UBLife Logo
-

Г.Уянга: Ер нь бол би АН-д элсэхгүй

Г.Уянга: Ер нь бол би АН-д элсэхгүй

Намаа орхисон шалтгааныг өнгөрснөөс биш ирээдүйгээс хайх хэрэгтэй 

-Ээлжит чуулганы уур амьсгал нэлээд ширүүн эхэлж байгаагийн нэг өнгийг МҮАН-аасаа гарч байгаа Таны шийдвэрээр тодорхойлж болох мэт. Энэ шийдвэрийг гаргах гэж хэр удаан бодсон бэ? -Амархан байгаагүй. Нэлээд бодож гаргасан. Бүх нөхцөл байдлыг тооцож үзэхэд надад өөр сонголт үлдээгүй. Намынхантайгаа сүрхий зөрчилдсөн асуудал байгаагүй. Ерөөсөө миний сонголт бол зөрчилдөөнөөс үүдсэн юм биш л дээ...-Тэгвэл юунаас болсон юм? -Миний хийх гэж байгаа зүйлээс минь болсон. Би чинь арав гаруй жил МАНАН-г шүүмжилсэн хүн шүү дээ. Тэгээд хүмүүс надаас “Тийм, ээ МАНАН биш байна. Тэгвэл өөр хэн гэж, юу юм” гэж асуухаар өөдөөс нь мөрөө хавчаад зогсож байх нь дэндүү хариуцлагагүй хэрэг болно биз дээ. Тийм учраас л намаа орхилоо. -Өөр нам байгуулна гэсэн үг үү. Одоо хугацаа байхгүй болсон?-Мэдэж байгаа. Гэхдээ арга барагдчихаагүй л байна. -Одоо Таны статус өөрчлөгдөх байх. Бие даасан маягтай ажиллана гэж ойлгоод асуухад чуулганы үлдсэн хугацаанд Та юу амжуулж чадах бол?-Би Монгол Улсын Их Хурлын гишүүн гэсэн ганцхан статустай л хүн, түүнийхээ дагуу л ажилласан, ажиллах ч болно. Нам, бүлгээс гарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Нэгэнт өнгөрсөн хугацаанд миний санаа тавьж ажилласан асуудалд нам, бүлэг нэмэр болоогүй болохоор өөрчлөлт гарахгүй л дээ. Хэд хэдэн хуулиа амжуулж хэлэлцүүлнэ ээ. Бас өөр ч төлөвлөгөө байна. -Та бол МҮАН-ын УИХ-д суугаа хоёрхон гишүүний нэг байхдаа л МҮАН-ын дарга М.Энхсайхантай үзэл бодол огт таарахаа больсон нь илт байсан. Хамгийн том шалтгаан Тавантолгой байв уу?-Одоо энэ тухай яриад яах вэ дээ, хүмүүс өөрсдийнхөөрөө дүгнэж ойлгоно биз. Тавантолгой бол шалтгаануудын нэг мөн. Гэхдээ намаа орхисон шалтгаануудыг өнгөрснөөс биш ирээдүйгээс хайвал илүү оновчтой. Болох үйл явцууд энэ шалтгааныг  илүү тодруулна. Асуултыг “Яагаад гарав” гэж биш, “Яах гэж гарав” гэж тавибал илүү зөв хариултыг олж болно.-Улс төрд мөнхийн нөхөр, мөнхийн дайсан гэж байхгүй гэдэг. Тэгэхээр хэн нэгнийхээ гаргаж буй эрс тэс шийдвэрт нөхөд нь ч, дайснууд нь ч хүлээцтэй хандах логик эндээс урган гарна. М.Энхсайхан туршлагатай улстөрчийн хувьд Таныг үдэхдээ ямар реакц үзүүлсэн нь сонирхол татаж байна?  -Манай дарга туршлагатай улстөрч, юу эсийг үзлээ дээ. Ерөнхийдөө миний алхмыг мэдэж, ойлгож байсан. Улстөрчид чинь бас шууд ярьж хэлэлцэхээсээ илүү ая зан, байдал, мэдрэмжээр ойлголцдог хүмүүс шүү дээ. Би намын нөхдөө гэнэт цочроох шийдвэр гаргаагүй ээ. Бүгд л мэдэж байсан. -Ирэх сонгуульд Та бие даан нэр дэвших үү. Таныг намдаа элсүүлээд УИХ-д нэг ч гэсэн суудал авахаас татгалзахгүй олон нам бий л байх. Хэрэв жижиг намуудаас ийм санал ирвэл хүлээж авах уу?-Би хаашаа хөдлөх нь тийм ч чухал биш ээ. Хэрэв надад жаахан нэр хүнд, олон нийтээс хүлээлгэсэн итгэл байгаа бол түүнийгээ юунд зориулах вэ гэдэг л чухал байна. Нүдэн дээр нуран унаж байгаа энэ улс гэрээ өөд нь татахад хэн өөрийгөө бүтэн зориулж чадах вэ? Чадах хүмүүсийг нэгтгэж хамтрах нь миний дараагийн зорилт. 

