UBLife Logo
Ном

Судлаач Ж.Баярсайхан: Монгол Улс соёлын үнэт зүйлийн уналтад орсон

У.Чинзориг
У.Чинзориг
Судлаач Ж.Баярсайхан: Монгол Улс соёлын үнэт зүйлийн уналтад орсон

Таван жилийн өмнө Монголын археологичдын малтлага томоохон дуулианыг дэгдээсэн нь мөнх цэвдэгт 700-800 жил хадгалагдсан өрөм, тос олсон явдал. Энэхүү олдвор өдгөө судалгааны ямар шатандаа яваа, мөн түүхийн хувьд хэр чухал ач холбогдолтой дурсгал болохыг тодруулахаар археологич Ж.Баярсайхантай ярилцлаа. Түүний хувьд 2003 оноос эхлэн буган хөшөөний судалгаагаар дагнасан археологийн олон малтлага, судалгааны ажилд оролцсон төдийгүй мөн шинжлэх ухааны цөөнгүй нээлтүүдийг гэрчилсэн судлаач юм.


-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг Хориг уулнаас 700-800 жилийн турш мөнх цэвдэгт хадгалагдсан гурван ваар өрөм, нэг ваар шар тосыг малтлага хийж, илрүүлсэн нь таны оройлон оролцсон чухал малтлагуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Олдворыг илрүүлэх нь судалгааны хувьд, дөнгөж л эхлэл. Хориг уулын олдворт тулгуурласан судалгааны ажил өдгөө ямар үр дүнд хүрсэн бэ?

-Археологийн судалгаагаар аливаа олдвор, хэрэглэгдэхүүнийг олж нээх нь нэг асуудал. Түүний цаана судлах гэдэг том даваа байдаг. Хориг уулын дурсгал Монголын түүхийн асар чухал эх сурвалж байсан. Харамсалтай нь, тонуулчид тухайн дурсгалт газарт буй 68 булшнаас нэгийг ч үлдээлгүй ухаж сүйтгэсэн шүү дээ. Энэ дурсгалыг бид анх 2017 онд олж, илрүүлсэн юм. Тухайн үед бид нарт энэхүү дурсгал дээр ажиллах зөвшөөрөл байгаагүй учраас нэг жил өнжөөд 2018 оноос авран хамгаалах судалгааг эхлүүлсэн. Тэр жилүүдэд би хүрлийн үеийн буган хөшөөний судалгаанд анхаарлаа голлон хандуулж, тухайн бүс нутагт ажиллаж байлаа. Түүх, соёлын өвийг хайрлан, хамгаалах, судлах ажилд цаг заваа зарцуулж буй хүний хувьд, нүдэнд ил хэвтэж байгаа маш ховор органик эд өлгийн зүйлсийг тоолгүй хаях юм бол хожим харамсах болов уу хэмээн бодож, Хориг уулын дурсгалыг авран хамгаалах ажил руу 2018 оноос ханцуй шамлаж орсон. Бид гурван жилийн хугацаанд 68 булшийг бүхэлд нь шалгаж нягтлах, тонуулчдын гаргасан шороог шигших, тэнд үлдэж хоцорсон олдвор, эд өлгийн зүйлсийг авран хамгаалах, цуглуулах ажлыг хийсэн.

2019 оны судалгаагаар санаанд багтамгүй олдворууд илэрсэн нь нэг ваараар дүүрэн шар тос, гурван ваартай өрөм юм. Том чулууны ард байсныг тонуулчид анзааралгүй үлдээсэн нь тэр. Эдгээр олдвор бол органик бүтцээ агуулж үлдсэн Монгол цагаан идээний хамгийн эрт үед холбогдох баримт. Энэхүү шар тос, өрөмтэй ваарууд нь дотроо зулын бүдүүн голтой учраас “мөнхийн зул” асаагаад орхисон зан үйлийн шинжтэй ул мөрийг илтгэдэг. Хүннүгийн үед сүүлний тосоор дэнлүү асааж, оршуулгын толгой талд тавьдаг зан үйл байсан бол 13-р зууны үед вааранд шар тос, өрмөөр зул асааж, оршуулгын толгой талд тавьдаг зан үйл байсан болохыг гэрчлэх баримт Хориг уулнаас олдсон нь энэ юм. Уг зан үйл нь ариун гал, мөнхийн гэрэл гэгээг бэлгэддэг.

Хоёрдугаарт, Хүннүгээс уламжилсан соёлын чухал элемент болох нар, хавирган сарны дүрс бүхий алт, мөнгөн эдлэлүүд Хориг уулнаас олдсон. Хүннүгийн язгууртны булшинд авсны толгой талд нар, сарны дүрсийг хадаж үлдээдэг байсан. Ингэхээр Хүннү нарыг монголчуудын өвөг дээдэс мөн эсэхэд эргэлзэж, маргалдаж байдаг судлаач нарт нотлох баримттайгаар хариу өгөх боломж гарсан хэрэг. Өөрөөр хэлбэл Хүннү нарын оршуулгын зан үйл нь Монголын эзэнт гүрэн хүртэл шууд уламжлагдан ирснийг нотлох олон баримтыг агуулснаараа Хориг уулын дурсгал үнэхээр чухал үнэ цэнтэй.

(Зургийн тайлбар: Хориг уулын өрөмтэй нэг ваарыг гаргаж буй агшин. 2019 он Дархадын хотгор)

-Эдгээр олдворыг чухам ямар баримтад тулгуурлан язгууртны дурсгал хэмээн нотолж байна вэ?

-Нэгдүгээрт, эдгээр дурсгалыг илэрсэн газрынх нь нэртэй холбон үзэх ёстой. “Хориг” хэмээх нэр дундад зууны үеийн сурвалжуудад бүгдэд нь тэмдэглэгдэн үлдсэн. Тэдгээрт алтан ургийн хаад, язгууртнуудыг оршуулдаг газрыг “Их хориг”, “Хориг” хэмээн нэрийдэх төдийгүй энэ нь хатуу хамгаалалттай, нууцлаг газар байсан тухай бичсэн байдаг.

Хоёрдугаарт, Хориг уулнаас илэрсэн олдвор, эд өлгийн зүйлс нь тухайн үеийн дэлхий ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн үнэт эд өлгийн зүйлс болохыг судлан тогтоосон. Харамсалтай нь тонуулчдын бусармаг үйлдлийн гайгаар зөвхөн хугархай, хэлтэрхий, уранхай хэсгүүд болон үлдсэн. Эдгээрийн дотор перс, хятад торго, Юань улсын үеийн хааны ордны ваар, шаазангууд зэрэг маш нарийн хийцтэй, ховор олдворуудыг дурдаж болно. Тэр ч бүү хэл таван хумстай алтан луу, хас хээтэй торгон дээлийн хэсэг байсан нь уг дурсгалт газрыг язгууртнуудынх гэдгийн том баталгаа юм. Энэ мэт асар олон органик эд зүйлс, алт мөнгөн эдлэлүүд Хориг уулнаас илэрснээс харахад хэрхэвч энгийн иргэдийн булш биш гэдэг нь тодорхой. Мөн эдгээр дурсгал уулын оройд байсан зэргээс үүдээд Дундад зууны үеийн язгууртнуудын дурсгал гэдгийг баттай хэлж болно.

Бид “Хориг уулын эрдэнэс” номд энэ талаар тодорхой саналаа хэлсэн. Энэ дурсгал бол Чингис хааны удам угсаатай худ ургийн барилдлага тогтоосон Ойрад аймгийн язгууртнуудын оршуулгын газар хэмээн үзэж байгаа. Эдгээр булшнууд дотроос эмэгтэй хүмүүсийнх нь оршуулга маш баялаг эд өлгийн зүйлстэй, хэмжээгээр том зэргээс үүдээд Ойрад аймгийн ихэс дээдэстэй худ ураг барилдсан Чингис хааны алтан ургийн эмэгтэйчүүдийн оршуулга гэж үзэхэд хүрсэн. Чингис хааны охин Чэчэйхэн бэхи тэргүүтэй алтан ургийн олон эмэгтэй Ойрад аймгийн үе үеийн зонхилогчдын хөвүүдтэй ураг барилдсан тухай “Судрын чуулган”, “Монголын нууц товчоон” зэрэг эх сурвалжуудад бичиж үлдээсэн байдаг. Түүнээс гадна нимгэн алтаар урласан бурхан багшийн дүр, санскрит “УМ” үсэгтэй торго даавуу байгаа нь Монголын эзэнт гүрний язгууртнуудаар дамжин энэ үед тухайн бүс нутагт Буддын шашин тодорхой хэмжээгээр дэлгэрч байсныг харуулж байна.

-Хориг уулнаас илэрсэн олдворуудын тухайд одоогоор хэчнээн судлаачийн, хэр олон судалгааны өгүүлэл бичигдээд байна вэ?

