UBLife Logo
Ном

Орчин цагийн хамгийн нөлөө бүхий 10 гүн ухаанч + онцлох эшлэл

Г.Сүрэн
Г.Сүрэн
Орчин цагийн хамгийн нөлөө бүхий 10 гүн ухаанч + онцлох эшлэл

Хүний амьдралын бүхий л асуултуудад гүн ухаан хамгийн "төгс рүү дөхөх" хариултыг өгч чаддаг. Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхий дахинд хамгийн их нөлөөлж, олон сая хүний өдөр тутмын амьдрал, оршихуй хийгээд ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж буй орчин үеийн гүн ухаанчид хэн бэ? (Жагсаалт нь аливаа дараалалгүй болно)

#1 Сэлли Хасланжер 

Америкийн гүн ухаанч, Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Сэлли Хасланжер нь нийгэм, улс төрийн онол, феминизм, жендэрийн гүн ухааны бүтээлээрээ дэлхий дахинд нөлөөлж байна. 

Онцлох эшлэл:

"Найдвар бол ирээдүйдээ мөрийцөж, тодорхойгүй боломжууд нь нэг хэвийн аюулгүй байдлаас илүү гэж итгэх мөрийтэй тоглоом юм" 

"Сэтгүүл зүй нь гүн ухаанд цаг гаргаж үл амжих гэнэтийн яаралтай үйл явдалд хөтлөгддөг бол гүн ухаан нь тэдгээрт хариулт өгөх дүн шинжилгээ, эргэцүүллийг бүтээдэг" 

"Бид санаа зовж суухын оронд "Үнэндээ жендэр, арьс өнгө гэж юу вэ? Бид ямар байгаасай гэж хүсэж байгаа вэ?" гэдгийг өөрсдөөсөө асууж эхлэх хэрэгтэй" 

#2 Жан-Люк Нэнси

Францын гүн ухаанч Жан-Люк Нэнси нь гүн ухааны 20-иод ном, 100-аад бүтээл нийтлүүлжээ. Түүний гүн ухаан Кант, Гегель, Декарт, Каварагаас Хайдеггер хүртэл, Христээс Шлегелийн романтизм хүртэлх өргөн цар хүрээг хамарна. 

Онцлох эшлэл:

- "Амьдралд хэрэгтэй зүйл бол аргацаасан тайтгарал биш гашуун үнэн юм"

- "Хэрэв утга учраа бусадтай хуваалцахгүй бол утга учир биш болно" 

#3 Ноам Чомский

Америкийн гүн ухаанч, түүхч, улс төрийн активист, хэл шинжлэлийн профессор Ноам Чомский нь XX зууны хэл шинжлэл хийгээд гүн ухааны сургаалуудаараа алдартай. Хэл шинжлэл, улс төр, олон нийтийн хэвлэл мэдээлэл, улс төрд тулгуурласан 150-иад ном бүтээл хэвлүүлээд буй. 

Онцлох эшлэл:

- "Бид баатруудыг биш сайн үзэл санааг эрж хайх хэрэгтэй"

- "Хэрэв хүн үзэн яддаг хүнийхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд итгэдэггүй бол үнэндээ эрх чөлөө гэж түүнд үгүй"

- "Хүсэл, шийдвэр, шалтгаан хийгээд сонголт аль нь ч бай, хүн төрөлхтний шинжлэх ухаан бүгдэд нь хүчин мөхөстөнө" 

#4  Арне Несс

Норвегийн уулч, активист, гүн ухаанч Арне Несс нь хүрээлэн буй байгалиа ойлгохоос хүний оршихуйн мөн чанар шалтгаална хэмээн үздэг. Хүн өөрийн сайн сайхан амьдралын төлөө бус байгалийн уг мөн чанарын төлөө хүрээлэн буй дэлхий ертөнцөө хайрлах ёстой хэмээн тэр сургажээ. 

Онцлох эшлэл:

- "Ой модонд хийдэг зүйл нь хүний өөртөө болон өрөөл бусдад хэрхэн ханддагийн тусгал юм"

- "Уулсын дэргэд өөрийгөө хэр өчүүхнээр мэдэрнэ, тэр чинээгээр бид түүний агуу чанарт дөхөн очдог"

#5 Корнел Уэст

Барууны улс төр, шашин, арьс өнгө, ёс зүйн салбарт ихээхэн үр нөлөө үзүүлж буй Америкийн гүн ухаанч. Харвардын их сургуулийн профессор асан бөгөөд 20 гаруй номоороо дамжуулан өөрийн гүн ухааны санаагаа олон нийтэд хүргэжээ. 

