Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

АНИРГҮЙН СҮҮЛЧ


Аравдугаар сарын сүүлчийн ням гараг. Намрын аниргүй өдрүүдийн сүүлч. Бүх хүмүүс ажилдаа яарч, хөгшид, нялхас гэртээ бүгээд, ойр тойрныг анир чимээгүй хучин авдаг цөөн өдрүүд ингээд шувтарч байна. Гэрэл гэгээг хэсэгхэн ч гэсэн өөртөө шингээсэн хэдэн навчис мөчрөөс зууран хатаад, гэнэт цаг хугацаа явж эхлэх шиг арваннэгдүгээр сар гарах нь. Жихүүн, бүр энгэр заамаар жавар шургалсан тийм жихүүн өдөр. Одоо л намар дуусаж буйг итгэнэ.

Яг өдийд Аракатакад ямархуу байдаг бол. Яагаад хахь холын Колумбийн нэг хотын тухай бодол гэнэт толгойд ороод ирэв ээ. Г.Г.Маркесын тухай, түүний “Тахлын үеийн дурлал” романых нь тухай, бас түүнийг орчуулагч нь эгээ л “Зуун жилийн ганцаардал” романы Аркадионуудыг санагдуулам ясархаг эр болохоор тэр. Би түүнтэй уулзахаар явна.

Бид аниргүйн сүүлчийг үдэнгээ Б.Нямдоржтой Г.Г.Маркес, түүний “Гунигт янхнуудаа дурсахуй”, “Цайлган Эрендера”, “Тахлын үеийн дурлал” номын талаар яриа дэлгэсэн нь энэ. Болгооно уу.  

- Уулзахаар тохирсон өдрөөсөө эхлэн асуухаар адгасан нэг асуулт бий. Яагаад Габриэль Гарсиа Маркес гэж? Испани хэлт уран зохиолоос хүн мундсан биш. “Зуун жилийн ганцаардал” роман 20 гаруй жилийн өмнө орчуулагдаад, тэр орчуулгыг нь уншигчид хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.

- Үүнийг “Гунигт янхнуудаа дурсахуй” номноос эхлэн ярих хэрэгтэй болно л доо. Олон жилийн өмнө энэ номын тухай хүнээс сонсоод Маркесийг монголчууд бүгд мэддэг юм чинь орчуулчихдаг юм бил үү гэж бодсон юм. Нэр нь сонирхолтой санагдсан юм (Инээв). Тэгээд испани танилдаа захиж авчруулсан. Нэгэнт орчуулагч гэсэн нэр зүүснийх орчуулаад л үзье гэж шийдээд. Золоор би өөрөө испани хэлтэй, дээр нь Г.Аким гуай “100 жилийн ганцаардал”-ыг нь орчуулаад Маркесийг хангалттай рекламдчихсан учраас барьж авсан даа. “Гунигт янхнуудаа дурсахуй” бол Маркесийн хамгийн сүүлчийн роман. Үүнийг бичсэнээс хойш дандаа дурдатгал бичсэн байдаг юм. Одоо бодоход испани хэлтэй маань л хамгийн том ташуур болж дээ.

Харин “Тахлын үеийн дурлал” романы хувьд ийм нэг явдал болсон юм аа. Маркесийг хоёр жилийн өмнө нас барах үеэр би Испанийн телевизийн мэдээ үзэж байхгүй юу. Хаа сайгүй л Маркес гарч байлаа. Тэр дундаас ‘“100 жилийн ганцаардал” бол үлгэр, домгийн ч юм шиг сонин ном шүү дээ. Харин миний “Тахлын үеийн дурлал” чинь жинхэнэ гоё хайрын тухай өгүүлдэг, сайхан роман” гэж хэлэхийг нь олж сонслоо. Тэгээд л хүмүүсээс асууж, тандаж эхэллээ. Испани, колумби жуулчдаас хүртэл асуулаа. Тэд ёстой гоё ном л гэх юм. Тэгээд л судалж эхэлсэн дээ. Маркесийн хоёр оргил бүтээлийн нэг нь “Тахлын үеийн дурлал”.