-Хориг уулнаас олдсон ваарууд доторх цагаан идээний найрлагын судалгааг саяхан Мичиганы Их сургуульд хийлээ. Америк руу дээж илгээхэд, тус сургуулийн лабораторийн үр дүнгээр, энэ нь сарлагийн өрөм, шар тос болох нь тогтоогдсон. Үүгээр бид 13-р зууны үед ч сарлаг үхэр нь цагаан идээ, ашиг шимийг нь хүртдэг гол амьтны нэг байжээ гэдгийг шинжлэх ухааны үүднээс баталж байна. Энэ тухай бичсэн өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн.

Олон тооны хүн ба малын ясны дээжүүд, органик эд зүйлсийн судалгаанууд лабораторид хийгдэж байгаа учраас багагүй хугацаа шаардагдахаас гадна бид төлбөр мөнгөний боломж тааруугаас үүдэн гадаадынхантай хамтарсан судалгааны санхүүжилтээр ихэнх үр дүнгүүдээ гаргаж байна.

Бид хэд хэдэн ширэн эдлэлийн дээжийг Америкийн Смитсоны хүрээлэнгийн материал судлалын төв рүү явуулж, үр дүнгийн тайланг хүлээж авсан. Хориг уулнаас олдсон гурван гутлын тухайд, улыг нь үхрийн ширээр, дээд хэсгийг нь ямааны арьсаар хийснийг тогтоосон. Мөн Хоригийн булшнуудын модон авсны гадна талыг ихэнхдээ үхэр, адууны ширээр хулдаж, ороодог байсан нь тогтоогоод байна.

Хориг уулнаас олдсон алт, мөнгөн эдлэлийн найрлагыг Соёлын өвийн Үндэсний төвийн тусгай лабораторид шинжлэхэд бүгд 99-ээс дээш хувийн шижир алт болох нь нотлогдсон. Энэ мэтчилэн олон төрлийн материалын судалгаа хийгдэж байгаа ч одоогоор бүрэн үр дүн гараагүй байна.

Мөн бид Хориг уулнаас дэлхийд байхгүй ховор торго, даавуун эдлэлийг цуглуулсан. Үүний дотор өнөөгийн байдлаар дэлхийн хаана ч байхгүй цор ганц алтан утсаар нэхсэн таван хумстай луу, хас хээтэй язгууртан хүний дээл бий. Энэ дээлийн материалын судалгаа, нэхмэлийн арга техникийн судалгаа, хээ угалзных нь нарийн урлал, уран сайхны гээд судалгаа хийвэл дуусашгүй их материал байна. Чингис хаан үндэсний музей байгуулагдахад Хориг уулын олдворууд бүрэн эрхээрээ тийш шилжиж очсон. Одоо тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Зарим нь үзэсгэлэнд тавигдсан.

Түүнээс гадна Хориг уулын дурсгалаас цуглуулсан хамгийн үнэ цэнтэй олдвор бол тухайн үеийн хүмүүсийн яс буюу био-археологийн олдворууд, мал, амьтны яс буюу зоо-археологийн олдворууд юм. Энэ үнэ цэнтэй, баялаг цуглуулгад генетикийн болон бусад олон төрлийн лабораторийн судалгаа хийгдэж байна. Цаашид үр дүн нь олон нийтэд хүрэх болно. Үүнээс харахад ер нь шинжлэх ухааны судалгаа гэдэг маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж тодорхой үр дүнд хүрдгийг багцаалж болох байх.

-Хориг уулын өнөөгийн нөхцөл байдал ямархуу байгаа вэ?

-Хориг уулын дурсгалт газар одоо тоногдоогүй болон авран хамгаалах судалгаа хийгдээгүй булш оршуулга үлдээгүй. Харин Хориг уул орчимд Монголын Эзэнт гүрэн болон Дундад зууны үед холбогдох булш бүхий олон дурсгал бий. Их, бага Номт уул, дээд, доод Цахир уул гээд Дархадын хотгор дахь жижиг уулс бүгд оройдоо их, бага хэмжээний дурсгал, булшнуудтай. Тэдгээрийн ихэнх нь мөн л тоногдсон. Бид жил бүр тонуулчдын сүйтгэсэн соёлын үл хөдлөх дурсгалыг аварч, хамгаалах ажлыг хийж байна. Цар тахлын дараах хоёр жилд Хориг уулнаас хойшоо 20-иод километрийн зайд байх Ренчинлхүмбэ сумын нутаг дахь дээд, доод Цахир ууланд Эзэнт гүрний үеийн бүлэг дурсгалуудыг авран хамгаалах малтлага хийсэн, мөн л бүгд тоногдсон дурсгалууд.

Хориг уулын дурсгалыг одоогоор аль ч шатны хамгаалалтад аваагүй, энгийн дурсгалт газар хэвээрээ байна. Энэ дурсгал тонуулчдын гарт сүйтгэгдээд анхдагч үнэ цэнээ хэдийн алдчихсан л даа. Бидний илрүүлсэн эд өлгийн зүйлс, нөхөн сэргээсэн түүхэн баримтууд бол уг бүс нутгийн түүх, өнгөрсний үнэ цэнийг хадгалж үлдсэн цорын ганц цуглуулга, баримтууд юм. Хориг уулыг цаашид Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн судалгаанд үнэ цэнтэй газар болохыг нь олон нийтэд танилцуулах, Дархадын хотгор дахь бүх дурсгалыг хамгаалалтад авах асуудлыг Соёлын өвийн шат, шатны байгууллагууд анхаарах хэрэгтэй. Дархадын хотгор мөнх цэвдэгтэй учраас эртний эд өлгийн дурсгал, органик материалууд маш сайн хадгалагдаж үлддэгээрээ л чухал байгаа юм.  

(Зургийн тайлбар: Хориг уулнаас олдоод буй алтан утсаар нэхсэн таван хумстай луу, хас хээтэй язгууртан хүний дээл)

-Улаан-Уул сумаас алт илэрч, нэг хэсэг хүмүүс газар сэндийчин бужигнасан цаг саяхан. Энэ хөдөлгөөн тухайн бүс нутагт ямар таагүй ул мөрийг үлдээв?

-2010 оны эхээр тайгад очсон хууль бус алт олборлогчид Дархадын хотгорын газар нутгийг нь эвдэн сүйтгээд зогсоогүй хүмүүсийнх нь оюун санааг харлуулж, уламжлалт цээрийг үгүй хийсэн. Тэд тайгаас хөөгдөөд буцахдаа орон нутгийн хүмүүсээр заалган Хориг төдийгүй тухайн бүс нутаг дахь бүх булш бунхныг толгой дараалан ухаж, сүйтгэсэн байгаа юм. Хууль бус алт олборлогчид дайран өнгөрснөөс хойш Дархадын хотгорт бүтэн үлдсэн дурсгал ховордсон. Түүгээр зогсоогүй, тухайн бүс нутгийн хүмүүст нинжа нар олон муу нөлөө үзүүлснээс болоод нутгийн иргэд ч гэсэн булш, бунхныг ухаж сүйтгэдэг, олз хайдаг буруу зан сурч, энэ байдал өдгөө ч үргэлжилсээр байна. 

-Хориг ууланд үнэ цэнтэй дурсгал байгаа гэдгийг анх хэрхэн мэдсэн юм бэ?

-Намайг 2003 онд Үндэсний музейд ажилд ороход Монгол-Америкийн хамтарсан “Буган хөшөө” төсөл эхэлж, би судлаачаар ажиллах болсон. Энэ төслөөр Дархадын хотгор дахь буган хөшөөд, хүрлийн үеийн дурсгалуудыг судлах ажлыг өргөн цартай эхлүүлсэн юм. Бидний судалгаа хүрлийн үеийн дурсгалд төвлөрч, буган хөшөө, хиргисүүр, хадны зураг, зарим бууц суурины судалгааг хийж байснаас бусад түүхэн үеийн дурсгалууд руу илүү хальж оролгүй байсаар 2017 оныг хүрсэн. Тухайн жил Хориг уулын аман дахь хоёр буган хөшөөг судлах, баримтжуулах ажлаар явж байгаад Хоригийн аманд зусаж байсан Л.Баттөр гэдэг малчин эгчтэй таарсан юм. Л.Баттөр гуайтай уулзаад байтал “Хойд ууланд олон булш, хиргисүүрийг сэндийчээд хаячихсан. Хүний яс энд тэндгүй газраар хөглөрч, хүүхдүүд малд явахдаа хүртэл айгаад хэцүү боллоо. Үүнийг харж, авч цэвэрлэдэг юм байдаг бол туслаач” гэв. Энэ мэдээг сонсоод Хориг уулын дурсгалт газарт очиход сүйтгэгдсэн булш, олдвор хэрэглэгдэхүүн, хүн, малын яс газраар хөглөрөөд, хог шиг хэвтэж байсан.

(Зургийн тайлбар: Хориг ууланд 800 гаруй жил хадгалагдсан өрөмтэй ваар)

-Та ойрмогхон ямар сэдвээр өгүүлэл бичиж гадаад, дотоодын сэтгүүлд хэвлүүлэв?

