UBLife Logo
Newsfeed

Гуравдугаар сарын 1-7-ний өдрүүдээр бүх музей үнэ төлбөргүй ажиллана

Гуравдугаар сарын 1-7-ний өдрүүдээр бүх музей үнэ төлбөргүй ажиллана

Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей 3-р сарын 1-7-ны өдрүүдээр бүх насныханд үнэ төлбөргүй үйлчилдэг билээ. Та бүхэн аль музейг зорихоо төлөвлөж амжаагүй байгаа бол бид танд Улаанбаатар хотын музейнүүд эдгээр өдрүүдээр хэрхэн ажиллахыг танилцуулж байна. Харин 0-16 насны хүүхдүүд хэзээд ч музейгээр зочлон, үнэгүй үйлчлүүлэх боломжтой байдаг. 


Чингис хаан Үндэсний музей

Чингис хаан Үндэсний музей 3-р сарын 1-7-ны өдрүүдээр 09:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй ажиллана. Тэд эдгээр өдрүүдээр "сэдэвчилсэн тайлбарт аялал"-ыг зохион байгуулахаар зэхжээ. Үзэгчид Чингис хаан Үндэсний музейн 1-р давхарт байрлах үзэсгэлэнгийн танхимд зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнтэй танилцах боломжтой. Мөн “Монголчуудын наран, саран шүтээн”, “Гүюг хааны тамганы дардас” ил захидлын хөтөлбөр, "Музейд суралцахуй", “Буган чулуун хөшөө” хөлөгт тоглоом зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг үнэ төлбөргүй зохион байгуулна.


Монголын Үндэсний музей

Тус музей мөн л эдгээр өдрүүдээр 09:00-18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Гэвч сүүлийн үзэгчийг 16:30 минутад дотогш нэвтрүүлэхийг анхаарна уу. "Монголын уламжлалт цагаан сар" тусгай үзэсгэлэн, "Алтан соёмбо", "Монгол тоглоом наадгай" музейн боловсролын хөтөлбөр, "Монголын музей 100 жил" Эх орончдын өдөрт зориулсан нээлттэй ярилцлага, олон нийтэд зориулсан лекц, Ардын уран зохиолч Ж.Саруулбуянгийн уулзалт, “Нүүдэлчдийн аяга" эрдэм шинжилгээний каталог номын нээлт зэрэг үйл ажиллагааг бэлджээ. Сонирхуулахад, тус музейн хувьд бусад өдрүүдэээр ч гэсэн хүүхэд болон ахмад настнуудад үнэгүй үйлчилдэг юм.


Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

"Музейн нээлттэй өдөр"-үүдээр тус музейд дэлгэгдэх "Бүсгүйчүүдийн Дүр дүрслэх урлагт: Музейн сан хөмрөгөөс" тусгай үзэсгэлэнгийн хувьд тасалбар 5000₮-ийн үнэтэй байх ажээ. Эл музей ажлын өдрүүдээр 09:00-17:00 цагийн хооронд харин бямба, ням гарагт 10:00-17:00 цагт ажиллана.

Мөн дээрх үзэсгэлэнгийн хүрээнд: 

2024.03.04 /Даваа гараг/ 14:00 цагт Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Дулаахан" лекц 

2024.03.07 /Пүрэв гараг/ 14:00 цагт "Өндөр Гэгээний дэг сургууль дахь эмэгтэйчүүдийн дүр дүрслэл, бүтээцийн онцлог" лекц 

2024.03.10 /Ням гараг/ 14:00 цагт "Амьдрал үзэсгэлэнтэй" лекц зэрэг арга хэмжээг үзэгчдэд зориулан зохион байгуулж байгаа агаад тухайн уулзалт, ярилцлагад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ажээ.


Богд Хааны Ордон Музей

“Шинийн наймны Цагаан Дара эх”, "Эрх чөлөөний үнэ цэн зэрэг тусгай үзэсгэлэнгүүдийг эдгээр өдрүүдэд дэлгэхээс гадна, музейн боловсролын хөтөлбөрүүдэд суурилсан нээлттэй үйл ажиллагаа явуулна. Тус музей эдгээр өдрүүдэд мөн л бүх насныханд үнэ төлбөргүй үйлчилнэ.


Улаанбаатар хотын музей

Улаанбаатар хотын музей нь 3-р сарын эхний долоо хоногт "Улаанбаатар 1924-1954" үзэсгэлэнг дэлгэхээс гадна Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалтай холбоотой болон ирээдүйн дүр төрхийг зурагласан оролцооны хөтөлбөрүүдийг бэлджээ. Та бүхэн амьдран буй хотынхоо өнгөрсөн дүр төрхийг эргэн санаж, өнөөгийнхтэй нь харьцуулан бодож, өөрсдийн төсөөллийн Улаанбаатарыг нээгээрэй.


Монголын Уран Зургийн Галерей

Монголын Уран Зургийн Галерей ч мөн эдгээр өдрүүдээр үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулна. Эх орончдын өдөрт зориулсан "Зоригт хүмүүс" түр үзэсгэлэнгээс гадна урлагт суурилсан боловсролын хөтөлбөрүүдийг үзэгдэд хүргэхээр бэлджээ.


Монголын театрын музей

Маркны үзэсгэлэн, “Туулсан зам” “Хатан туул” “Легницийн хавар” баримтат кино үзүүлбэр болоод урлагт суурилсанболовролын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл эдгээр өдрүүдэд амжин "Монголын театрын музей"-г зориорой.


Байгалийн Түүхийн Музей

Амьтдын ул мөрөөр аялцгаая. Амьтад болоод байгальд хайртай бол та эргэлзээгүй "Байгалийн Түүхийн музей"-г зориорой.


Монгол цэргийн музей

Эл музейд дайчин баатруудын үнэ цэнтэй дурсгал арвин байдаг.


Чойжин ламын сүм музей

Тус музей Баасан, Бямба, Мягмар, Лхагва, Пүрэв гарагуудад 10:00-16:30 цагийн хооронд ажиллана. Харин Ням, Даваа гарагуудад амрах ажээ. Ингээд та бүхэн 3-р сарын 1-7-ний өдрүүдээр үргэлжлэн явагдах "Музейн нээлттэй өдрүүд"-ийн хүрээнд Улаанбаатар хотын болон орон нутгийн музейнүүдэд зочлон тусгай үзэсгэлэнгүүдийг үнэ төлбөргүй үзэж, боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Амьдран буй суурин газрынхаа үнэ цэнтэй ой дуурсгалыг хадгалж буй музей хэмээх он цагийн товчоогоор өртөөчилж, өөрсдийн оюун санаанд хувьсгал хийцгээе.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.