UBLife Logo
Кино

Netflix-ийн продюсерыг алсан хуульчийг Хятадад цаазална

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Netflix-ийн продюсерыг алсан хуульчийг Хятадад цаазална

2024 оны гуравдугаар сарын 21-нд Netflix дээр “The Three-Body Problem” гэдэг харь гарагийнхантай холбоо тогтоож байгаа талаар өгүүлдэг цуврал кино гарч эхэлсэн. Энэ цувралыг зохиолч Лю Цысиний романаас сэдэвлэжээ. Кино хийх эрхийг тэд Шанхай хотын Yoozoo Group компаниас худалдан авчээ. Харин нэг өдрийн дараа гуравдугаар сарын 22-нд Хятадад эрх авах талаар гэрээг удирдсан хуульч Сюй Яог хүний амь хохироосон хэргээр шүүсэн юм. Түүнийг Yoozoo Group компанийн ерөнхийлөгч Линь Цыг хордуулан алсан хэргээр цаазлах болно. 

Маш ээдрээтэй энэ хэргийн учрыг олоход тун хэцүү ч тайлбарлах гэж оролдоод үзье. 2020 онд Линь Цы “The Three-Body Problem” романыг дэлгэцэд гаргах эрхийг хамгийн түрүүнд худалдан авчээ. Цувралаа гаргахын тулд тус компани Netflix болон “Game of Thrones” цувралын бүтээгчид болох Дэвид Бениофф, Д.Б.Вайс нартай нэгдсэн байна. 

Линь Цыгийн талаас хэлэлцээрт Хятадын нэртэй хуульч Сюй Яо ажиллажээ. Хэрэв хэлэлцээр амжилттай болбол Сюй цувралын продюсер болохоор тохиролцсон байна. Гэвч том компанийн том босст хуульчийн ажил таалагдсангүй. Цалинг нь өгсөн ч продюсер болгох амандаа хүрсэнгүй. Тэр байтугай сүүлдээ киноны титрээс нэрийг нь хасаж, хөлсийг нь 4 дахин багасгасан байна. Гомдсон Сюй өс хонзонгоо авахаар шийджээ. Харин яаж? Синтетик хар тамхины туршилт хийж байгаа талаар гардаг Breaking Bad киног олон удаа үзсэний хэрэг юу билээ. Мэдээж хороор өшөөгөө авна. 

Мөрдөн шалгалтаас үзэхэд хуульч Сюй хэдэн сар аллагадаа бэлтгэжээ. Янз бүрийн хор худалдан авч, золбин нохой, муур дээр туршилт хийж байв. Эцэст нь хохирогчид тохирсон хор олж, Японоос авчрахын тулд тусдаа компани хүртэл байгуулсан байна. Дараа нь сэтгэл зүйн ном уншиж, баригдсан тохиолдолд мэдрэл муу хүн болон жүжиглэхээр бэлтгэжээ. 2020 оны 12 дугаар сарын 16-нд захирал Линь Цы төдийгүй өөртэй нь муудалцсан хоёр ажилтны цайнд нь хороо хийлээ. Тэрбумтан Линь долоо хоногийн турш эмнэлэгт зовж шаналж байгаад нас барсан. Түүнд 40 литр цус хийсэн ч тусыг олсонгүй. Цуснаас нь таван төрлийн хор илэрсэн юм. Баривчлагдсан хуульч түүнийг амьсгал хураатал нь хорныхоо орцыг хэлэхгүй гүрийсэн гэдэг. Хэдийгээр Линь Цы зураг авалтаас өмнө амиа алдсан ч түүний нэр киноны сүүлд продюсер гэж гардаг. Бараг кино бүтээхэд болохоор гэмт хэргийн түүх ажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.