-Сүүлийн хэдэн жилд Хориг уулын олдвор, хэрэглэгдэхүүнийг судлах, анхан шатны урьдчилсан үр дүнг хэвлүүлэхэд анхаарч ажиллалаа. Эхний урьдчилсан үр дүн болох “Хориг уулын эрдэнэс” ном маань 2023 онд хэвлэгдсэн. Үүнээс гадна бусад төрлийн археологийн олдвор, хэрэглэгдэхүүнд тулгуурлаад гадаадын хэд хэдэн сэтгүүлд өгүүлэл бичиж, хэвлүүллээ. Үүний нэг нь хамгийн эрт үед холбогдох эмээл гэж тогтоогдоод байгаа Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Урд улаан үнээт уулын агуйгаас олдсон эмээлийн тухай бичсэн судалгааны өгүүлэл маань Английн “Antiquity” сэтгүүлд хэвлэгдэн гарсан. Мөн 2007-2010 оны хооронд Ховд аймгийн Манхан сумын нутаг Хаалгатын завсар, Мөнххайрхан сумын Шомбуузын бэлчир зэрэг газарт малтан судалсан Хүннүгийн дурсгалын генетикийн үр дүнг гадаад судлаач нөхдийн хамт “Science Advances” сэтгүүлд хэвлүүллээ. Уг өгүүллийн тухай хялбаршуулсан мэдээ, нийтлэлүүд барууны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн хүртээл болсон төдийгүй одоогоор цахим эх үүсвэрээс 22000 орчим таталттай явж байна лээ. Уг өгүүлэлд 2007 онд Хаалгатын завсарын дурсгалт газар малтсан Хүннүгийн язгууртан эмэгтэй болон тэнд малтсан дагуул булшнаас гарсан хүмүүсийн генетикийн үр дүн хэвлэгдсэн юм. Хамгийн сонирхолтой нь уг язгууртан эмэгтэй нь удамшлын хувьд Монголын төв нутагт буй Гол мод-2 дурсгалт газрын Хүннүгийн шаньюй язгууртан хүмүүсийн ДНХ-тай хамгийн ойр байсан бол, дагуул булшнаас маш холимог ДНХ-тай хүмүүс байв. Үүгээрээ өмнө нь Хоригийн дурсгалт газарт өндөр байр суурьтай, алтан ургийн язгууртан эмэгтэйчүүд байсныг дурдсан шиг Хүннүгийн үед ч шаньюйн удмын гүнж нар эзэнт гүрний алтан аргамж болж, зах хязгаар нутагт ураг барилдан очиж, улс төр, эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байсны нотолгоо гэж бид үзэж байгаа. Энэ дурсгалт газар 1990 онд археологич Д.Навааны малтсан маш том язгууртны булш мөн л эмэгтэй хүнийх байсан нь үүний давхар нотолгоо юм.   

-Археологийн судалгааны үр дүн, үйл явцыг ахиулахад олон улсын судлаачидтай ямар байдлаар хамтран ажилладаг вэ?

-Сүүлийн үед археологийн судалгаанд олон улсын эрдэмтэдгүйгээр ажиллах төвөгтэй болчхоод байна. Он цаг тогтоох “С14” шинжилгээнээс эхлээд бүх төрлийн нарийн шинжилгээ хийх лаборатори Монголд хомс учраас археологичид бүх дээжээ аль нэг гадаадын улс руу явуулж, үр дүн тогтоолгоход хүрдэг. Материалын судалгаа хийе гэхэд Монголд мөн л лабораторийн боломж алга. Харин лабораторийн судалгааны үр дүнгүйгээр, хуучных шиг харьцуулан үзээд тийм үеийнх бололтой гэж таамаг дэвшүүлсэн байдлаар бичсэн өгүүллийг олон улсын ямар ч сэтгүүл хүлээж авахаа больсон.

-Археологийн шинжлэх ухаан, түүхийн салбартай ямар сэжмээр холбогддог юм бол?

-Археологийн шинжлэх ухаан бол ерөнхийдөө хүн төрөлхтний түүх, соёлын балар эртний үеэс бичиг үсгээр бүх түүхэн үйл явц тодорхой тэмдэглэгдэн үлдэх хүртэлх урт удаан эрин  үеийг судалдаг. Археологи гэдэг нь хууч судлал, эртний судлал гэсэн утгатай үг. Түүхийг улираагаад судлахаар бичгийн сурвалжгүй үеийг хэрхэн судлах вэ гэсэн асуулт тулгардаг. Ийм үед хамаарах эх сурвалжийг олж, бодит баримтад тулгуурлан түүхийг бичихийн тулд археологийн шинжлэх ухаан үүсэж, хөгжсөн.

Би “Монголын умард нутгийн буган хөшөөд” судалгаандаа маш олон малтлагын үр дүнгүүдийг хамруулсан. Үүнээс өмнө буган хөшөөг олон тоогоор нь малтаж, он цаг тогтоож, угсаатны археологи гэдэг өнөөдөр хүртэл амьдаараа байгаа зан үйлийн хүрээнд нь тайлбарлах судалгаа Монголд урьд өмнө хийгдэж байгаагүй. Энэ бүх агуулгаар харахад миний судалгааны ажил буган хөшөөний судалгаанд яах аргагүй нэгэн дэвшил, шат тавьсан гэж хувьдаа боддог.

-Та Монголын умард нутгийн буган хөшөөдийг бүртгэн, судалсан. Тухайн бүс нутаг дахь буган хөшөөдийн онцлогийн талаар тодруулбал?

-Би 2003-2016 оны хооронд докторын ажлаа бичихдээ Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр дэх 180-аад буган хөшөөг үндсэн эх хэрэглэгдэхүүн байдлаар ашиглаад Архангай, Говь-Алтай, Завхан, Баянхонгор зэрэг бусад газрын буган хөшөөдийг нэмэлт материалаар харьцуулан судалсан юм. Буган хөшөөний бүх ангилал, төрөлд багтах хөшөөнүүд Хөвсгөл аймагт бий. Ихэнх нь бугын хийсвэр дүрслэлтэй хөшөөд байх боловч амьтны бодит дүрслэлтэй хөшөө ч бий, амьтны дүрслэлгүй хөшөө ч бий. Миний зүгээс буган хөшөөний ангилалд нэмж оруулсан “амьтдын холимог дүрслэлтэй” буган хөшөөд ч Хөвсгөлд байдаг.

Хоёрдугаарт, би “Монголын умард нутгийн буган хөшөөд” судалгаандаа маш олон малтлагын үр дүнгүүдийг хамруулсан. Үүнээс өмнө буган хөшөөг олон тоогоор нь малтаж, он цаг тогтоож, угсаатны археологи гэдэг өнөөдөр хүртэл амьдаараа байгаа зан үйлийн хүрээнд нь тайлбарлах судалгаа Монголд урьд өмнө хийгдэж байгаагүй. Энэ бүх агуулгаар харахад миний судалгааны ажил буган хөшөөний судалгаанд яах аргагүй нэгэн дэвшил, шат тавьсан гэж хувьдаа боддог. Үүнээс хойш хийгдсэн буган хөшөөний судалгаанууд миний судалгааны үндсэн хүрээнээс бараг гараагүй дээ.

(Зургийн тайлбар: Эльба мөрний эргээс олсон буган хөшөөг судалж буй нь. ХБНГУ-ын Халлэ хот дахь Соёлын өвийн газрын сан хөмрөгт. 2024 оны 2 сарын 20-нд)

-2023 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45-р чуулганаар Монголын нутаг дэвсгэр дэх “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн. Судлаачийн хувьд, та эл жагсаалтад дөрвөн дурсгалт газрыг сонгож бүртгүүлсэнтэй санал нэгддэг үү?

-Миний мэргэшсэн судалгааны чиглэл гэвэл буган хөшөө юм. Оросууд буган хөшөөг бүх талаас нь судлаад дуусгачихсан гэдэг ойлголт 2000-аад оны эхээр судлаачдын дунд тогтчихоод байлаа. Оросын судлаачид эхэн үедээ Монголын буган хөшөөний соёлыг Скифийн соёлоос хойших он цагт хамааруулж үздэг байв. Скиф гэдэг НТӨ 8-р зуун, түүнээс хойших үед хамаардаг Евроазийн дамнан тархсан соёл л доо. Монголтой ойрхон хамгийн гол дурсгал нь пазырыкийн соёл юм.

1980-иад оны сүүлээс В.В.Волков, Э.А.Новгородова нарын судлаачид буган хөшөөнд дүрслэгдсэн багаж зэвсгийн он цагийг НТӨ 1300-аад оны үед хамаарах Карасукын  соёлтой холбон тайлбарласнаар Скифийн соёлоос өмнөх үед хамаарах он цагийн шинэ хандлага гарч ирсэн. Бид буган хөшөөний хажууд байх олон тооны тахилын байгууламжуудыг малтаж, түүнээс илэрсэн адууны толгойн яснуудын дээжийг Америк руу илгээснээр буган хөшөө дурсгалыг НТӨ 1300-800 оны хооронд 500 орчим жил идэвхтэй бүтээсэн болохыг гарцаагүй лабораторийн аргаар нотолсон юм.

