UBLife Logo
Ном

Хаврын номын баяраас онцлох ХОРИН шинэ ном

У.Чинзориг
У.Чинзориг
Хаврын номын баяраас онцлох ХОРИН шинэ ном

“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид тавдугаар сарын 18-20-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй ХОРИН номыг онцолж байна.


Хан Ган "Цагаан хоолтон"

Орчуулагч: П.Номинбилэг

Монсудар хэвлэлийн газраас Хан Ганы “Хөвгүүн ирлээ” /Утга зохиол цувралын 34 дэх бүтээл/, мөн зохиолчийн өгүүллэгийг багтаасан “Солонгос өгүүллэг, тууж” зэрэг бүтээлийг уншигчдад танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад Мэн Бүүкерийн шагналт, олон улсын бестселлер бүтээл болох "Цагаан хоолтон" роман нь П.Номинбилэгийн орчуулгаар хүрч байна.

... Ирмүүн хүсэл тэмүүллээр дүүрэн уран бүтээлч, шилэн саванд хашигдсан загас шиг амьдардаг эр хоёрын эрс ялгаатай оршихуй яаж нэг дор зэрэгцэн байгааг ойлгож хүчрэхгүй өдийг хүрсэн хэрэг...

Ёнхэ хар дарж зүүдлэн сэрээд нэг л өглөө цагаан хоолтон болж хувирдаг. Өнгөн дээрээ хамгийн энгийн, амгалан тайван гэж хэлж болохоор амьдрал нь ийнхүү орвонгоороо эргэх хүртэл нөхөр нь түүнийг “онц гойд юу ч үгүй хүн” гэж боддог байжээ. Харин махнаас гарах Ёнхэгийн шийдвэр төсөөлшгүй өрнөлд хөтөлж, түүнийг хүрээлэн буй хүмүүсийн ертөнцийг орвонгоор нь эргүүлнэ. 

Цагаан хоолтны энгийн түүхээс огт өөр адал явдал, хайр, хүсэл тачаал, сэтгэл зүйн асуудлыг хөндсөн уран зохиолын гайхамшигт ном.


Петер Хандке "Зүүднээс ч чинагш уй"

Орчуулагч: Д.Мөнххишиг

“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг уран зохиолын бэсрэг бүтээлийн цуврал хорьдугаар зууны сүүлийн хагаст төрөн гарсан хамгийн нөлөө бүхий герман хэлт зохиолчдын нэг, Нобелийн шагналт Петер Хандкегийн гол бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан туужаар бүл нэмжээ.

1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан тууждаа Хандке амиа егүүтгэж өөд болсон ээжийнхээ талаар мэддэг бүхнээ амьдарч асан он цагийнх нь үүх түүх, тэр дундаа нацистын дэглэм, дэлхийн хоёрдугаар дайн, дайны дараах үеийн австричуудын ахуй амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэн сонирхолтой бичжээ. Хүнд бэрх, ядуу тарчиг ахуйд төрж өсөөд, хангалуун жаргалтай амьдралыг мөрөөсөн тэмүүлсэн ч хувь тавилангийн хатуухан буулгад талхиулсаар хорвоогоос буцсан ижийнхээ тухай хайр, бахдал, харамсал, гомдол, цухал, ухаарлаар сүлж бичсэн хүүгийн дуртгал халуун дулаан, танил дотно мэдрэмжийг уншигч танд төрүүлэх биз ээ. 

Уг номыг Норвегийн нэрт зохиолч Карл Уве Кнаусгорд “Энэ цаг үед герман хэлээр бичигдсэн үнэ цэнтэй, шидээвэр бүтээлүүдийн нэг” хэмээн үнэлсэн байдаг.