Онцлох эшлэл:

"Мэдрэх өвдөлтөө үл тоон үнэнийг хэлэх нь оюунлаг байдал"

"Цаг хугацаа, итгэл найдваргүйгээр чанартай харилцааг тогтоох боломжгүй" 

"Үнэнийг хэлснийхээ төлөө хүн төлөөс төлөх ёстой болдогч худал хуурмаг дунд амьдрахад бүр ихийг төлөх шаардлагатай"

"Хойш харалгүйгээр урагшлах боломжгүй"

#6 Марта Нуссбаум

Америкийн гүн ухаанч Марта Нуссбаум нь Эртний Ром, Грекийн гүн ухаан, экзистенциализм, феминизм, ёс зүйн тухай өргөн хүрээний сэдвүүдийг хөнддөг. 

Онцлох эшлэл:

- "Хүнд үг хэлэлгүйгээр зүрх сэтгэлийг нь өөрчлөх боломжгүй" 

- "Хүн өөрийгөө ойлгож чаддаггүйн гол бэрхшээл нь дэндүү амархан нөлөөнд автдагаас шалтгаалдаг"

#7 Славой Жижек

Словений гүн ухаанч, соёлын шүүмжлэгч Славой Жижек нь орчин цагийн нөлөө бүхий "хахир хатуу" гүн ухаанчдын нэг юм. Тэр олон нийт, хүний үнэн бөгөөд болхи мөн чанарыг гүн ухааны үүднээс чангахан шүүмжилсээр ирэв. 

Онцлох эшлэл:

- "Жинхэнэ хайрыг хэмжих нэг л хэмжүүр бий: Нөгөөгөө чөлөөтэй доромжлох чадвар"

- "Хүнийг хайрлахад шалтгаан байгаа бол үнэндээ хайргүй гэсэн үг"

- "Хүн төрөлхтөн яахав дажгүй. Гэхдээ 99 хувь нь эргүү тэнэгүүд"

#8 Даниел Деннетт

Америкийн гүн ухаанч, танин мэдэхүйн судлаач эрдэмтэн Даниел Деннетт олон арваны турш хүний чөлөөт хүсэл зорилгын талаар судлан, бүтээл зохиолоо бичсээр иржээ. Тэрээр "Зөв совингийн түлхэц"-ийн тухай санаагаараа хүний зөн совин хүнийг төөрөгдүүлэхийн зэрэгцээ гэгээрүүлж болохыг сургадаг. 

Онцлох эшлэл:

"Аз жаргалын нууц бол өөрөөсөө чухал үнэт зүйлээ олж нэгэн насаа зориулахуй юм"

"Эзгүй арал дээр хүүхдийг нийгмээс тусгаарлан, хэл ярианы чадамж хийгээд бусдыг ойлгох сэтгэлгүйгээр өсгөсөн ч хүүхэд амьдарсаар л байх болно"

"Хүнд сүнс байдаг. Харин сүнсийг шинжлэх ухаанаар тайлбарлах боломжтой" 

#9 Ален де Боттон 

Онол болон оюун ухааны гүн ухааны үзэл санааг түгээн дэлгэрүүлж яваа Ален де Боттон нь хүний өдөр тутмын амьдралын асуултуудад гүн ухааны хариулт өгдөг нэгэн. Тэр аз жаргал, хайр дурлал, ажил амьдралын тухай "Philosophy: A Guide to Happiness" цуврал бүтээсэн бөгөөд үүндээ гүн ухааны ачаар хэрхэн амьдралаа хөнгөвчилж, ойлгон ухамсарлаж болох тухай үзэл санааг шингээжээ.

Онцлох эшлэл:

- "Сайн номыг чухам "сайн" болгож буй зүйл нь хүн амьдралынхаа ямар үед уншсанаас хамаардаг"

- "Дотносол гэдэг хэн нэгний дэргэд хачин жигтэйгээрээ ч ая тухтай байхын нэр юм"

- "Урам хугарахаас сэргийлэх хамгийн сайн хамгаалалт бол хийх олон зүйлтэй байх юм"

#10 Амартя Сен

Нобелийн шагналт Энэтхэгийн гүн ухаанч Амартя Сен эдийн засаг, хүний чадварын онол, шударга ёсны асуудлыг судалдаг нөлөө бүхий эрдэмтэн юм. Түүнийг эдийн засгийн салбарын Тереза эх хэмээх нь ч бий. 

Онцлох эшлэл:

"Ардчиллыг "ардчилсан улс" гэх тодорхойлолтоор нь бус тус улс ард түмнийхээ янз бүрийн дуу хоолойг хэрхэн сонсох чадамжтайгаар нь дүгнэх ёстой"

"Үнэхээр ардчилсан улсад хэзээ ч өлсгөлөн болдоггүй"

Эх сурвалж: Think Big

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.