- “Зуун жилийн ганцаардал”-ын хоёр ч орчуулга орос хэлнээс дамжин орчуулагдсан. Та зохиолыг эх хэлээр нь уншсан байх. Хэл дамжин орчуулахад хэр их өөрчлөлт гардаг вэ?

- Нэг л орчуулга байгаа гэж ярих нь зөв болов уу. Яагаад гэвэл Аким гуайгаас “Зуун жилийн ганцаардал”-ыг орчуулсан түүхийг нь олон сонсож байлаа. Социализмын үед намын даалгавраар орчуулах номын жагсаалтад ороод ирэхээр нь бариад авсан гэдэг. Гэхдээ чи дахиад нэг орчуулга байгаа тухай ярилаа шүү дээ. Ч.Баатар гэж хүний орчуулга. Нэг орчуулагдсан номыг дахин орчуулна гэдэг утгаггүй хэрэг. Шуудхан хэлэхэд хуулбарласан л байхгүй юу даа.

Харин өөр хэлээр дамжин орчуулагдах тухайд бол тийм бүтээл бүхэн муу байдаггүй. Тухайлбал, испани хэлнээс орос руу маш сайн орчуулагдаад, оросоос монгол руу сайн хөрвүүлчихсэн байж болно шүү дээ. Үүний нэг тод жишээ бол “Зуун жилийн ганцаардал”.

- Орчуулагчийн хувьд нэг түвэгтэй зөрчил байдаг юм шиг санагддаг. Маркетингийг бодох уу, өөрийнхөө хүслийг дагах уу. Маркес таны хувьд яг аль нь вэ?

- Хоёулаа л байгаа. Мэдээж эдийн засгийн сонирхол байсан. Түүний ард бас эх хэлнээс нь буулгаад монгол уншигчдад хүргэчих юмсан гэсэн хүсэл байлаа. Өөр хэлнээс дамжуулснаас эх хэлнээс нь орчуулах дээр шүү дээ. Маркетинг, хүсэл хоёр зэрэг байж л ном орчуулагдана даа.

Бас нэг ийм юм байна. Герман, англи ямар ч хэлийг хэчнээн мундаг эзэмшлээ гээд эх хэл дээрээ уншсанаас илүү ойлгож, мэдэрнэ гэж байхгүй.

- “Тахлын үеийн дурлал” хэрхэн бичигдсэн тухай сонирхолтой яриа байдаг шүү дээ?

- Маркес нэг ярилцлагадаа хэлсэн байдаг юм. “Энэ ном бол бүхэлдээ миний аав ээж хоёрын хайрын түүх” гээд. Хашир романаа бичихдээ аав ээжийнхээ хайрын түүхийг сонирхож л дээ. Тэгээд аав ээж хоёроо суулгаад ярилцлага хийжээ. Гэтэл нөгөө хоёр чинь хайрын түүхээ ярихаараа хоорондоо маргалдаад, сүүлдээ хэрэлдээд дуусдаг байж. Тэгэхээр нь нэг нэгээр нь суулгаж байгаад ярилцлага аваад, тэр ярианаас сэдэвлэн энэ романаа бичсэн гэдэг юм.

Анх уншихад ийм хайр байдаг юм уу гэмээр, боломжгүй ч юм шиг агуу хайрын түүхийг бүтээсэн байгаа юм даа.

 

- Нэр нь англи хэлээр лав “Булчин задрах тахлын үеийн дурлал” байхаа?

- Тийм. Cholera буюу булчин задрах тахал л даа. Ингээд буулгахаар жаахан урт болоод ерөнхий нэрээр нь “Тахлын үеийн дурлал” гэж буулгасан.

- 2014 оны үед өгсөн ярилцлагадаа “Тахлын үеийн дурлал”-ыг барьж авснаа дурдсаныг тань санаж байна. Хэдий хугацаанд орчуулсан бэ?

