UBLife Logo
Спорт

Сүмочийн шүдийг хугалж, хазаж, үсдэлцсэн UFC-1 тэмцээн

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Сүмочийн шүдийг хугалж, хазаж, үсдэлцсэн UFC-1 тэмцээн

Холимог тулааны хамгийн том холбоо UFC удахгүй ойн тэмцээн буюу 300 дахь тэмцээнээ хийхээр зэхэж байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан, тус холбооны анхны тэмцээний талаар товч дурдъя. 

Одоогоос 30 жилийн өмнө буюу 1993 оны 11 дүгээр сард Колорадо мужийн Денверийн Макниколс Спортс-арена цэнгэлдэхэд UFC-1 тэмцээн болсон нь ёстой л цусан далай мэт байлаа. Аргагүй тэр үед ямар ч дүрэмгүй, жин байхгүй, за тэгээд бээлийгүй зодолдсон юм. Тулаанчдыг зүгээр л торон дотор хашаад зодолдуулчихсан тул спорт гэхээсээ гудамжны зодоон мэт байсан. Ингэж хамгийн том UFC холбооны түүх эхэлсэн юм. 

1990-өөд оны эхээр холимог тулааны тэмцээнийг Бразил, Японд (вале-тудо, Shooto) зохион байгуулдаг ч АНУ-д тэмцээн болж байсангүй. 1976 онд боксын аварга Мохаммед Али Японы мэргэжлийн бөх Антонио Инокитой тулалдсан нь холимог тулаан мэт америкчуудад санагдаж байв. Харин UFC холбоо байгуулагдсанаар холимог тулаан гэж юу болохыг тэд ойлгожээ.

Дүрэмгүй зодооны тэмцээн Холливудын кинонд олонтаа гарч байсан ч бизнес эрхлэгч Артур Дэйви америкчуудад бодитоор харуулсан билээ. Артур жижицүгийн дасгалжуулагч Рорион Грейситэй танилцсаныхаа дараа тулааны өөр төрлүүдийн хооронд тэмцээн хийхээр шийджээ. Грейси тэр үед АНУ-д цагаачилж, клуб нээн, жижицү зааж байлаа. Гэхдээ Холливудын кинонд каратэ их гардаг болохоор хүмүүс жижицү биш каратэгийн клубт яваад байна, уг нь жижицү хамаагүй хүчирхэг гэж гомдол тавьсан байна. 

Рорион бол ХХ зууны эхээс Японы жижицүг сурталчилж, хичээллэж байсан Бразилын алдарт Грейс гэрбүлийн нэг гишүүн. Ах дүү Грейси АНУ-д ирээд тулааны бүх төрлийн тамирчдыг ирүүл тулаанд дуудаж зодолдон, бүгдийг нь нам унагааж байв. Тулааныхаа бичлэг хийж, “Грейси” нэртэй олон цагийн видео гаргасан нь тулаан сонирхогчдын үзэх дуртай бичлэг болсон байлаа. Артур Дэйви энэ бичлэгийг үзээд Грейсид янз бүрийн тулааны урлагийн найман тамирчин өрсөлдөх тэмцээн зохион байгуулах санал тавьжээ. Найруулагч, захирал нь Грейсигийн шавь Жон Милиус байлаа. Тэд WOW Promotions компани байгуулж, хөрөнгө оруулагч татлаа. Гэхдээ энэ нь анхны бөгөөд эцсийн тэмцээн гэж үзэж байв. Харин боломж гарвал телевизийн шоу болгох сонирхолтой байлаа. 

1993 онд WOW Promotions компани кабель телевизүүдтэй гэрээ хийж эхлэв. Ихэнх том ТВ шууд татгалзаж байв. Учир нь тэд мэргэжлийн боксын том промоушенуудтай хамтран ажиллаж байв. Ганц зөвшөөрсөн компани нь теннисийн “Хүйсийн тулаан” зэрэг шоу хийдэг SEG суваг байлаа. 