Зохиолчийн тухай танилцуулахад, Петер Хандке 1942 оны 12 дугаар сарын 6-нд Австрийн өмнөд хэсэг дэх Каринти мужийн Гриффин тосгонд мэндэлжээ. Багаасаа уран зохиолд шимтэж өссөн тэрээр анхны бичвэрээ 12 настайдаа сургуулийнхаа сонинд нийтлүүлж асан түүхтэй. Хандке Грацын их сургуульд хуулийн мэргэжлээр суралцаж байхдаа “Балч зөгийнүүд” (1966) хэмээх анхны романаа хэвлүүлэх болсноор уран зохиолын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан юм. Зохиолчийг олонд таниулсан анхны бүтээл нь “Үзэгчдийг доромжлохуй” нэртэй авангард жүжиг байлаа. Түүнээс хойш “Зүүднээс ч чинагш уй”, “Давталт”, “Моравын шөнө”, “Каспар”, “Солгой гартай эмэгтэй”, “Хүслийн жигүүр” тэргүүтэй олон арван роман, тууж, жүжиг, киноны зохиол бичээд байна.


Маргарет Этвүүд "Эрх чөлөө"

Англи хэлнээс орчуулсан: Г. Лхагвадулам

Маргарет Этвүүд хүн төрөлхтний эрх чөлөө болоод эрх чөлөөний асуудлыг хэд хэдэн бүтээлдээ хөндсөнөөс хамгийн алдартай нь олон улсад хэдэн сая хувь борлогдсон “Шивэгчний үлгэр” романюм. “Шивэгчний үлгэр”-ээр хийсэн телевизийн ижил нэрт цуврал 2017 онд дэлгэцнээ гарсан ньЭмми наадмаас олон ч шагнал хүртсэн. Уг зохиолынхоо санааг анх яаж олсон талаараа зохиолчийн ярьсан нь бий: 

“Энэ номдоо би нэлээд хэдэн дүрэм журам баримталсны нэг нь Жеймс Жойсын түүхийн хар дарсан зүүд гэж нэрийдсэн үйл явдлуудаас тэс хөндлөн зохиомол явдлыг юм уу, эсвэл одоогоор огт боломжгүй байгаа ямар нэг технологийг ер нэмж бичихгүй гэсэн зарчим байсан. Хэт уран төсөөллийн хэцүү нэртэй багаж төхөөрөмж, хэт этгээд сонин хууль журам, санаанаасаа зохиосон хэтэрхий худал балмад явдлаар би зохиолоо дүүргэхийг хүсээгүй. Бурхан аар саархан юмст оршдог гэдэг үг байдаг даа. Муу муухай зүйлс ч ялгаагүй”.


Б.Цэвэгмаа /Койбүчи Шиничигийн хамт/ "Одот талдаа буцах сан"

"Одот талдаа буцах сан" ном нь Хаант Оросын хавчлага, Хятадын Соёлын хувьсгал, капитализм болоод социализмын үзэл санааны мөргөлдөөн, Монголын ардчилсан хувьсгалыг өөрийн биеэр гэрчлэн, цаг үе, нийгмийн хүчин зүйлсийн өмнө үл гудайн эх оронч, үнэн шударга сэтгэлээр хөдөлмөрлөн амьдарсан эгэл монгол эмэгтэй, түүний гэр бүлийн түүх юм. Ритм Паблишингийн хамт олон хайр энэрэл, ёс суртахуун, сэтгэлийн хат зэрэг хүний эрхэм дээд чанаруудыг тээж, монгол хүний үнэт өв, үнэт зүйлс болон эх оронч сэтгэлээр бусдад үлгэрчлэн амьдарсан ХХ зууны эгэл агаад эрхэм хүмүүсийн намтар-дурсамжаар дамжуулан, тэдний хувь нэмрээ оруулж бий болголцсон өнөөгийн Монгол улсын орчин цагийн түүхийг залуу үед таниулан дэлгэрүүлэх, үлгэр дуурайлал болсон монголчуудыг номын хуудаснаа амьдруулах зорилгоор уг номыг эрхлэн хэвлэжээ.


Б.Төрмөнх "Монгол хүн: О.Намнандорж"

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. 

“Монгол хүн” цувралын энэ дугаарт монголын орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газарзүйч О.Намнандоржийн тухай өгүүллээ. Энэ хүн бол эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.

