UBLife Logo
Кино

Зууны шилдэг жүжигчин Марлон Брандогийн амьдралын дүрэм

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Зууны шилдэг жүжигчин Марлон Брандогийн амьдралын дүрэм

XX зууны манлай жүжигчин Марлон Брандо 1924 оны дөрөвдүгээр сарын 3-ны 23.00 цагт АНУ-ын Омаха хотын эмнэлэгт төржээ. Өөрөөр хэлбэл төрснийх нь 100 жилийн ой тoхиож байна. Түүний талаар нэгэнтээ “Пикассогоос өмнөх, дараах уран зураг, Хемингуйн өмнөх, дараах уран зохиол гэдэг шиг Брандогийн өмнөх, дараах кино урлаг гэж байдаг” гэж хэлсэн байдаг.  

Ингээд түүний амьдралын дүрэмтэй танилцья.

Зөвхөн өөрийнхөө замаар явж байгаа хүн хэзээ ч, хэнд ч гүйцэгддэггүй.

Надад хувийн орон зайтай байх эрх байгаад зогсохгүй энэ нь миний анхан шатны хэрэгцээ юм.

Амьдралд бүх юм сайхан байгаа бол заавал нэг занга гарч ирнэ. Би үнэхээр амжилттай байгаа үедээ галууны өдөөр өөрийгөө бүрхэж, нуугддаг.

Миний гол асуудал бол гүн гүнзгий дурлах чадваргүй. Эмэгтэйчүүдтэй харьцахдаа үзүүртээ арьсан хүзүүвчтэй, урт саваа ашигладаг. Хүзүүвчээрээ уургалаад, хол явуулахгүй, өөртөө хэт ойртуулахгүй байлгадаг. Могой барьдагтай л адилхан.

Жүжигчин бол дэлхийн хамгийн тэнэг мэргэжил. Жүжигчний сургууль төгсөгчдийн ганц хувь нь л үлдэж, үлдсэн 99 хувьд нь ажил олдохгүй. Жүжигчид Бурханаас өгсөн хугацааныхаа турш амьдралынхаа төлөө тэмцэх шаардлагатай болдог.

Ходоодонд хамгийн хортой зүйл бол жүжигчид телевизээр хувийн амьдралаа ярихыг үзэх явдал.

Амьдралдаа би олон мафийн гишүүнтэй уулзаж байлаа. Бүгд л Загалмайлсан эцгийг магтдаг юм. Жижигхэн Италид би хаана ч орсон ганц ч удаа мөнгө төлж үзээгүй.

Од болсноо мэдрэхэд нэлээд хугацаа орсон. “Хүсэл нэртэй трамвай” кино дэлгэцэнд гараад хэдэн сар болсны дараа л бага багаар мэдэрч эхэлсэн. Энэ бүх хугацаанд би нам унтаж байгаад гэнэт бөөн чихэр дунд сэрсэн мэт л.

Хэрэв жүжигчин сэтгэж чадахгүй байгаа бол тэр найруулагчийн эхнэрийн ачаар дүр авсан гэсэн үг.

Ижил цалингаар кинонд тоглох уу, студийн шал угаах уу гэвэл би шалыг нь сонгоно.

Хэрэв би үнэхээр шилдэг сантехникч байсан бол хүмүүс надад алга таших уу?

Цалингийнхаа хэмжээг авьяасынхаа хэмжээтэй холбоотой гэж бүү бод.

Төсөөлөн бодоход хамгийн муухай юм бол тэмээний амыг дотроос нь харах. Мөн наймаалж, матар идэж байгаа эмэгтэй. 

Таргалсан уу, үгүй юу гэдэг надад хамаагүй. Учир нь үүнээс болоод миний цалин багасдаггүй.

Леонардо Ди Каприо охинтой адилхан.

Олон эрчүүдийн нэгэн адил надад ижил хүйстний адал явдал бий. Би түүнээсээ ичдэггүй. Хэрэв хүмүүс Жек Николсон бид хоёрыг амрагууд гэж боддог бол бодож л байг. Надад зугаатай л санагдана.

Би рок-н-ролл-ыг үзэн яддаг. Аймшигтай эд. 