Улс төрд үе солигдож байна шүү дээ...

-Сүүлийн үед Та М.Энхсайханы “дайсан” гэж хэлж болох УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын, түүний нөхдийн дэргэд олонтаа харагдах боллоо. Сонгууль ойртсон үед улс төрд санамсаргүй, тохиолдлын зүйл гэж байдаггүй шүү дээ? -Хүмүүс бие биеэ үзэн ядаж дайсагнах нь хэзээ ч сайн зүйл авчрахгүй, тэр тусмаа гуравхан сая хүнтэй Монголд. Би бүсгүй хүн, эх хүн учраас хэнийг ч үзэн яддаггүй. Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй, түүнийгээ үгээр биш үйлээрээ баталж чадсан хэнтэй ч хамтрахаас би хулчийхгүй. Сайхан ярьдаг эх орончид, үндэсний үзэлтнүүд зөндөө л байна. Харин хэн нь жинхэнэ зөв хүн бэ гэдгээ зөвхөн үйлээрээ л баталдаг шүү дээ. “Нэгийг хараад нөгөөг мартдаг эрчүүдэд би ерөөсөө дургүй” гэж “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц дарга хэлдэг шиг нэгийг яриад нөгөөг хийдэг хүмүүст би дургүй. Элбэгдоржийн хүн, Энхбаярын хүн, Энхсайханы хүн гэх мэтийн догма ойлголтоос сэтгүүлчид салах болсон. Уянга юу хийж чадах вэ гэж харах ёстой. Улс төрийн орчин, нийгмийн орчин хаост орчихсон. Хуучны улс төрийн зохион байгуулалт нуран унаж, бие даасан үзэл бодолтой улстөрч, сонгогчдын эрин ирж байгааг ямар ч судалгаанаас харж болно. Харин ийм орчинд хуучинсаг улстөрчид хамгийн хүнд цохилт авч байна гэж харж байна. Улс төрд үе солигдож байна шүү дээ!-“Женко”-гоор дамжиж АН-д элсэх бодол бий юү. Ер нь тэр Танд улстөрчийнхөө хувьд таалагддаг уу?-АН-д элсдэг юм аа гэхэд Х.Баттулга гишүүнээр дамжих шаардлага байхгүй. Элсэхдээ тулбал би АН-ын хэнтэй нь ч өөрөө ярьчихаж чадна. Ер нь бол би АН-д элсэхгүй. Х.Баттулга гишүүний байгаа төрхөө нуудаггүй үнэнээрээ байдаг, ер нь нэг тийм гүдэсхэн зан нь надад таалагддаг. Наад зах нь л тэр анкетаа үнэн зөв бөглөсөн, нэг их боловсролтой хүн болох гэж хичээдэггүй. Бас тэр уул уурхайтай орооцолдоогүй хуруу дарам цөөн бизнесмэний нэг. Бас нэг зүйл гэвэл түүний мөнгө гадаадад орон сууц, үл хөдлөх хөрөнгө болоогүй, Монголдоо л үл хөдлөх хөшөө мэт болж эргэлдэж байгаа гэж би ойлгодог. -Та хамгийн сүүлд “Женко”-той хэзээ уулзаж ярилцсан бэ?-Ингэхэд Женкогийн тухай яриа юу, миний тухай яриа юу? Миний нөхөр ч надаас ийм асуулт асуугаагүй л байна. Гэхдээ хариулъя аа, хамгийн сүүлд хэд хоногийн өмнө уулзсан. Яг хэд хоног гэдгийг нь санахгүй байна, долоо хоногоос хэтрээгүй байх.