... Дэлхийд буусан гал од /солир/ үлэг гүрвэлүүдийг хэрхэн сөнөөснийг, газрын гүнээс оргилох рашаан булаг түмэн бодисын найрлагатайг, эртний хүмүүсийн чулуун зэвсгээс өнөөгийн хөгжил дэвшил хүртэл бүх зүйлийг улам лавшруулан бичсээр. Түүнтэй холбоотой бүхнийг эрж хайн цуглуулсаар. Цастай, бороотойд, бас говийн элсэн манхан, хангайн ой хөвч, намаг шалбаагт ч тэр явган, морьтой, тэмээтэй, цаа бугатай заримдаа хүчирхэг машин техниктэй, заримдаа унадаг дугуйгаар ч явсаар байв.

Хатуу хөтүү цагийн шалгуурт шантарч, буцалгүй эх орон, газар шороо, түүх соёл, амьтан ургамлаа хайрлан хамгаалж үр хойчдоо арвин их өвийг үлдээсэн нэгэн эрдэмтний амьдралын замыг харуулсан энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэндээ өргөн барьж байна.


Зигмунд Фройд "Зүүд"

Англи хэлнээс орчуулсан: Ө.Сумъяа

Монгол уншигчид Фройдын ухамсар болон далд ухамсрын тухай ойлголттой хэдийн танил болсон. Хүн өсөж томрохын хэрээр хувийн болон нийгмийн ёс суртахууны хэм хэмжээст хүлэгдэж, амьтанлаг байгалийн шинж болох Ид-ээ дарангуйлдаг юм. Харин балчир хүүхдэд ийм чадвар хомс байдаг. Тиймээс хүүхдүүд ихэвчлэн идэж чадаагүй чихэр, уулзаж чадаагүй хүмүүс гээд сэрүүндээ биелүүлээгүй зүйлсээ биелүүлж байна гэж зүүдэлдэг тул бага насны хүүхдийн зүүдийг тайлахад төдий л бэрхгүй байдаг гэж Фройд үзжээ.

Эсрэгээрээ насанд хүрэгчдийн зүүд нууцлаг бүтэцтэй, ойлгохын аргагүй утгатай, бэлгэдлээр илэрхийлсэн дүрслэлээр баялаг байдаг. Хүний ухамсар далд ухамсартаа нуусан бүхнээ ил шулуухан үзүүлэхгүй нь тулд ийн “төөрөгдүүлдэг” бөгөөд ийм төөрөгдлыг бүтээх үйл явцыг хүртэл Фройд задлан шинжлэхийг зорьсон юм. Фройдын зүүдний тухай судалсан бүрэн зохиолууд дундаас сонирхолтой хэсгүүдийг сорчлон гаргасан уг бүтээлд хүний биелүүлж амжаагүй, биелүүлэх боломжгүй бүхэн далд ухамсарт хэрхэн дарагдаж, тэр нь зүүдээр илрэн гарахдаа зүсээ яажшуу хувиргадагийг олон сонирхолтой жишээгээр тайлбарласан бий.


Харүки Мүраками "Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтаа"

Орчуулагч: Э.Тэргэл

Японы зохиолч Харүки Мүраками энэ романаа 1992 онд бичжээ. Хүүхэд насандаа үерхэж нөхөрлөж байсан хүү, охин хоёр амьдрал тогтсон хойно 25 жилийн дараа эргэн уулзана. Хэн хэндээ татагдаад байсан нь хайр гэхээсээ илүү хүсэл тачаал гэлтэй. Хүүхдүүд өсөж торнин, амьдралын эрхээр салж, өөр өөрийн хүсэл сонирхлыг хөөдөг боловч хүүхэд насандаа хайрлаж явсан гэхээс илүүтэй үерхэж нөхөрлөж байсан тэр л хүнээ олны дунд эрж хайх нь бултаж болохгүй хувь тавилан болов уу... 

Энэ учрал элсэн эрэг өөд давалгаалах далайн ус мэт, хэн хэнийгээ уусган үгүй болгох хүчтэйбилээ.