Нөгөөтэйгүүр бид буган хөшөөний дүрсээс гадна түүний эргэн тойрон дахь тахилын цогцолборуудыг тайлбарласан. Энэ бол Монгол-Америкийн хамтарсан “Буган хөшөө” төслийн болоод миний зүгээс буган хөшөөний судалгаанд оруулсан гол хувь нэмэр. Энэ үеэс монголын төдийгүй олон улсын судлаачид буган хөшөөг дахин сонирхон судлах шинэ хөдөлгөөн эхэлсэн.

Улмаар энэ үйл явдал өргөжиж, өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Монголоос дөрвөн дурсгалт газар бүртгэгдлээ. Нэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ойролцоох Уушигийн өвөр гэдэг эртнээс алдартай дурсгалт газар. Энэ дурсгал бол Монголын төв, умард нутагт байгаа хамгийн сонгодог дүрслэл бүхий буган хөшөөдийн төлөөлөл мөн. Харамсалтай нь, он цагийн уртад бүх хөшөө анхны байрлалаа алдаж, газарт унасан байдалтайгаар хэвтэж байсныг 1970-аад оны сүүлээр дахин босгосон. Тухайн үеийн археологийн тайлангуудад, Уушигийн өврийн дурсгалд босоо хөшөө бараг байгаагүй гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. Хожим судлаачид Уушигийн өвөрт өргөн хэмжээний малтлага, судалгаа хийгээд нөхөн сэргээлтийг нь дутуу дулимаг хийсэн  тохиолдол бий. Эдгээрийг эс тооцвол Уушигийн өвөр дэх буган хөшөөд бол Монголын умард нутаг дахь буган хөшөөдийн хамгийн том цогцолбор, дурсгалт газар төдийгүй хиргисүүр гэдэг оршуулгын байгууламжтай нэгэн цогц байдгаараа гарцаагүй чухал дурсгал мөн.

Эндээс урд зүгт явахаар Архангай аймгийн Өндөр-Улаан суманд Жаргалантын ам, Урт булагийн ам гэдэг хосгүй гайхамшигтай дурсгал бүхий газрууд байдаг. Биднийг 2004, 2005 оны үед судалгаа хийхээр Жаргалантын аманд очиход хажуу тийш хазайчихсан ганц хөшөөг эс тооцвол бүх буган хөшөөд ухсан нүхний эргэн тойронд, зарим нь газарт сул хэвтэж байсан. Учир нь эдгээр буган хөшөөдийг Дөрвөлжин булшны соёлыг үлдээгчид хожим өөрсдийн булшны хана, дараас хийж ашигласан байсныг 1989-1990 онд Монгол-Оросын археологичид малтан гаргаснаас үүдэн зарим нь нүхэн дотроо ил хаягдаж, зарим нь газраар хаа сайгүй сул хэвтэх болсон. Энэ байдлыг анх хараад хүмүүс барилга байгууламжид ашиглачих вий, эсхүл бут цохиод сүйтгээд хаячих вий гэдэг санаа зовнил төрж, АНУ-ын Элчин сайдын  нэрэмжит Соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрт 2009-2010 онд төсөл бичиж, тодорхой зардал гаргуулан 24 буган хөшөөг хуучин сууринд нь сэргээн босгож, бүх дурсгалынх нь бүрэн баримтжуулалтыг хийсэн төдийгүй “Жаргалантын амны буган хөшөөд” номыг судлаач нөхдийн хамт гаргасан. Энэ дурсгал тахилын цогцолборынхоо хувьд, эзлэн байгаа газрын хэмжээ, тахилын байгууламжийн тоо, хэмжээгээрээ бол Евроази дахь хамгийн том цогцолбор л доо. Энэ 30 орчим буган хөшөөний эргэн тойронд нийтдээ 1000 гаруй адуугаар тахилга өргөсөн томоохон байгууламж байдаг. Тэгэхээр Жаргалантын амыг буган хөшөөний соёлын зүрх нь болсон цогцолбор гэж хэлж болно.

Гурав дахь дурсгал нь Хойд Тамирын сав нутаг дахь буган хөшөөд юм. Том хөндийн дурсгалуудыг бүхэлд нь багтааж, энд тэнд байгаа олон хөшөөдийг нэг бүлэг болгон бүртгүүлсэн юм билээ. Миний хувьд, энэ байршлыг арай өөр бүс нутагт өөр дурсгал сонгох боломжтой байсан гэж хардаг. Буган хөшөөд нь дүр дүрслэлээрээ хэд хэдэн төрөл ангилалд хуваагддаг. Тухайлбал Алтай, Соёны нуруугаар өргөн тархсан амьтны дүрслэлгүй болон амьтдын бодит дүрслэлтэй буган хөшөөдийн төлөөллийг оруулсан бол соёлын орон зайгаа өргөтгөөд зогсохгүй онцлогийг тодруулж өгөх байсан болов уу. Амьтан дүрсэлдэггүй боловч буган хөшөөнд байдаг бусад дүрслэл болох хүзүүний зүүлт, ээмэг, бүс, зэр зэвсгийг дүрсэлдэг, эсвэл буга болон бусад амьтдыг бодитойгоор дүрсэлсэн буган хөшөөд Алтай, Соёны нуруугаар түгээмэл бий. Ховд аймгийн Мөст сумын Бодончийн гол юм уу, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын дурсгал хоёрын аль нэгийг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх гурав дахь газар нутгаар сонгосон бол буган хөшөөний олон ангиллыг багтаахаас гадна, соёлын тархалтын хүрээ, агуулгыг тэлж өгөх боломжтой байсан гэж боддог.

Буган хөшөө, хиргисүүр тархсан бүс нутгийг газрын зураг дээр тавьбал Хүннүгийн газар нутгаас багадахгүй том харагдана. Тэгэхээр Хүннүгээс мянган жилийн өмнө нүүдэлчдийн газар нутагт Хүннү гүрэнтэй энэ зэрэгцэх соёл, улс төр, эдийн засаг, урлаг, шашны төвлөрсөн нийгэм бий болсныг уг дурсгал харуулж байгаагаараа маш чухал юм. Сүүлийн үед би буган хөшөө, хиргисүүрийн соёлынхны улс төрийн бүтэц, нийгмийн байгууламжийн талаар сонирхон судлахаар мэдээллийн эх үүсвэрүүдээ цуглуулж байна. Буган хөшөө, хиргисүүр бол Хүннүгээс мянган жилийн өмнөх төр улсын бүтцийг агуулж байгаа соёлын ул мөр гэж үзэх бүрэн үндэстэй. Тэгэхээр Монгол төрийн түүх хоёр мянга биш, лавтай гурван мянган жилийн настай болж таарах нь ээ дээ.

-Буган хөшөөтэй холбогдох судалгаанд таамаг, оньсого хэвээр байгаа ахиулан судлах шаардлагатай нууцлагдмал сэжмүүд юу байдаг вэ?

-Археологийн дурсгалт газар, дурсгалыг судална гэдэг нэг хүн эсвэл нэгэн үе гүйцээж дуусгах амархан ажил биш. Буган хөшөө дунджаар 2.5 тонн жинтэй. Тэгэхээр энэ асар том чулууг уулнаас тал хээрийн газарт хэрхэн зөөвөрлөж авчраад дээр нь уран нарийн урлагийн бүтээл сийлж, крангүй эрин үед хэрхэн өргөж босгон буган хөшөөний дурсгалыг үлдээв гэдэг асуултын хариу нууц хэвээр байна. Англид ч гэсэн Стоунхэнжийг яаж босгосон бэ гэдэг асуудал өнөөг хүртэл нууц хэвээрээ л байгаа шүү дээ. Үүнтэй адилхан Жаргалантын аманд байгаа 5 тонн жинтэй буган хөшөөг ямар ч чулуугүй Хануйн хөндийн гол хэсэгт, аль уулнаас хэрхэн зөөвөрлөж авчраад дээр нь 68 буга яаж алдаа мадаггүй нэг хөшөөнд тойруулан сийлсэн бэ гэдэг өнөөг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байна. Дүрсийн утга бэлгэдэл, тахилын байгууламжийн цогцолборын асуудлууд, хиргисүүр хийгээд буган хөшөөний харилцан хамаарлууд, гарал үүсэл, хөгжлийн явц гээд олон асуултууд өдгөө судалгааныхаа ид дунд хэлэлцэгдэж байна.

(Зургийн тайлбар: Жаргалантын амны хамгийн олон буга дүрсэлсэн хамгийн том буган хөшөөний хажууд. 2010 он)

-Буган хөшөөн дэх дүр дүрслэлийн утга, бэлгэдлийг тайлах асуудал өдгөө ямар түвшинд байгаа бол?