Би Н.Энхбаяр даргад хэзээд хүндэтгэлтэй л хандах болно

-Та эвсэлд хамтарч байхдаа Н.Энхбаяртай хэр харилцаатай байв. Монголын улс төрд нөлөө бүхий хүн гэдэг утгаараа тэр Танд ямар сэтгэгдэл, туршлага, мэдлэг үлдээсэн бэ. Та улстөрч хэдий ч угшил нь сэтгүүлч хүний хувьд түүнийг эвслийнхнээс арай өөрөөр хардаг байх?  -Н.Энхбаяр даргатай байнга таарч байсангүй, ганцаарчлан уулзаж байсан нь маш ховор. Бүлгийнхнээс миний өрөөгөөр хамгийн цөөн орсон хүн нь Н.Энхбаяр байх шүү. Бид хоёр ердийн л харилцаатай байсан. Эвслийн дарга, наад зах нь ахмад хүн учраас би түүнтэй ёс барьж хүндэтгэлтэй, тахимдуу харилцдаг. Н.Энхбаяр дарга маш ажилсаг, минутыг ч зүгээр өнгөрөөдөггүй зөв хуваарилж, төлөвлөж ажилладаг хүн. Тэр чанар нь бахадмаар, бас суралцмаар. Хэрэв тэр арай л өөр хүн болсон бол Монголын төлөө хичнээн их юм хийх байсан бол оо гэж бодогдмоор шүү. Гэсэн ч би Н.Энхбаяр даргад хэзээд хүндэтгэлтэй л хандах болно. Монгол Улсын Төрийн тэргүүн байсан, Монголын түүхийн нэгэн зурвас үеийг тодорхойлсон, бас залууст сайн ч, муу ч сургамж болох үйлстэй, тод мөртэй хүн шүү дээ. Түүхэнд нэр нь үлдэнэ, ер нь бүх Ерөнхийлөгчийн нэр үлдэнэ. Гэхдээ би төрийнхөнтэй хэнтэй ч зарчим барьж, хүн ёсоор л харилцдаг. Тал засах, эсвэл тэрслэх шаардлага байхгүй.-Өмнөх сонгуулийн үеэр Та Н.Энхбаярыг өмгөөлж ярьж байлаа. Тэр үнэхээр тухайн үед Танд санагдаж байсан шиг “засарч” өөрчлөгдсөн үү?   -Н.Энхбаяр даргыг ганц би ч биш, Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ өмгөөлсөн шүү дээ. Монголчууд хүнийг ядарч явахад нь түлхдэггүй ард түмэн юм. Энэ чинь бидний яс, цусанд байгаа мөн чанар юм чинь, яах ч билээ. Би Н.Энхбаяр даргыг өмгөөлөхдөө төрийн албан тушаалыг наймааны хэрэгсэл болгосон зэрэг өмнөх алдаа дутагдлуудыг нь хэлж байгаад, “Өдгөө тэр хүний санаа бодол өөрчлөгдөж минийхтэй ижил зүйл ярих боллоо. Үнэхээр өөрчлөгдсөн бол бид хамтарч болно оо” л гэж ярьсан. Үнэхээр тийм биз? Арван жилийн өмнөх нөхцөл байдлыг эргээд нэг сана даа. Намайг Монгол буруу замаар орж байгаа тухай ярьж, бичиж, жагсаж тэмцэж байхад төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг тасралтгүй хашсан Н.