АНУ-ын Висконсин мужид фермийн аж ахуй эрхлэгч тугалынхаа чихийг хүйтнээс хамгаалах энгийн бөгөөд бүтээлч шийдэл бодож олжээ. Холли Поад ноосоор хийж нейлоноор доторлосон тугалын чихэвч оёсон байна. Энэ нь төрөөд удаагүй тугалын эмзэг чихийг бороо, цас, хүйтэнд хөлдөхөөс хамгаалдаг хэмээн тэрбээр ярьжээ.

Поад анх өөрийнхөө фермийн тугалуудад л зориулж чихэвч оёсон боловч тун удалгүй ойр хавийн фермерүүд сонирхох болж, 1000 орчмыг захиалгаар худалджээ.
Шинжлэх ухааны өгүүлэлд бичсэнээр тугалыг хүйтнээс хамгаалах нь туйлын чухал байдаг аж. Учир нь биеийн тодорхой хэсгүүд хөлдөх нь үхэлд ч хүргэх эрсдэлтэй байдаг тухай доктор В.Ди Уиттиерийн Calves and the Cold өгүүлэлд дурджээ. Тугалын чих, сүүл хөлдөх нь үхрийн өнгө төрхөд нөлөөлдөг гэнэ. Харин үе мөч хөлдвөл унтуулахаас өөр аргагүй эрсдэлд хүрэх магадлалтайг тэрбээр анхааруулжээ.
Түүнчлэн тугал төрсөн эхний хэдэн цагтаа биеийн температураа бүрэн хадгалж чаддаггүй. Учир нь, шинэ төрсөн тугалын цусны эргэлтийн систем нь нас бие гүйцсэн амьтдыг бодвол хүйтний өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх чадвар муутай байдаг хэмээжээ.
Поадтай адил тугалын чихэвч хийсэн хүмүүс онлайн орчинд тугалуудынхаа өхөөрдөм зургийг хуваалцсан байна.





Эх сурвалж: Superior Telegram