Турк улсын иргэн Султан Косенийг 2009 онд дэлхийн хамгийн өндөр хүнээр нэрлэж, Гиннесийн номонд бүртгэжээ. Өдгөө дэлхий дээр 8 футээс (2.43 см) дээш өндөртэй 10 хүн амьдарч байгаа ба тэдэн дундаас хамгийн өндөр нь Султан Косен юм. Түүний өндөр 2.51 см бөгөөд гипофизын гигантизм гэж нэрлэгддэг ховор өвчний улмаас түүний бие өсөлтийн дааврыг тасралтгүй ялгаруулдаг байсан аж. Аз болоход 2011 оноос хойш өсөлт нь зогсжээ.
Дэлхийн хамгийн өндөр эр гэх тодотголтой болсон нь Косений амьдралд эерэг, сөрөг аль аль нөлөөг авчирчээ. Косен эхээс тавуулаа бөгөөд бусад ах дүүс нь хэвийн өндөртэй гэнэ. Тэр хэт өндрөөсөө болж орон нутгийн сагсан бөмбөгийн багаас гарч, удалгүй сургуулиа ч орхин газар тариалан эрхлэх болсон гэнэ.
Гэсэн хэдий ч Гиннесийн номонд бичигдсэнийхээ ачаар дэлхийг тойрон аялах боломж бүрдсэн байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 127 оронд зочилжээ. Харин түүний хайр дурлалын амьдрал төдийлөн амжилттай байсангүй.
"Найз бүсгүй олох үнэхээр хэцүү байдаг. Тэд ихэвчлэн надаас айгаад байдаг юм. Гэхдээ одоо би алдартай болсон болохоор олон бүсгүйтэй танилцах боломж олдоно гэж итгэж байна. Миний мөрөөдөл бол хайртай хүнээ олж гэрлэх" хэмээн тэрбээр ярьж байв. 2013 онд Косен мөрөөдлөө биелүүлж сири гаралтай Мерве Дибо хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Харамсалтай нь хос хоёр хэлний бэрхшээлийн улмаас хангалттай ойлголцож чаддаггүй байсан ба энэ нь тэдний салалтын гол шалтгаан болсон гэжээ. Тэд 2021 онд гэрлэлээ цуцлуулсан байна.
Косен сэтгэлийн шархаа эдгээн дахин шинэ хайртай учрахыг хүссэн тул дэлхийг тойрох аяллаа үргэлжлүүлэхээр шийджээ. Туркт циркчнээр ажилладаг байсны ачаар зарим аялалдаа тэр бараг л мөнгө зарцуулдаггүй байсан гэв.
Аяллынхаа явцад тэрбээр олон хүнтэй нөхөрлөл тогтоож чадсан бөгөөд тэдний нэг нь манай дэлхийн хамгийн намхан эмэгтэй болох Жиоти Амге юм. Тэрбээр ердөө 2 футын (60.96 см) өндөртэй.
Тэд 2018 онд анх танилцаж, Египетийн пирамидын хажууд зургаа татуулж байсан бол хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Калифорни мужид байхдаа эргэн уулзацгаажээ.
Эх сурвалж: Daily Mail