Энхбаяр дарга “Төр засаг зөв удирдаж, ард түмний амьдрал сайжирч байгаа...” тухай л ярьдаг байсан шүү дээ. Харин тэр өндрөөс буугаад үнэхээр амьдрал хүнд, төр буруу байгааг ойлгосон уу, ямар ч байсан шүүмжлэлтэй ярьж эхэлсэн. Ийм “том” хүн бидний үзэл санааг дэмжиж, тэмцэлд нэгдэхэд хэн ч хажиглахгүй нь ойлгомжтой шүү дээ. “Өнөөдөр Н.Энхбаяр дарга ойлгоод бидэнтэй нэгдэж байгаа нь сайн хэрэг. Маргааш Сү.Батболд нь, нөгөөдөр Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нь ойлгоосой, ингэсээр улам олуулаа болж нийгэм шинэчлэгдэж өөрчлөгдөөсэй” гэж бид бодож, ярьж, зорьж, тэмүүлж байгаа шүү дээ. Чин сэтгэлээсээ ойлгож алдаагаа ухамсарласан хэнийг ч уучилж чадах уужуу ухаан Монголын ард түмэнд байдаг нь агуу юм даа. Гэхдээ энэ дөрвөн жилийн дараа миний ойлгосон нэг чухал зүйл бол 60-тай хүн, тэр тусмаа барьцаатай хүн “хүмүүждэггүй” гэдгийг л маш сайн ойлголоо. Нөгөө талаас энэ улсыг эзэгнэгч “далд гар” хэнийг ч зүгээр явуулдаггүйг, явах гэвэл өсөрхөж бөхөөхөн бөгөөд уртхан гинжээр гинжилчихдэгийг харлаа. -Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай хэлэлцсэн чуулганы хуралдаанд Таны хэлсэн үг, Үндсэн хуулийн цэцийн асуудал хэлэлцэхэд Та бүлгээсээ ганцаараа чуулганы танхимд орж ирсэн зэргээс Таныг АН-ын дарга З.Энхболдтой маш ойр байгаагаар ойлгож болох уу?-З.Энхболд бол УИХ-ын дарга тул миний дарга. Би мөн л дээр хэлсэнчлэн дарга нартайгаа хүндэтгэлтэй харилцдаг. Энэ бол эмх цэгц, төрийн зохион байгуулалт учраас төрөө хүндэтгэж байгаа нь энэ. Хэнтэй нь ч онцгой тал барьсан харилцаа байхгүй. УИХ дээр баримталж байгаа миний байр суурь бол миний л байр суурь. Эрчүүдийн фракц, талцал гэдэг заримдаа бүрэн ухаж ойлгохооргүй сүлжилдсэн байдаг юм. Асуудал нэлээд ужгирсны дараа л ойлгогдох нь олонтаа. Тийм болохоор би асуудалд нь анхаарлаа төвлөрүүлж, зарчмын байр сууриа бариад л явдаг. Энэ нь хэн нэгэнтэй ойр байгаа, эсвэл хэн нэгэнтэй дайсагналцсан мэт харагдаад байдаг байж болох. Би чиг шулуун замаар яваа гэж ойлгож байна, харин үйл явцын дунд заримынх нь зам ойртож, заримынх нь холддог байх. Яагаад би ингэж итгэлтэй хэлж байна вэ гэвэл би магадгүй энэ Их хуралд байгаа цор ганц барьцаагүй, эрх чөлөөтэй хүн байх. Энхболд...Баяр...Сайханаагийн хэн нь ч намайг залж чиглүүлэх гэж шахаж шаардаж байсангүй, тийм болохоор би хүндэтгэлтэй хандахаас яах вэ?