Имре Кертиес "Хувьгүй төрөгсөд"

Орчуулагч: Г.Бошигт

Унгарын зохиолч Имре Кертиесийн нобелийн шагналт бүтээл. Түүхэн хэлмэгдүүлэлтэд өртсөн Еврей үндэстэн, 15-н настай хөвгүүн Аущвицын хорих лагерьд хэрхэн амьдарч, тохиолдсон хэцүү, хатуу бүхнийг хэрхэн даван туулж эцэст нь амь гарч буй тухай өгүүлнэ. 

Залуу хөвгүүний тухайн цаг үед амьдарч байсан амьдрал, хайр дурлал, итгэл найдварын талаар бодитоор өгүүлсэн бүтээл юм.


Ричард Райт "Ялгаварлал"

Англи хэлнээс орчуулсан: О.Анударь

Зохиолч Ричард Райт 1908 онд Миссисипид төржээ. Тэрбээр хүүхэд насаа асрамжийн газарт өнгөрүүлсэн бөгөөд туйлын бэрх амьдралыг туулсан ч багагүй туршлага сууж төлөвшсөн тухайгаа “Хар арьст хөвгүүн” хэмээх намтарчилсан зохиолдоо сийрүүлсэн байдаг. Ричард Райт баримтат бүтээл, роман түлхүү бичсэн бөгөөд эсээний түүвэр ч цөөнгүй гаргажээ. 

Түүний “Гаднын хүн”, “Нутгийн хүү” зэрэг зохиолын хэсгээс энэ номд оруулав. Тэрбээр бүтээлүүддээ голчлон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хөндөн бичихээс гадна африк гаралтай америкчуудын хүнд хэцүү амьдралын тухай өгүүлдэг байжээ. Үүнээс болж түүний бүтээлүүд ширүүн маргаан, мэтгэлцээн дэгдээж шүүмжлэлд өртөх нь элбэг байсан аж.


Хасэ Сэйшюү "Хүү, нохой хоёр"

Орчуулагч: Д.Маралгоо

2011 онд Японы зүүн хойд эргийг хөмөрсөн цүнами, газар хөдлөлтийн гамшгаас хойш зургаан сарын дараа нэгэн залуу дэлгүүрийн гаднаас герман хоньч нохойны эрлийз тэнэмэл нохойг олно. Нохойн нэр Тамон. Тамон, залуу эрийн хүнд өвдсөн ээжийн сэтгэлийг баясган, гэр бүлд нь аз жаргал мэдрүүлнэ. Гэтэл нэг өдөр тэр залуу золгүйгээр осолдож, Тамоныг нэгэн хулгайч цааш дагуулан явна... 

Тамон сүүлчийн эзэнтэйгээ уулзах хүртлээ Японы зүүн хойд эргээс өмнөд нутаг руу холын замыг таван жил туулах бөгөөд замдаа ийнхүү хэд хэдэн хүнтэй таарч, хань, хамтрагч нь болно. Тамон тэдэнтэй таарсан нь хувь заяа ч юм шиг, бултах аргагүй тавилангийн замд бурхнаас илгээсэн элч ч юм шиг. 

Японы зохиолч Хасэ Сэйшюүгийн “Хүү, нохой хоёр” ном нь Тамон нохой, түүнтэй учрах хүмүүсийн хувь заяа болон хүн нохой хоёрын итгэлцэл, нөхөрлөлийн түүх юм.

Тус ном англи, герман, франц, испани, орос, итали, хятад, солонгос, португал, тайланд, вьетнам зэрэг арваад улсын хэлээр хэвлэгдэн гарчээ. “Хүү, нохой хоёр” ном нь 2020 онд Японы утга зохиолын нэр хүндтэй шагналын нэг болох Наокигийн нэрэмжит шагналыг хүртсэн. 


Сабахаттин Али "Эрдүү хийл"

Орчуулагч: Х.Нямхишиг

Энэ бол Туркийн алдарт зохиолч Сабахаттин Алигийн богино өгүүллэгүүдээс шилж орчуулсан 12 өгүүллэгийн түүвэр юм. Манайханд хэдийнээ танил болсон энэ зохиолчийн “Тээрэм” өгүүллэгийн Атмажа хэмээх цыган эрийн дүрийг онцлохгүй байхын аргагүй. Хайр сэтгэлийнхээ төлөө амиа золихоос ч буцахгүй, зүрхээ өгөх гэдгийг шууд утгаар нь; зүрх гэдэг тэр махыг цээжнээсээ суга татаж гаргаад, дурлалт бүсгүйнхээ өмнө чулуудах гэдгээр ойлгож явдаг жинхэнэ “галзуу” дүр байгаа юм. 