Надад сорви олон бий. Энд, бас тэнд, сэтгэлд минь ч хэд хэдэн шарх байгаа.

Хүмүүс надтай уулзахаараа юу хүлээдгийг би мэдэхгүй. Тэд намайг алгандаа шээгээд, бөгсийг нь алгадна гэж бодож байх шиг санагддаг.

Би үхсэн гахайны харцтай.

Холливудад ийм их удсан ганц шалтгаан минь тэнд өгдөг их мөнгөнөөс татгалзах зориг хүрээгүй явдал юм.

Нэг удаа сүмд зураг авалт боллоо. Нэг лам надаас гарын үсэг хүссэн. Лам хүнд гарын үсэг ямар хэрэгтэй гэж?

Миний сэтгэлийг ямар нэг зүйл догдлуулж болно, гэхдээ ихдээ л 7 минут. Долоон минут бол миний эцсийн хязгаар.

Хоол хүнс бол миний анд нөхөр. Сэтгэл санаагаа сэргээхийг хүсэх бүртээ би хөргөгч онгойлгодог.

Хайр дурлалаас өөр амьдрах шалтгаан байхгүй. Үр төлөө үлдээх гэсэн хулганаас хүмүүс нэг их ялгагдахгүй.

Кино од гэдэг нь зүсэр бороон дунд цаасан урцан дээр сууж байгаа хүн юм.

Жүжигчин бол хүн болгоны чадах мэргэжил. Бид ямар нэг зүйлд хүрэх, эсвэл нуухыг хүсэх болгондоо жүжиглэдэг. Ихэнх хүн өглөөнөөс орой болтол жүжиглэж өнгөрөөдөг.

Би хэнээс ч эрх мэдэл, илүү байдал гуйгаагүй. Алдартай од болохоор хүмүүс өөрсдөө өгсөн.

Өмнөд тэнгисийн уугуул иргэд англиар ярьдаггүй. Гэхдээ тэдний үгийн нөөц нь Холливудын бүх киног пиф-паф, чмок-чмок гэсэн хоёр хэсэгт хуваахад хүрэлцдэг.

Жүжигчин бол өөрийнх нь тухай яриагүй л бол юу ч сонсдоггүй хүнийг хэлдэг.

Өөрийн амжилтыг бусдынхтай битгий харьцуул. Та өөрийгөө хоёр жилийн дараа хаана байхаа мэдэхгүй. Өөрийгөө үргэлж өнгөрсөн үеийн өөртэйгөө харьцуулж, илүү болохыг хичээ.

Алдар нэр надад ганцаардал авчирсан. Надад тусгаарлагдсан мэт санагддаг байлаа. 

Миний ололт амжилтыг нулимж орхи. Энэ бүхэн зах зээлийн хууль. Өнөөдөр би зарагдах барааны хувьд илүү байлаа л гэсэн үг.

Өөр хүнийг өвтгөснөөс өөрийгөө зовоосон нь дээр гэдгийг би ойлгосон. Учир нь хүн өөрийнхөө өвчинг эмчлэх боломжтой.

Би еврей биш. Гэхдээ соёлын хувьд еврей.

Жүжигчний ажил бол сэтгэл мэдрэлээ шавхах ажил. Энэ ажлын надад өгдөг хамгийн сайн зүйл бол сэтгэл зүйчид төлөх мөнгө нь.

Хэрэв нохой шээх гээд зогсоогүй бол туулайг гүйцэх байсан.

Шилдэг жүжигчид бол зураг авалтын талбай дээрх найруулагчид юм.

Харамсах нь цагийг дэмий өнгөрөөж байгаа хэрэг. Харамсал бол өнгөрсөн цагийн зүйл. Харин бид одоо амьдрах хэрэгтэй байна.

Жүжигчин бол биеэ үнэлэлтээс ч эртний мэргэжил. Хүн дүрст сармагчингууд жүжиглэдэг л байлаа.

Орчин үед бүх ярилцлага мөнгөний төлөө хийгддэг болсон нь уур хүргэдэг.

Хэрэв надад миний нохой, хүүхдүүд алга ташиж байвал өөр хэрэг. Харин надад өөрийгөө батлахын тулд үзэгчдийн алга ташилт хэрэгтэй болсон бол би шууд зодог тайлна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.