Ардчилал бол монголчуудын хүрэх зорилго биш, зорилгодоо хүрэх арга хэрэгсэл л юм

-Би Таны хэд хэдэн ярилцлага, мэдэгдлээс хатуу чанд төрийг хүсэмжлэгч болон хувирчээ гэж ойлгосон. Хатуу чанд төр гэхээр л хүмүүс ардчиллын эсрэг гэж айдаг?-Эхлээд ардчилал гэж юу болохоо бүгдээрээ нэг мөр ойлгомоор юм шиг санагдсан. Мал нь хаа дуртай газраа бэлчиж, юу дуртайгаа иддэг гэж Ерөнхий сайдын тайлбарласан шиг хэн дуртай нь хаа дуртай газраа юу дуртайгаа хийж болно гэдгээ ардчилал гэж бүгдээрээ ойлговол би түүнийг хүлээн зөвшөөрч, дагаж чадахгүй. Үндэсний үзэл санааны өөрийн гүн бат суурьтай, үндэстэндээ тулгуурласан бодлого, алсын хараатай, түүнийгээ хэрэгжүүлэх чадварлаг боловсон хүчинтэй, тэдгээр нь тогтвортой, хичээнгүй ажиллах бололцоотой зөв тогтолцоотой байж л сая төр нь төр шиг байна. Бид бусдын ямар нэг үзэл санааг биш, эхлээд өөрийгөө зөв танин мэдэж түүндээ тохирсон бодлого явуулах ёстой. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөдгийн үлгэрээр Орос гэсээр коммунизмыг дагаж 70 жил төөрөөд дараа нь либерализм гэсээр Америкийг дагаж төөрөөд бараг 100 жил болж байна. “Монгол хаана байна аа” гэж би асуугаад байгаа юм. 300 жил төрөө шашнаар ч сольж үзсэн үе бас бий. Тэр үеэ бодвол ч их хол ахисаан.Эзэнт гүрнүүд оршиж ирсэн, оршсоор байгаа, орших ч болно, бид өөрсдөө ч эзэнт гүрэн байж үзсэн. Ээлтэй нь бий, ээлгүй нь ч бий. Алдсан нь ч бий, оносон нь ч бий. Алдсанаа анзаараад, олсноо цуглуулаад өөрийн гэсэн зорилготой болох ёстой. Болж өгвөл хамаарлаа багасгаад бие даасан байдлаа бэхжүүлээд явах ёстой. Төр гэдэг бол өнгөрсөн хийгээд одоо байгаа байдлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр ирээдүйд хүрч болох хамгийн сайн сайханд зорьдог цогц юм А.Гитлерийн төрийг тодорхойлсонтой санал нийлдэг. Ийм л үнэт зүйл, ийм төр, тогтолцооны төлөө л явж байна. Ийм төртэй байж чадвал бид гаднынхныг дуурайж савлаж намирч байхаа болино. Гаднын элдэв үзэл суртлаас хэрэгтэйгээ авч хэрэггүйгээ хаяад, өөрийн болгож нутагшуулах, өөртөө ашигтайгаар “хэрэглэх”-ийг л би санал болгодог. Түүнээс аль нэгнийг, эсвэл хэн нэгнийг улайран эсэргүүцэгч би биш л дээ. Юмс сайн тал руугаа өөрчлөгддөг гэдэг үгийг бодвол миний энэ зүтгээд байгаа маань бас л нэг түүхийн ахиц дэвшил авчрах гээд байгаа зүй тогтлын илрэл юм уу гэж бодох юм.-Монгол Улс ардчиллаар хөгжих биш, ардчилалд ашиглуулаад байна аа даа?