Өнгөрсөн долоо хоноогт Ираны шүүхээс 8 жилийн ял сонссон найруулагч Мохаммад Расулоф нууцаар хил нэвтрэн, зугтаж чаджээ. Мохаммад Расулоф инстаграм хуудсандаа “Амь насаа эрсдэлд оруулан байж надад тусалсан танилууд, анд найз, хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье. Би хил даваад, аюулгүй газарт ирээд байна” гэж бичжээ. Ямар замаар хил нэвтэрснээ хэлээгүй ч Ирак, эсвэл Туркийн нутгаар гарсан байх гэж таамаглаж байна.
Ирэх мягмар гарагт нээгдэх Канны кино наадамд тэрээр “The Seed of the Sacred Fig” киногоо үзэгчдэд танилцуулах юм. Ираны Засгийн газраас тус киног Каннд гаргахыг хориглосон боловч Мохаммад Расулоф татгалзсан байна.