Мөн Сабахаттин Алигийн “Цийдэм” хэмээх өгүүллэгийн нэгэн бяцхан хүүгийн дүр. Өлсгөлөнд нэрвэгдэж, тураалд орсон жаахан дүүгээ тэжээхийн тулд ганц ямаагаа сааж, цийдэм исгэж, түүнийгээ тосгоноос алс байх галт тэрэгний өртөө рүү аваачиж зардаг, тэр нь санасны зоргоор зарагддаггүй.., цийдэмтэй хүнд сав, шавар шавхайтай урт зам, хүмүүсийн дээрэнгүй муухай зан ааш, зам зуурын цасан шуурга, шөнийн харанхуй, чонын улиан, айдас... Өөрөөс нь ахадсан амьдралын төлөөх тэмцэл. Үнэхээр “гашуун” дүр л дээ.


Габриель Гарсиа Маркес “Наймдугаар сард уулзъя”

Орчуулагч: Б.Нямдорж

Колумбын алдарт зохиолч Габриель Гарсиа Маркесын бичээд хэвлүүлж амжаагүй хамгийн отгон номыг үр хүүхдүүд, хамтран ажиллаж байсан найз нөхөд нь эмхэтгэн гаргажээ. 

Гол дүрийн бүсгүй болох Ана Магдалена жил бүрийн 8 сард гатлага онгоцоор ээжийгээ оршуулсан арал руу очсоноор дахин дахин шинэ адал явдалтай учирна.

Тус зохиол нь эмэгтэй хүний дотоод ертөнц, сэтгэл зүйн онцлогийг харуулснаараа өвөрмөц бүтээл болсон ажээ. Мөнөөхөн л Гариель Гарсиа Маркесын цог галтай бичлэгийн хэлбэр, найруулгыг та тус номоос бүрэн мэдэрч, түүнийг ахин дурсах болно.


Б.Алтанхуяг "Арван өвлийн хойно"

ЭР ЦЭЭЛСЭН ЭГШИГ ДУУН

Арван өвлийн өмнө оюутны ширээнээс анх ижилдсэн уран бүтээлч дүү минь арван өвлийн хойно найргийн ертөнцийнхөө цасны хэл, өвлийн халуун амьсгалтай уянгаар надтай хүүрнэв. Алдаа оноог аль алинаасаа харж, уран сайхны шидэд шунан тэмүүлэхдээ хамгийн сайн ном, хамгийн сайн зохиолыг биедээ барьж гүйдэг их сургуулийн хөвүүдийн цаг саяхан.

Шилмэл шүлгийнх нь шинэ түүврээс тэнгэрээс унах цасан ийм их үг хэлдгийг, өөртөө мөн хэлүүлж болдгийг үгсийн халуунд хайлан харлаа.

Товчхондоо цасны хэлээр цагийг гаталсан эгшиг дуун шинэ номоор нэвт түгнэ. Цасны хэлнээс сэтгэлийнхээ хэлийг хэмнэтгэн барьж бусдыг энэрэн хайрласныг, цасны хэлнээс бусдын сэтгэлийг өршөөн харж, өөрөөсөө илүү итгэж уужирсныг нь мэдэрлээ.

Ерөөс түүний шүлгийн дуу цагийн дуунаас ангижирч эр цээлжээ. Яруу найрагт цаг хугацаа жинхэнээсээ хэрхэн урган биежиж, бие сэтгэл нөхцөн бүрэлддэгийг арван өвлийн хойно ажин асуух мэт туурвил санагдаж байна. Жамын асуулт хэмээх бүлгийн аавынхаа тухай бичсэн цуврал шүлгүүд үүний тод жишээ болно. Жамыг хариултгүй төгсгөл биш төгсгөлтэй асуулт хэмээн таньж бичжээ. Төгсгөлгүй үргэлжилж, ямагт давтагдах зүйлс хэзээ ч үнэн байдаггүй. Дуусахгүй тойрох юмыг үнэлэх боломжгүй шүү дээ.