-Ардчилал бол монголчууд бидний хүрэх гэсэн ирээдүй, зорилго биш шүү дээ. Коммунизм ч ийм байсныг дөнгөж ойлгоод байна. Давтан хэлье, 2200 жилийн өмнө төр улсаа байгуулахдаа 200 жилийн настай “ардчилал” гэгчийг зорилгоо болгоогүй байхгүй юу, манай өвөг дээдэс. Зорилго бол хүчирхэг баян үндэсний төр улс, ардчилал бол арга хэрэгсэл л юм. Монгол үндэстэн сайн сайханд хүрэхийн тулд ардчиллаас хэрэгтэй гэснээ авч ашиглаж хэрэглэж чаддаг, ийм төртэй байх нь л бидний тулгамдсан асуудал болоод байна даа. Гэхдээ би ардчиллыг эсэргүүцэгч биш, одоохондоо хамгийн сайн арга хэрэгсэл мөн үү гэвэл мөн, харин сайн арга хэрэгслийг муу, бас буруугаар ашиглаж байгааг шүүмжилж байна. Ардчилал гэдэг байгалийн баялгаа шулуулахын нэр биш. Монголын эрх ашиг бол баялгаа үнэтэй зарж, шударгаар хуваарилах юм. Хэрэв “ардчилсан нам төр” нь энэ эрх ашгаа умартаж байгаа бол хамтад нь ардчиллын нэр хүнд унана. Үнэхээр манай эрх баригчид ардчилалд тийм хайртай юм бол ардчиллыг тогтоохын тулд өөрсдөө үлгэрлэх ёстой. Алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Исландын Ерөнхий сайд оффшор данстай нь илрээд огцорч байгаа нь ардчилал юм бол Монголын Засгийн газрын ХЭГ-ын дарга яг тийм алхам хийж парламентаас гарах ёстой байсан. Гэтэл ардчилал нэрээр авлигаа халхлаад үндэсний эрх ашгаа бүр уландаа гишгэж, муу гэрээг улам муутгаж байгааг харж байна. Энэ тэгээд ардчиллыг байгуулахын төлөөх, ардчиллаа хамгаалсан ариун үйлс нь юм уу? Үүнийг нь ярихаар “ардчиллын эсрэг үзэлтэн”, “үндсэрхэг үзэлтэн”, “фашист”, “коммунист”, “популист” гэж цоллох нь зөв юм уу? Ер нь хэн намайг гутаахыг оролдож байгааг, хэн намайг гутаалгах гэж мөнгө төлж байгааг харвал огт өөр дүр зураг харагдана шүү. Ардчиллын нэр хүндийг хамгаалж байгаа нь энэ гэж Ерөнхийлөгч нь Капла нарыг суллаад, харин дотоодын компаниудаа дарамтлаад байгаа нь ардчиллыг авчрагчдын ардчилсан үйлдэл үү. 35 тэрбумын татвар нь 18 тэрбум болж буураад, нөгөө л С.Баярцогт үлдэгдлийг нь урт хугацаанд хувааж төлүүлэх нь зөв гэж ардчиллаа хамгаалдаг юм уу. Улс өрөнд ороод байна гэж бахирах мөртлөө өөрт байгаа баялгаа бусдад зүв зүгээр өгөөд, гаднын гэмт хэрэгтнээс хуулиар авах ёстой мөнгөө өршөөгөөд, тэгээд гаднаас өндөр хүүтэй зээл олж ирсэндээ баярлаад байдаг эрх баригчдыг шуудхан “авлигач” гээд нэрлэчихье. Нөгөө авлигатай тэмцэгч Ерөнхийлөгч нь хүртэл авлигаар хойшлуулсан татварын булхайг ингэж улсад хохиролтой шийдэж байгааг харахаар итгэхийн арга алга даа... С.Баярцогтыг аваад үлдсэн, хэрэв АН тэгэхэд огцруулчихсан бол “Оюутолгой” ч ингэж дордохгүй, Капла ч өршөөгдөхгүй, одоогийнхоос арай л шударга байх байсан. Тэгэхэд л Ч.Сайханбилэгийг огцруулчихсан бол Оюутолгойгоос авах ашиг 2037 он болж хойшлохгүй, Ерөнхий сайд нь Хонконгод “Монголын (хүн нь биш) мал нь ардчилсан” гэж яриад явахгүй  байсан юм. Одоо ардчилсан замаар нь Ерөнхийлөгчийн үйлдлийг шийдэх санал тавьчихаад байна. Ардчилал бол хариуцлага юм бол эхлээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Одоо энэ үгээ эрх баригчид мартсан бол би мартаагүй. Би өөрсдөөс нь, ардчилагчдаас ардчиллыг аврах гэж бүх аргаа хэрэглэж байна.

Бидний явсан зам мухардсан. Хувьсгал гарцаагүй!

