UBLife Logo
Кино

Cannes: Кейт Бланшеттын даашинз улс төрийн шуугиан тарилаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Cannes: Кейт Бланшеттын даашинз улс төрийн шуугиан тарилаа

Жүжигчин, продюсер Кейт Бланшетт Каннын кино наадмын байнгын зочин. 2018 онд тэрээр иран гаралтай швед найруулагч Али Абассигийн “Border” киногоор тэргүүн шагнал хүртэж байсан билээ. Энэ жил Али Абасси Дональд Трампын залуу насны тухай “The Apprentice” киногоороо Каннд оролцож байна. Кейт Бланшетт анд найзыгаа дэмжихээр Каннд ирсэн нь ойлгомжтой.

Киноны нээлтийн улаан хивсний ёслол дээр гарч ирсэн Бланшеттын гоёл наадмын зохион байгуулагчид болон сэтгүүлчдийн дунд олон маргаан үүсгэсэн юм. НҮБ-ын сайн санааны элч төлөөлөгч хэргэмтэй тэрээр “Jean Paul Gaultier х Haider Ackermann” хар өнгийн даашинзтай гарч ирсэн. Гэрэл зурагчдын өмнө ирээд хормойгоо сөхөж, ногоон өнгийн дотрыг нь ил гаргасан нь хар ногоон Палестины далбаа мэт харагдаж байлаа. 

Олон нийтийн сүлжээ тэр чигээрээ түүнийг улс төрийн мэдэгдэл хийлээ гэж үзсэн. Палестины талынхан ихэд баярлан хүлээж авсан бол Израилын хэвлэл шүүмжилсэн нь мэдээж. 77 дахь удаагийн Каннын кино наадмын зохион байгуулах хорооноос уран бүтээлчдийг ямар нэг улс төрийн арга хэмжээ хийхгүй байхыг анхааруулсан. 

Одоогийн байдлаар Кейт Бланшетт ямар нэг тайлбар хийгээгүй ч түүнийг Газын зурваст дайныг даруй зогсоохыг шаардаж байгаа Artists4Ceasefire уран бүтээлчдийн нэгдлийн гишүүн гэдгийг бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Кейт Европын парламентад үг хэлж, Палестины ард түмнийг өмгөөлж байлаа. 

Өнгөрсөн “Оскар 2024” наадмын үеэр хэд хэдэн жүжигчин Artists4Ceasefire нэгдлийн бэлгэ тэмдэг болох улаан тэмдгийг зүүж, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.