- Тэр үед энэ номыг яг сонирхоод, испани руу хүнд захичихсан байсан үе л дээ. Ер нь эхэлж байсан үе. Тэгээд сунжирсаар байгаад жил хагасын хугацаанд орчуулж дуусгасан. Өмнө нь хоёр ч номыг нь орчуулсан, “Зуун жилийн ганцаардал”-ыг хэд хэд уншчихсан учраас Колумбийн амьдрал, хэв маяг, сэтгэхгүй, хотын уур амьсгал, цаг агаар нь хүртэл танил болчихсон байна лээ.

- Эх хэл дээрх бүтээлүүдийг нь хаанаас олоод байна вэ? Англи хэл дээрх номыг нь олох гэж л чамгүй ажил болдог шүү дээ.

- Интернэт хөгжсөн үед бол тэр асуудал биш л дээ. Гэхдээ би бол цаасан хэвлэлээр нь барьж мэдрэх дуртай. Бариад сайхан мэдрээд суух сайхан шүү дээ. Танил жуулчид юм уу, найзууд руугаа захиад, эсвэл Испани явах гэж байгаа хүнд захиад авчихдаг. Ном олох бол амархан.

- “Тахлын үеийн дурлал”-ыг эхнэр Мерседестээ зориулсан гэдэг. Тэдний хайрын тухай сонирхолтой түүх бий байх аа?  

- “Тахлын үеийн дурлал”-аа бол аав  ээжийнхээ хайрын түүхээс сэдэвлэсэн. Гэхдээ өөрөө Европт удаан хугацаагаар ажиллаж, гэр орноосоо хол хөндий явсан нь ч бас туссан болов уу. Баатрууд нь асар урт хугацаагаар бие биеэ хүлээдэг шүү дээ.

Романы төгсгөлд гол дүрийн баатрууд 57 жилийн дараа суухаар болдог шүү дээ. Маркес ч өөрөө эхнэрээ 9 настай байхад нь харчихаад насанд хүртэл нь хүлээсэн гэдэг. Тэгэхээр Габогийн хувьд хүлээлт том орон зай эзэлж байжээ.

- Саяхан энэ романы тухай нийтлэл харсан юм байна. Тэнд “Тахлын үеийн дурлал” бол Маркесын хүчийг сулруулсан, бодит нөхцөл байдалд найр тавьсан роман гэсэн байна билээ. Та Маркесийг хэрхэн өмөөрөх вэ?

- Мэдээж 100 хувь өмгөөлнө. Маркесийн зохиолууд ерөнхийдөө уйтгартай шүү дээ. Бичлэгийн хэв маяг нь шууд хүүрнээд явчихдаг. Хүмүүс тэрнээс нь уйддаг л даа. Гэхдээ бүхэлд нь аваад үзэхээр тийм биш.  Жишээлбэл, энэ роман бидний байнга ярьдаг тэр хайрыг илүү өөр өнцгөөс, этгээд маягаар хайр чинь ийм л зүйл шүү дээ гээд гаргаад ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэвшсэн ойлголтыг зад татаад хаячихаж байгаа байхгүй юу. Өөрөө хэлсэн шүү дээ “Би хайрын тухай бичихээс хэзээ ч уйдахгүй. Дахиад бичвэл хайрын тухай л бичнэ” гэж.

- Орчуулж дуусах хүртэл хэдэн удаа уншив?

- 12-13 удаа уншсаан. Эхлээд мэдэхгүй үгээ түүнэ, дараа нь өнөөх үгнүүдээ онож буулгахын тулд уншина гэсээр яваад өгч байгаа юм.

- Одоо таныг орчуулагч Нямдорж гэх байх. Үүнээс өмнө хэн байв аа. Яагаад уран зохиолын орчуулга гэсэн нүсэр ажилтай нэр холбогдчихов?