-Хувьсгалын замаар сайн сайханд хүрэх итгэл үнэмшил тань хэвээр үү. Хувьсгалын тохироо хэдийд бүрдэх юм бол, хийх хүмүүс нь төрөх болоогүй юм болов уу?-Хувьсгал бол систем тогтолцооны эрс өөрчлөлтийг л хэлдэг. Хувьсгалаар Үндсэн хууль өөрчлөгдөж, түүнийг дагаж систем өөрчлөгдөнө. Хувьсгалыг тайван замаар, хэлэлцээрийн замаар хийж болдог. Хүчирхийллийн хувьсгал бол үеэ өнгөрөөсөн. Арав гаруй жилийн турш миний санал болгож байгаа хувьсгал бол тайван замын хувьсгал. Хэрэв  энэ замыг сонгохгүй татгалзсаар л байх юм бол нөгөө зам руу нь ойртоод л байх болно. Хувьсгал бол гарцаагүй. Монголчуудын явсан зам мухардсан. Миний энэ итгэл үнэмшил улам батажсан болохоос өчүүхэн ч ухраагүй. Хувьсгалын тохироо хэдийнэ бүрдсэн. Эрх баригчид хуучин шигээ засаглаж чадахгүй байна, ард түмэн хуучнаараа захирагдахыг хүсэхгүй байна. Хувьсгалын тохироо гэж үүнийг хэлдэг биз дээ. Тэгэхээр яадаг билээ? Сонгуулийн хувьсгал гэж нэг мултарсан. Одоо өөр ямар үлгэр ярих юм?-Эдийн засгийн хямралын буруутныг дотоодоосоо хайх хэрэгтэй шүү дээ. Таныхаар энэ буруутан хаана байна. Эрх баригч АН-ын дотоод зөрчил байв уу, Ерөнхий сайдын гоочлоод байдаг поп нь юм болов уу, аль эсвэл?-Буруутныг гаднаас хайх нь өөрийнхөө алдааг хаацайлах ов мэх төдий. Ер нь дэлхийн хямрал гэж сүржигнээд байх явдалгүй. Ямар ч хямралд сөхөрдөггүй эдийн засгийн бааз суурьтай болж, дотоодын шавхагдашгүй баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийн системтэй болохын оронд байсан үйлдвэрүүдээ нурааж, хувааж идсэн 25 жилийн үр дүн. Нэг их дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлээд сүйд болдог хүмүүс шиг “дэлхийн эдийн засгийн хямрал” гэж ирээд л шалтаг тоочих юм. Бидний эдийн засаг ердөө л хоёр хөрштэй л холбоотой байна шүү дээ. Түүхий эдээ Хятадад л нийлүүлж байна. Тэр ч байтугай “Чинхуа МАК”-ийн тогтвортой байдлын гэрээнд заахдаа “нүүрсээ Хятадын дотоодын зах зээлийн үнээр нийлүүлнэ” гэж заасан байгаа. Одоо олон хүн үүнийг мартчихаад дэлхийн зах зээлийн үнэ энэ тэр гээд байх юм. Хятадын түүхий эдийн зах зээлд манай нийлүүлж байгаа нь гэж даанч өчүүхэн. Төр шиг төртэй байж, хоёр хөрштэйгөө хэвийн харилцвал сүйдтэй хямраад байх ч шаардлагагүй. Гуравдагч зах зээлд түүхий эдээ нийлүүлэх асуудал ч мөн л хөршүүдээр дамжина. Тэгэхээр хүний өөдөөс халширч дальдчаад байлгүй эрх ашгаа ярьж ойлгуулж байгаад асуудал шийдчихдэг төр л үүнийг хийнэ шүү дээ. Дарааллаараа бол эхлээд бүс нутгийн эдийн засгийн интеграцид нөлөөтэй оролцогч болж байж, дараа нь тэр дэлхий энэ тэр гэж ярих ёстой байх.Тэр поп энэ тэр гэдэг бол хулгайч “хулгайчийг бариарай” гэж хамгийн чангаар хашгирдагтай л адил юм даа. Бусдаас буруу хайсан энэ ядарсан шалтгуудаа одоо хэлэхээс өөрсдөө ичдэг болж байгаа байлгүй дээ. Түрүүн би шалтгааныг тодорхой тайлбарласан шүү дээ.