Төгсгөлтэй бүхэн харин дүгнэлттэй, үнэлэлтэй буюу. Ахын хувиар, судлаачийн хувиар ч тэр арван өвлийн хойно  

“Эмзэг дорой сэтгэлээ анх удаа

Эр хүний хуруугаар тэмтэрч үзлээ” шүү дүү минь.

(Утга зохиол судлаач Х.Чойдогжамц)


Ш.Баттөр “Монголын яруу найргийн шинэ хандлага”

Утга зохиол судлал шинжлэлийн “Цөн” цувралаар МУИС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөрийн “Монголын яруу найргийн шинэ хандлага” номыг таны өмнө дэлгэж байна. 

Энэ номд лав л онцлог бий. Нэгдүгээрт, энэ цаг үеийн гурван яруу найрагчийн уран бүтээлийн тухай бие даасан гурван судалгааны өгүүлэл буй. Хоёрдугаарт, кирилл болон үндэсний бичгээр хэвлэсэн. Гуравдугаарт, шүлэг сонирхогч, бичигчид манайд цөөн биш ажээ. Та бүхэн анзаарсан байлгүй. 2023 оны шүлгийн антологи гаргахаар зарлахад 200-аад эхлэн бичигч, шүлэгчдийн 2000-аад шүлэг ирсэн гэдэг. Тэхээр яруу найраг, тэр дундаа орчин үеийн шүлэг гэж юу вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирж байна. Үүнд судлаач Ш.Баттөрийн энэ ном хариулт болно гэж бодож байна. Мөн шүлэг бичихээс илүүтэй, шүлэг ойлгоход, мэдрэхэд тус болоосой гэж хүсэх л үлдэв.


Г.Хашбаатар "Ойн монолог"

Яруу найрагч Г.Хашбаатарын “ОЙН МОНОЛОГ" төслийн хүрээн дэх эхний бүтээл болох ой тайга, хөвч, шугуй тэнд оршигч амьд бүхний дотоод шаналан хийгээд хүмүүний оршихуйн мөн чанар хоёрын зохирол болон үл зохицох бүхнийг өөрийн таньсан, мэдэрсэн мэдрэмжүүдээрээ нэгтгэн бүтээхийг зорьсон "Ойн монолог" яруу найргийн ном хэвлэгдэн гарчээ.

ОЙН МОНОЛОГ - 0307

/Сангиадаа/

Хатуу цэцэгтэй иширхэг гиш 

Хаана хагдрахаа даанч мэдээгүй.

Том хэдгэний нүсэр даль

Тод үзэгдэх толийг хагалав.

Чи ядарч, би даарлаа.

Царсан навчит гүүн хөх цэцэг шиг

Зуны богинохныг мэдсэнгүй.

Шувуудыг бөхийлгөн тэнгэр нугдайн

Шивүүрт ургамлын үндэс чичрэв.

Чи явж, би зогслоо.

Чонын өргөс өвс

Хуруунд орсон шиг санагдаад

Цочоож өөрийгөө чимхвэл сэрүүн байгаа нь үнэн.

Цонхонд ойрхон сүүдэр шийний үзэгдэлд

Цугтаа байх ёстой ХАВРЫН ХҮҮ ирсэнгүй.

Би сөхөрч, чи нислээ.


Шел Силверстайн "Гээгдсэн хэлтэрхий Том -той таарсан нь"

Орчуулагч: Б.Оюундэлгэр 

Амьдралын философийн тухай ганцаардсан хэлтэрхийгээр төлөөлүүлэн хүүрнэн өгүүлнэ. Хэрхэн амжилтад хүрэх бус хэрхэн хэцүү бэрхийг, хэрхэн уйтгар гунигийг, хэрхэн шантралыг, хэрхэн амжилтгүй болсон үед хариу үйлдэл үзүүлэхийг, бүтэлгүйтлийг хэрхэн даван туулах, алдаанаасаа суралцахын чухлыг заах бүх насныханд зориулсан гайхалтай БОДРОЛ бүтээл юм. 

