НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн Дауны Өдөр болгон тунхаглаж энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.

Дауны хам шинж нь хүний биеийн эсүүдэд илүүдэл хромосом агуулагдсанаар бий болдог генетикийн өөрчлөлт юм. Энэ төрлийн бэрхшээлтэй хүмүүс аливааг суралцах чадвар удаан байх тохиолдол элбэг. Гэвч дауны синдромын шинж тэмдэг харилцан адилгүй байх бөгөөд энэ хам шинжтэй төрсөн хүмүүс өөрийн гэсэн онцлог давуу болон сул талтай байдаг аж. Дэлхий даяар нийт 6 сая гаруй дауны синдромтой хүн бий. Ингээд та бүхэндээ нарны хүүхдүүдийн талаар мэдээлэл хүргэе!
1. Тэд бол хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс

"American Horror Story" цувралын жүжигчин Жэми Бревер
Миний мэдэхээр тэдгээр хүмүүс бол хамгийн цайлган цагаан, гэрэл гэгээ цацруулсан хүмүүс. Ер нь бол хар бараан нийгэмд хайр түгээх гэж бидэнд ирсэн бурхны бэлэг. Гэнэн цагаахан, амархан баярлаж догдолдог, бас амархан гомддог, 20 нас хүрсэн ч 5 настай хүүхэд шиг өхөөрдөм ааш нь хэвээрээ байдаг, олон зүйл зэрэг сурах чадвар тааруу ч гэсэн ямар нэг зүйл сурвал түүнийгээ маш чанартай сайн хийдэг, тууштай, сайхан сэтгэлтэй.
2. Тэдний дунд гоц авьяастнууд их бий
"Gucci" брэндийн загвар өмсөгч Элли Голдстэйн
Дауны синдромтой хүмүүсийн зарим чадвар энгийн хүнийхээс ч илүү хөгжсөн байдаг. Тэдэнд таарч тохирсон сургалтын арга барилаар заавал спорт, урлаг гээд ямар ч төрлийн чадварыг маш сайн сурдаг.
3. Дауны синдром өвчин биш

Канадийн бодибилдингийн тамирчин Кайл Ланди
Дауны синдром бол өвчин биш, сэтгэл мэдрэлийн эмгэг ч биш. Дауны синдромтой хүмүүс өөрсдөө энэ сонголтыг хийгээгүй эцэг эх нь ч үүнд буруутай биш. Энэ бол өвчин эмгэг биш, үндэс угсаа, шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн давхраанаас үл хамааран үүсэх хромосомын эмгэг юм.
4. Тэд бусдын адил амьдарч чадна
Испанийн анхны дауны синдромтой парламентын гишүүн Мар Галсеран
Тэд яг тань шиг хайрлаж, дурлаж бас ажиллаж чадна. Бусдын л нэгэн адил нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, ажиллаж амьдарч буй олон хүн бий. Гагцхүү энэ хам шинжтэй хүмүүсийг нийгэмтэй ойр байхад нь хэн бүхэн туслах хэрэгтэй.
5. Тэд бол нарны хүүхдүүд

Дауны синдромтой төрсөн хүүхдүүдийг "Нарны хүүхдүүд" гэж нэрлэдэг. Нар шиг гэрэл гэгээтэй хайр цацруулсан хүмүүс болохоор тэр шүү дээ. Хэрвээ та хаа нэгэн газар тэдэнтэй таарвал тэд тан руу харж маш дулаахан инээмсэглэх болно гэдэгт итгэлтэй байна. Харин та хариуд нь тэднийг гайхаж, эсвэл айж эмээлгүйгээр сайхан инээмсэглээд сайхан үг хэлээд өнгөрч байгаарай.