Сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйгийн эхнэр Юлия Навальная нөхрийнхөө дурсгалд зориулж хамтдаа байх үеийн гэрэл зургуудыг дэлгэжээ. Тэрбээр тайлбар хэсэгт "Би чамд хайртай" хэмээн бичсэн байв.

Навальныйг Хойд туйлын алслагдмал шоронд хоригдож байгаад нас барсан гэх мэдээлэл өнгөрсөн бямба гарагт цацагдсан бөгөөд түүний гэр бүл, найз нөхөд хийгээд дэмжигчид нь энэхүү мэдээлэлд цочирдсон хэвээр байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг олон жил шүүмжилсэн тэрбээр 2020 онд үл мэдэгдэх химийн бодист хордон улмаар Германд таван сарын турш эмчлүүлжээ. Түүнийг ОХУ-д эргэж ирсний дараа буюу 2021 оны нэгдүгээр сард баривчилж хорьсон юм. Түүнийг улс төрийн сэдэлтэй нэлээд олон хэрэгт буруутгаж, 30 орчим жилийн хорих ял оноосон. Тухайн үед үүнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал ОХУ-ын 100 гаруй хотод өрнөсөн билээ.

Түүнийг шоронд хоригдож байх хугацаанд цацагдсан дүрс бичлэг, зургуудаас харахад бие нь хөхөрч, няцарсан шинжтэй байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж буй.

Навальныйгийн цогцсыг өдгөө Салехард дүүргийн эмнэлгийн цогцос хадгалах газарт харуул хамгаалалт дор хадгалж байгаа гэнэ.

Алексей Навальный 2023 оны зургаадугаар сарын 22-нд Москвад болсон шүүх хуралд хорих ангиасаа видео дуудлагаар холбогдон оролцжээ.
"Шоронд нас барсан хүмүүсийн цогцсыг ихэвчлэн Глазкова дахь Шүүхийн шинжилгээний товчоонд аваачдаг. Харин Навальныйгийн цогцос тодорхой шалтгааны улмаас клиникийн эмнэлэгт хүргэгдсэн" гэж нэрээ нууцалсан эмнэлгийн ажилтан ярьжээ.
Түүнчлэн Навальныйгийн цогцос дээр хөхрөлт үүссэн байсан гэх мэдээлэл цацагдсан. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар энэ нь таталтын улмаас үүссэн байх магадлалтай гэнэ. Маш хүчтэй таталт өгч буй хүнийг дарахаар оролдох үед ийм хөхрөлт үүсдэг аж. Түүнчлэн цээжин дээрх хөхрөлт нь зүрхний массаж хийх үед үүссэн байх боломжтой гэжээ.
Холбоотой мэдээлэл: Алексей Навальныйгийн ээж хүүгийнхээ цогцсыг "хайж" байна гэв
Эх сурвалж: Daily Mail