Энгийн хэр нь гүн гүнзгий, яруу найргийн хэллэгээр илэрхийлэгдсэн энэхүү бүтээл нь 48 жилийн өмнө анх хэвлэгдэж байсан ч одоо бэстселлер хэвээрээ дахин хэвлэгдсээр байгаа билээ. Зохиолч Шел Силверстайн өөрийн бүтээлээ энгийн атлаа хүчтэй дархлаажуулалтын вакцин+допин гэж дүгнэжээ.

Та энэхүү номыг уншихад магадгүй 10 минут л зарцуулах байх. Гэвч бүрэн утга санааг нь ойлгоход 10 удаа унших шаардлагатай болно гэдэгт итгэлтэй байна.


Роммэл Маглаяа "Роза ба цэцгэн гүнж"

Орчуулагч: О.Ууганцэцэг

Роза охин голын дэргэд адал явдал, ид шидээр дүүрэн үлгэр түүх уншиж цагийг өнгөрөөдөг билээ. Нэгэн өдөр тэр голын хажууд сууж байхдаа, ид шид зөвхөн түүний номонд бус эргэн тойронд нь ч бас байдаг болохыг анзаарчээ. 

Розатай хамт, ид шид, үнэт зүйлс, гайхалтай дүрээр дүүрэн ертөнцөөр аялаарай. 


Тони Фаделл "Бүтээ"

Орчуулагч: Б.Төмөр

Тони Фаделл бол бидний сайн мэдэх iPod, iPhone бүтээгдэхүүний багийг удирдан ажиллаж, орон гэрийн хэрэглээний ухаалаг төхөөрөмжүүдийг нэвтрүүлэгч, Nest компанийг үүсгэн байгуулсан, цахиурын хөндийн гуч гаруй жилийн арвин туршлагатай “рок од” билээ. 

Эл хүний бичсэн "Бүтээ" ном нь түүний ментор, көүч, менежер, хамт ажиллагсдын ажлын туршлага хийгээд өөрийнх нь гаргаж байсан тоо томшгүй олон алдаанд үндэслэсэн зөвлөгөө, түүхүүдийн эмхэтгэл юм. Тони ямар нэг утга төгөлдөр зүйл хийхийг хичээж буй хүн бүр ментор, көүчтэй байх эрхтэйгээр үл барам, зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Тиймээс энэхүү номдоо шинэхэн төгсөгч, CEO, менежер, дадлагажигч гээд бизнесийн ертөнцөд хөлөө олж, карьераа босгохыг хичээж буй хэн бүхэнд өдөр бүр өгдөг, олон зөвлөгөөнүүдээ багтаан, ерөөс үүнийгээ хэвлэмэл ментор, зөвлөмжийн нэвтэрхий толь болгожээ.


Арсен Венгер "Миний намтар"

Орчуулагч: Ц.Жанрайдөл, Д.Мөнх-Эрдэнэ

“Ухаан орсон цагаасаа хойш зөвхөн хөлбөмбөгийн төлөө “номын мөр” хөөх хувраг мэт амьдарч байгаа минь хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн сонголт…”.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерүүдийн нэг, олон шинэчлэл-инноваци хийсэн домогт Арсен Венгер өөрийн намтраа дэлгэн бичжээ. 

Венгер уг бүтээлдээ, хөлбөмбөгийн тоглогч дасгалжуулагчийн намтраа өгүүлэхээс гадна өөрийн үнэт зүйлс, суурь зарчим, манлайлал, хувь хүний хөгжил, менежментийн тухай туршлага, зөвлөмжөө өгүүлсэн байна.