Улс төрийн хүчнүүд дахин хуваарилалтад орох цаг нэгэнт болжээ

-Та өнгөрсөн дөрвөн жилд юунд хамгийн их шантарсан бэ? УИХ-ын гишүүн болсноос хойш Та хэрхэн өөрчлөгдсөн бэ гэхчлэн 2012-2016 онд Таны үзэж туулсан, баярласан хийгээд урам хугарсан онцгой зүйлсийг мэдэх гэсэн юм?-“Гацуурт”, “Оюутолгой” гээд тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд хүч дутахад  гутарч байсан. Жишээ нь, Гацууртыг нэлээд хугацаанд барьж чадсан боловч өнгөрсөн чуулганаар  гарцаагүй л алдах болсон. Нийгэмд асуудал болгон босгож, нийгмийн анхаарлын төвд аваачиж, олон нийтийн нөлөөллийг яг энэ асуудалд чамгүй оруулсан ч яах аргагүй л алдах шинжтэй болоод явчихсан. Өрөөндөө ороод яахаа мэдэхгүй аль болох төвлөрөхийг хичээж байсан ч сэтгэл санаа нэг л тогтож өгөхгүй байлаа. Тэгээд л “Хүмүүн бичиг” сониноо аваад, хуулан бичлэгээ хийж эхэлсэн. Би их сургуульд сурсан монгол бичгээ мартахгүйн тулд хуулан бичлэг хийдэг. Монгол бичгээрээ бичээд эхлэхээр их сайхан тайвширч, төвлөрдөг юм. Тэгээд тайвширмагц толгойд гэнэт л захиа бичих санаа харван орж ирсэн. Тэр дороо л захидлаа ажил хэрэг болголоо. Тэгээд нэмэр болоогүй. Хариулт юу гээч. “Шинжааны уйгур бичгээр бичлээ” гэсэн. Бас дурлал ярьсанд бүр ч гутарсан. Улс нь сүйрч байхад тэдний уураг тархи аль хавьцаа явна аа...?Гэхдээ би нэг их сүйд болтол сэтгэлээр унахгүй л дээ. Одоогийн төр ийм байгааг тэртэй тэргүй мэдэж л энд орж ирснээс хойш. Хэдийгээр хүч дутахаа мэдэж байсан ч асуудлыг оруулж хэлэлцүүлнэ гэдэг олон нийтэд зөв ойлголт өгнө, хэлэлцүүлгийн явцад зарим гишүүний дарах товчлуурыг өөрчилдөггүй юм аа гэхэд дотоод сэтгэлд нь өчүүхэн ч гэсэн эмзэглэл төрдөг байх гэж найддаг. Энэ дөрвөн жил намайг үзэл санаа, итгэл үнэмшлийн хувьд онцгой өөрчлөөд, мөлийлгөөд байсан зүйлгүй дээ. Гэхдээ хууль тогтоох байгууллагад ажилласан дөрвөн жил гэдэг залуу хүний хувьд томоохон өсөлт, өөрчлөлт байгаа нь мэдээж. -Хэрвээ Та 2016 оны сонгуульд ялбал Та аль тойргийг төлөөлж УИХ-д ажиллах бол, бас юу хийхээр төлөвлөх бол?-Би гэм нүгэл хийгээгүй учраас тойрог энэ тэрээ солих, өөрчлөх тухай огт бодохгүй байна. Халх, дөрвөд, казах, буриад хамаг Монголын олон түмэн утсаар ярьж “манай энд ирээч” гэдэг. Ард түмний итгэл, дэмжлэгт урамшиж байна. Би ер нь УИХ-ын гишүүн хүн аль нэг тойргийг төлөөлөхөөс илүүтэй Монголынхоо нийт ард иргэд, нийт улс үндэстнээ төлөөлж ажиллах ёстой гэж үздэг. Бид нэгдмэл төр улсын хууль тогтоогчид. Тиймээс Чингэлтэйгээсээ сонгогдсон ч ярьж хийж байгааг маань улс даяар л харж дэмжиж байдаг нь нөгөөтэйгүүр манай тойргийнхонд урам болдог юм билээ. Нам эвслийн хуралд цуглаанд очиход “Манай тойргоос гарсан гишүүн ийм шударга чигч байгааг хар. Бид л ийм сонголт хийлээ” гэж бардам хэлдэг хүмүүсийн урмыг хугалчихгүйг хичээж явна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байсан маань биеллээ олох байх. Ингэвэл бүх л тойрогт, нийт монголчуудад минь тустай. Үндсэн хуулиа өөрчилбөл ч их ажил өрнөнө дөө. Ингэвэл улс төрийн хүчнүүд дахин хуваарилалтад орох болов уу. Хорин зургаан жилийн дараах нийгмийн өөрчлөлтөд өөрийнхөө идэвхтэй оролцоог зохих түвшинд нь хангах болно оо. -Танд баярлалаа. Амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
23
38
19
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.