэгэн хэсэг болохыг хүсэж байна. Бэлтгэл зөв хийгээд, цаг агаар сайхан байвал би хоёр цагаас хурдан гүйх болно. Бэлтгэл ихтэй тул гэр бүлтэйгээ долоо хоногт ганц удаа л уулзаж байгаа. Гэргий маань намайг олимпод түрүүлэх мөрөөдөлдөө 100 хувь анхаарлаа хандуулахыг зөвшөөрсөн. 2024 оны олимпын Кенийн шигшээ багт марафоны гуравхан зай бий. Би нэгнийг нь авна” гэж тэр хоёрхон сарын өмнө ярьж байсан юм. Киптумыг хоёр цагт гүйж чадах байсан эсэхийг бид хэзээ ч мэдэхгүй. Ямар ч гэсэн Парис олимпод тэр оролцох ёстой байсан.
2023 оны 12 дугаар сарын 2-нд тэр 24 нас хүрсэн. Өнгөрсөн долоо хоногт World Athletics түүний дэлхийн рекордыг албан ёсоор бүртгэсэн. Алдарт тамирчны ар гэрт гэргий, хоёр хүүхэд нь үлдлээ.