Английн "Арсенал" клубийг хэрхэн “ялагдашгүй” болгож, дэлхий дахинд таниулж, цэнхэр гарагийн өнцөг булан бүрээс дэмжигчтэй болгосон тухай хуваалцсан байна. Тухайлбал, залуу авьяастныг нээх-хөгжүүлэх, тоглогчийн хоолны дэглэм, тамирчны сахилга бат, багийн сэтгэлзүй, даруу төлөв зан чанар, бэлтгэлийн талбай дахь өөрчлөлт шинэчлэлт, тоглолтын хэв маяг, уран гоё тоглолт, спортын шинжлэх ухаан, инноваци шинэчлэлт хөлбөмбөгт нэвтрүүлэх, шинэ цэнгэлдэх хүрээлэн бүтээх, санхүүгийн эрүүл бүтэц, клубийн философи, зөв зохистой менежмент засаглал, үнэт зүйлсээ тодорхойлж, түүндээ үнэнч байхын чухлыг онцолсон аж. Товчхондоо, хөлбөмбөгийн түүхэнд нэр нь тодоор бичигдсэн энэхүү эрхэм дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн клуб, брэнд хэрхэн бүтээн бий болгосныг уг бүтээлээс мэдэх боломжтой.

Түүнчлэн, сургалтын арга барил, тамирчин-дасгалжуулагч, шавь-багшийн харилцаа, менежментийн туршлагаа олон төрлийн судалгаа, баримтад тулгуурлан тайлбарласан нь авууштай.

Энэхүү бүтээл нь:

  • Арсеналын хөгжөөн дэмжигч, хөлбөмбөгийн хорхойтон,

  • Тамирчин, дасгалжуулагч, 

  • Бизнесийн менежер, манлайлагч ,

  • Аливаа зүйлийг шинэчилж, бүтээн бий болгохыг хүсэмжилж буй хэн бүгдийн алдалгүй унших бүтээл юм.

Арсен Венгер. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерүүдийн нэг. 1949 онд Францын Страсбург хотноо төрсөн. 1996 онд "Арсенал"-ын менежерээр томилогдон гайхалтай амжилтад хүрэхээсээ өмнө Франц, Японы хөлбөмбөгийн клубүүдэд ажиллаж байсан юм. 2018 онд менежерийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу ФИФА-гийн “Дэлхийн хөлбөмбөгийн хөгжил хариуцсан хэлтсийн тэргүүн”-ээр ажиллаж байна. Эдүгээ Венгер Лондон, Парис хотод сэлгэн амьдардаг.


Эдогава Рампо “Хүн сандал”

Орчуулагч: Д.Дашмөнх

Детектив уран зохиолын төрөлд дорнын гэх өнгө аясыг гаргаж ирсэн, Японы адал явдалт зохиолын нэрт төлөөлөгч Эдогава Рампогийн "Хүн сандал" түүвэр орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар дахин хэвлэгдэхээр болжээ. Эдогава Рампогийн зохиол бүтээл нь хуудас бүрдээ айдас түгшүүр, огиудас зэвүүцэл, санаанд оромгүй эргэлтээр дүүрэн. Магад та үүнийг уншаад өөрийн сандлаас огло харайн босох бий вий.

*Зохиолч бүсгүйн хүлээн авсан захидалд өрнө зүгийн хийцтэй том зөөлөн сандалд орж нуугдсан мужааны түүх гардаг. Ядуу мужаан эхлээд хулгай хийх санаатай байсан ч эцэстээ сандал дотор хөшин сууж амьдрах амьдралдаа дасаж, идэж, унтаж, хоргодож, бэлгийн таашаал мэдэрч, сэтгэж, дурлаж, солиорч... нэг үгээр бусад хүн шиг л амьдарна. Бидний зэргэлдээ оршин буй, ухамсраас гадуурх параллель амьдрал... Нэг л өдөр шунал тачаалдаа автсан мужаан тэр амьдралаасаа гарч хүний ертөнцөд эргэн ирж зохиолч бүсгүйд дурлалаа илчлэхээр шийднэ. Харин өөрт нь мэдэгдэлгүйгээр өөрийг нь янаглан тэвэрч, үнэрлэн мансуурч байсан эрийн дурлалыг бүсгүй мэдээд яах бол?... Чухамдаа яах ч үгүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.