- Яаж яваад испани хэл сонирхсоноо одоо санадаггүй юм. Дунд сургуулийн IX ангид байхаасаа испани хэл суръя л гэж боддог болсон. Тэгээд бие даан сурч эхэллээ.  Тэр үед зургаан хэлний дэвтэр байдаг байлаа. Тэндээс оросыг нь монгол руу орчуулчихаад испанитай нь харьцуулж хуулаад өөртөө ярианы дэвтэр хүртэл хийлээ. Тэгээд сургуулиа төгсөөд испани хэлний сургуульд оръё гэтэл байдаггүй ээ. Гадаад хэлний дээдэд ч испани хэлний анги алга. Тэгээд л Кубад сурч байсан испани хэлтэй хүний үүсгэн байгуулсан “Говь” гээд сургуульд орсон доо. Тэнд ороод өөртэйгөө адил сонирхолтой хэдэн хүүхэд олж аваад испани хэлний анги үүсгээд, сурч эхэлсэн дээ.

Ингээд орчуулагч болов оо. Төгссөнийхөө дараа нэлээд хугацаанд жуулчдад хөтөч хийж байгаад ер нь орчуулагч хүн байна даа нэг ч гэсэн ном орчуулъя гээд л эхэлсэн нь энэ.

- Экстрим аялагчдад хөтөч хийдэг тухай сонссон юм байна?

- (Инээв). Экстрим ч биш юмдаа, анчид л байхгүй юу. Өмнө нь испани анчид их ирдэг байсан. Хүний хөл хүрэхгүй газар үүрээр амьтан дурандаад хэвтдэг байлаа шүү дээ.

- Хамгийн бүтээлч цаг хэзээ вэ? Орчуулга гацсан үед юу хийдэг вэ?

- Ихэвчлэн шөнө, орой. Хүн амьтан амарсны дараа 20-24 цагийн хооронд яг сууна. Гэхдээ орчуулга бол цагт баригдаад байдаг ажил биш л дээ. Заримдаа бүр гацаад хаячихна, тийм үед бол орчуулж буй номыг уншсан хүмүүсийн хорхой хүргэсэн яриа, өмнөх номыг минь уншсан хүмүүсийн урмын үг сэргээдэг.  

- Сүүлийн хэдэн жил орчуулгын бүтээлийн эргэн тойронд өөрчлөлт гарч байна. Хэвлэлийн компаниуд зохиогчийн эрхтэй хэвлэх асуудлыг цэгцэлж эхэллээ. Энэ нь хувиараа бүтээл орчуулж буй хүмүүст шахалт болж байх шиг. Та ер нь зохиогчийн эрхийн асуудлаа хэрхэн зохицуулж байна?

- Үүний хамгийн тод жишээ “Тагтаа паблишинг” байна. Зохиогчтой холбогдоод, эрхийг нь хадгалж буй газартай холбогдоод эрхийг нь ном журмын дагуу аваад эх хэлнээс нь орчуулаад их зөв яваад байна. Ер нь сүүлийн үед хэвлэлийн газрууд тэр чиглэл рүү яваад эхэлчихлээ. Энэ ч зөв шүү.

- Энэ асуудлыг шийдэхийн тулд орчуулагчид нэгдээд хэвлэлийн газар байгуулж эхэллээ. Та ямар нэг хэвлэлд харьяалагдаж байна уу?

- Одоохондоо ч тийм юм алга. Гэхдээ яваандаа яалт ч үгүй шаардлага гарч ирнэ л дээ.

 

- Маркесийн зохиолуудын эрх ямар газар хадгалагдаж байгаа вэ?

- Тэрийг ёстой судалж үзээгүй шүү.

- Орчуулга хийгээд удаан суухаар ар гэрийн амьдрал орхигддог байх. Ном гаргаад амьдралд нэмэр болохоор ашиг олж чадаж байна уу?

- Энэ чухал сэдэв шүү. Ном орчуулна гэдэг бол маш хүнд хөдөлмөр. Нэг ахмад орчуулагч надад хэлж байсан юм. “Ном орчуулна гэдэг чинь тэнэг хүний ажил шүү дээ” гэж. Мангар хүн л тийм хүнд хөдөлмөрийг сонгодог гэсэн үг л дээ. Ном зарагдах уу, үгүй юу гэдгийг ч мэдэхгүйгээр тийм бэрх ажлыг сонгож байгаа хүнийг тэгэхээс ч яах вэ.

