UBLife Logo
Нийгэм

"Шалчиганах" эрхгүй эрчүүд буюу хэвшмэл хандлагыг дэвэргэсэн мэдрэмжгүй хошигнолууд

Б.Саруул
Б.Саруул
"Шалчиганах" эрхгүй эрчүүд буюу хэвшмэл хандлагыг дэвэргэсэн мэдрэмжгүй хошигнолууд

Хүйсэд "хамааруулсан" баярыг монголчууд бид жилд хэдэнтээ тэмдэглэдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг "Эмэгтэйчүүдийн баяр", Монгол цэргийн өдрийг "Эрэгтэйчүүдийн баяр" болгож хувьчилсан. Гэвч Цэргийн баярыг цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүд тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэх маргаан, мэтгэлцээн жил бүр ёс мэт өрнөдөг болжээ. 

Баяр тэмдэглэх, баярын утга учрыг хадгалах тухай асуудлаас урьтаж энд нэгэн зүйлийг яримаар санагдлаа. Цэргийн баяр тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэх маргаан нь яван явсаар жендэрийн хэвшмэл хандлагыг дэвэргэх, аль нэг хүйсийг дорд үзэх, хошигнол нэрийн дор нэгнээ хүчирхийлж, олноороо түүнд даган баясаж байгаа нь хоржоонтой. 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр "Шалчиганасан эрчүүддээ ч гэсэн эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе" гэх постыг нэгнээсээ хуулан давлагаалж байсан бол өнөөдөр "Буу мөрлөсөн цэргийн өдөр болохоос..." гэх пост хаа сайгүй үзэгдэнэ. Иймэрхүү мэдрэмжгүй хошигнолуудын цаанаа эрэгтэй хүн тайлбар тавих, өөрийгөө илэрхийлэхийг оролдвол "шалчиганасан" болдог, буу мөрлөж цэргийн алба хаагаагүй л бол "эр хүн биш" гэх жендэрийн хэвшмэл ойлголт, toxic masculinity буюу эрчүүдэд хортой үзлийг дэвэргэж байна. Цаашлаад "хүүхэн шиг шалчиганаад, гоншигнолоо" гэх нь угтаа бас л эмэгтэй хүнийг дорд үзсэн хэллэг юм. 

Сайтар анзаарвал хүний эрх, жендэрийн мэдрэмжгүй байдал зөвхөн хошигнолоор хязгаарлагддаггүй. Бидний эрэгтэй эмэгтэй хүмүүсийг төлөөлүүлэх өнгө, зүйрлэл, тэдэнд сонгон өгч буй бэлэг сэлт хүртэл хэвшмэл хандлагад яг таг хайрцаглагдсаар ирснийг харж болно. Тухайлбал, эмэгтэй хүнтэй холбоотой мэдээллийн илэрхийллийг ягаан өнгө, эрэгтэй хүнийхийг цэнхэр өнгөөр дүрсэлж, эмэгтэйчүүдийг тогос, эрвээхэй, эрэгтэйчүүдийг арслан, чоно гэх мэт амьтдаар төлөөлж ирсэн. 

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст сонгож өгдөг бэлэг хүртэл "хүйстэй" болсныг та бид бишгүй л анзаарч, гэм хоргүй мэт инээлдээд өнгөрцгөөх. Эрэгтэйчүүдэд оймс, бандааш, адууны умс кита, пиво, виски байхад л болно гэх харалган хандлага нь маркетингийн сурталчилгаа болтол бэхжиж байна. Хамгийн сүүлд GS25-аас гаргасан багц энэ хэвшмэл хандлагын тусгал болж, олон хүнээс хүнээс шүүмжлэл хүртсэн. 

Тэгвэл бид хэрхэн жендэрийн хэвшмэл хандлагаас зайлсхийх вэ?

  • Жендэрийн мэдрэмжгүй үг хэллэг ашиглахаас зайлсхийх. Жишээ нь, цэвэр ичимтгий монгол эмэгтэй, омог бардам монгол эр хүн, хийморьлог монгол эр хүн гэх мэт эмэгтэйчүүдийг төрөлхийн турьхан, уян хатан, ичимхий, харин эрэгтэйчүүдийг хүчтэй, түрэмгий мэтээр дүрсэлсэн үг хэллэг.

  • Дээр дурдсантай адил жендэрийн хэвшмэл ойлголтуудыг өөгшүүлсэн хошигнол хэрэглэхгүй байх 

  • Аль нэг хүйсийг төлөөлүүлсэн өнгө, үсгийн фонт, эсвэл амьтан, бэлгэ тэмдэг ашиглахаас зайлсхийх

  • Зураг, дүрслэлээр дамжуулж жендэрийн хэвшмэл ойлголтыг дэвэргэхгүй байх. Тухайлбал, ээж нь гал тогоондоо хоолоо хийж, аав нь ажлаасаа ирж буй зураглал зар сурталчилгаанд түгээмэл ажиглагддаг нь эмэгтэйчүүд л хоолоо хийж, гэрээ цэвэрлэх ёстой гэх хандлагыг дэвэргэж буй хэрэг юм. Түүнчлэн эмэгтэйчүүд бол гүйцэтгэгч, туслах төдий мэт, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ажил мэргэжил гэж тусдаа байдаг мэтээр ойлгуулсан зураг, дүрслэлийг анзаарч хардаг, засаж залруулдаг байгаарай гэж уншигчдадаа уриалъя. 

Эцэст нь, эрх тэгш байдлыг уриалж, эр хүн биш хүн байхын чухлыг сануулсан пост, маркетингийн ажлууд сошиал орчинд түгснийг энд хуваалцъя.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.