-Буган хөшөөн дээрх дүрс дүрслэлүүд, ялангуяа зэр зэвсэг, хүний эдэлж хэрэглэдэг гоёл чимэглэлийн зүйлс тэдгээрийн дотор хүзүүний зүүлт, ээмэг, титэм зэрэг нь нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал болон тогтож байна. Буган хөшөөний ээмгийг өмнөх үеийн судлаачид “нар сар” гэж бичиж байсан. Энэ нь нэг талаар үгүйсгэж болохгүй үзэл бодол мөн. Яах аргагүй олон цацрагтай, нар хэлбэртэй ээмэг буган хөшөөнд дүрсэлсэн байдаг. Тэгэхээр энэ нь нэг талаараа ээмэг боловч, нөгөө талаараа нарыг бэлгэдсэн дүрслэл мөн. Харин нүүдэлчид эртнээс нааш сарыг нарнаас ялгахын тулд хавирган хэлбэрээр дүрсэлдэг байсан. Хүннүгийн үед ч, Монголын эзэнт гүрэн болон бусад үед ч тэр. Гэтэл буган хөшөөнд хавирган сарны дүрс ерөөсөө байдаггүй. Хоёр талд нь дугуй цагариг, зарим тохиолдолд нар шиг цацрагтай, зарим тохиолдолд том, жижиг хоёрыг ч нэг талд дүрсэлсэн байх нь бий. Судлаачийн хувьд би ээмэгний дүрслэлд нарны, тэнгэрийн бэлгэдэлт утга давхар байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нар гэдэг тэнгэр, хурмастыг бэлгэддэг нэг биет хэсэг нь мөн. Нар бол тэнгэрлэг хаад, язгууртан гэх үзлээр эртнээс нааш ихэс дээдэстэй холбогддог учраас овог, аймгийн ахлагч, тухайн үеийн язгууртнуудын бэлгэдлийг шингээсэн байх бүрэн үндэстэй.

Буган хөшөөн дээр дүрслэгдсэн эд өлгийн зүйлс болох том чинжаал хутга, бамбай Монгол нутгаас маш цөөн тоогоор олдсон. Сонирхолтой нь, хиргисүүр гэдэг буган хөшөөтэй нэгэн үед бүтээгдсэн оршуулгаас олдвор, эд өлгийн зүйлс гардаггүй. Хүний оршуулга, яс гардаг боловч дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлс маш цөөхөн илэрдэг. Тиймээс буган хөшөөнд дүрслэгдсэн эд өлгийн зүйлс бодит байдлаараа хиргисүүр гэдэг дурсгалаас олдсон түүх Монголд байхгүй. Харин Увс аймагтай хил залгаа Минусын хотгороос, Ордосын хүрлийн соёлоос түгээмэл олддог. Буган хөшөөнд дүрсэлсэнтэй ижил төстэй модон бамбайнууд Алтайн мөнх цэвдэгт хадгалагдан үлдсэн пазырыкийн соёлоос гарсан. Гэхдээ он цагийн хувьд хожуу буюу хиргисүүр, буган хөшөөний соёлын дараах үеийн дурсгалаас олдсон байдаг.

-Таны хувьд, буган хөшөөн дэх бамбайг бамбай биш “Таван талт тагнай хээ” гэж нэрлээд амьтны биеийг төлөөлүүлсэн нурууны дүрслэл байж болох юм гэх төдийгүй бөөгийн хэнгэргэн дээр зурсан тухай санаа дэвшүүлж байсан. Харин Л.Түдэв агсан “Чулуужсан буга” номдоо уг санааг тань няцааж “Бөө болгоны, тэр тусмаа хамгийн эртний сурвалжит бөөчүүлийн хэнгэргэн дээр ийм хээ байдаггүй. Тэрхүү “Таван талт тагнай хээ” гэж нэрлээд буй “хээнүүд” нь 13-15 янз байдаг бөгөөд монгол буган чулуунуудын ихэнх хээ нь өөр өөр юм. Нэгдмэл нэг загвартай бус нь ийнхүү хараажаар тодорхой тул хийсвэр ойлголттой холбон тайлбарлах аргагүй юм” гэсэн байдаг. Та Л.Түдэв агсны шүүмжийг хэр бодитой гэж үздэг юм бол?

-Л.Түдэв гуай чулуун дурсгалыг ихэд сонирхон судалдаг их сэтгэгч хүн байж. Тухайн үед би залуу судлаач байсан ч хоёр, гурван өгүүллийг маань уншаад тодорхой хэмжээгээр тоож, бас санаа шүүмжээ бичсэнд нь баярладаг.

Буган хөшөөний тахилын байгууламж нь бөөгийн шашны үзэл онолтой маш их холбогддог юм. Үндсэндээ нүүдэлчдийн язгуур шашин шүтлэг, үзэл санаатай л холбогдоно гэсэн үг. Тиймээс буган хөшөөн дэх буга, бусад амьтны дүрсүүд, тахилын байгууламж дотор адууны толгой тавьсан зан үйлийг тайлбарлахад бөөгийн уламжлалт зан үйл их чухал эх сурвалж болдог.

Тухайн үед Үндэсний музейн цуглуулгад байсан бөөгийн хэнгэрэг, дохиурыг судалж байх явцад буган хөшөөн дэх тагнай хээнүүд, тэрхүү бөөгийн хэнгэргийн бариул болоод дохиурт олонтоо харагдсан юм. Ялангуяа бамбайн дүрслэлүүд буган хөшөөний ар нуруунд дүрслэгдсэн байдаг.

Бөө нар хэнгэргийн бариул болоод дохиур дээр байгаа тагнай хээтэй дүрсээ хоёр янзаар тайлбарладаг юм. Эхний хэсэг нь онгодын унаа болгож байгаа амьтны нуруу, хавирганы дүрс гэж, нөгөөх хэсэг нь онгодын унаа болсон адууны дэл гэж үздэг. Яах аргагүй хоёулаа үнэн. Зарим хэнгэрэг дээр адууг, бариул дээрээ дэлийг нь дүрсэлсэн байдаг. Зарим хэнгэрэг дээр нурууны үенүүдийг сийлээд, хавиргануудыг нь улаан зосоор хажуу тийш хагалж зурсан байдалтайгаар дүрсэлдэг.

Буган хөшөөн дэх “тагнай хээтэй таван талт дүрсүүд” нь нэгдүгээрт, онгодын унаа болж байгаа амьтны нуруу, хавирганы дүрслэл байж болох юм гэсэн саналыг би судалгааны эхэн үедээ дэвшүүлж байгаад сүүлдээ “Ер нь бамбай мөн юм байна. Гэхдээ бамбайн дээр байгаа дүрсийн бэлгэдэл нь бөө мөргөлд байгаа хамгаалалтын бэлгэдэлтэй дүрс” гэж үзэхэд хүрсэн. Тэгэхээр “Бамбай биш бөө мөргөлийн дүрслэл” гэдэг санааг маань Л.Түдэв гуай ч няцаасан, би ч өөрөө энэ үзлээсээ татгалзаад “бамбайн дүрслэл мөн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 

Шинжлэх ухааны маш нарийн олон дарааллыг давж гараад өгүүлэл бичих бас тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа хийнэ гэдэг бол үнэхээр хүнд хөдөлмөр. Энэ хүнд хөдөлмөрийн ард асар их цаг хугацааг зарцуулсан хэрнээ эдийн засгийн өгөөж нь бага. Тэгэхээр шинжлэх ухааныг илүү өндөр түвшинд үнэлж, эрдэмтэн судлаачдаа дээгүүрт тавьж байж л улс орон хөгжинө үү гэхээс шинжлэх ухаангүйгээр хөгжсөн улс орон гэж түүхэнд байхгүй.

-Л.Түдэв агсан мөнхүү номдоо таны өөр нэгэн шинэлэг санааны тухайд “Залуу судлаач “буган чулууг” монголд баруун талаас ирж хоёр соёл уулзсан мэтээр дүгнэсэн нь эргэлзээтэй үг юм. Монгол нутагт дор хаяад л долоон аймаг угсаатны хаанчлал хүн улсаас хойш ээлж дараалан ноёрхож, өөр өөрийн өвөрмөц хувь нэмрээ оруулж, өвөө үлдээсэн билээ. Хэдий тийм ч тэд нар цөм “монголоид” (монголжуу) ястан, хол ойрын элгэн садангууд маань байсан” хэмээн тэмдэглэжээ. Харин та тухайн үедээ ямар үндэслэлд тулгуурлан эл санааг дэвшүүлж байв?