Тооны машин дээр хийхээр ашиг гараад байдаг, гэтэл орлого болоод мэдэгдэж байгаа юм байдаггүй. Цувж орж ирдэг. Тэгэхээр энэ бол аль аль талаасаа амар биш байгаа биз. Гэхдээ эдийн засгийн ашгаас илүү гоё зүйл зөндөө бий л дээ.

- Орчуулга хийж буй үед хамгийн сайхан санагддаг мөч хэзээ вэ?  

- Ямар ч хүнд мэдэхгүй үг хэллэг таардаг л байхгүй юу. Маркес бол бүр ч хэцүү. Орчуулж байтал яалт ч үгүй гацна. Тэгээд л англи, орос руу хөрвүүлнэ, багш нараасаа ч юм уу, испани хүмүүсээс асууна. Янз бүрээр л үзнэ. Тэгж тэгж үг, өгүүлбэрийнхээ яг таарах утгыг олох л хамгийн таашаалтай.

- Испани хэлнээс гурван ном орчууллаа. Гурвуулаа Маркес. Одоо  испани хэлт уран зохиолын өөр төлөөлөгчийг юм уу, эсвэл өөр хэлнээс ном орчуулах бодол бий юу?

- Испани хэлт уран зохиол маш баялаг. Уран зохиолын тэргүүлэх хэлүүдийн нэг шүү дээ. Перугийн Нобелийн шагналтан Марио Варгас Жосагийн романуудыг барьж авна гэсэн бодолтой байгаа. Хэлний хувьд бол англи, орос муугүй мэднэ ээ.

- Орчуулагчдаас хэнийг илүү анхаарч уншдаг вэ?

- Мэдээж Аким гуай байна. Энэ нь “100 жилийн ганцаардал”-аас болсон хэрэг л дээ. Энэ номыг би хэдэн жилийн өмнө испаниар нь уншсан. Тэгэхдээ Аким гуайн орчуулгатай тулгаж үзсэн байхгүй юу. Оросоос дамжуулж орчуулсан гэхэд маш сайн орчуулсан байна лээ. Сүүлийн үеийн орчуулагчдаас О.Чинбаярыг хүндэлж байна. Орчуулагч хүнд чухал маш хөдөлмөрч чанар түүнд бий.

- Маркесийг орчуулж буй тухайгаа Аким гуайд хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

- Эх хэлнээс нь орчуулж байгаа нь сайн хэрэг гэж л хүлээж авсан. “Гунигт янхнуудаа дурсахуй”-г орчуулсныхаа дараа номоо бариад очиход “Ийм нэртэй номыг монголчууд авна аа” гэж хошигнож байсан шүү.

 

Хамгийн их уншилттай
1
2024.05.31
“Balenciaga”-ийн 50 настай монгол модель Г.Гансүхийн тухай 7 БАРИМТ
2
2024.06.10
Монголын шигшээгийн ахлагч Х.Цэнд-Аюушийн нинжин сэтгэлийг дэлхий даяар сайшаав
3
2024.06.13
Фото: Эмэгтэйчүүдээ алдахгүйн тулд эрэмдэглэсэн Апатани омгийнхны амьдрал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Фото: Song Hye Kyo, Suzy нарын хайр татам нөхөрлөл
2
16 цагийн өмнө
Дарвин Нуньес Уругвайн төлөөх сүүлийн зургаан тоглолтодоо ЕСӨН гоол орууллаа
3
16 цагийн өмнө
Энэ долоо хоног цаг агаар ямар байх вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Зургаадугаар сард орж буй цасны тухай хөгжилтэй 18 пост
2
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
2024.06.20
Гүн хар мэдрэмжээс чөлөөлөгдөхөд чинь туслах үгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.