Анхны асуудал нь ринг байв. Тамирчид рингний олсноос гарч унаад цаг их алдана. Ингээд SEG суваг арт-захирал Жейсон Кассоныг найман талтай тор зурахыг хүссэнээр октагон гарч ирлээ. Ёстой жинхэнэ Холливудын тулаант кино шиг болж ирэв. Торны гадна талд аварга загас, матартай усан суваг байгуулж, цахилгаан тогтой хашаа барих санал гарсан ч татгалзав. Октагон зурсан Кассон 2000 он хүртэл UFC-д зураачаар ажилласан. Анхны тэмцээнээ SEG суваг The Ultimate Fighting Championship гэж нэрлэсэн юм. Хаалттай нууц тулаан биш жинхэнэ үзүүштэй спортын тэмцээн зохион байгуулах гэж Дейви зүтгэж байв.

UFC-гийн эхний тэмцээнд бокс, кикбоксинг, каратэ, сүмо, таэквондо, шут-файтинг, франц  бокс сават төрлийн тамирчид хуран цугларав. Жижицүгээс Рорионы дүү Грейси Ройс оролцсон. Гэрбүлийн хурлаар Ройсыг сонгосон байлаа. 

Тун хямдхан сурталчилгаа (үнэгүй хуудас, сонины зарлал) хийсэн ч 2,8 мянган хүн ордонд ирж, 86 мянган хүн кабелийн төлбөртэй сувгаар үзсэн байна. Тэмцээний дүрэм хэт харгис хатуу байлаа. Цаг байхгүй, жингийн ялгаа үгүй. Нүцгэн нударгаар нүдэлдэж, хазах, нүдрүү чичих л хориотой. Бүлдэгдэх, дагзанд цохих, үсдэх, унасан өрсөлдөгчөө дэвсэх гээд бүгд ОК. 

Дэйви ийм тэмцээн зохион байгуулахад хүндрэлтэйг мэдэж байсан тул Спортын комисс байдаггүй, тусгай зөвшөөрөл хэрэггүй Колорадо мужийн Денвер хотыг сонгосон байна. Хотын захиргаа тун болгоомжилсон ч тэмцээнийг хааж, цуцалсангүй. 

Гол асуудал нь мэргэжлийн тулаанчид дүрэмгүй, бээлийгүй үзэлцэхийг хүсэхгүй байв. Зохион байгуулалт, дүрмийг ойлгоогүй зарим нь татгалзаж байсан ч сүмоч Тейла Тули тэднийг хулчгар хэмээн дооглон, инээж байлаа. Тули гэрээгээ уншаагүй шууд гарын үсэг зурсан байв. 

Тэмцээн ганц өдөрт хасагдах журмаар явагдсан тул аварга болохын тулд нэг үдэш гурван удаа тулалдах шаардлагатай. Гэмтэл бэртэл гарах эрсдэл байгаа тул сэлгээний гурван тамирчин бэлтгэв. Сэлгээний Жеймс Делуссио, Трентон Женкинсон хоёр үзэгчдийг халаах зорилгоор тэмцээний өмнө тулалдсан нь албан бус ч гэсэн UFC холбооны түүхэн дэх анхны тулаан болж таарч байгаа юм. Делуссио боож ялсан ч ТВ-гээр гараагүй тул хадгалагдан үлдсэнгүй.

Тэмцээн сүмоч Тейла Тули, каратэгийн Жерар Гордо хоёрын тулаанаар эхлэв. 200 кг жинтэй Тулид ялах ямар ч боломж байсангүй. Гордо бол домогт Эрнесто Хустын клубын тамирчин байсан бөгөөд 20 дахь секундэд л тэнцвэрээ алдан унасан өрсөлдөгчийнхөө эрүүг өшиглөн хугалсан юм. Шүд хугарах чанга чимээ гарснаа Тулигийн шүднүүд шүүгчдийн ширээн дээр унахад нэг нь шүүгч Жон Маккартигийн эхнэрийн нүүрэнд тусахад айн зугтсан гэдэг. Харин Гордогийн хөлөнд хоёр шүд зоогдон үлдсэн байв. Халдвар орно гэж эмээсэн эмч нар шүдийг аваагүй тул Гордо цаашдаа хөлөндөө шүдтэй тулалдсан байна. Тэмцээний дараа энэ тулааны гэрэл зургуудыг үзсэн сенатор Жон Маккейн холимог тулааныг хориглох хуулийг хэд хэдэн мужид гаргасан билээ. 