-Тухайн үед би “хоёр соёл уулзсан” гэж бичээгүй. Л.Түдэв гуай энэ агуулгыг андуурсан бололтой юм билээ. Миний санаа бол буган хөшөө, хиргисүүрийн соёлыг бүтээхэд баруун зүгээс гаралтай соёлын нөлөө байсан гэж л хэлсэн юм. Буган хөшөөнд адууны дөрвөн туурай, хүзүү, толгойгоор тахилга өргөдөг зан үйл Уралын нуруу орчимд эрт цагаас бий болж, оршуулгын зан үйлд хэдийн тогтсон соёлын онцлог. Улмаар 400-500 жилийн дараа Монгол нутаг дахь буган хөшөөнд эл тахилын байгууламжийн ул мөр гарч ирж байгаа нь уг хоёр соёлын хооронд ямар нэгэн нөлөө, хоорондын харилцаа байсантай холбоотой гэж л хэлсэн хэрэг.

-Таныг археологич болоход голлон нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

-Арван жилийн сурагч байхдаа сэтгүүлч юм уу, эсвэл түүхч болох сон гэж боддог байлаа. Би 1998 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд арван жилээ төгссөн. Сонирхож байсан хоёр мэргэжлийн маань шалгалт давхцаж таараад ангийнхаа багштай зөвлөлдөж, түүхийн ангид шалгалт өгөөд МУИС-д орж байсан юм. Тэндээсээ хувь заяаны санамсаргүй тохиолоор археологи руу татагдаж орсон. Түүхийн ангийн оюутнууд нэгдүгээр курст байхдаа археологийн дурсгалтай танилцах дадлагад явдаг юм. Би ар гэрийн байдлаас болоод дадлагадаа явж чадаагүй. Төгсөх дөхөөд иртэл дадлагын ажил хийгээгүй гэдэг бэрхшээл тулгарах болов. Тухайн үед манай анги даасан багш шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор, профессор З.Лонжид багш намайг Үндэсний түүхийн музей дээр очоод хээрийн дадлагаа нөхөж, хамгаалахгүй бол төгсөхөд хэцүү боллоо гэсэн. Багшийнхаа зааснаар Үндэсний түүхийн музейд дадлага хийж байх хугацаандаа одоогийн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн археологичтой танилцсан юм. Энэ хүн тухайн үед музейн археологич, эрдэм шинжилгээний ажилтан байсан. Миний дадлагын ажлыг удирдаад тэр жилээ надад Монгол-Солонгосын хамтарсан археологийн экспедицэд дагалдах ажилтнаар явах хүсэлт тавьсан. Ингээд би 2001 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Худгийн толгой гэдэг газар Хүннү булш малтах Монгол-Солонгосын хамтарсан судалгааны багт орж ажилласан юм. Анх удаа археологийн малтлага хийж, хүний яс гарч ирэхээр нь цочиж зугтаагаад эмнэг адуу шиг л байлаа. Судалгааны хүмүүстэй хамт яваа болохоор улам сонирхол татаад, түүхийн судалгаа, археологийн баримт хэрэглэгдэхүүн чухал юм байна гэдгийг мэдэж авснаас гадна археологийн ерөнхий ойлголт, туршлагатай болж байгаа юм. Тухайн үед Үндэсний түүхийн музейн захирлаар ажиллаж байсан түүхч С.Идшинноров гуай намайг их сургуулиа төгсөхөөр Үндэсний музейд ажилд авъя гэсэн. Гэхдээ чи түүхчээр биш, археологичоор ажиллана гэж надад шууд хэлсэн  л дээ (инээв). Ингээд би Монгол-Америкийн хамтарсан “Буган хөшөө” төсөлд судлаачаар ажиллах болсон юм.

(Зургийн тайлбар: Жаргалантын амны хамгийн том буган хөшөөг сэргээн босгож буй нь. Канадын чулуун дурсгалын сэргээн засварлагч Александр Габовын хамт. 2009 оны намар)

-Та Үндэсний музейд 20 гаруй жил ажилласан. Музей бол зөвхөн үзмэрийг хадгалдаг, дэлгэж үзүүлдэг биш, харин ч дурсгалыг судлан, шинжилж, олон нийтэд таниулах үүрэгтэй газар болов уу. Энэ талаар?

-Ихэнх хүмүүс музейн ажилчид гэхээр үзэсгэлэн дэлгэчихсэн, үзмэрээ хараад л, түүнийгээ тайлбарлаад л сууж байдаг хэсэг хүмүүс гэж ойлгодог. Харин хөшигний ард музей гэдэг дааж давшгүй, дуусашгүй их ажлын уурхай болсон газар байдаг юм. Энэ нь дотроо асар их уялдаа холбоотой, харилцан хамааралтай цогц ажил байдаг. Үүний суурь болсон зүйл нь музейн цуглуулгын судалгаа. Тэгэхээр цуглуулгыг судалж байж шинжлэх ухаан, урлаг, түүхийнх нь үнэ цэнийг нээж, тодруулж байж сая үзэсгэлэнд тавих, судалгаанд суурилсан мэдээ, мэдээллийг нь олон нийтэд түгээн дамжуулах, түүх, соёлоо сурталчлах гэсэн дараагийн шат руу шилждэг учиртай. Би Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтнаас, эрдэм шинжилгээний төвийн дарга хүртэл 20 гаруй жил ажиллахдаа музей доторх археологийн цуглуулгыг судлах, мөн олон улсын хамтарсан төслүүдээр суурь судалгааны ажлуудыг ахиулахад нэлээд хүчин чармайлт гаргасан. Гэхдээ өнөөг хүртэл музейн цуглуулгыг судлах ажил үнэхээр түүхий хэвээрээ байгаа. Зөвхөн археологи биш угсаатны зүй, түүх, материал судлал гэхчлэн шинжлэх ухааны олон салбарын судалгааг хийж байж цуглуулгын нэгдсэн үнэ цэнтэй судалгааны ард гардаг. Энэ бол маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулах ажил. Түүнчлэн ямар нэгэн тоног төхөөрөмж, технологийн дэвшилгүйгээр зөвхөн нүдээрээ хараад бүх юмыг ялгахад хэцүү шүү дээ. Баруунд бол музей гэдэг хэд хэдэн хүрээлэнгийн цогцолбор байдаг. Монголын музейнүүд одоогоос л төрөлжсөн судалгаа, лабораторийн бааз суурийг бий болгох ажлыг эхлүүлж байна. Эдгээрийн нэг нь Чингис хаан музей гэхэд лабораторитой, дотроо олон алба, төвүүдтэй, төрөлжсөн судлаачидтай болох чиглэл рүүгээ дөхөж байна. Үндэсний музей бол хуучнаар Хувьсгалын музей байж байгаад 1997 онд одоогийн нэрээрээ шинэчлэгдэн үүд хаалгаа нээсэн.

-Сан хөмрөгийн хувьд хэр баян бэ?

-Үндэсний музей 60 гаруй мянган нэгж үзмэртэй. Цуглуулгаараа Монголын хамгийн том музей л дээ. Олон жилийг элээсэн учраас байшин барилгын хувьд хуучирч, сан хөмрөгийнх нь нөхцөл байдал ч хэцүү болсон. Үзэсгэлэнгийн танхимууд дахь агааржуулалт, гэрэл гэгээ, шилэн хорго зэрэг нь стандарт бус учир бүхэлд нь шинэчлэх шаардлага тулгараад байна.   

Аливаа үндэстэн, угсаатан өөрсдийнхөө өв соёлыг хайрлаж, хамгаалахгүйгээр, үнэт зүйл гэж үзэхгүйгээр оршин тогтноход төвөгтэй л дээ. Энэ цаг үед Монголын нийгэмд амьдарч байгаа хэн бүхнээс асуухад соёлын өв, хөдөө хээр байгаа чулуун дурсгалаас илүү хэдэн төгрөг, эсвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ойлголт илүү үнэ цэнтэй байгаа. Энэ үзэл нийтлэг болсноос үүдэн соёлын үнэт өв, үл хөдлөх дурсгалууд, булш бунхныг тонох шунахай сэдэлтэй гэмт хэргүүд олширч, Монголын соёлын өв устгагдахад хүрээд байна. Тэгэхээр энэ бол Монгол Улс соёлын үнэт зүйлийн уналтад орсны нэгэн шинж.

-Та өдгөө ямар судалгаанд төвлөрөн ажиллаж байна вэ?

-Одоогоор ихэнх цагаа “MAPSS” төслийн ажилд зарцуулж байна. Тодруулбал, ХБНГУ-ын Макс Планкийн Гео-Антропологийн хүрээлэнд Монголын соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, мэдээллийн сан байгуулахаар олон улсын багтай хамтран ажиллаж байгаа юм. Олон жил археологийн судалгаа хийсэн маань Монголын соёлын өв, ялангуяа үл хөдлөх дурсгал олноороо тоногдон, сүйтгэгдэж байгаа таагүй он жилүүдтэй давхцаж таарсан. Соёлын үл хөдлөх дурсгалуудыг тонон, сүйтгэж байгаа хүмүүсийн үйлдлийг зогсоож, шийтгэл оногдуулахаар олон ч удаа хууль, хүчний байгууллагуудад хандаж байлаа. Гэвч тэр болгонд тулгардаг олон асуудлын нэг нь Монгол нутаг дахь түүх, соёлын өвүүдийг баримтжуулсан бүртгэл байхгүй явдал юм. Бүртгэлгүй, үнэ цэн нь тодорхойгүй дурсгалд хэрэг үүсгэж, хүнд ял торгууль ногдуулах боломж муутай. Нэг булш бунхан тоногдлоо гэхэд түүний талаар тодорхой мэдээлэл байдаггүй учраас ямар үнэ цэнтэй, аль үеийн дурсгал байсныг хэлэх аргагүй юм. Иймд Монгол нутаг дахь соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болох нь чухал гэж бодоод өмнө нь хамтран ажиллаж байсан Макс Планкийн Гео-Антропологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй нийлээд төслийн санал боловсруулсан.