Дараа нь 66 ялж, найм ялагдсан замналтай туршлагатай кик боксчин Кевин Розье гарч ирлээ. Түүнийг ялгуусан ялалт байгуулж байгаа бичлэгээр нь үзэж, сонгосон ч үнэндээ нэг бүдүүн эр ирсэн байв. Тэр хэдэн жил тэмцээнд оролцоогүй, ямар ч формгүй болсон байлаа. Тэмцээний өмнө шар айраг уун, пицца идэж байгааг нь зохион байгуулагчид харсан байв. Түүний өрсөлдөгч нь каратэгийн Зейн Фрейзер хэмээх хэний ч мэдэхгүй тамирчин. Эхний мөчөөс л Розье өрсөлдөгчөө нэг гараар торонд шахаж, нөгөө гараар балбаж эхлэв. Гэвч Фрейзер дарамтыг давж гарлаа. Тэд дөрвөн минут тулалдсан нь энэ тэмцээний хамгийн урт өрсөлдөөн байлаа. Сүүлдээ тэд их ядарч, Розьегийн цохилт Фрейзерийн толгойд туссанаар өвдөг дээрээ сөхрөн, эсэргүүцэл үзүүлэхээ болив. Шүүгч нар тулааныг зогсоохгүй байгааг харсан Розье өрсөлдөгчөө унагаан, нүдэж эхэллээ. Гар нь ядарсан тул өшиглөж, дэвсэж эхлэв. Зейн Фрейзерийн дасгалжуулагч цагаан алчуур хаясны дараа л шүүгч нар цуст тулааныг зогсоолоо. 

Шөвгийн наймын дараагийн тулаанд жижицү Ройс Грейси (хамгийн жижиг нь - 183 см, 80 кг) дундаж түвшний боксчин Арт Жиммерсонтой учраа таарчээ. Грейси хэвтээ байдалд хөнгөхөн оруулаад боох мэх хийх гэтэл Жиммерсон бууж өглөө. Дараагийн тулаанд ирээдүйн холимог тулааны домог Кен Шемрок бокс, кикбоксын Патрик Смитийг өчиж ялав.

Найман тулааны зургаа нь эхний минутад өндөрлөжээ. Хагас шигшээд Гордо Розьег ялж, Грейси Шемроктой учирчээ. Том биетэй Шемрок эхлээд санаачилгыг гартаа авсан ч ардаа алдсаныг Грейси ашиглан боож ялсан байна. 

Грейсигийн финалын өрсөлдөгч нь Гордо. Хөлөнд нь үлдсэн Тулигийн шүдний улмаас тэр тэмцээний турш доглон явж байв. Гордо 196 см өндөр тул Ройсоос хамаагүй том харагдаж байлаа. Ийм шоу үзэгчдэд таалагдсан тул UFC 1 тэмцээний финалыг 100 мянга гаруй хүн үзжээ. Грейси босоогоос ялагдана гэдгээ мэдэж байсан тул яаж ийгээд барилдах сонирхолтой. Гордо торноос зуурч, хөл дээрээ тогтох гэж оролдов ч Грейси яаж ийгээд унагааж байлаа. Хоёр дахь минутад Грейси өрсөлдөгчөө хэд хэд мөргөөд, боож ялсан юм. Дараа нь тэр Гордо боолгохгүйн тулд хазаж байсан гэж дурссан байдаг. Хазсанд нь уурлаад бууж өгсөн хойно нь ч боосоор байжээ. 

Анхны аварга болсон Грейси 50 мянган ам.долларын шагнал хүртлээ. Энэ тэмцээний дараа жижицүгийн нэр хүнд асар өсч, бүгд бие хамгаалах урлагийн шилдэг нь жижицү гэж үздэг болсон юм. Грейсигийн клубт хичээллэх хүсэлтэй хүний тоо хэдэн мянга хүртлээ огцом өссөн гэдэг. 

1994 онд UFC-ийн гурван тэмцээн болсон. Тодорхой дүрэмгүй хэвээр байсан ч аюулгүй байдлын үүднээс арай амар болжээ. Грейси гэрбүлийнхэн тулалдсаар байсан ч Дэн Северн, Дон Фрай, Олег Тактаров, Танк Эбботт зэрэг шинэ одод гарч ирлээ. Ройс Грейси дахиад хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн бол Кен Шемрок холимог тулааны од болон гялалзсан. Тиймээ, тэд бидний дуртай өнөөгийн холимог тулааныг үүсгэгчид билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.