Улмаар таван жилийн хугацаанд хэрэгжих “Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх дурсгалуудын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан үүсгэх” төслийн ажлаар Германд очоод гурван жил гаруй болж байна. Төслийн үр дүнд Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгалыг бүгдийг нь нэгдсэн мэдээллийн санд оруулж чадахгүй ч тодорхой дурсгалуудыг баталгаатай газар зүйн мэдээллийн эх үүсвэртэй, дагалдах хэмжилт, мэдээллүүдтэй нь баримтжуулж байна.

Энэ төсөл нь хэд хэдэн эх үүсвэрээр мэдээллийн санг баяжуулах төлөвлөгөөтэй. Нэгдүгээрт, зайнаас тандан судлах байдлаар нэгдсэн мэдээллийн сан үүсгэж гурван жилийн хугацаанд 40 мянга гаруй дурсгалыг баримтжуулаад байна. Өөрөөр хэлбэл, интернэтэд нээлттэй байгаа хамгийн сайн сансрын зургуудыг ашиглан үл хөдлөх дурсгалуудыг зайнаас тандан судалж, бүртгэж байгаа юм. Хоёр дахь эх үүсвэр нь, хэвлэгдэн гарсан ном зохиол, шинжлэх ухааны өгүүлэл, тайлангуудаас Монголын соёлын өвийн мэдээллийг нэгтгэн, уг санд оруулах юм. Гуравт нь, сүүлийн үеийн технологийг ашиглан “машин сургалт” буюу компьютерыг сургаад түүгээрээ сансрын зургуудаас дурсгалыг илрүүлэх орчин үеийн арга зүйг боловсруулан ажиллаж байгаа нь үр дүнтэй байна. Хүнээс гадна орчин үеийн технологийн дэвшилд суурилсан тандалт, хайгуулын судалгааг явуулж, Монгол нутаг дахь соёлын өвийг баримтжуулах ажлыг төдий хэрээр ахиулж байна. Бид өнгөрсөн хугацаанд ямартаа ч арга зүйгээ боловсруулаад амжсан, мөн маш олон дурсгалуудыг бүртгэлжүүллээ. Энэ арга зүйг цааш нь Монголын шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Соёлын өвийн байгууллагууд Монголд нутагшуулаад, соёлын үл хөдлөх дурсгалыг баримтжуулах, бүртгэлжүүлэх ажлыг ахиулах боломжтой. Энэхүү төсөл хэрэгжиж дуусахад бидний үүсгэсэн нэгдсэн мэдээллийн сан Монгол улсын өмч болж, ашиглах эрхийг нь Соёлын өвийн төв, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын яам гэсэн байгууллагуудад шилжүүлэн эзэмшүүлнэ.

-Археологийн малтлагын явцад нэн ховор олдвор олоход ямар мэдрэмж төрдгөө хуваалцаач?

-Археологичдыг маш их үнэ цэнтэй, эсвэл үнэт төмөрлөгөөр хийсэн эд өлгийн зүйл олохоороо л их баярладаг байх гэсэн хандлага нийтлэг байдаг. Гэтэл археологичдын хувьд, харин ч эсрэгээрээ. Жишээ нь, би буган хөшөө, хиргисүүрийн соёлоос өмнөх үед хамаарах дурсгалаас мал, амьтны яс гараасай гэж олон жил мөрөөдөж хайгуул, малтлага хийж байна. Өнгөрсөн жил Ховд аймгийн Булган сумын Дугуйн ам гэдэг газар дахь эртний нэгэн дурсгалаас маш олон тооны малын яс илрүүлж оллоо л доо. Тэр мөч надад мартагдашгүй сайхан мэдрэмжийг үлдээсэн. Монголын нүүдлийн амьдралын гол суурь болсон таван хошуу малын түүх улирсаар хаанаас хамгийн эртний мал олдох нь уу гэдгийг мөшгөж, Увс аймгийн нутагт ч олон дурсгал малтсан, Хөвсгөлд ч малтаж үзлээ, харин сая Ховд аймгийн Булган сумын нутагт малтлага хийхдээ тэмээнээс бусад бүх малын толгой, шийр тавьсан дурсгал олоод үнэхээр их баярлаж, том нээлт хийсэн мэт мэдрэмж төрсөн. Мэдээж он цагийн судалгааны хариу энэ бүгдийг илүү бодитой болгоно. Лабораторийн судалгааны хариу хүлээж сууна.

Мэдээж 800 гаруй жил хадгалагдсан шар тос, өрөмтэй ваарыг олох нь хүний санаа, мөрөөдөлд багтмааргүй зүйл л дээ. Ваарыг анх шороотой чигээр нь өргөж хээрийн лабораторид хүргэсэн юм. Ихэнх археологийн ваар дотроо шороотой байдаг учраас түүн дотор цагаан идээ байна гэж огт төсөөлөөгүй. Жижиг багажаар шороог нь хусаад хартал цавцайсан цагаан өрөм хусуур дээр гараад ирсэн. Үнэрлээд үзтэл яг өрөм. Ингээд гадаа сүүдэрт луу хээтэй ваар малтаад сууж байсан би өөртөө ч итгээгүй. Тэр бол хэрийн археологич хүнд өнгөрсөнд ч тэр, ирээдүйд ч тэр тохиолдохооргүй ховор завшаан байсан.

Нөгөө ваарыг булшнаас олсон даруйдаа тал талаас нь шороогоор чигжиж хайрцаглаад машинаараа тээвэрлэн уулын уруу явж байтал гэнэтхэн шар тосны үнэр ханхийсэн. Бүүр гайхаад нөгөө хайрцагтай олдвороо хартал хагархай ваар байсан нь машины донсолгоонд салж, цаанаас нь шар тос мэлтийтэл гараад ирсэн тул үнэр нь ийн хамар цоргисон хэрэг. 700-800 жилийн настай шар тос, өрмийг амт, үнэрийнх нь мэдрэмжээр судалж, олно гэдэг археологич хүний замд тэр болгон тохиолдохгүй л аз завшаантай мэдрэмж, сайхан дурсамж бас бэлгэшээлтэй мөч байсан.

Нэг санаа, үзэл онолыг баталж, юм хэлэхийн тулд судлаач хүнээс асар их хугацааны тэвчээр, судалгаанд суух, олон ном зохиол харах, хэл сурах чадваруудыг шаардаж байдаг. Шинжлэх ухааны маш нарийн олон шат дарааллыг давж гараад өгүүлэл бичих бас тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа хийнэ гэдэг бол үнэхээр хүнд хөдөлмөр. Энэ хүнд хөдөлмөрийн ард асар их цаг хугацааг зарцуулсан хэрнээ эдийн засгийн өгөөж нь бага. Тэгэхээр шинжлэх ухааныг илүү өндөр түвшинд үнэлж, эрдэмтэн судлаачдаа дээгүүрт тавьж байж л улс орон хөгжинө үү гэхээс шинжлэх ухаангүйгээр хөгжсөн улс орон гэж түүхэнд байхгүй.

(Зургийн тайлбар: Хөвсгөл аймгийн Алаг- Эрдэнэ сумын нутаг Улаантолгойн дурсгалт газарт малтлага судалгаа хийж буй нь. 2003 оны зун)

-Монголын археологийн малтлага, судалгааны ажлууд ихэвчлэн гадаадын санхүүжилтээр л урагшилж байх шиг ажиглагддаг. Ер нь Монголын талаас археологийн ажилд хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

-ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн зэрэг байгууллагуудын хувьд, Боловсрол, шинжлэх ухааны яамны тодорхой санхүүжилтээр хэрэгжүүлж буй суурь судалгааны төслүүд байдаг. Гэвч энэ бол өнөөдөр явагдаж байгаа археологийн судалгааны нийт хэмжээнд асар бага орон зайг эзэлдэг. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд олон улсын болоод үндэсний нийт 70 гаруй судалгааны баг Монгол улсад археологийн хайгуул, малтлага судалгааны ажилд гарсан байна. Эдгээрийн долоо хүрэхгүй хувь нь үндэсний санхүүжилттэй гээд бод л доо. Тэгэхээр санхүүжилтийн хэмжээ асар бага. Малтлага, судалгаа хийх нэг ажил. Ард нь лабораторийн түвшний нарийвчилсан судалгаанууд хийх зардал тэрнээс өндөр дүнтэй. Нэг ясны дээжид археологийн он цагийн дээж тогтооход 200-300 доллар хэрэгтэй гээд бодохоор энэ олон олдвор бүрд нарийвчилсан лабораторийн судалгаанууд хийлгэвэл толгойд багтахгүй л тоо гарч ирнэ шүү дээ. Иймээс бид гадаадынхны тусламжтайгаар хамтарсан байдлаар л судалгааны үр дүнгүүдээ олж авч байгаа хэрэг л дээ.

Археологийн дурсгал гэдэг бол аливаа үндэстний түүх, соёл, хүний ургаж гарсан үндэс байдаг. Бид үндсээ тордож, усалж, эсвэл үндсээ бэхжүүлэхгүй харин устгаж сүйтгээд байвал үндэсгүй мод унаж, үхэх нь тодорхой шүү дээ.

-Судалгаа тодорхой үр дүнд хүрлээ гэхэд судлаачид тэрхүү мэдээ, мэдээллээ олон улсад хүргэж чадаж байна уу?

-Монголын өв соёлыг судлах, сурталчлах ажил зөвхөн Монголдоо буцлаад байж болохгүй. Түүх, соёлын өвийн дурсгалуудаа гадаад оронд сурталчлах, наад захын ажил нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, олон нийтэд үнэ цэнийг нь таниулах чухал.

Дэлхийд хэрэглээний түгээмэл хэл болчихсон англи хэлээр бүтээл, туурвилаа нийтлэх, судалгааныхаа үр дүнг хэвлүүлэх нь дэлхийн бүх судлаачдын зорилго болсон ажил. Тэгж байж хүлээн зөвшөөрөгдөж байна. Би Америкийн судлаачидтай олон жил хамтарч ажиллахдаа англи хэлийг тодорхой түвшинд эзэмшсэн. Үүнийхээ ачаар 2022 онд “Монголын умард нутгийн буган хөшөөд” номоо АНУ-д хэвлүүлээд байгаа. Энэ бол археологийн нэгэн сэдэвт бүтээлүүд дотроос баруунд англи хэлээр гарсан анхдагч номуудын нэг болов уу. Бусад судлаачидтай хамтраад олон арван өгүүллийг англи хэлээрх гадаадын сэтгүүлүүдэд хэвлүүлж, Монголынхоо түүх, соёлыг тодорхой хэмжээнд сурталчилж, судалж, үр дүнг нь олон нийтэд танилцуулж байгаа судлаачдын нэг гэж өөрийгөө дөвийлгөх маягтай юм бодно. Олон улсын судалгааны багт ажиллана гэдэг санхүүг нь ашиглаад зогсохгүй тэднээс судалгааны онол, арга зүйн хувьд бид суралцаж байгаа нь сайн тал юм. Зарим судлаачдын хувьд, гадаадынхантай хамтарч түүх, соёлоо судлахгүй, зөвхөн монголчууд л өөрсдийнхөө өв, соёлыг судлах ёстой гэж ярьдаг. Тэр хүмүүс гадаадын судлаачид, лабораторигүйгээр асар их археологийн мэдээллийг гарын салаагаараа урсгаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Мэдэхгүйгээсээ болоод тэр. Дэлхийн эрдэмтдийн арга зүй, соёлоос суралцаж, өөрсдийнхөө түүх, соёлыг илүү нарийвчлан, өндөр түвшинд, нэг ч мэдээллийг алдаж, устгахгүйгээр судлах нь бидний өмнөө тавих зорилт байх ёстой.

-Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын талаар нарийн сайн мэдэхгүйгээсээ болоод санаатай, санамсаргүй байдлаар үнэт зүйлсээ эвдэн сүйтгэх байдал өнөөдөр ч нийтлэг ажиглагддаг. Энэ нь эдгээр дурсгалыг түшиглэсэн аялал жуулчлал хөгжөөгүй, аливаа дурсгалын үнэ цэнийг олон нийтэд таниулах ажил хангалтгүй түвшинд байгаатай холбоотой юм болов уу гэж санагддаг юм. Энэ талаар?

-Монгол улс соёлын үнэт зүйлийн уналтад орсон улс орнуудын нэг. Аливаа үндэстэн, угсаатан өөрсдийнхөө өв соёлыг хайрлаж, хамгаалахгүйгээр, үнэт зүйл гэж үзэхгүйгээр оршин тогтноход төвөгтэй л дээ. Энэ цаг үед Монголын нийгэмд амьдарч байгаа хэн бүхнээс асуухад соёлын өв, хөдөө хээр байгаа чулуун дурсгалаас илүү хэдэн төгрөг, эсвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх ойлголт илүү үнэ цэнтэй байгаа. Энэ үзэл нийтлэг болсноос үүдэн соёлын үнэт өв, үл хөдлөх дурсгалууд, булш бунхныг тонох шунахай сэдэлтэй гэмт хэргүүд олширч, Монголын соёлын өв устгагдахад хүрээд байна. Үүгээр ч барамгүй, шашин соёлын ном, судрыг гадаад руу зарахаар оролддог, эсвэл хадны зурагтай чулууг хүртэл арилжихаар завдах хэргүүд сонсогдох болж байна. Тэгэхээр энэ бол Монгол Улс соёлын үнэт зүйлийн уналтад орсны нэгэн шинж. Монголын боловсролын системд түүх, соёлын өвийг хайрлаж, хамгаалах, тухайн дурсгалын үнэ цэнийг нь таниулах, үнэт зүйл, агуулгыг нь ойлгуулах том хөтөлбөрүүд хангалттай бус байна. Тийм ч учраас өнгөрсөн жилээс би Их Британийн Ливерпүүлийн Их сургуультай хамтран “Өв хамгаалагчид” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Соёлын өвийг хайрлаж, хамгаалдаг, түүний үнэт зүйл, тухайн дурсгалд агуулагдаж байгаа мэдээлэл, үнэ цэнийг нь ойлгодог шинэ үе бий болоосой гэсэн үүднээс энэ хөтөлбөрийг санаачилсан. Өнгөрсөн зун Дархадын хотгорын бүс нутаг болох Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумдын сурагч, багш нарт зориулсан хөтөлбөрийг Дэлгэр мөрний хөвөөнд 14 хоногийн турш хэрэгжүүлсэн. Тухайн багш, сурагчид маань сурсан мэдсэндээ тулгуурлан орон нутагтаа нөлөөллийн ажлыг өрнүүлэх зорилготой. Энэ хөтөлбөр маань өнөө жил Хөвсгөл аймгийн олон сумдын хүүхдүүд мөн Улаанбаатар хотын зарим сурагч, багш нарыг хамруулах хөтөлбөр болж өргөжихөөр тогтож, санхүүжилт нь бүтээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бид “Өв хамгаалагчид” гэдэг сургалтын товхимол бэлтгэн Монголын олон мянган сурагч хүүхдүүдэд үнэгүй тараана. Яагаад надад, бидний амьдралд, монголчуудад үнэт зүйл, бахархал болохоор мэдээлэл, үнэ цэн буган хөшөө, булш хиргисүүрийн цаана байгаа юм бэ? гэдэг асуудлыг бид ярилгүй, орхигдуулаад байгаа юм. Археологийн дурсгал гэдэг бол аливаа үндэстний түүх, соёл, хүний ургаж гарсан үндэс байдаг. Бид үндсээ тордож, усалж, эсвэл үндсээ бэхжүүлэхгүй харин устгаж сүйтгээд байвал үндэсгүй мод унаж, үхэх нь тодорхой шүү дээ. Монгол хүн оршин байгаагийн гол агуулга нь хэл, соёлын онцлогтоо байгаа юм. Соёлын өвийн дурсгал гэдэг нэг л устаж сүйдэх юм бол дахиж хэзээ ч нөхөн сэргээх боломжгүй маш эмзэг зүйл болохыг ойлгож, түүх, соёлын дурсгалаа хайрлан, хамгаалж, анхаарал хяналт тавьж, хулгай тонуулаас аль болох аварч хамгаалбал Монгол улсын ирээдүй, хойч үед чухал хувь нэмэр болох юм шүү гэж захья даа.

Соёлын өв хайрлах эзэнтэй

Эзэн нь хүндлэн дээдлэх соёлтойгоо үлдэх болтугай.

(Зургийн тайлбар: Хануй багийн сургуулийн багш нарт сэргээн босгосон буган хөшөөдийн түүхэн үнэ цэн, ач холбогдлын талаар хичээл зааж буй нь. 2009 он)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долгорсүрэн\3.1.25.7
Үнэхээр сайхан бахархал байна энэ бүхнийг нутаг нутгийн хүн бүхэн хамгаалж үр хүүхдээ сургах бүгд түүхээ мэддэг уламжлалд шилжих ой ухаан суух болтугай.цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье